Бээжингээс Харвард хүртэлх урт зам (1-р хэсэг)

Хятадын ардын чөлөөлөх армийн ахлах хурандаагийн охин Рен Футон (Англи нэр нь Моника) амьдралынхаа 17 жилийг Бээжингийн хойд хэсэгт орших өндөр ханатай цэргийн байгууламж дотор өнгөрөөжээ. Тэнд хаалганаас дотогш ямар ч гадаад хүнийг оруулахгүй. Банк, хүнсний дэлгүүр, угаалгын газар гээд бүх зүйл нь дотроо байх бөгөөд зэвсэглэсэн харуул, жагсаалаар алхах цэргүүд байгууламжийг хамгаална.   

Моника ийм хаалттай орчинд өсөхдөө дуулгавартай, үнэнч, эх оронч хүмүүжлийг дээд зэргээр сурчээ. Сургууль дээр нь ч зөвхөн шалгалтын зөв хариултуудыг л цээжлүүлдэг тул хувь хүний бие даасан бодол сэтгэхүй нь дарагдана. Энэ бүх зүйлийн гол зорилго нь “Бүх хүнийг яг ижилхэн болгох” гэж тэр надад хэлсэн юм.    

Хүүхэд насныхаа ихэнхи хугацаанд Моника эцэг эхийгээ ямар байх ёстой гэснээр л байв. Зураг болон уран бичлэг (калиграфи) гэх мэт сонирхлоо хаяж зөвхөн хичээл номдоо л анхаарснаар ангийнхаа топ нь болжээ. “Хичээлийн бурхан” гэж магтуулдаг тэрээр дунд ангиас ахлах ангид дэвших улсын элсэлтийн шалгалтыг хөнгөхөн давав. Гэхдээ Моника дотроо тэрсэлдэж эхэлсэн байлаа. Tестэнд бэлдэх зовлонтой бөгөөд уйтгартай амьдралаас тэрээр үнэндээ халширчээ. Дахиад 3 жил gaokao буюу Хятадын их сургуульд элсэхийг шийддэг шалгалтанд бэлдэнэ гэхээс шантарч байлаа...  

 2 жилийн өмнө нэг хаврын орой 15 настай Моника гэртээ ирээд цэрэг хүний хүлцэнгүй охиноос гармааргүй үгийг хэлжээ. “Би яг л робот шиг тестэнд бэлдэхээс залхаж байна. Би Америкт их сургуульд явмар байна” гэв. Уул нь энэ талаар өмнө нь цухуйлгаж, нэг удаа оройн хоолон дээрээ Америкийн хүмүүнлэгийн ухааны боловсрол хэр эрх чөлөөтэй сонголтыг олгодог талаар ярьсан ч, эцэг эх нь хариу хэлэлгүй үл тоон өнгөрчээ. Харин энэ удаа тэд Моникаг үнэхээр үнэн голоосоо ярьж байгааг ойлгов.    “Ээж аав 2 шоконд орох шиг л болсон. Тэд нэлээн урт хугацаанд юу ч яриагүй ”гэж Моника ярьсан юм.

Ингээд хэдэн өдрийн дараа л тэд сая нэг дуугаа хураахаа больсон байна. Цэргийн академид боловсрол эзэмшсэн үг цөөтэй аав нь түүнд ингэж хэлж: “Ирээдүй чинь баталгаатай учраас Хятаддаа үлдвэл хамаагүй амар”. Харин IT инженер ээж нь түүнд: “Чи уул нь энэ орны ирээдүйн лидерүүдийг бэлддэг Бээжингийн их сургуульд (Beijing University) орж чадна. Яагаад энэ боломжоо хаях гээд байгаа юм бэ?” гэж асуугаад, “Бид эндэх орчноо сайн мэднэ. Харин Америкийн талаар мэдэхгүй. Тэнд бид чамд яаж ч тусалж чадахгүй учир чи ганцаараа л байх болно” гэв. Тэгээд нэлээд маргасны эцэст ээж аав 2 нь “Үнэхээр чиний зүрх сэтгэл чинь Америк гээд шийдчихсэн юм бол бид дэмжихээс дээ” гэж.  

