Нийтлэл 12 сарын 26, 2016

Тавантолгойн хувьцаа эзэмшигч, Монгол Улсын иргэн бүр эрхээ эдлэх ‘үүрэгтэй’

Коксжих нүүрс, Хятад, төмөрзам, тендер, консорциум, Эрдэнэс Тавантолгой... нөгөө 20 мянган хувьсагч гэдэг шиг нэг л олон мега үгсийн дунд орж алдуурсан Тавантолгойн орд. Аливааг тойрсон хэрүүл ихсэж, үгс нь томрохын хэрээр мөнчанар нь мартагдаж ирдэг. Иргэдийг энэ асуудлыг энгийн амьдрал руугаа эргүүлж нэг буулгаад, эрхээ ойлгож аваасай гэж бодоод бичиж байна.

Миний өвөө тээвэрчин хүн байсан.  Эмээтэй минь хамтдаа 10 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийн сацуу насаараа холын тээвэр хийж, авсан цалингийнхаа томхон хэсгийг улс нийгэмдээ тушааж ирсэн. Аав ээж хоёр ч адилхан, ажиллаж хөдөлмөрлөж, авсан цалингаасаа нэг хэсгийг нь улс нийгмээ авч яваарай гэсэн үүргийн хамт төрд ацагласан.   Өнөөдрийн бидэнтэй л адилхан.

Төр түүнээс цалин тавьж, хот тохижуулж, бас нэг хэсгээр нь нийтийн баялаг, ирээдүйн орлогоо нэмэх зорилгоор геологийн хайгуул хийсэн байна. Тийм хайгуулаас олдсон Тавантолгойн орд бол угаас эцэг өвгөдөөс өвлөгдсөн газрын хэвлий дэх баялгаас гадна миний өвөө шиг, таны эмээ шиг жирийн иргэдийн бүрдүүлсэн төсвөөс хайгуул хийж илрүүлээд 1966 онд улсын мэдэлд авсан нийтийн өмч юм. Өөрөөр хэлбэл 7,4 тэрбум тоннын сайн чанарын нүүрс агуулсан энэ орд Монгол Улсын, монголчуудын өмч. Бид энэ мэт болон бусад өмчөө захирах, зарцуулах эрхийг ардчилсан сонгуулиар бүрдүүлсэн төр хэмээх аппаратын гишүүдэд ацагласан байгаа ч араас нь хяналт тавих, хувь заяаг нь  шийдэх төсөл, хэлэлцээр явж байхад асуулт асуух бүрэн эрхтэй.   Өмчөө мэдэх, мэд гээд өгчихсөн талаасаа хяналтын зорилгоор асуулт асуух нь өнөөх чөлөөт зах зээлийн эдийн засаг гээд байдаг тогтолцооны чинь нэг жам ёсны эрх юм.  Айсан хүн адуу үргээнэ гэгчээр асуулт асуухаар чи тэрний тал байна, гацаах гэж байна, намайг алах гэж байна гэх нь холгүй сүр сүр дайралт ирдэг.

Популизм гэж юу болохыг бүрэн ойлгоогүй өөрсдийгөө либерал хэмээн андуурагсад эрхэд суурилсан либерал шаардлагыг популизм хэмээн цоллохын хамт өөрсдийн эрхээ ч хөсөр хаяж суудаг.

Тэр аргуудыг нь тусд нь тэмдэглэлээр нэгтгэж гаргая. Ямар ч гэсэн  чи асуулт асуухын тулд хэлэлцээрт оролцож байгаа талтай хэрүүлтэй, эсвэл өөрөө авах сонирхолтой, улстөрийн амбицтай байх албагүй, эрхээ мэдэж, эрхээ хэрэгжүүлж байна л гэсэн үг.  Эрхийг чинь зарим нөхөд элдэв явцуу сонирхлоор хэрэглээд утгыг нь алдуулсан байна, тэглээ гээд эрх алдагдах, хаягдах ёс үгүй.

Энэ хүртэл ерөнхийдөө уг орд маань анхнаасаа хэний өмч болох,  ямар эрх хэнд байгаа тухай товч сануулга. Үүнийг засгийн газраас орчин үеийн зах зээлийн эдийн засгийн нэг багажийг хэрэглээд албан ёсны болгож өгсөн нь алдарт 1072 хувьцаа. Үнэгүй хөрөнгө гэж энэ дэлхийн хаана ч үгүй. Төрөөс бидэнд үнэгүй хувьцаа өгсөн хэрэг биш, дээр бичсэнчлэн эцэг өвгөд үнийг нь төлөөд үлдээсэн учраас бидэнд өвлөгдсөн өмчийн баталгааны бичиг юм.  Нийт 20 орчим хувийг хувьцаагаар олгосноор тэр хэсэг нь л ард олны өмч мэт төөрөгдөл үүсдэг. Гэхдээ ЭТТ биднийг төлөөлөн хэрэгжүүлэх байгууллага төдий хэвээр бөгөөд 20 хувиас үлдсэн хувьцаа бидний язгуур эрх, сонгогч ба сонгогдсон төрийн зарчмын харилцааны гадна үлдэж байгаа хэрэг биш.

