Жирийн хүний хууль буюу Англид ШУДАРГА ЁС бүрэлдэн тогтсон түүхээс

Миний бие 2014 оны зун “Эх орончдод өгөх зөвөлгөө” нийтлэл дээрээ бичсэнчлэн барууны хуулийн сургуульд Juris Doctor програмд сурч байгаа ухаантай юм. Монгол маань шинэ дэлхий орчинд яаж бэдрэн, гэрээ хэлэлцээрүүд дээрээ хэрхэн гэнэдэж, эсвэл зүгээр л жирийн хүнд байх хэмжээний тэвчээр, ёс зүй дутсанаас хамтрагчид хөрөнгө оруулагчиддаа гологдож байгааг зүгээр харж, хоосон шүүмжилж тэвчилгүй эх орондоо туслах ганц ч болов юм мэдэж ирэхээр шийдэн хуулийн сургуулийг зорьсон минь энэ билээ.

Ирээд 2 улирал сурч юутай ч гэсэн foundations буюу энэ програмынхаа суурь хичээлүүдийн ард нь гараадхлаа. Олон ч юм ойлгож, өмнө нь олж хараагүй явсан жирийн, бүр арай ч дэндүү жирийн өчнөөн зүйлийн гайхалтай үнэн, хязгааргүй их үнэ цэнийг мэдэж авлаа. Tort, Contracts, Property, Crime, Equity  гэх мэт уншсан мэдсэнээсээ хуваалцахаар эрх зүйн цуврал эссэ бичих санаатай.  Юутай ч эхлээдхэе гэж бодлоо.

Гэхдээ мэргэжлийн бус хүнд хүрэхээр энгийн ойлгомжтой бичихээр шийдсэн. Та уншаад юу ч ойлгохгүй үлдвэл намайг бас үзсэн хичээлээсээ юу ч ойлгоогүй юм байна гэж дүгнээрэй. Аль болох хуулийн нэр томъёо хэрэглэхгүй, үнэхээр  дурьдах шаардлагатай хэдхэн нэр томъёо, кэйсийн нэрийг л энд бичих болно. Юутай ч үүнийг уншаад хүний нийгмийн үнэт зүйл, ардчилалын шалтгаан нь аль 10 зууны тэртээгээс бүрэлдэн тогтсон эрх зүйн уламжлалын үргэлжлэл болохыг анзаарна гэж найдаж байна. Энэ удаа ардчиллыг үнэхээр ойлгоё гэвэл Английн эрх зүйн системийг өөриймшүүлж хэрэглэдэггүй юмаа гэхэд  үзэж судлах шаардлагатай болохыг анзаарсанаасаа хуваалцъя .

Жирийн хүний хууль

Чингис хааныг мэндлэхээс 100 орчим жилийн өмнө буюу 1066 онд Нормандчууд Английг эзлэн авснаар хүн төрөлхтний түүхэнд маш чухал эргэлтийг авчирсан системийн суурийг тавьжээ.  Английн анхны норманд хаан нь болсон Эзлэгч Уиллям (William the Conqueror) болон түүний залгамжлагч хаад Английн хагас нэгдмэл тархай бутархай байдлыг маш уран аргаар төгсгөл болгож феодалын тогтолцоог төгөлдөржүүлэн, өнөөг хүртэл хэрэглэгдэж байгаа дэлхийн хамгийн шалгарсан шударга үнэний хэмжүүр болох Английн шүүхийн тогтолцоог үүсгэн бий болгосон юм. Тэд үүнийг чухам яаж хийсэн бэ? Уиллям болон түүний хаан ширээ залгамжлагчидын тэр уран арга нь чухам юунд байв? Ямар  арга залиар үнэхээр төгс шударга байдлыг тэд үүсгэн бий болгож чадав?  Энэ асуултуудын хариуг тантай хамт энд эрэн хайцгаая. Монголд маань хэрэгтэй санаа олдож ч юуны магад.

