Багахан солиорол ба 'Вероника үхэхээр шийдсэн нь' зохиолын тухай

“Солиорох хэрэгтэй. Гэхдээ бусдын

анхаарлыг татахгүйгээр солиорч сурах хэрэгтэй.

Бусдаас онцгой содон амьдарч чадахуйц зоригтой бай.”

 

“Урлаг бол оюун санааны аугаа их эрх чөлөө-хүн төрөлхтнийг бодит ахуйн шоронгоос чөлөөлдөг цорын ганц боломж”

гэж Нобелийн шагналт Оросын яруу найрагч Иософ Бродский хэлсэн нь урлагийн мөн чанар, эрхэм дээд зорилтыг тодорхойлсон хэрэг гэж бодно. Яг энэ үүднээс үзвэл жижигхэн саарал хотын завгүй амьдрал, саарал хүмүүсийн шаардлага, саарал нийгмийн шоронгоос та биднийг түр ч атугай чөлөөлж, нийгмийн хэв журамд гээгдэж хоцорсон жинхэнэ өөрсдийгөө эргэн нэг харах боломжийг олгосон “Вероника үхэхээр шийдсэн нь” зохиол уншигчдын гарт хүрээд нэлээд удаж байна.

Манай уншигчид “Алхимич” зохиолоор нь сайн мэдэх Бразилийн алдарт зохиолч Пауло Коэльон бичсэн энэхүү зохиол нь анх хэвлэгдэн гарсан даруйдаа ихэд шуугиан тарьсан байдаг. Зохиолч зохиолоо бичсэн тэмдэглэлдээ: ...“Вероника үхэхээр шийдсэн нь” зохиолоо Бразилд 1998 оны 8 сард хэвлүүлсэн. Тэр оныхоо 9 сар гэхэд надтай адил зовлон бэрхшээл амссан хүмүүсээс 1200 гаруй э-мэйл, захидал ирж билээ. 10-р сард уг номд дурдсан гутрал, айдас хүйдэс, амиа хорлолт зэрэг нь улс үндэстний хувь заяанд хор хохирол учруулахуйц хэмжээнд хүрсэн талаар онолын бага хурал хүртэл зохион байгуулагдсан юм” гэжээ.

Үнэхээр энэхүү зохиол нь өнгөц харахад дүрүүдийн сэтгэл гутрал, амьдралаас уйдаж цөхөрсөн цөхрөл, итгэл найдвараа алдсан гутранги үзлээр дүүрэн мэт боловч мөн чанартаа хувь хүн түүний  жинхэнэ өөрөөрөө байх эрх чөлөөг тунхагласан өөдрөг үзэл санаагаар халгиж цалгисан зохиол юм.

Зохиол утга санаагаа илтгэн үзүүлэх өгүүлэмжийн хувьд их сонирхолтой. Зохиол 25 настай Вероника хэмээх бүсгүй амиа хорлох гэж буй дүр зургаар эхэлдэг. Түүнд залуу нас, гоо үзэсгэлэн, найз нөхөд, хайртай дотно гэр бүл, ажил төрөл бүгд байлаа. Гэвч түүнд хамгийн чухал нэг зүйл дутуу байсан юм. Тиймээ тэр өөрийгөө гээчихсэн байлаа.

Гудмаар холхих тэр олон хүнээс ялгарах юм Вероникад алга. Өглөө босоод ажилдаа явна, үдийн цайндаа орно. Найз нөхөдтэйгөө уулзана. Орой гэртээ ирнэ. Унтана. Ирээдүйн амьдрал нь ч гэсэн иймэрхүү маягаар л үргэлжлэх байв. Нөхөртэй болно. Хүүхэд төрүүлнэ. Тэднийгээ хайрлаж халамжилж өсгөнө. Бас ажлаа хийнэ.Тэгээд үхнэ.

Вероника бусдын хүсэл, нийгмийн хэв журамд өөрийгөө нийцүүлсэн энэ олон хүмүүсээс ялгарахгүй нэгэн болсноо ухаарчээ. Тиймээс тэр арван нэгдүгээр сарын жихүүн өглөө энэ хорвоогийн нарыг дахин харахгүй гэсэн бодлоор атга дүүрэн нойрны эм уучхав. Гэвч тэр сэтгэцийн эмнэлгийн орон дээр сэрнэ. Эмч нар түүнд амьд явахад долоохон хоног үлдсэнийг хэлнэ.Ингэж шууд өрнөлийн туйл маягаар эхэлсэн зохиол үүнээс цааш дүрүүдийн монолог яриа, бясалгал, харилцан яриа зэргээр үргэлжлэнэ.