Гэхдээ энэхүү шийдвэр нь тэдний гэр бүлийг маш том эрсдэлд оруулж болох байв. Ганц охин Моника нь гадагш сурахаар явахын тулд Хятадын их сургуульд орох цорын ганц арга зам болох gaokao системийн шалгалтанд бэлдэхээ болихоор болов. Харин оронд нь огт өөр тест, толгой эргүүлмээр ондоо Америк их сургуулийн элсэлтэд бэлдэх хэрэгтэй боллоо. Хэрэв тэр гэнэт бодлоо өөрчлөх, эсвэл оролдлого нь бүтэлгүйтвэл эргээд Хятададаа сурах боломжгүй болох юм. Ийм зүйл тохиолдвол Хятадын элит их сургуульд төгсөөд сайн ажилд орох боломжоо алдана гэсэн үг. Энэ нь тэдний гэр бүлийн хувьд эргүүлж засч болшгүй зүйл байлаа.   

 Засгийн газар нь улсынхаа их сургуулиудад ямар ч гадны нөлөө байлгахгүйг зорьж байхад, барууны орныг зорих Хятад оюутнуудын урсгал нэмэгдсээр байгаа нь Хятадад буй сонирхолтой зөрчилдөөн юм. Өнгөрсөн 10 жилд л гэхэд Хятадаас Америкийн коллеж их сургуулиудад элсэгчдийн тоо 62,523 (2005)-аас 304,040 (2015) болж өсчээ. Эдгээр оюутнуудын дийлэнх нь Хятадад шинээр гарч ирсэн элит давхаргынхан буюу Америкийн топ сургуулиудын жилийн төлбөр болох 60 мянган ам.доллар дээр нэмээд элсэлтэд бэлдэхэд зарцуулагдах хэдэн арван мянган долларыг төлөх чадвартай хүмүүсийн хүүхдүүд. Тэр ч бүү хэл гадны үзэл бодлын эсрэг кампанит ажлын гол зохион байгуулагч ерөнхийлөгч Ши Жинпиний охин хүртэл саяхан нэрээ нууцлан Харвардад сурч байв.   

Хятад сурагчид дэлхийд ахлах сургуулийн тестийн ранкаар тэргүүлдэг учир Хятадын боловсролын тогтолцоо нь Америк, Англи сурагчдыг ардаа тасархай хаясан элит сурагчдыг бэлддэг гэдгээрээ Барууны боловсрол олгогчид дунд алдартай. Гэлээ ч маш олон Хятад гэр бүл энэхүү системээсээ татгалзаж байна. Улмаар Барууны орнуудын хувьд Хятад оюутнуудад боловсролын үйлчилгээгээ зарах нь маш ашигтай бизнес болчихоод байгаа. Хятад оюутнууд одоо Америкт сурч буй гадаад оюутнуудын 1/3-ийг бүрдүүлж, Америкийн эдийн засагт жилд 9.8 тэрбум долларын хувь нэмэр оруулдаг болсон. Британид ч ялгаагүй, гадаад оюутнуудын жагсаалтыг Хятад оюутнууд тэргүүлдэг.   

Жил бүр Хятадын элитүүдээс авдаг Hurun Report судалгаанд ирэх жил чинээлэг гэр бүлүүдийн 80% нь хүүхдээ гадаадад сургахаар төлөвлөж байгаа гэсэн дүн гарчээ. Иймд гадагш чиглэсэн оюутнуудын их урсгал татрах шинж үгүй. Гэхдээ Хятад сурагч бүр яг ч Моника шиг goakao-д нүдүүлэхээс татгалзаж, илүү чөлөөтэй боловсрол эзэмшихийг зорьж буй өндөр хүсэл эрмэлзэлтэй биш.

Олон элит гэр бүлийн хувьд хүүхдээ Барууны их сургуульд явуулах нь яг л нэг төрлийн брэндийн үнэтэй бараа худалдаж авдаг шиг л өөрийн статусаа илэрхийлэх арга хэлбэр юм. Түүнчлэн gaokao системдээ сайн сурч чадахгүй байгаа сурагчдын хувьд, гадаадад сураад эргэж ирснээр ажлын байр болон гэрлэлтийн зах зээл дээрх маш ширүүн өрсөлдөөнд давуу тал олж авах нэг гарц болдог. Мөн баян гэр бүлүүдийн хувьд их хөрөнгөө (2015 оны байдлаар 1 триллион доллараар хэмжигдэж буй) найдвартай байршуулах арга зам хайж буй тул, хүүхдээ гадаадад сургах нь мөнгөө ч бас гадагш нь шилжүүлж, магадгүй хэзээ нэгэн цагт өөрсдөө ч цагаачлан гарах эхний алхам нь болох боломжтой. 

