Урлагт үүрэг байхгүй!

Урлагт үүрэг байхгүй!
С. Анудар “Дөрөв биш дөрөв”

Хэдэн арван зохиол бичсэн атал өнөөдөр уншигчид бараг санахгүй  зохиолч байхад ганц зохиолоороо уран зохиолын түүхэнд мөнхөрчихсөн хүн бас байх. Энэ бол урлагийн бүтээлийн жинхэнэ үнэ цэнийг шалгадаг цаг хугацааны шалгуур.

1990-ээд оны нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр манай урлаг, уран зохиолд шинийг эрэлхийлэх оюун санааны хөдөлгөөн ид өрнөж байсан үед С.Анудар “Дөрөв биш дөрөв” хэмээх ганц зохиол бичсэн нь Монголын уран зохиолын шинэ өнгө төрх бүрэлдэх үйл явцын нэгэн баримт болон үлдсэн байдаг. Өнөөдөр түүний энэ ганц зохиолыг сонирхон уншдаг, С.Анудар гэх хүнийг шүтэн биширдэг гэхэд хилсдэхгүй олон уншигч бий. Тиймдээ ч С.Анударын нэрэмжит шилдэг эссэ, өгүүллэг, тууж, роман шалгаруулах тэмцээн зарлагдчихсан байгаа буй за. Юутай их хүндлэл, нэр төр вэ? Үүний учир нь “Дөрөв биш дөрөв” зохиол Монголын уран зохиолын түүхэнд шинэ чиг хандлага бий болоход тодорхой түлхэц үзүүлсэнд ч юм уу эсвэл өөр ямар нэгэн шалтгаанд бус гагцхүү түүний зохиолын үнэ цэнэд оршино.
Уран зохиолын хувьд академик онолын үүднээс хүмүүжүүлэх, танин мэдэхүй, гоо зүйн үүрэгтэй гэж үздэг. Гэтэл бид “Дөрөв биш дөрөв” зохиолыг уншаад дээрх эрхэм гурван үүргээс алийг нь ч хүртэхгүй юм. Учир нь энэ номонд уран яруу үг хэллэг, гайхалтай сайхан дүрслэл, бидний нэрлэдгээр сайн талын баатар эсвэл тухайн нийгэм цаг үеийн асуудлыг хөндөн авч дэлгэн үзүүлсэн зэрэг зүйлийн аль аль нь байхгүй. Тэр ч байтугай хэл зүйн дүрэм болоод найруулга зүйн шаардлагад яавч тэнцэхгүй. Угаас энэ бүх шаардлагаар түүний зохиолыг шүүх нь өөрөө тэнэглэл.
Учир нь жинхэнэ урлаг ухааруулж сэнхрүүлэх, танин мэдүүлэх ямар нэгэн зорилготойгоор бүтээгддэггүй билээ. Зүгээр л мэдрэгддэг. С.Анударийн “Дөрөв биш дөрөв” зохиолыг уншаад зарим нэгнийх нь дотор муухайрч, огиудас хүрэм санагдана, магадгүй зарим нь юу ч ойлгохгүй, харин хэн нэг нь үхэхийг хүснэ эсвэл амьдралын талаарх гүн бодолд унана, нөгөө хэсэг нь хязгааргүй эрх чөлөөг мэдэрнэ, үлдсэн хэсэгт нь чээж дүүрэн цэвэр агаар шунаглан амьсгалж байгаа мэт санагдана. Үүнд л түүний зохиолын үнэ цэн оршиж буй юм. Монголын уран зохиолын түүхэнд нэгэн шинэ чиг хандлага болон үлдсэнд бус.
Нэмж хэлэхэд замбараагүй хар ярианы гэмээр товч бичлэг, амьдрал хүний оршихуйн талаарх С.Анударын өвөрмөц үзэл санаа нь “Дөрөв биш дөрөв” номын амин судас юм. “Дөрөв биш дөрөв” зохиолын дүрүүд Анударыг өөрийг нь хуулбарлачихсан мэт байдаг. Учир нь дүрүүдийн амьдралын хэв маяг, үзэл бодол, рок хөгжим, виски, тамхи, ханан дээр эрээчсэн цус гээд л бүгд С.Анударын сонирхол.
Түүнчлэн түүний зохиолоос Германы суут сэтгэгч Ницшегийн үзэл баримтлал их мэдрэгддэг. Магадгүй тэр Ницщег судалдаг байсантай холбоотой биз ээ. Тухайлбал

, “Хүмүүсийн дунд байх надад аймшигтай: Тэдэн дунд ам ангавч цангаа тайлах юм олддоггүй. Тэгээд би ганцаараа байхаар явж туйлын дээд хүнийг сэтгэлдээ бий болголоо. Бий болмогц нь үд дундын нарыг би түүний эргэн тойронд л гэрэлтэж байхаар зохицууллаа”

