Нийтлэл 08 сарын 24, 2016

Жижгэрч амьдрах ухаан

Онгоцны буудалд газардлаа. Буугаа л эргэсэн эхний ханан дээр мангар том ганцхан ширхэг шар төмс. Үлэмж хүндтэй, хүн аймар сүртэй ганц ширхэг төмс. Юун төмс билээ, яасан төмс билээ?  Яахав 4 триллионы эдийн засгийг бүтээлцэж байгаа тийм л төмс. Монголын сайхан оронтой төстэй гэгдэх агаар нь цэнгэг, цэнхэр нь тэнгэр Хоккаидо мужийн зочдоо угтах үүдний мэндчилгээ: НЭГ ШИРХЭГ ТОМ ШАР ТӨМС. Яагаад? Энэ нутгийн мега эдийн засгийн нэг багана болохоор.

Шар төмстэй үүд өнгөрөөд цаашлана. Залуу бүсгүй жижигхэн ресепшний тавцангаа их хурлын индэр мэт хариуцлагатай манаж зогсоно. Төмөрзамчин жижигхэн самбарт цагийн хуваарь хичээнгүй нааж байна. Жолооч өвөө жижигхэн таксигаа цэв цэвэрхэн тохилог бэлдсэн байна.  Тариачин ах жижигхэн суулгац гар дээрээ тавиад эрдэнэ мэт шинжинэ. Тэндээс нь ургасан жижигхэн ургацыг  цэмбийтэл баглаад худалдаж байна.  Сэтгэл шингээж, ур ухаанаа дайчилж, хүний болоод өөрийн төлөө төгсрүүлсэн жижигхэн зүйлс алхам тутамд таарна. Тэр жижигхэн зүйлс нь нийлээд үнэнхүү таатай үйлчилгээний ертөнц, тал бүрхэж ургасан тариан талбай,  амьдралд сайн сайхан нэмэх амт чанартай бараа бүтээгдэхүүний зах зээл, улмаар дэлхийн эдийн засгийн 6 хувийг эзлэх 4 триллион долларын мега эдийн засаг, том статистик болж харагдана.  Монголын хөдөө аж ахуйд 4 сая долларын хөрөнгө хийх гэж буй эгэл хүн “хоолны ширээн дээр эрүүл ногоотой хоол байх ёстой” гэнэ.  Хүн, хоолны ширээ, айлын гэр, оройн хоол...”жижигхэн” зүйлс ярина, тэр нь гэхдээ чин сэтгэлийн, үнэн бөгөөд дулаан.  

Тэндээс нутагтаа буцаж ирнэ.  Бусад улсын хүн зон жижиг деталийг нь сэтгэж зүтгэж хөгжүүлсэн бараануудаар дүүрсэн лангуу. Ард нь худалдагч нь ярвайж нэг, тоглож нэг, идэж нэг сууна. Том том төслийн мөнгө хотын гудамжаар том том жийп болж хөндөлсөнө. Том том тоонууд медиагаар, том том санаанууд твиттерээр дүүрэн. Том хурал болоод дэлхийд тоогдоод жигтэйхэн, том спорт наадамд хамгийн том баг илгээгээд тэрнийхээ араас өдөржин шөнөжин стресстэж сууна. Өмнөх жижиг амьдралаа арчлахтай манатай. Тэнгэр заяатай, түүх нь агуу Монголд жижигрэх ер нь хэцүү.  Гэхдээ миний л бодлоор бид үүнд 100 хувь буруутай биш. Ямар ч үндэстэн түүхэн замналаасаа ангид орших боломжгүй. Бид Европ шиг урчууд дархдын гилдтэй, зах зээлийн газартай хэдэн зууныг туулсангүй. Хятад, Япон шиг ширхэг ширхэг будаа, тариаг гамнаж ургуулаад түүнийгээ гартаа атгаж бөөрөнхийлсөн жижигхэн хоол хийж явсангүй.  Жижигхэн эдийг төгсрүүлэх мастер буюу “шёкунин” хэмээх нийгмийн бүлэг манайд байхгүй(гэхээр 1000 дархныхаа нэгийг таньдаг нөхөр бүгд биш гээд далийгаад ороод ирэв дээ, нэг ч байхгүй гэсэн хэрэг биш). Тэнэгэр талдаа том амь маллаж,  тоо толгойгоор нь 5 хошуу малаа өсгөж үржүүлж ирсэн. Гарт атгасан будаа, сар шинийн идээний ууц хоёрын зөрүү бол зүгээр нэг идэх хоолны ялгаа биш байж магадгүйн.  Би Токиод ажилладаг байхдаа “та нарыг бодвол  200 дахин уужим  цаг хугацаа орон зайд өссөн хүн,  энэ аймар цагаан будаа шиг ширхэгтэй ажлыг чинь хийх гэж 200 дахин хичээж байгаа гэж бод” гэж хошигнодог байлаа.  Наргианы наян хувь гэдэг. Сонид орсон ангийн хүүхэд “бид атгасан гарын хэмжээтэй юм хийхдээ сайн” гэнэ, нээрээ л атгасан гар шиг Сонигийн камерууд улам төгсөрсөөр. Тэд бас "бурхан жижигхэн газар л оршдог" гэлцэнэ.