 Америк их сургуульд орохоор хүсч буй Хятад сурагчдын ихэнхи нь Мидвестийн (Иллиноис, Индиана, Канзас, Миннесота г.м) улсын том сургуулиудад элсдэг бөгөөд, 30,000 оюутантай кампуст 4,000 мянга гаруй Хятад оюутан нийлээд жижигхэн хэмжээний Chinаtown үүсгэчих тохиолдол ч бий. Брэнд болсон нэртэй сургуулиудад болохоор жижиг хэмжээтэй бүлэглэл шиг зүйл үүснэ.   

Ер нь гадаад явахыг зорьж буй Хятад сурагч бүр Америкийн топ 10-20 сургуулийн нэрийг цээжээр мэддэг. Хятадын номын дэлгүүрүүд нь ч Станфорд эсвэл Кэмбрижийн их сургуульд хэрхэн орох талаарх зөвлөгөө, тэнд сурсан тухай тэмдэглэлийн номоор дүүрэн. Ийм төрлийн номын оригиналь библи гэж хэлж болохоор “Харвардын охин Liu Yiting” гэдэг номон дээр шинжлэх ухаанаар батлагдсан аргаар охиноо хэрхэн академик од болгох талаар тайлбарладаг. Жишээ нь, энэ номонд охин нь өөрийгөө хичээл хийх тэсвэр хатуужилтай болгохын тулд нүцгэн гарандаа удаан хугацааны турш мөс атгадаг байсныг эцэг эх нь дурдсан байдаг.  

Өнгөрсөн жил Америкийн их сургуулиудад 40 мянган Хятад сурагч элсэх өргөдлөө өгснөөс 200 орчим нь Ivy League-ийн топ сургуулиудад тэнцжээ. Бээжинд үйл ажиллагаа явуулдаг нэгэн зөвлөхийн яриагаар “Харвард жилд ердөө 7-8 Хятад оюутан л авдаг бөгөөд, тэднээс 1 нь заавал бизнес эсвэл улстөрийн том лидерүүдийн хэн нэгнийх нь хүүхэд байдаг” байна. Үүнтэй харьцуулахад Америк дотроосоо элсэх өргөдлөө өгдөг сурагчид хялбар өрсөлдөөнөөс гарч ирдэг. Жишээ нь MIT (Массачусетсийн Технологийн Их сургууль) гэхэд 2015 онд Америкаас өргөдлөө өгсөн сурагчдын 9.7%-ийг элсүүлсэн бол, гадаадаас өргөдөл өгсөн сурагчдын дөнгөж 3%-ийг л тэнцүүлжээ.  

Америкийн их сургуульд элсэх процесс нэлээд төвөгтэй. SAT, ACT болон TOEFL мэтийн стандарт тестүүд өгөхөөс гадна дүнгийн хуулга, багшийн тодорхойлолт, элсэх өргөдөл болон эссенүүд бичиж өгдөг. Хятад сурагчид үүнд дасаагүй байх нь аргагүй. Учир нь Хятадад gaokao шалгалтын ганцхан оноогоор л их сургуулийн элсэлт шийдэгддэг. Хамгийн толгой эргүүлмээр зүйл нь Америк коллежүүд хичээлээс гадуурх секц дугуйланд гялалзсан амжилт гаргасан эсвэл амьдралын давтагдашгүй түүхтэй оюутнуудыг элсүүлэхийг хүсдэг. Үүнтэй харьцуулахад Британи их сургуулиуд A-level ийн дүнгээр тэнцүүлэх эсэхээ ихэвчлэн шийддэг тул элсэлтийн процесс нь арай л хялбар. Яагаад гэвэл хэдийгээр gaokao системтэй харьцуулахад сурагчдаас олон төрлийн материал сурч, өргөн хүрээтэй сэтгэлгээний арга барил эзэмшсэн байхыг шаарддаг хэдий ч ядаж л тодорхой 1 төрлийн хэмжүүрээр хэмждэг болохоор тэр. 

