Нийтлэл 11 сарын 14, 2016

ЯПОН ХҮНИЙГ ИНГЭЖ БҮТЭЭДЭГ: Дуртай тоглоом, амттанаа өөрийнхөө мөнгөөр ав

Япон улсад ажиллаж амьдарч байгаа монгол ээжүүдийн Кактус клубээс энэ их гүрнийг бүтээдэг ёс зүйтэй, ажилч хичээнгүй, даруу төлөв ард түмнийг ээж аав нь хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг тухай өөрсдийн туршлага, ажиглалтаас үүдэлтэй энгийн түүхүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ.  Энэ удаа дуртай амттанаа өөрийн мөнгөөр авах дадал суулгах тухай ээжүүдийн ярилцлагаас:

Ээж Ц: Би сүүлд хүнсний супермаркетад кассчнаар цагийн ажилд орсон юм. Нэг өдөр ажил дээр хүнсээ цуглуулж яваа ээж 3 хүүхэдтэйгээ ирж над дээр бичүүлэв. Эхлээд том хүү нь бололтой 4, 5 настай болов уу гэмээр банди авсан амттанаа бичүүлэх гээд дөхүүлэв. Гэтэл ээж нь –Зүгээр надтай хамт бичүүлчих гэв. Хүү төлбөр хийх гэж байсан түрийвчээ далд хийлээ. Би “энэ удаад ээж хүүдээ амттанг нь авч өгөхөөр шийдэж дээ” гэж дотроо бодож байлаа. Гэтэл ээж нь төлбөрөө төлөөд цаад ширээн дээр авсан зүйлээ ууталж байхад өнөө банди авсан юмныхаа мөнгийг ээждээ яс тооцоод өгч байна шүү. Ганц энэ удаа ч биш олон тохиолдолд хүүхдүүд нь өөрсдийнхөө авсан амттаны мөнгийг өөрсдөө төлж харагддаг. Яаж ийм багаас нь санхүүгийн тал дээр биеэ даах аргад сургаж чадаж байгааг нь гайхдаг юм, мундаг шүү.

 

 

Ээж Н:  Энэ их зүгээр арга санагддаг, би туршиж байгаа. Хүүхдүүддээ хүний өгсөн мөнгө, бэлгэнд ирсэн мөнгийг өөрсдөд нь өгөөд хадгалуулдаг. Хүүхэд эхэндээ өөрөө мөнгөтэй болсон гээд л хамаагүй үрээд эхэлдэг юм байна лээ. Тэгээд яваандаа мөнгө нь илт багасаад ирэхээр байн байн тоолоод л, иймхэн болчиж дээ гээд л их хөөрхөн. Тэгээд багасаад ирэхээр илүү дутуу юм авахдаа бас боддог болчихдог юм байна лээ. Кабелийн телевизээс төлбөртэй кино гэх мэтийг үзэхдээ өөрсдөө мөнгөөрөө үздэг. Бас амттай юм авахуулъя гэхээр нь өөрсдөө мөнгөөрөө аваарай гэхээр хааяа больчихдог, хааяа дүүтэйгээ хоёулаа нэгийг аваад мөнгөө хуваагаад төлж байдаг. Эртээд том хүү маань өөрт нь байдаг хөлбөмбөгийн бөмбөгийг дахиад өөрийг авахуулна гээд зүтгээд байхаар нь өөрийнхөө мөнгөөр авбал ав гэсэн чинь -За гээд барьж явж явж байснаа яг тооцоо хийх болсон чинь -За болилоо, надад байгаа юм чинь гээд больж байсан. Бас хааяа хүүхдүүдээсээ мөнгө зээлэх үе гарна аа, задгай мөнгө дутаад ч юм уу. Тэгэхээр буцаагаад л нэхээд сүйд болдог хэхэ. 

 

 

Сэтгэгдэл бичих

    • найз
    • 2017-02-16

    мэдмээр юм бичсэнд баярлалаа

    • найз
    • 2017-02-16

    мэдмээр зүйл бичсэнд баярлалаа

arrow icon