Эзлэгч Уиллям Английн нутгийг эзлэж дуусмагцаа түүний бүх газрыг хааны өмч гэж зарлажээ. Мэдээж өмнө нь газраа өмчлөн эзэмшиж байсан Англичуудыг өөрийн эсрэг босгохгүйн тулд тун уран тогтолцоог Уиллям хаан бий болгосон байдаг.Тэрээр Английн том язгууртнуудад өмнө нь эзэмшиж байсан газар нутгийг нь хааны давхар өмчлөлд оруулан эргүүлэн өгчээ. Энэ том нутаг дэвсгэрийн эздийг Лордууд гэх ба эзэмшил газар нь манай хэмжүүрээр бол бүтэн сум, багахан аймгийн дайны газрууд байх бөлгөө. Хаан газрыг зүгээр эргүүлэн өгсөнгүй. Хаант төрийн цаашдын үйл ажиллагааг бэхжүүлэх бүх механизмыг түүнд суулгах болзолтойгоор буцаан олгосон байдаг. Тухайлбал тогтоосон хугацаанд тодорхой тооны рыцарь, цэргийн хүчийг морь, зэвсэг, бусад хангалтын хамт хаанд жил бүр алба хаалгаж байх, мөн хааны хийж буй дайн байлдаанд өөрийн цэргийн хамт ирж хүчээ өгөх үүрэг гэх мэт болзолтой байв. Мэдээж Эзлэгч Уиллямд үе залгамжлан эзэмшиж ирсэн газраа бүрмөсөн алдахгүйн тулд язгууртнууд болзолыг нь шууд хүлээн зөвшөөрсөн байна. Багагүй зардал бүхий хааны болзлыг биелүүлэхийн тулд газрын том эзэд өөрсдийн газрыг дунд, бага феодалуудад хуваан өмчлүүлж ашиг авах болов. Тэд бол тайж, гүн, барон, knite буюу ноёд, рыцарь гэх зэрэг Лордуудын өмнөөс хаанд алба хаах үүрэгтэй язгууртан баатрууд билээ. Дунд бага ноёд голдуу хааны албанд биеэр явж дайн байлдаанд оролцох тул өмчиндөө ирсэн газрыг эдэлж боловсруулан ашиг гаргах зав муу. Ингээд тэд газраа чөлөөт иргэдэд жижиглэн өмчлүүлж түүнээсээ гарсан ашгаас эзэн хаандаа өргөл татвар төлөхийн сацуу эдийн засаг бизнесийг цэцэглүүлж байсан байна.

Газар ийнхүү хаан эзнээс харц иргэн хүртэл өмчлөл нь шилжихдээ дээд эзний өмчлөлөөс салдаггүйд л энэ системийн хамаг нюанс, уран заль, уяа гогцоо  нь байдаг. Хаан газраасаа хэдэн ч лордод таслан өгсөн газар дахь хааны эрх хадгалагдсан хэвээр л байна. Лордын газар ч мөн адил хэд ч хуваасан түүнийх хэвээрээ, дунд феодалууд ч мөн адил өөрийн газраа бүтнээр нь эзэмшсэн хэвээр. Хамгийн доод талын давхаргынжинхэнэ газрын эзэн жирийн иргэний газрыг дээр нь байх ноёд, лорд, хаан давхар давхар өмчилнө. Газрын шат шатны эзэн газраа үхэн үхтэлээ, эсвэл түүний үр удам тасран тасартал өмчилж сууна. Түүний газрыг өв залгамжлагч байхгүй болоогүй л бол дээд өмчлөгч хэзээ ч эргүүлэн авахгүй. Өмчлөлийн газрыг freehold estate буюу чөлөөт эзэмшлийн газар гэх ба  өмчлөлийн эрхийг нь fee simple буюу  (fee = inheritable; simple = (inheritable to) everyone) “хэнд ч чөлөөтэй өвлүүлэх эрх” гэж нэрлэдэг. Эдгээр үгс “feodal-фиодал” гэдэг үгтэй ямар төстэй, язгуур нэгтэй хэллэгүүд болохыг та анзаарсан байлгүй.Газар гэдэг феодалын системийг үндсэн суурь нь байсныг эндээс ойлгоход түвэггүй. Энэ цагаас хойш газрыг өмчлөх, шилжүүлэх, олж авах түмэн арга хууль зарчим бий болсон байдаг. Шинэ тивүүдийг нээсэн Английн далайн их аяллууд, шинэ тивүүдэд шилжин суурьшсан том том колониуд бүгд Английн газар өмчлөлийн тогтолцоо, тухайн цаг үеийн газрын хүрэлцээ 2-той шууд хамааралтай ч байсан байж магадгүй юм.