 Хятад сурагчид бол сониуч зан, бүтээлч чанар ба бие даасан байдал зэрэг яг Америк сургуулиудын хамгийн ихээр үнэлдэг зан чанаруудыг дардаг боловсролын системийн бүтээгдэхүүнүүд юм. Тэгвэл тэд Америк сургуулиудад үнэлэгдэх онцгой зан чанарыг хэрхэн өөртөө бий болгох вэ? Элсэлтийн комисст яг ямар хүн таалагдахыг хэрхэн мэдэх вэ? Зарим сурагчдын хувьд энэхүү процесс нь өөрийгөө танихын тулд өрнүүлэх нэлээд хүнд аян болдог. Харин өөрийгөө тодорхойлоод бусдаас ялгарах шаардлагыг тулгадаг энэхүү гэнэтийн шахалт нь зарим сурагчдыг эцэг эх нартай нь цуг амжилттай үр дүн гаргахын тулд юу ч хийхэд бэлэн болгож хурцалж өгдөг байна. 

 Моникагийн хувьд, сургуулиа төгсөөд Хятадад эргэн ирнэ гэдэг амлалт өгсний дараа л сая нэг аав нь түүнд Америк явах мөрөөдлөө биелүүлэх  зөвшөөрөл өгчээ. Цэргийн ангид хатуу дүрэмтэй тул хүссэн үедээ Америкт байгаа охиноо эргэж очих боломж аавд нь байхгүй. Иймд тэр өөрөө ч тэр, Хятад орон нь ч тэр Моникаг алдахыг хүсэхгүй байв. Моника намайг аавтайгаа уулзуулахад жижигхэн биетэй, хурц нүдтэй, савхин малгай гүйлтийн пүүз өмссөн хүн байв. Тэрээр гадаад хүнтэй харьцахаас жаахан болгоомжилж байх шиг байсан бөгөөд надад “Би охиноо явуулмааргүй л байна. Гэхдээ тэр өөрийн гэсэн бодолтой хүн” гэж хэлсэн юм.  

Аав нь эцсийн шийдвэр гаргаснаас хэдхэн өдрийн дараа Моника ирээдүйгээ төлөвлөж эхэлжээ. Эхлээд тэрээр элит ахлах сургуулийнхаа  (Experimental High School of  Beijing Normal University) gaokao чиглэлийн ангиас гарч, олон улсын чиглэлийн  11-р ангид элсэв.  Сүүлийн хэдэн жилд гадны их сургуулиудын элсэлтэд бэлдэж буй чинээлэг сурагчдад зориулан төгсөхөд амархан шаардлагуудтай, барууны маягаар хичээлээ заадаг ийм олон улсын чиглэлийн ангиуд Хятадын улсын сургуулиудад олноор бий болжээ. Ийм ангид Моникатай цуг сурдаг 400 орчим сурагч жилд ойролцоогоор 15 мянган ам долларын төлбөр төлж, сургуулиудад хэдэн сая долларын орлого оруулдаг байна. Харин Моника дүнгээрээ ангийнхаа топ 10%-д багтсан тул төлбөрөөс чөлөөлөгдөж тэтгэлгээр сурах болжээ. Америкийн топ их сургуульд тэнцэх шанстай тул дараа дараагийн шинэ сурагчдаа элсүүлэхэд хэрэг болно гэж үзэж сургууль нь түүнд тэтгэлэг олгосон байна.   

Сургуулийн удирдлагууд ч яг л чинээлэг эцэг эхчүүд шиг нэр нь брэнд болсон их сургуулиудыг өндөрт үзэж, сурагчдаа амжилтанд хүргэх орчныг бүрдүүлэхийг хүсдэг байна. Одоо 12 дугаар ангид сурч байгаа Моника өнгөрсөн 9-р сарын улирлын дундуурх шалгалтын дараа шууд л бүх хичээл болон гэрийн даалгавраас чөлөөлөгджээ. Ингээд бүтэн намрын улирлыг зөвхөн их сургуулийн элсэлтэд бэлдэхэд зориулах боломжтой болсон байна.  

