Нийтлэл 10 сарын 27, 2016

МӨНГӨ: Ямар валют ам.долларын эсрэг хамгийн их чангарч байна вэ?

Бразилын реал ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валют болоод байна. Хөрөнгө оруулагчид Бразилын шинэ засгийн газар эдийн засгийн хямралаас гаргаж чадна гэдэгт итгэж байгаагийн нэг илрэл нь сүүлийн 1 жилийн хугацаанд Бразилын реалын ханш ам.долларын эсрэг бараг 24 хувиар өссөнөөс харагдаж байна. Бусад хөгжиж буй орнуудын валютын ханш ч мөн адил ам.долларын эсрэг өсөх хандлагатай байна. Доорх зураглалд 2016 оны аравдугаар сарын хагасын байдлаар улс орнуудын ханшийн ам.долларын эсрэг хэрхэн өөрчлөгдсөнийг онцлох орнуудыг хувьд харуулав. Тухайлбал, Оросын рублийн ханш 16 хувиар, Өмнөд Африкын ранд 8.1 хувиар тус тус чангарчээ.

 

Жилийн хугацаанд хамгийн муу үзүүлэлттэй валют нь Нигерийн найра байсан ба газрын тосны үнийн уналтын дараа хямрал үүссэн нь голлон нөлөөлжээ. Английн фунтийн хувьд Brexit-н санал асуулгын үр дүнгийн дараа ам.долларын эсрэг хамгийн муу үзүүлэлттэй валют болоод байсан. 10 дугаар сарын хагасын байдлаар фунт ам.долларын эсрэг жилийн дүнгээр 17.3 хувиар суларсан байна. Brexit-н улмаас фунт ам.долларын эсрэг сүүлийн 31 жилийн хамгийн бага түвшинд хүрээд байна. Шинжээчдийн үзэж байгаагаар цаашид ч унах төлөвтэй байна.

Харин Монголын хувьд түүхий эдийн үнийн уналт, ГШХО-н бууралттай холбоотой төгрөг ам.долларын эсрэг суларсаар байна. Энэ оны 5-6 сард Засгийн газрын 750 сая.долларын зээлтэй холбоотой төгрөг ам.долларын эсрэг чангарах төлөв ажиглагдсан ч 7-8 сард сонгууль, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний хувьцааны худалдан авалт зэрэгтэй холбоотой огцом өсөлт ажиглагдсан. Улмаар төгрөг нь 8 дугаар сарын хамгийн муу гүйцэтгэлтэй ханш болсон. Монголбанкны зүгээс 8 дугаар сарын 18 нд бодлогын хүүг өсгөснөөр төгрөгийн ханшийн хэлбэлзэл  харьцангуй тогтворжсон ч ам.долларын эсрэг аажмаар суларсаар байна. 2016 оны 10 сарын 26ны байдлаар 2340.11 төгрөг 1 ам.доллартай тэнцэж байна. Монгол улс ОУВС-ийн Stand-by хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгсөн нь төгрөгийн ханш өсөх, эсвэл сулрах явц саарна гэсэн хүлээлт үүсгэх магадлалтай.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon