Л.Сарантуяа “Цэнхэр романс” буюу хүүхдийн зохиолын хөөрхийлөлтэй хувь заяа

1960 оноос утга зохиолын биеэ даасан төрөл болон хөгжиж эхэлсэн манай хүүхдийн зохиол 1990-ээд оны нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр бараг тасрахад хүрсэн байдаг. Харин 2000-аад оноос нэлээд сэргэх хандлагатай болсон. Гэвч өнөөдөр хүүхдийн зохиол, судлал, шүүмж, төрөл хэлбэр, чанар чансаа зэрэг бүхий л талаар ихээхэн дутагдалтай байгаа билээ. Эцэг эхчүүдийн дийлэнх нь хэдэн насны хүүхдэд ямар ном уншуулах талаар тун бүрхэг мэдлэг, мэдээлэлтэй тул хэн нэгний хэлсэн эсвэл худалдагчийн санал болгосон, аль эсвэл бүр өөрийнхөө багадаа уншиж байсан номыг юу ч бодолгүй аваад өгчихдөг урсгал аль хэдийн тогтчихсон.

Үүний улмаас ашиг хайсан хэн дуртай нь хүүхдийн зохиол гэх тодотголтой ном бичиж номын дэлгүүрийн лангуун дээр тавиад сайн марктенг хийж, гүйлгээтэй эрэлт хэрэгцээтэй номын тоонд оруулчих жишээ элбэг болов. Үүний нэг жишээ нь Л.Сарантуяагийн “Цэнхэр романс” юм.

Ахлах ангийнханд зориулсан роман гэх тодотголтой энэхүү ном нь номын дэлгүүрийн хүүхдийн номын тасагт гэрэлд гялтганах гоёмсог хавтсаа гайхуулан буй. Тэр ч байтугай Аз хур номын дэлгүүрээс санал болгосон “БАГА болон ДУНД насны хүүхдүүдийн НАС СЭТГЭХҮЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН, тэдний ТАНИН МЭДЭХҮЙ, БОЛОВСРОЛ СОЁЛ ХҮМҮҮЖИЛД ЗОРИУЛАН бичсэн 10 номын жагсаалт”-д нь бас гэр бүлийн номын сангийн багцад нь орчихсон буй. Үнэндээ ямар шалгуураар ийнхүү оруулсныг таамаглашгүй.

Л.Сарантуяа гол дүр нь хүүхэд л бол хүүхдийн зохиол, хүүхдийн зохиолыг бичих  нь хялбар амар гэх ойлголттой явдаг бололтой. Мөн тэрээр хүүхдийн зохиол бол өөрийн гэсэн онцлогтой, тодорхой тавигддаг шаардлагатайг бүр ч мэддэгүй нь “Цэнхэр романс”-аас нь харагдаж байна.

Арван жил, ахлах ангийнхны эмзэг сэтгэл, анхны хайр, үерхэл, нөхөрлөлийн тухай өгүүлсэн гэх тайлбартай энэхүү номонд гурвалжин дөрвөлжин хайр, хорт найруулга, төөрөлдсөн ах дүүс, нууц амрагийн явдал гээд солонгос сериалаас дутахгүй гэнэтийн үйл явдлууд ар араасаа хөврөнө. Тун аймшигтай.

Нэгэн сургуулийн захирал царайлаг, залуухан нууц амраг болох Удвалыг 11-р ангийн багшаар ажилд авч, олон жил багшилсан туршлагатай, боловсролын тэргүүний ажилтан Янжмааг ажлаас нь чөлөөлж буйгаар роман эхлэх аж. Гэтэл Удвал ажлын эхний өдрөөсөө л хүүхдүүдийг элдэв үгээр хараан доромжилж баян айлын ганц хүү болох Идэрболдтой ширүүхэн хэрэлдэж нэг нэгнээ үзэхээ болино. Багш нь сурагчаа “мангар бацаан”, шавь нь багшаа “балай авгай” гэж цоллох ажээ. Удалгүй Удвал ажлаасаа хөөгдөнө. Гэвч эцэс сүүлд нь Удвал, Идэрболд хоёр төрсөн эгч дүүс болж таарна. Идэрболдын аавын залуудаа алдсан алдааны үр дүн гэнэ. Юу ч гэх билээ дээ.