гэсэн нэгэн онцлог санаа буй. Яг үүний адилаар Дэлгэр, Уртаа хэмээх дүрүүд нь нийгмийн харилцаанд бараг үл орох бөгөөд хэн ч халдаж нэвтэрхээргүй, хэнтэй ч зөрчилдөж, сөргөлдөхгүй өөр өөрсдийн ертөнцийг (замбараагүй өрөө - рок хөгжим – ганцаардал - хувьч үзэл) бүтээж зөвхөн түүн тодроо өөрсдийн дур зоргоороо ганцаардан амьдарна. (Дэлгэр) “Чи хоёр “би”-тэй, нэг нь нэр ус байхгүй, чанар санаа бодол байхгүй, зүгээр л хэлбэлзсэн цагаан өнгө, байгаадаа баярлана. Өөр юу ч байхгүй, хэрэггүй. Нөгөө нь дэлгэр, хорин хоёр настай, сэтгэл санаатай ийм тийм ааш зантай, махбодтой. Дэлгэр баярлана, зовно, унаж тусна. Дэлгэр яаж ч байсан нэргүй “би”-д бүх юм сайхан. Дэлгэрийг яаж ч болно, алж хядаж, үе мөчөөр нь тасалж одоо бүх юм сайхан.” Нэгдүгээр нэргүй “би” нь хэзээд ч байгаагаараа оршин байх жинхэнэ “би”, хоёрдугаар би болох нэртэй “би” бол нийгэм, хүмүүс, гадаад дотоод орчноос болж өөрчлөгдөн хувирч байдаг хуурамч “би”.

 

Уртаад ч мөн Дэлгэрийн нэгэн адил түүний “би”, “би”-гээрээ буюу өөрөө өөрөөрөө оршин буй нь л чухал.(Уртаа) - “Энэ зөвхөн минийх. Үлдээсэн үлдээгээгүй ямар ч ялгаагүй, тэгэхдээ би энд амьдарсан. Хүссэнээрээ амьдарсан, тэгээд зөвхөн миний юм байх ёстой. Ахиад хөгжим, ахиад тамхи. Энэ дууг чангал, бүүр чангал, сэтгэлээ чангал. Миний эрх чөлөө. Зөвхөн миний хөндийрөх гэсэн жаргал, дараа нь Саша Башлачёв.” “..Хүн энергитэй хүчтэй байх үгүй нь хоол хүнс, хийсэн юмнаас хамаарагддаггүй, нэг харахад хүрээд ирдэг, дараа нь алга болдог. Энэ хүчийг хадгалах хүлээх хэрэггүй, байвал сайн л биз. Хүч жаргал өгдөг. Өөр олон юм жаргал өгдөг. Надад жаргал хэрэггүй, надад би хэрэгтэй. Би тэгээд миний үзэн ядалт. Энд тэмцэх хэрэггүй. Тэмцсэн л бол ялагдсан, амьдарсан л бол ялагдсан. Зөвхөн үзэн ядалт, өөр юм нэмэргүй, өөр юмыг үзэн яд”.
Туужийн Дэлгэр, Уртаа, Идэр нарын дүр бол эрх чөлөөг хайж, хүний амьдралыг хүлээснээс ангижруулахыг эрмэлзсэн дүрүүд юм. Амьдралын утга учир, зүй тогтол гэх мэтийн тусгай нандин зүйл байхгүй, “би” оршин буй нь л өөрөө утга учир. Тиймээс хэнээс ч хараат бус зөвхөн өөрийнхөөрөө амьдрах нь,тэр ч байтугай өөрийнхөөрөө үхэх нь амьдрал. Учир нь бидний нэрлэдэг сайн үйл, муу үйл, жаргал зовлон, баяр гуниг бүгд нэг л зүйл. Нэг хоосон зүйл.

Энэхүү хоосон зүйл уншигчдад зүгээр мэдрэгдэж байгаа учраас л түүний зохиол үнэ цэнэтэй байгаа юм. Мэдрэгдэхдээ бүр уншигчдын сэтгэлийн гүнд хүрч шүү!

 

 


avatar
    • Шүүмжлэгч
    • 183.81.169.*

    Нэр усгүй шүүмжлэгчийн бичсэн ямар ч утгагүй дэмийрэл. Байдаг л нэг 'би бол ертөнцийн төв' гэсэн өсвөр настны дэмийрлийг 'урлагийн шедевр' болгож магтсан, байгаа оноогүй хоосон хийрхэл.

    • Зочин
    • 183.81.169.*

    Шал утгагүй юм. Нэгдүгээрт, хэн гэдэг хүн энэ 'шүүмжийг' бичсэн юм бэ гэдэг нь тодорхойгүй, ямар ч нэр ус байхгүй. Хоёрдугаарт, шал хэрэгцээгүй дэмийрэл.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4845

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%