Монгол MIDDLE INCOME хавхнаас гарч чадах уу?

Жил бүрийн 7-р сарын эхэнд Дэлхийн банк улс орнуудыг нэг хүнд ногдох Үндэсний нийт орлогын (ҮНО буюу GNI)* түвшнээр нь ялгасан ангиллаа шинэчилдэг. Монгол энэ жил upper-middle income ангиллаас бууж lower middle income ангилал руу унасан.

Дэлхийн банк үндэсний нийт орлого (ҮНО) нь $1025-аас доош бол "Бага орлоготой" буюу low income,  $12,475-аас дээш бол өндөр орлоготой буюу high income улс гэж үздэг. Харин дунд түвшний буюу middle income орлоготой улсуудыг дотор нь 2 ангилдаг:

  • Нэг хүнд ногдох ҮНО нь $4036-аас доош бол lower middle income (LM),
  • Нэг хүнд ногдох ҮНО нь $4036-аас дээш бол  upper-middle income (UM) ангилалд оруулдаг.

Манай улсын хувьд, 1993-2006 хооронд бага орлоготой ангилалд байсан ч, эдийн засаг ѳссѳний ачаар 2007-2013 хооронд дунд түвшинд дэвшин LM, 2014 оноос эхлэн бүр дунд түвшний дээд UM ангилалд ороод байсан юм. Тэгвэл энэ шилжилт ямар нѳлѳѳтэй вэ? Картын бараанд орсон 90-ээд оны агшилтын үе; уул уурхай болон барилгын салбар цэцэглэсэн 2000-аад оны сүүл үе; олон тѳрлийн бонд, хөтөлбөр, халамжийн мөнгөөр угжуулж, Улаанбаатарын зам үнэтэй машинаар түгжрэх болсон 2010-аад оныг хооронд нь харьцуулж үзвэл энэхүү орлогын түвшний шилжилтийн ялгаа маш тод харагдана.

Тэгвэл ирээдүйд хэрвээ улс орон маань өндөр орлоготой ангилал руу шилжвэл Монголчуудын амьдрал хэрхэн өөрчлѳгдѳн дэвших вэ гэдэг нь олон Монгол залуусын харахыг хүсч буй мөрөөдөл юм.

Гэхдээ өсөлт энэ жил 0% хавьцаа, ойрын 3 жилдээ олигтой сайжрах дүр зураг харагдахгүй байгаа. Энэ нь Монгол эргэж унасан lower-middle ангиллаасаа дээш гарахгүй гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Монголчуудын амьдрал ойрын жилүүдэд дорвитой өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тэгэхээр “Middle income trap” буюу ядуу орнуудын орлого нь дундаж түвшинд очоод гацдаг нүхэнд бид ч бас унасан бололтой...

Нүх гэсэн шалтгаан нь: 1960 онд дэлхийд дундаж орлоготой ангилалд багтдаг байсан 101 орон байж. Харин 2008 он гэхэд ердөө 13 нь л өндөр орлоготой ангилал руу шилжиж чадсан байдаг тул энэ бол маш том хар нүх.

Тэгвэл энэ нүхнээс гаргах эдийн засгийн өсөлтийг хэрхэн бий болгох вэ? Шийдэл нь 1-2 жил огцом өндөр өсч, үр ѳгѳѳж нь барилга уул уурхайн салбарын цөөн хэдэн хүнд хүрээд эргээд унадаг өсөлт биш юм. Харин sustainable & inclusive growth буюу урт хугацаанд тогтвортой үргэлжилж, нийгмийн өргөн хүрээнд ашиг шим нь хүрдэг тийм өсөлт байх ёстой.

Азаар 200 гаруй жилилйн түүхтэй эдийн засгийн ухаанд хангалттай их судалгаа байх бөгөөд, тэдгээр арвин мэдлэгийг эмхэтгэвэл ард иргэдийн амьдралын түвшнийг тогтвортой дээшлүүлэх урт хугацааны өсөлт бий болоход дараах 4 хүчин зүйл шаардлагатай гэж үздэг:

  1. Тогтвортой макро бодлогууд: Энэ нь сахилга баттай улсын төсөв, оновчтой мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлийн бүтцийг сайжруулна гэсэн үг. Үр дүнд нь инфляци, ханшийг таатай түвшинд хадгалж, мөчлөгийн өөрчлөлттэй холбоотой эдийн засгийн уналт, хямралыг түргэн бөгөөд зөөлөн давна гэсэн үг.
  2. Институцийн хөгжил ба хуулийн тогтолцоо: Энэ нь төрийн алба үр ашигтай ажиллаж, авилга хээл хахуулийн асуудал буурч, тэгш бөгөөд үр дүнтэй үйлчилдэг, гэрээ контракт болон иргэний эрхийг хамгаалдаг хуулийн сайн тогтолцоотой болно гэсэн үг.
  3. Боловсрол ба хүний нөөц: Энэ нь ажиллах хүчний бүтээмж сайжирч, цөөн хүнээр бага цагт ихийг бүтээх боломжтой болно гэсэн үг.
  4. Нээлттэй, чөлөөт өрсөлдөөнт зах зээл: Энэ нь тухайн улс нь олон улсын худалдаанд бусад орнуудтай харилцан ашигтай байдлаар оролцож, харин өөрийн дотоод худалдаа нь хамгийн үр дүнтэй байдлаар өрнөнө гэсэн үг юм.