Английн шүүх мэндэлсэн нь

Уиллям хааны дараа үеийн хаадууд эцэг, өвөг шигээ хүчирхэг байж, Английн язгууртнууд, ард иргэдийг өөртөө дуулгавартай сөгдүүлж чадсангүй. Газрын эргэлт, эзэмшил сайжрахын хэрээр язгууртнууд баяжиж, иргэдийн амьжиргаа сайжирч ирэв. Тэд хаанаас биеэ даасан байдал, хамгаалалт шаардах болов. Хааныг дуртай үедээ өгсөн газраа нөхөн төлбөргүйгээр буцаан авахыг эсэргүүцсэн язгууртнуудын дургүйцэл, тэмцлийн үр дүнд Магна Карта төрж, Лордуудын танхим байгуулагдсан билээ. Зөвхөн хаан ч биш, газрын шат шатны эзэд, бусад иргэд нэгнийхээ өмчид халдах, булаах тайван байдлыг алдагдуулах, тодорхой бус байдалд байлгах явдалд нийтээрээ дургүй болж ирж. 

Гэвч хэчнээн ч дэг тогтоосон олон зүйл дундад зуунаараа л байлаа. Хоёр хүний жирийн маргаан зодоон болж, тэр нь гэр бүлийн маргаан болж, тэр нь  овог аймгийн маргаан тэмцэл болж; овог аймгуудын маргаан тэмцэл нь нутаг дэвсгэрийн маргаан болж, тэдгээр маргаан нь голдуу хүч, мэсээр шийдэгдэж; хүч, зэр зэвсгээр шийдсэн маргаан дараагийн хүчирхийллийг өдүүлж, тэр нь том бага дайныг турхирч, тэр бүхнийг зохицуулах, дарах, номхруулах хааны цэргийн зардал улам л өсөх болж. Нэг үгээр хааны тайван байдал (King’s peace) байнга эвдэгдэх болж, татвар, газрын орлого үр ашиггүй дайны зардалд урсан арилах болсон нь хаанд эрхгүй нэгийг бодогдуулжээ. Нэгдүгээрт нэгэнт асуудлыг Уиллям өвөгтэйгөө адил  хүчээр шийдээд шийдээд явчих хүчин мөхөс,  хоёрт феодалууд, ард түмэн харьцангуй эдийн засаг, цэрэг дайны хувьд дор дороо хүчирхэг болсон тул хааны зүгээс асуудалд хүчээр оролцох нь осолтой тоглоом болж иржээ.

Үүнээс гарах нэгэн уран арга бодож олсон нь аливаа маргааны гэм буруугүй талын хохирогчид хааны зүгээс нөхөн төлбөр амлаж, буруугүй нь тогтоогдвол хааны сангаас нөхөн олговор өгч эхэлсэн байна. Мэдээж нөхөн олговор хүн бүрт таалагдсан байна. Хүнтэй маргалдаад түүнээсээ болж үе удам, хот аймгаараа муудалцан дайтах хэрэггүй болж иржээ. Иргэдийн аливаа маргааныг шүүн таслах, нөхөн олговор авах талыг  үнэн зөв  тогтоох шүүхийг байгуулсан түүх ийм бөлгөө. Английн шүүх нь анх байгуулагдсан өдрөөсөө л эзний гэсгээл гэхээсээ хааны тайван байдлыг сахиулах үүрэгтэй байсан нь олон зууныг дамжсан шударга үнэний эталон болон хөгжихөд хөтөлсөн гол хүчин зүйл болжээ. Хаан мэдээж маргасан болгоны хохирлыг өөрийн сангаас төлөөд барагдуулаад байсангүй. Буруутны хөрөнгийг хураан авч хөрөнгө сангаа сэлбэдэг төгс төгөлдөр системийг  бас тогтоож чаджээ.