Сонирхолтой нь амиа хорлохыг байнга оролдож байсан Вероника жинхэнэ үхлийн өмнө ирээд амьдралд хоргодох болно. Учир нь тэр хайр энхрийлэл, халамж анхаарлаар дутуугүй “аз жаргалтай” гэж болохуйц амьдралд нь дутагдаад байсан тэр чухал зүйлээ олжээ.Тэр нь“багахан солиорол” байв.

“Солиорол” гэдэг үг бидний ойлгодгоор, аан бас тайлбар тольд тайлбарласанчлан  өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож чадахгүй болох үзэгдэл, сэтгэцийн үйл ажиллагааны хэвийн бус байдал гэсэн утгатай. Гэтэл энэ үг “Вероника үхэхээр шийдсэн нь” зохиолд их өөр утга агуулгыг илэрхийлж байгаа нь зохиолчийн уран чадвар, үгээр тоглох уран зохиолын гайхамшиг гэлтэй.

Зохиолч болон Вероникагийнхаар солиорол гэдэг бол аливаад хандахдаа ингэчих вий, тэгчих вий, бусад хүмүүс яах бол, үр дүн нь ямар байх бол гэсэн айдас, хүйдсийн мэдрэмжээ хаяж өөрөөрөө байж сурах явдал юм. Энэ нь бусадтай зохицож нийцэхэд түвэгтэй, эрсдэлтэй байж магад гэхдээ бусдаас ялгарахгүй нэгэн байснаас хамаагүй дээр аж. 

Зохиолд Суфийн их багштан Насреддин өөрийнх нь лекцийг сонсож буй өвчтөнүүдэд хандан “

Солиорлыг өөрийгөө хянах чадвараа алдах явдалтай бүү хутгаж ойлгоорой. ...Дундад зууны үед сайд нар нь хоолноосоо салчих вий гэж айхдаа шүүн хэлэлцэж зүрхэлдэггүй тэр бүх аюулыг алиа салбадай нар л эзэн хаандаа сануулж хэлдэг байсан. Та нартай ч гэсэн тэгж л харилцах ёстой. Солиотой хэвээрээ үлдээрээ гэхдээ өөрсдийгөө хэвийн хүмүүс шиг авч яваарай. Өөрөөр байхыг оролдоцгоо, гэхдээ бусдын анхаарлыг өөртөө таталгүйгээр энэ бүхнийг хийж сурагтун. Энэ цэцгэнд анхаарлаа төвлөрүүлж өөрийн жинхэнэ “би”-г харуулагтун

гэж айлджээ.

Энэ солиорол дутагдсанаас Вероника урьд нь өөрийнхөө хүсэл, мөрөөдөлд биш, бусдын сэтгэл, үнэлэмж, нийгмийн хандлагад нийцүүлэн амьдарч байв. Тиймээс түүний амьдрал бусдаас ялгарах содон зүйлгүй, нэгэн л хэвийн өдөр хоногууд болон хувирсан байжээ. Харин сэтгэцийн эмнэлэгт үхлийн хаалганы яг өмнө ирээд үүнийг ухаарна. Тэгээд урьдынхаасаа өөрөөр шинээр жинхэнэ өөрөөрөө амьдрахыг хүсэх болжээ. Тиймээс тэр зохиолын төгсгөлд эдгэшгүй өвчтэй гэх оноштой өөрийн дурлалт залуу болох Эдуардтай эмнэлгээс оргон гарах болно.

Та, би, чи энэ хорвоогоос биднийг авч явах үхэлтэй нүүр тулахдаа хачин их харамсаж мэдэх юм. Яг л Вероника шиг. Бусад хүмүүсийн хүсэл сонирхол, нийгмийн хэв журамд нийцүүлж утсан хүүхэлдэй шиг амьдарсандаа. Хэзээ ч өөрийнхөө төсөөлж, хүсэж мөрөөдсөн шиг байж чадаагүйдээ. Таны өдөр бүхэн алхаж өнгөрдөг тэр гудамж, тэр модод, түүний хажууд байх жижигхэн модон сандал гэх мэт энгийн л зүйлс ямар гайхалтайг мэдэрч чадаагүйдээ... хачин их харамсаж мэдэх юм... 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5120

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%