Үүн дээр нэмээд тухайн орны байршил, байгалийн баялгийн нөөц, цаг уур, цаг үеийн геополитик гэх мэт хүчин зүйлүүд ч урт хугацааны эдийн засгийн өсөлтийг шийднэ.

Тэгвэл өнөөгийн Монголд дээрх 4 үзүүлэлт ямар түвшинд байна вэ? Аль нь ч сайнгүй байгааг бүгд л мэднэ. Гэхдээ энэ нь санаагаар унах шалтгаан биш. Одоогийн гацсан нүхнээсээ гарч, хангалуун амьдралд хүрэхийн тулд цаашид бид энэ 4 зүйлийг хэрхэн сайжруулж чадах вэ гэдэг маш чухал. Мэдээж энэ нь амаргүй ажил. Тийм ч болохоор дэлхийн улс орнуудын 90% нь "middle income trap" хавхандаа үлдсэн. 

Монгол цаашид өндөр орлоготой улс болж чадах эсэх нь ирэх жилүүдэд Монголбанк одоогийнх шигээ хүндрэлийн үед мөнгөний хатуу бодлого явуулж алдаа хийх, эсвэл Сангийн яам төсвийн алдагдлаа бууруулж чадахгүй, гадаад өрийн хямралд орох гэх мэт зөвхөн макро бодлогоос шалтгаалахгүй.

Шинээр эрх баригч болсон МАН-ын лидер нь сайн институци, сайн хуулийн тогтолцоог тогтоох уу гэдгээс 2-р асуудал ихээхэн хамаарна. Энэ нь 70 жилийн ѳмнѳ амбиц нь ихдээд үр дүнд нь амиа хорлосон Гитлерийн араас орсон "Зитлер"-ийг дууриан "Митлер" болж гарч ирэх үү гэсэн үг. "Мэргэжлийн засгийн газар" гэж амлачихаад "Шинэчлэлийн", эсвэл "Шийдлийн" гэдэг шиг л онигоо байсан юм аа гэвэл ажил нь эхлээгүй байхдаа уже ард түмний уурыг хүргэж, угаас бүтэхгүй.

3-р асуудал буюу хүний нѳѳцийн хувьд, Женкогийн нэвтрүүлгүүд шиг контентод массаараа тархиа угаалгахаа больсон үед л Монгол хүний боловсрол, бүтээмж, мундаг компаниудын талаар ярьж эхлэх боломжтой болно. Харин 4 дүгээр асуудал болохоор дэлхийн хямрал, Хятадын эдийн засгийн байдал, түүхий эдийн үнэ гэх мэт биднээс хамааралгүй зүйлс манай худалдааны орлогод шууд нөлөөлнө. Уул уурхайн бурхандаа залбирахаас ѳѳр аргагүй. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өслөө гэхэд үр ашиг хүртэх хэмжээнд дотоодын уул уурхайн компаниудын засаглал, борлуулалтын тогтолцоогоо төвхнүүлэх нь чухал болж ирнэ.

Тэгэхээр бид 100 орноос 90 нь унасан middle income trap нүхэндээ үлдэх үү, эсвэл гарч чадах уу? Ирэх 4 жилд гарч чадахгүй гэдгийг судалгааны байгууллагууд хэлэх ч, ядаж гарах эхлэлийг нь ард түмний энэ сонгуулиар сонгосон удирдагчид тавиасай гэж үнэн сэтгэлээсээ хүснэ...

 

---------------------------------

*Үндэсний нийт орлого (ҮНО) буюу Gross National Income (GNI) нь тухайн үндэстэн хэр их зүйл үйлдвэрлэж буйг харуулдаг хэмжүүр. Энгийнээр хэлвэл, Монголын ҮНО гэдэг нь Монгол дотор 1 жилд үйлдвэрлэгдэж байгаа зүйлээс гадаадын компаниудын үйлдвэрлэлийг хасаад, харин дэлхийн бусад орнуудад буй Монгол компаниудын үйлдвэрлэлийг нэмнэ гэсэн үг.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4865

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%