Нэгнийхээ биед зөвшөөрөлгүй хүрэх, хорих, хүний газарт зөвшөөрөлгүй нэвтрэх, тайван амгалан амьдрахад  саад болох зэргийг зохицуулснаар английн хуулийн системийн хамгийн чухал суурь болох tortious liability law  буюу гэм хорын хариуцлагын хуулийн тогтолцоо бүрэлдэж ирсэн байдаг. Нэгэнт энэ мэтээр нэг нэгнийхээ тайван амгалан амьдрах нөхцөлийг алдагдуулж болохгүй хэм хэмжээ тогтоод ирмэгц иргэдийн маргаан цусан өшөө авалт, цаашилбал дайн самуун болтлоо өргөжихөө больж, улмаар эдийн засгийг үймүүлэн бусниулахаа больж ирэв. Tort law-н энэ тогтолцоо цаашид хөгжсөөр 1932 оны Donoghue v Stevenson AC 562 хэргээс эхлээд хариуцлагагүй байдлын хохирлыг тогтоох болсноор 20-р зуунд олон нийтийн аюулгүйн стандартуудын хөгжлийг хурдасгаж төгөлдөржүүлжээ. 

 

Чиний хөрш гэж хэн бэ?

Donoghue v Stevenson-ы зарга их сонирхолтой. Хатагтай бааранд найзынхаа дайлсан шилтэй пивог ууж байтал түүн дотроос эмгэн хумс хорхойны үлдэгдэл гарч түүний хоолой руу орсныг залгиснаасаа болж бие нь эвгүйцэж иржээ.  Энэ хэрэгт найз нь буруутай юу, зарсан баарны эзэн буруутай юу, ер нь хэн буруутай вэ гэдэг асуудал үүсэж ирсэн байна. D хатагтай уг пивоны үйлдвэрлэгчийн эсрэг зарга мэдүүлж заргаа авчээ. Шүүгчдийн нэг Лорд Аткин хэргийг D хатагтайн талд шийдсэн reasoning буюу учир шалтгааныг тайлбарлаж хэлэхдээ

“Аливаа хүн хөршөө хайрлаж байх ёстой.  Чиний хөрш  гэж хэн бэ? Чиний хөгш бол чиний үйлдэл, эс үйлдлээс болж хохирч, гэмтэж болзошгүй тэр хүн

гэжээ. Энэ хэргээс хойш хүмүүс өөрсдийн үйлдэл, үйлдвэрлэлийн үр дагаварт санаа тавьж, хийсэн үйлдэл, үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээсээ болж бусдыг гэмтээж хохироохгүй байхыг төлөө онцгой анхаарах болсон байна. Бидний барууны ертөнцөөс гайхан шагшдаг бүх юм нь хүний төлөө байдаг тэр гайхалтай нийгмийн ухамсар чухамхүү энэ хэргээс үүдэлтэй болохыг би дөнгөж саяхан мэдэж аваад байж байна Дэжимбээ нар минь.

Иргэдийн маргаан зөвхөн бие, эд хөрөнгөний халдашгүй байдлаас болж үүсэж байсангүй. Голдуу арилжаа наймаанд өгсөн амлалтаа биелүүлээгүйн улмаас гарз хохирол учруулсан гэх маргаан иргэдийн маргааны ихээхэн хэсгийн эзлэх болж ирж. Энэ асуудлыг зохицуулж хэлсэндээ байх соёлыг үүсгэсэн хуулийн тогтолцоог бий болгосон нь өнөө цагт contract law буюу гэрээний эрх зүй болж хөгжсөн байдаг.  Хоёр хүн харилцан тохирсон ба тэр нь гэрээ гэж түгээмэл хуульд хүлээн зөвшөөрөгдөх шинжийг агуулж байвал заавал биелүүлэх үүрэг хүлээдэг. Энэхүү хэлсэндээ байхыг албаддаг систем нь эдийн засгийн олон дэвшилд нийгмийг түлхдэг, гэрээ хэлэлцээрээ чамбай, санаатай хийдэг болгож сургадаг байна. Гэрээ гэхээр л манайд бол бичсэн цаас, зурсан гарын үсэг гэж ойлгодог.

