Цаашид байдал сайжрах уу эсвэл бүр муудах уу? ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ ЦУВРАЛ №2

Тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд  ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ  ЦУВРАЛ №1 нийтлэлийн үргэлжлэл

Цаашид байдал сайжрах уу эсвэл бүр муудах уу?

2015 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлого 719,0 тэрбум, харин зарлага 1,192,0 тэрбум төгрөгтөй тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, залуусын төлж буй шимтгэл ахмадуудын авч байгаа тэтгэвэрт хүрэлцэхгүй байгаа гэсэн үг. Цаашид нийт хүн амд эзлэх ахмад настны хувь хэмжээ өсөхийн хирээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг энэ тогтолцоо мухардаж, улам хүнд байдалд орно. Үүнийг өөрчлөх, эртхэн засах талаар мэргэжилтнүүд дуугарахад төр засгийн зүгээс хариулдаг жижүүрийн хэдэн үгтэй.

Залуусын төлж байгаа шимтгэлээр ахмадуудын тэтгэврийг тавина, одоогийн залуусыг хөгшрөхөөр дараа үеийн залуус тэтгэврийг чинь төлнө, энэ бол иргэдийн нийгмийн хариуцлага

гэж мэдэмхийрэхдээ төрийн хариуцлагын тухай дурдалгүй орхиж, харин энэ бол та нарын, үе хоорондын асуудал гэж түлхдэг.  

Тэтгэврийн шинэчлэлийн талаарх төрөөс баримтлах бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дараах дүгнэлтийг хийж болно.

  • Нэгд, Монголын төрд улс эх орны ирээдүй, өөрөөр хэлбэл өөрөө өөртөө итгэх итгэл алга. Ингэж дүгнэхийн учир нь 2015.06.16-ний өдөр УИХ-аас баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгаснаар ард түмнийг ядууруулдаг энэ тогтолцоог засах эдийн засгийн боломж хаа байсан 2030 оноос хойш буюу нэр бүхий нийтлэлчийн хэлснээр "өөрсдөө үхэж далд орсны дараа" л гарна гэж үзжээ.
  • Хоёрт, Монголын төрд улсынхаа хөгжил дэвшлийг урт хугацаанд харах, төлөвлөх мэдлэг, чадвар дутаж байгаагийн нэг илрэл нь нийгмийн даатгалын асуудлыг нэг салбарын, нэг яамны ажил гэж ойлгодог. Улсын хөгжлийг цогцоор нь багтаасан нэгдсэн стратеги төлөвлөлт, баялаг бүтээх зөв арга замыг дэвшүүлж чадаагүй цагт энэ бэрхшээл арилахгүй. Ирээдүйн тэтгэврийн даатгалын алдагдлыг санхүүжүүлэх зорилготой сан байгуулах тухай хуулийг 2016 оны 1-р сард баталсан. Тэтгэврийн сан байгуулах нь зөв алхам. Гэтэл зарим хүмүүс таны ирээдүйн тэтгэврийг “ууж идэх” оролдлого хэмээн санаатайгаар мушгидаг. Үнэн хэрэгтээ байхгүй юмыг юуг нь ч идэхэв... Харин энэ санг 8 хувийн ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдсэн шиг Засгийн газар Монголбанктай нийлж мөнгө хэвлээд амар хялбар аргаар байгуулчихна гэж харж байгаа нь дэндүү харалган. Ийм аргаар шийдэх нь санхүүжилтийн эх үүсвэрийг инфляциар дамжуулан далд байдлаар ард иргэдээс гаргуулахтай утга нэг.
  • Гуравт, Монгол түмнийг, ахмад буурлуудыг ядууруулдаг халамжийн даатгалын одоогийн тогтолцоог энэ хэвээр нь хадгалаад, зөвхөн улс төрийн хонжоо харж "шинэчлээд" байна уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрнө. Учир нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга замыг огт хайхгүй хэрнээ хамралтыг нэмэгдүүлж, аль болох олон хүнд сайхан харагдах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийн дор хаяж 50%-ийг төрөөс даана хэмээн амлаж, популизм хийдэг. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан “мэргэжлийн” Засгийн газар нь малчдын тэтгэврийн насыг 2018 оноос эхлэн 5 жилээр урагшлуулахаар амласан байх жишээтэй. Мөн одоогийн 14%-ийн тэтгэврийн шимтгэлийг хэмжээг нэмж, 2019 он гэхэд 19% болгоно гэв. Гэтэл цалингаасаа шимтгэл төлж тэтгэврийн санг бүрдүүлдэг, санхүүжүүлдэг хүмүүсийн эрх ашгийн талаар хэн ч ярихгүй байна. Тэгэхээр цаашид байдал сайжрах нь уу, муудах нь уу гэсэн асуултад тэдний авдаг нь адилхан ч өгдөг нь ихэссээр байх нь гэсэн хариулт гарч байна.

Дараагийн дугаарт энэ байдлаас хэрхэн гарах боломжтой, ямар хувилбар шийдлүүд байгаа талаар авч үзнэ.

                                    


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%