Ямар ч гэсэн 20 хувийн хувьцаа эзэмшлээр ямар эрх үүсэхийг харъя. Монголчууд хонхыг өөрсдөө буруу хэрэглэж утгыг нь алдуулчихаад өөрсдөөсөө биш хонхноос буруу хайдаг тухай энд бичсэн. 1072 хувьцаа бол үүний хамгийн сонгодог жишээ билээ. Энэ хувьцаа үхмэл байдалтай 4 жил гаран болж байгаа нь бидний менежментийн асуудал болохоос хувьцаа буруугүй.   Харин ч өмчийг өөрсдөд нь хувьцаа байдлаар бүртгэлжүүлсэн нь нэг дэвшил байсан.  Бид хаана алдав, яаж алдаагаа засах вэ гэхийн оронд 1072, хувьцаа  гэж сонсмогц хүний түүхэнд хэрэгтэй нь батлагдчихсан багажийг санаатай ба санамсаргүйгээр –Өө бүтэхгүй, үлгэр гэх маягаар ханддаг болж байгаа нь харамсалтай.  

Шинэ ба хуучин түүхийг заагладаг нь технологи биш хувьцаа гэчихсэн ч хилсдэхгүй.  Хувь хуваах, хувь нийлүүлэх замаар том төсөл хэрэгжүүлэх чадалтай том өмч бүрдүүлэх, менежмент ба өмчлөл салах, өмчлөлөөс эргээд хянах гэх мэт нэг хүнд ногдох баялагийг  50 дахин нугалж өсгөж чадсан модерн эдийн засгийн их хүч хурдны ард хувьцаа байдаг. Үүнд нэг алхам дөхсөн хувьцаагаа хэрэггүй гээд хаях биш эрхээ мэдэж, эрхээ хэрэгжүүлэх нь эргээд үр ашигтай менежментийн баталгаа, хөшүүрэг болно.  

ЭТТ компанийн иргэд эзэмшиж байгаа 20 орчим хувийн хувьцааны хувьд, тогтоолоор саналын эрхгүй гэж заасан байдаг. Хувь нийлүүлэгчдийн хурлаас гарах шийдвэрт санал өгөх эрхгүй гэсэн үг. Гэхдээ компанийн тухай хуулиараа компани нь дүрэмд өөрчлөлт орвол хувь эзэмшигчиддээ танилцуулах үүрэгтэй. Мөн хувь эзэмшигч нь хянах, асуулга тавих, хохирол учирсан гэж үзвэл эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэх эрхтэй.  Консорциумд оролцогчдын тэр эрх, хувьцаа чинь бидэнд падгүй гэсэн хандлага бол(энэ видеог үзнэ үү) үнэт цаасны зах зээл, хөгжлийн загвараа больё гэхэд өмчийн тухай язгуур ба хуулийн эрхийг огт бодолцоогүй тендерийн нөхцөл заасан 268 тоот тогтоолоос улбаатай.

268 тоот тогтоолын гадна үлдчихсэн боловч зарчмын хувьд хуулиар болон онолоороо бид энэ өмчийн хөрөнгийн хөдөлгөөнийг сонирхох, ил тод байдал шаардах, асуулт тавих эрхтэй.  Эрхийг үүрэг дагаж ирдэг. Яагаад бид эрхээ идэвхитэй эдлэх үүрэгтэй тухай дараагийн дугаарт “БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Монголын эдийн засгийн реформ дууссан уу?” манай эдийн засгийн түүхээ эргэн харсан тэмдэглэлээр илүү дэлгэрэнгүйг хүргэе.  Товчдоо хотон дахь хонийг чинь хэн нэгэнд маллуулах нөхцлийг шийдэх гэж байхад ямар нөхцлөөр гэж сонирхох эрх нь чамд бий. Эрхээ эдлэлгүй тавьж туусан хойноо хурга гарвал минийх гэж  хэчнээн орилоод ч нэмэргүй шүү.  Гэрээ хийгдсэн бол дагаж биелүүлэх нь мөн л зах зээлийн дүрэм болохоор.

arrow icon