Энэ бүхнийг бичигдсэн хуульгүй аль 12-р зуунд хэрхэн амжуулж байсан нь их сонин. Шүүх ямар хууль барьж хэрэг маргааныг хэрхэн таслаж байв?

Англичууд тэр үед газрын том эзэд, том язгууртнуудын өөртөө барьсан цайз хэрмийн ойролцоо тосгодод голдуу амьдардаг байсан ба үүнийг нь commons хэмээн нэрлэдэг байж. Common гэдэг нь монголчилбол нийтийн, хамтын, хотол, түгээмэл гэж бас орчуулагдана. Арай танил ойлголтоор бол хамтрал коммун маягийн. Тэр цагт хааны шүүх тосгодоор явж хэрэг маргаан таслан шүүдэг байжээ. Шүүхдээ маргалдагч талуудыг сонсож байгаад тухайн цаг үеийн жирийн эрүүлээр сэтгэдэг хүн яаж авирлах байсан тэр авир, үйлдлийг жишиг болгож байгаад хэргийг шүүдэг байж. Үүнийг common law буюу түгээмэл хууль гэнэ. Гол хэмжүүр нь reasonable man буюу жирийн хүн. Түгээмэл хуулийг шүүхийн шийдвэрээс өөр газар бараг бичихгүй. Ерөнхийдөө бол аман хууль юм.

Энэ хуулийн гол зарчим нь аливаа үйлдэл жирийн хүний тухайн нөхцөлд гаргах байсан үйлдлээс зөрж эхэлбэл бурууддаг. Монголд ч бас ийм хууль 13-р зуунд байсныг бид мэднэ. Их засаг хууль бол үнэндээ Чингис хааны зарлиг гэхээсээ илүү жирийн монгол хүний үйл хөдлөлийн хэм хэмжээний тухай аман хууль юм.  Жирийн хүний үйлдэл нь тухайн цаг үе, зан заншлын олон хувиралтай боловч англичууд анхнаасаа л жирийн англи хүний үйлдэл, зан байдлыг жишиг стандартаа болгож ирсэн тул он цагт хуучирч хаягдсан нь маш цөөн байх юм.