 Сургууль дотор дахин нэг өөр сургууль оршиж байгаа ийм тогтолцоо нь оюутнуудын гадагш чиглэсэн урсгалын талаарх Хятадын тодорхойгүй байдлыг илтгэнэ. Хятадын засгийн газар нь хүүхдээ Баруунд сургах элитүүдийнхээ хүсэл болон үндэстнээрээ Хятад мөрөөдлийн араас явах хайгуул хоёрын дунд хавчуулагджээ. Хэдийгээр Ши Жинпиний охин Харвардад нэг семестер сурсан ч, түүний засгийн газар болохоор өтгөн сахалтай нэгэн Герман философичоос (Маркс) ондоо гадны нөлөөнд хордож буй их сургуулийн факультет, ангиудыг бяц цохино. Энэхүү кампанит ажлын хүрээнд, улсын ахлах сургуулиудын олон улсын чиглэлийн ангиудыг хаах, эсвэл сургуулиас нь салгах болно гэж өнгөрсөн жил Бээжингээс мэдэгдэж байв. Гэхдээ дүүргийн удирдлагууд энэхүү шийдвэрийг биелүүлэхийн тулд чухал лидерүүдийн хүүхдүүдээр дүүрсэн Моникагийн сургууль шиг газруудыг яах вэ гэдэг дээр хүнд байдалд орно. Иймд яг л засгийн газрын олон тушаалыг хэрэгжүүлдэг зарчмаараа зарим дээр нь нүдээ аниад чимээгүй өнгөрөх байх.      

Моника SAT болон TOEFL-д бэлдэж байхдаа гадаадад сурахтай холбоотой эргэн тойронд өрнөж буй солиорол болон зарим хууран мэхлэлтийн талаар анх олж мэджээ. Тестийн хариу зардаг, тестийн өндөр оноо худалдаж авдаг тусгай агентууд байдаг талаарх цуу яриаг ангийнхан нь ярьцгаадаг байв. Гэхдээ 2014 оны сүүлээр SAT тестийн үеэр хууран мэхлэх асуудал гарсан гэдэг сэжигээр тестийн дүн Зүүн Ази даяар 1 сар хойшлоход, Моникагийн хариу ч хойшилсон тул тэдгээр цуу яриа үнэн болохыг бодитоор мэдэрчээ. 2015 оны 5-р сард бүр ч том скандал гарсан нь хуурамч пасспорт ашиглан Хятадад байгаа оюутнуудын өмнөөс шалгалт өгдөг хэргээр Америкт 15 Хятад хүн баригдсан явдал байв. Тэдгээр “шалгалт өгдөг сүнснүүдийн” үйлчлүүлэгчид нь ямар ч харандаа гартаа барилгүйгээр бараг л бүтэн оноо авсан байж. 2016 оны 1-р сард болохоор бөөнөөрөө SAT-тест дээр хууран мэхэлсэн байж магадгүй гэх сургаар Азид байдаг хэд хэдэн тестийн төвүүдэд шалгалт болохоос 2 өдрийн өмнө тестийг цуцалжээ.     

Одоо Хятадад жилд 40 мянга гаруй сурагч SAT тест өгдөг. Гэхдээ Хятадад SAT тестцентр байдаггүй учир хагас бүтэнсайнаар Сингапур эсвэл Хонг Конг явж шалгалт өгдөг сурагчдын их урсгалд Моника ч бас  нэгджээ. Түүнтэй цуг тест өгөхөөр Хонг Конгийн нэгэн том заланд сууж буй 10 мянган сурагч дунд Харбинээс ирсэн ажилчин ангиас гаралтай даруухан охин Кристина (Лю Шанки) ч байв. Кристинагийн хувьд, гэр бүлээсээ Америк гэлтгүй, ер нь их сургуульд сурсан анхны тохиолдол нь болохоор зорьж буй нь энэ. Түүнийг 7 настай байхад нь өвөө нь Соёлын хувьсгалын үед нууж үлдээсэн Барууны романуудаа гаргаж өгсөн нь гадаадад сурах хүслийг анх өдөөсөн гэдэг. Хятадын захын мужаас ирсэн Кристина дандаа л Шанхай эсвэл Бээжингээс цугласан боловсон сурагчдыг хараад анх айж байв. Гэхдээ тэрээр шалгалтандаа 2390 оноо буюу бараг л бүтэн оноо авч, тэр өдөр заланд байсан сурагчид дунд хамгийн өндөр оноотой сурагчдын нэг болжээ.    