Бас нэгэн жишээ дурдвал, ядруухан амьдралтай Идэр хэмээх хүү ээж, эгчийнхээ хамт амьдарна. Элэгний өвчтэй ээж нь хамтран амьдрагч гэх Содовтой гэртээ үе үе архидан согтуурна. Нэгэн удаа ийнхүү архидаж байгаад охин руу нь дайрч давшилсан Содов руу хутга шидээд алчихаж байгаа юм. Ингээд хүү, охин хоёр эхээ шоронд үднэ.

Үүгээр ч зогсохгүй сайн хөвгүүн нь өөр охинд талтайд уурлаж өшрөхсөн Алтжин ямар ч гэм зэмгүй охины зургийг хулгайлан авч “Сексийн хамтрагч хайж байна” гэсэн гарчигтайгаар анги сургууль, нэр ус, дугаартай нь интернетэд байршуулна.

Л.Сарантуяа гэгч хүнээс асуухад энэ мэтийн дүрслэл, үйл явдлууд хүүхдийн танин мэдэхүй, болосрол, соёл хүмүүжилд ямар хэрэгтэй гэж бичсэн юм бэ?. Иймэрхүү үйл явдлаар хахаж цацсан солонгос сериалууд телевиз болгоноор уралдан гарч залуу үеийн чинь тархи толгойг угааж байхад, Та бас нэмэрлээд яах нь вэ?.

Магадгүй зарим нэг нь энэ чинь амьдралд байдаг зүйл гэж хаацайлж мэдэх юм. Гэхдээ энэ чиглэлийн сэдвийг барьж бичих гэж байгаа бол ямар талаас нь ямархуу дүр дүрслэлээр, яаж илэрхийлэн гаргаж бичих вэ? гэдгээ тун сайн бодож нягталсны үндсэн дээр бичдэг болохыг манай уран зохиолын нэртэй зохиолчид судалгаа, шүүмждээ олонтаа тэмдэглэсэн буй. Хүүхдийн зохиолын онцлог, тавигдах шаардлага байдгийг дахин дурдъя.

Уран сайхны зохиолын бичвэрт илүүц зүйл, дүр дүрслэл гэж бараг үгүй, зохиолын эхнээс төгсгөл хүртэлх бүхий л үйл явдал хоорондоо ямар нэг сэжим, учир шалтгаанаар холбогдон нэгэн цогц болж утга санаагаа идэрхийлдэг.

Гэтэл Л.Сарантуяагийн зохиолын үйл явдал тал тал тийшээ үсчсэн, болхи бүдүүлэг, илүүц дүр, дүрслэлээр дүүрэн. Үйл явдлууд нь логик уялдаа холбоогүй. Дүрийн сэтгэлзүйг нээн гаргасан нь огт үгүй. Ерөөс энэхүү зохиолоороо юуг хэлэх гэсэн, эсвэл ямар асуудлыг хөндөн авч нээн үзүүлсэн нь тодорхойгүй байна. Энэ нь зохиолын гэнэтийн учир холбогдолгүй үйл явдлууд болоод хэт амархан шийдэл, төгсгөлөөс нэн тодорхой харагдана.