Угийн түүх соёлын өгөгдөл маань тийм. Бидэнд жижигхэн эдэд сэтгэлээ өгч, төгсрүүлэх эдийн засгийн гень байхгүй. Гэхдээ тэрэнд нь суралцахаас өөр сонголтгүй эдийн засгийн системд татагдаж орсон. Тэгээд алдаж онож явна. Угийн төсөө ядаж явахад муу дээр муухай гэгчээр төрийн удирдлага улам хол залаад байгаад бас учир байна. Өмнөө байгаа жижиг эд, жижиг боломж, үйлчилгээг хөгжүүлж амьдрах хүсэлтэй бүлэг мэдээж байна. Тэрийг нь татвар, түмэн хяналт шалгалтаар дарангуйлж ирснээ одоо бүр нэмж цавчих сурагтай. Жижигхэн хүмүүн бидэнд жижиг жижиг үнэ цэнэ бүтээж өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун явах орчин бүрдэхгүй тусмаа сталинч аргаар үзэж мөнхөд масслаг сэтгэл ханамж нийлүүлнэ.  Байсгээ л баяр наадам даншиг, байсгээ л хурал хуй, байсгээ л энэ тэр дэлхий олон улсын ...тэгж байснаа байсгээ л дэлхийн түвшний уурхайгаа булаацалдсан хэрүүл, тэрнээс болж эдийн засаг явахгүй байна гэсэн итгэл үнэмшлийн хар тамхи шахна. “Өглөө Энхбаяр ялагдах гээд, өдөр хэн билээ бөх уначих гээд, орой Жангум цаазлуулчих гээд яасан хэцүү юм бэ?” гэдэг явган шог ч энэ жанр хэзээд тийм байдагчлан нэг төрлийн нийгмийн толь юм. Том амь, таван хошуу сүргээсээ холдсон хэрнээ жижиг эд төгсрүүлэх ухаанд суралцаж амжаагүй монгол хүн хуучин шинийн завсарт заримыг нь төрөөс зарим нь медиагаас бэлдэж өгсөн агуу агуу асуудалд баярлаж нэг гомдож нэг явсаар энэ мэт болов.

Тал нутгийн нүүдэлчид капитализмыг алгасч социализм барих гээд болсонгүй. Жижгэрэлгүй томорч амьдрах гээд бас болсонгүй. Тэр нь ч аргагүй, дуслаас далай бүтдэг, нэгээс триллион эхэлдэг, жижгээс том бүрддэг, алгасах гээд чадаагүй буцсан капитализм нь еэвэнгийн нөгөө талыг харвал жижгэрч амьдрах ухаан билээ.  Тийм ухаанд төгсөрсөн газар явж ирээд унтрахаас нь өмнө жижиг сажиг юм үгэлж жижигрэв.  Үнэхээр том орчин нь болохгүй бол том өөрчлөлтийн араас явахаас өөр замгүй.  Эхлээд гэхдээ төгсрүүлэх боломжтой жижигхэн юм өмнө чинь байгаа эсэхийг хараарай.  Бурхан жижигхэн зайнд  л оршдог гэнэм.

arrow icon