Английн шүүхийн шударга байдал нь хааныгаа амар амгалан байлгах шаардлагаас урган гардаг. Хэрэв шүүх асуудалд буруу хандаж нийтээр түгээмэл хүлээн зөвшөөрдөггүй хэм хэмжээг тулган шударга биш шийдвэр гаргавал ямар ч хохирогч тайтгарахгүй ба буруутан нь даварна. Шүүх л маргааныг нь шударга шийдэхгүй бол маргаан өөр түвшинд шилжиж ахиад л хэрүүл маргаан, зодоон цохион, цаашилбал дайн самуун үүсэх аюул нэмэгддэг байв.  Тиймд шүүхийн шударга байдлыг хангахын тулд шүүхийг хэд хэдэн үе шаттайгаар байгуулсан байдаг. Хамгийн доод шатны шүүхийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдаж болно. Давж заалдахдаа нэг л удаа эрхийн дагуу үнэ төлбөргүй давж заалдана. Хэрэв маргаан шийдэгдэхгүй бол хааны дээд шүүх буюу Privy Council хүртэл явж заргалдаж болно. Үнэхээр түгээмэл хуульд хувь нэмэр болох хэргийг л дээд шүүх авч хэлэлцдэг. Өмнө нь шийдэгдсэнтэй адил хэргээр дээд шүүхэд хандвал зарга мэдүүлэгчийг дээд шүүхэд түвэг удлаа гэж үзэн торгууль тавьж, зарим тохиолдолд түүнээс ч хатуу шийтгэж орхино. Common Law (түгээмэл хууль) Английн болон Английн хааны мэдлийн колони, түгээмэл хуулийг хэрэглэгч бусад бүх улсад нэг л ижил reasonable man (жирийн хүн) гэсэн стандарттай байх тул тус стандартад нийцүүлж шийдсэн аливаа шийдвэр дараа дараагийн шийдвэрийн суурь болж явна.  Ингэхдээ дээд шатны шүүхийн тийм шийдвэр доод шатны шүүхийн хувьд заавал дагах преседент болдог бол бусад ижил түвшний шүүхийг шийдвэрүүд эшлэл жишээ авах, санаа авах эх үүсвэр нь болдог.  Энэ бүх зарчмыг The doctrine of precedent гэх ажээ. Энэ зарчим шүүхийн шийдвэрийн тодорхой байдал (certainty)-г буй болгодог. Тухайлбал өмнөх адил төстэй хэрэгт гарсан шийдвэр дараагийн хэрэгт бас л адилхан шийдэгдэх нь тодорхой тул манайхан шиг танил шүүгч хайж гүйлдэх, эсвэл гар хүндрүүлж хэрэг наймаацан шүүхийг авилгалдах бүх боломжийг  энэ зарчим хааж орхидог. Хэрэв шүүх өмнөх преседентээс өөр шийдвэр гаргавал түүнийхээ үндэслэлийг хуулийн шинжлэх ухааны маш өндөр түвшинд тайлбарлах ёстой болно. Шүүгчийн ийм шийдвэр нь үндэслэлгүй, субъектив байсан нь хуулийн шинжлэх ухааны хүмүүс, шүүхийн ёс зүйн хороо, нийгэмлэгээс тогтоогдвол тэр шүүгчийн каръерт шууд цэг тавигддаг.

Ижил гэмд ижил зэм
Ижил элемент, үйлдэлтэй хэргүүд дээр өмнөх преседентийг дагах нь  тэгш байдал буюу equity зарчим юм. Яагаад яг адилхан хэрэгт түүнд бага шийтгэл, надад их шийтгэл оногдуулж байгаа юм гэсэн маргаан гарахгүй байх, түүнээс үүдсэн нийгмийн бухимдал газар авахгүй байх  үндэс нь тэгш хандах зарчим байдаг. Та 1000 төгрөгийн хохиролтой хэрэгт 10 хоног нийгмийн ажил хийх ял өгч байгаа бол 100 төгрөгийн хохиролд 1 хоног гэж хандах нь тэгш хандлагын зарчим болдог. Монголын хуульд ийм equity зарчим байхгүйгээс үйлдэл, элементүүд давхцсан хэргүүдэд хохирлоосоо хамаарахгүйгээр адилхан шийтгэл, санкц байдаг нь нийгмийг хамгийн их бухимдуулдаг билээ. Түгээмэл хуулийн (common law) дагуу яаж ч үзээд нэг тал нь хохирохоор шийдэхээс өөр аргагүй хэргүүд equity court дээр очиж ялдаг нь бий. Жишээлбэл манай Таван Толгойн гэрээ шиг хэрэг. Тус гэрээ бол яалтчгүй цагаан дээр хараар 30$ гээд байгуулчихсан гэрээ. Equity-с бусад аль ч хуулиар бол энэ гэрээ мөрдөхөөс өөр арга байхгүй (binding) хатуу нөхцөлтэй. Ийм тэгш бус нэг талд илт хохиролтой гэрээнүүд голдуу equity court дээр очиж заргаа шүүлгэж хохиролоо багасгах боломж олж авдаг.