Моникагаас ялгаатай нь, Кристина ахлах сургуулийнхаа gaokao чиглэлийн ангидаа үлдсэн тул Америк сургуульд элсэх зам нь илүү урт бөгөөд аюултай байлаа. Гэр бүл нь түүнийг олон улсын чиглэлийн үнэтэй ангид сургах эсвэл шууд гадаадад бэлтгэл сургуульд явуулах санхүүгийн боломжгүй байв. Иймд Кристина SAT болон TOEFL-ийн шалгалтанд бэлдэхийн тулд 2 ээлжээр зүтгэх хэрэгтэй болов: эхлээд gaokao-ийн уул овоо шиг их хичээлээ хийж дуусгаад, дараа нь Америк сургуулийн элсэлтийн шалгалтандаа бэлдэхээр орой нь үргэлжлүүлээд сууна. (Тэр шөнө Friends ТВ сериал үзэж байгаад л унтчихдаг байв. Ээж нь үүнд нь дургуй, харин Англи хэлийг цэцэрлэгээсээ хойш үзсэн Кристинагийн хувьд Friends хамгийн сайн хичээл хийх арга нь гэж тэр ярина).  

Ингээд Кристина өнгөрсөн намар 12-р ангид ороод Америк сургуулиудын элсэлтэд бэлдэх үү, эсвэл gaokao–ийн шалгалтандаа бэлдэх үү гэдэг сонголтоо хийх болжээ. Ихэнхи gaokao программ гадаад явах шанстай Кристина шиг сурагчдад Маогийн үеийн хэллэгээр үр бүтээлтэй ажлаас чөлөөлөгдөх tuochan эрх олгож арай хөнгөлттэй ханддаг байна. Энэ үед яадаг вэ гэхээр сурагч нэг бол сургуулиасаа гараад, эсвэл Кристина шиг хичээлээс чөлөөлөгдөөд тест, элсэлтийн материалуудаа бэлддэг. Уул нь ихэнхи сурагчид 12 дугаар ангидаа эхэлдэг ч, tuochan бүр эрт ч эхлэх туршлага бий болоод байгаа. Бүр 6 дугаар ангийнхан хүртэл SSAT буюу хамгийн эхний шатны стандарт тестэд бэлдэхээр намар нь сургуулиасаа чөлөө авдаг болсон. Шалгалтанд бэлдэхэд тусалдаг зөвлөхүүд энэ үеийг tuochan-ы улирал гэж нэрлэдэг байна.   

Кристинагийн хувьд гаргасан шийдвэр нь буцааж болохгүй зүйл байв. 12-р ангийн сурагч gaokao-ийн замаа нэгэнт орхисон бол эргэж орох аргагүй юм. Ингээд 9-р сард tuochan эхлэхэд ангиас нь өөр 5 хүүхэд цуг байв. Тэдний хувьд ингээд ахлах сургуулийн замнал нь төгсгөл болжээ. Кристина хичээлдээ дахиж суухгүй бөгөөд бүх анхаарлаа Америкийн их сургуулийн элсэлтэд бэлдэхэд зарцуулах болно.    Моника ч тэр, Кристина ч тэр, хүмүүнлэгийн ухааны боловсрол эзэмших хүслээ биелүүлэхийн тулд ахлах сургуулийнхаа сүүлийн нэг жилийн хугацаанд Америкийн сургуулийн элсэлтэд бэлдэхээс өөр зүйл хийхгүй гэсэн үг юм...

 
Үргэлжлэл 2-р хэсгийг эндээс уншина уу. 

avatar
    • Зочин
    • 172.69.252.*

    https://www.1843magazine.com/content/how-to-get-into-harvardfrom-beijing Orchuulga ene ter geer bich l dee. Uuruu bichsen yum shig.

    • Зочин
    • 172.69.254.*

    bas nariin bgaan shuu, manaihan ch zailuul buduun toin huuhduud ni oorsdoo l taktik bolovsruuldag yum shig bn lee

    • ИРГЭН
    • 139.5.216.*

    ЗӨВ ШҮҮ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4990

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%