Тухайлбал, өвчтэй ээж нь хүн амины хэргээр шоронд орсны дараах Идэрийн сэтгэл зүй, зан араншин, амьдралд бараг л өөрчлөлт гарсангүй. Болдог юм болж байгаа аятай л дүрслэгджээ. Ээжийгээ шоронд орсны дараахан сайн охиноо хөдөө явуулахгүй гэсэндээ “Би чамд хайртай, надтай үерхээч” гэж асууж байх юм. Өнөөх охин ч тэр дор нь зөвшөөрч хоёул хамтдаа ангийнхантайгаа шинэ жилээ хөөр баяртайгаар тэмдэглэж байгаагаар зохиол төгсөнө. Энийг юу гэж ойлгох вэ? Идэрийн ээж цаашаа юу болсон нь огт гарахгүй ингээд л зохиол төгсөнө. Идэрд ч энэ нь нэг их нөлөөлөхгүй. Тэгэхлээр энэхүү дүрслэлийг зүгээр л зохиолоо сонирхолтой болгох үүднээс албадан хүчээр бичсэн гэж үзэхээс өөр тайлбар алга.

Энэ мэтийн зохиолчийн дур зоргоороо, худал хуурмагаар албадан бичсэн бичлэгээр “Цэнхэр романс” ном дүүрэн тул цаас, цаг хэмнэх үүднээс энд хүрээд зогсъё.

Зохиолчид хандаж хэлэхэд яг энэ чиглэлээр манай ахмад хүүхдийн зохиолчид болох О.Сундуй “Зусланд болсон явдал”, Д.Гармаа “Хөөрхий дөө Болдоо минь” (соациалист нийгмийн үеийн зохиол ч гэсэн) зохиолууд гарсан байдаг. Эдгээр зохиолуудтай өөрийнхөө зохиолыг нэг харьцуулаад уншаад үзээрэй гэж зүрхлэн хэлье. Хүүхдийн зохиолын онцлогийг жаахан ч гэсэн ойлгоосой гэсэн чин сэтгэлийн үүднээс хэлж байгаа юм шүү.

Эцэст нь дүгнэхэд номын дэлгүүрүүдийн хүүхдийн номын тасаг болоод хүүхдийн уншлагад орох улмаар санал болгох ном зохиолуудад төр засаг, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч хэн бүхэн хяналт шаардлага тавих тун хэрэгтэй байгааг хэлэх хэрэгтэй болов уу.

 

 

 

 


avatar
    • Зочин
    • 162.158.234.*

    Их гоё ном байна

    • Зочин
    • 162.158.93.*

    хаана зарж байгаа юм болло

    • Зулзага
    • 172.69.254.*

    Тиймээ. Шүүмжтэй санал нэг байна. Л. Сарантуяагийн бусад зохиолуудыг уншиж байхад өөрийн эрхгүй ийм сэтгэгдэл төрдөг. Амьсгаа давхцуулам, ар араасаа, энд тэндээс үсчин гарч ирэх хоорондоо ямар ч авцалдаагүй үйл явдлууд... Ардчилал гээд хэн дуртай нь юу хүссэнээ бичиж гаргаад зохиол гэж нэрлээд, өөрсдийгөө зохиолч, яруу найрагч гэж цоллоод байгааг л болимоор юм . Ямар ч хяналт, шүүмж, шүүлтүүр байхгүй... Ийм байхад хүүхэд залуу үе номноос юу сурч, юу авч үлдэх вэ???

    • Зулзага
    • 172.69.254.*

    Тиймээ. Шүүмжтэй санал нэг байна. Л. Сарантуяагийн бусад зохиолуудыг уншиж байхад өөрийн эрхгүй ийм сэтгэгдэл төрдөг. Амьсгаа давхцуулам, ар араасаа, энд тэндээс үсчин гарч ирэх хоорондоо ямар ч авцалдаагүй үйл явдлууд... Ардчилал гээд хэн дуртай нь юу хүссэнээ бичиж гаргаад зохиол гэж нэрлээд, өөрсдийгөө зохиолч, яруу найрагч гэж цоллоод байгааг л болимоор юм . Ямар ч хяналт, шүүмж, шүүлтүүр байхгүй... Ийм байхад хүүхэд залуу үе номноос юу сурч, юу авч үлдэх вэ???

    • Иргэн
    • 203.91.115.*

    Ёстой ёстой, болж болж, зөв зөв

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5557

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%