Нэгэнт хэргийг өмнөхтэй нь төстэй байдлаар шийдэх зарчмын шийдэл нь шүүхийн үр бүтээлтэй, шуурхай байдлыг (efficiency)мөн нөхцөлдүүлдэг. Жижиг хэргүүд, элемент нь тодорхой, нотлох баримт нь хөдөлбөргүй хэргүүд бол маш хурдан шуурхай шийдэгдээд явдаг. Манайхан шиг учир нь олдохгүй сар жилээр хорьж бгаад аль анхны байцаалтаар ил болсон баримтанд тулгуурлаж шийддэг хэрэг гэж тэнд байхгүй. Ингэж шийдэхдээ мэдээж өмнөх зарчмыг яс баримтлах тул хэн ч намайг буруу, хөнгөн хуумгай шийдлээ гэсэн зарга үүсгэх нь ховор. Тэгвэл шүүхэд ямар зарга, хэргүүд уддаг вэ. Тэр бол голдуу novel cases буюу өмнө нь тогтсон преседент байхгүй, төстэй шийдэгдсэн хэрэг байхгүй хэргүүд байдаг. Шүүх ийм хэргүүд дээр хууль зүйн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулах PhD thesis түвшний шийдвэрүүдийг эрэлхийлж, олж гаргадаг. Хуулийн сурах бичгүүдэд зөвхөн ийм хэргүүдийг л жишээ болгон хэвлэх тул шүүгчид буруу шийдвэр гаргадаг муугийн жишээнд орж түүхэнд үлдэхгүйн тулд маш нухацтай ханддаг нь ойлгомжтой.

Энэ бүх зарчмаар явж гаргасан шүүхийн шийдвэр үнэхээр шударга ёсны хэв шинжтэй болж ирдэг (appearance of justice). Нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шударга байдлын хэм хэмжээнд нийцсэн шийдвэрүүд гараад ирмэгц хааны тайван байдлыг алдагдуулах хэрүүл тэмцэл газар авахгүй замхардаг байна.

Энэ тайван байдал, шударга байдал, эрх тэгш хандлага яваандаа дэлхийн олон улсуудад хүлээн зөвшөөрөгдөж тэр нь явсаар ардчиллын суурь олон зарчмын яс мод нь болж өгсөн байдаг юм билээ. Хүний эрхийн тунхаг болон олон улсын олон чухал баримт бичгээс Английн хуулийн аль 12-р зуунаас эхлэн хөгжсөн үнэт зүйлсийг бид олноор нь олж хардаг ч түүнийг хаанаас гаралтай хэрхэн хөгжиж өдий хүрсэнийг тэр бүр сонирхон судалдаггүй.

Монгол бол бичмэл биш аман хуультай улс байсан. Бичмэл хуулинд шилжээд ч бараг биелүүлдэггүй. Учир нь олон бичмэл хууль хүний амьдралын хэв маяг, жирийн хүний жирийн үйлдлийг үгүйсгэсэн байдлаар гарч байдаг.  Монголын хууль шүүхийн шинэчлэл миний л мэдэхийн арван хэдэн жил яригдаж, үе үеийн Ерөнхийлөгчдийн амны уншлага болсоор удлаа. Үндсэн хуульд хүнлэг нийгэм байгуулах тухай уг нь бий. Жирийн хүний жирийн үйлдлийг нийгмийн ёс журмын стандарт, заавал мөрдөх хуулийн хэм хэмжээ болгосон хүний төлөө нийгмээ хэзээ ч байгуулж эхлэх юм бүү мэд.  За энэ хүрээд энэ хэсгээ дуусгая. Хүмүүс энэ сэдвээр цааш унших сонирхол их байвал тэгэсгээд заваараа үргэлжлүүлэмз. Уншигч та санал, сэтгэгдэлээ @batengineer жиргээ хаягаар хуваалцвал баярлах болно. 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 861

УИХ-аар Эрдэнэтийн асуудлыг хэлэлцэнэ. Монголын Зэс Корпорац 49% авсан талаар таны бодол?

55%
49 хувийг худалдаж аваад нээлттэй, шударга өрсөлдөөнөөр хувьчлах ёстой
16%
Төр 100 хувь дангаараа эзэмшсэн нь дээр
2%
49 хувийг буцааж авч 51 хувийн хамт нийтэд нь дахин хувьчлах ёстой
19%
ОХУ-аас Монголын Зэс Корпорац авсан нь зөв, энэ чигт нь ажиллуулах хэрэгтэй
5%
Бүү мэд.
  • 55%
  • 16%
  • 2%
  • 19%
  • 5%