#НүүдэлШийдэл: Хуурамч мэдээлэл тараагсад үр дагаврыг нь бусдад тохдог

Худал мэдээлэл, мэдээллийн төөрөгдлийн талаар #НүүдэлШийдэл нэвтрүүлгээр хэлэлцүүлэг өрнөснийг хараад энэ талаар уншиж байсан Юлия Латинина гэдэг сэтгүүлч, нийтлэлчийн үзэл бодлоос заримыг нь хуваалцахаар шийдлээ. Миний бодлоор энэ хүний татсан жишээ, гаргасан санаа нь одоогийн Монголд төдийгүй ОУ-д бий болоод байгаа мэдээллийн төөрөгдөл, худал мэдээллийн талаар хамгийн ойлгомжтой өгүүлсэн юм.

Эх линк нь http://echo.msk.ru/programs/code/1905210-echo/

Би энэ удаа мэдээллийн каскад буюу урсгал, дэструктив мем буюу сөнөөлт дагал гэх ойлголтууд орчин үед мэдээллийн орчинд хэрхэн үйлчилдэг талаар ярихаар шийдлээ.

Мэдээллийн каскад бол орчин үед их моодонд ороод байгаа ойлголт. Энэ нь хүн өөрийн туршлага, мэдлэгтэй нь зөрчилдөж байсан ч түүнийгээ үл хайхран бусдын үйл байдлыг даган дууриахыг хэлдэг. Дэвид Излийнхээр бол каскад нь хүн өөрт байгаа мэдээлэлд үндэслэхээс татгалзаж бусдын  дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үед бий болдог зүйл.

Жишээ нь ТУ онгоц унасан тухай мэдээллийг хэн нэгний фэйсбүүк постын талаарх мэтгэлцээн болгон хувиргах, Хилларигийн ялагдлыг Оросын тусгайгийн хакеруудын дайралт тийш эргүүлэх нь ердийн мэдээллийн каскад юм. Арай илүү ерөнхийлж харъя. 19-р зуунд эдийн засагт Гремешийн хууль буюу муу мөнгө нь яваандаа сайн мөнгийг гарцаагүй эргэлтээс шахаж гаргадаг гэсэн онол гарсан. Би энэ хуулийг орчин үеийн мэдээллийн салбарт ч бас үйлчилдэг бөгөөд нийгэмд муу мэдээлэл нь сайн мэдээллээ шахан гаргадаг гэж хэлмээр байгаа юм. 

 

Минийхээр бол хүний сэтгэн бодох нь загварчлал хийх чадвар, загварчлал хийх нь харин алдах чадвар юм. Өөрөөр хэлбэл сэтгэн бодох нь алдаа хийж буй зүйл бөгөөд сэтгэн бодох нь ч алдах нь ч тийм муу зүйл биш юм. Алдахгүй хүн бол сэтгэн бодохгүй байна гэсэн үг. Эртний Египетүүд нарыг Ра бурханы завь гэж үздэг байхдаа алдаа хийж байсан. Гэхдээ ингэж алдаж байгаа нь тэднийг ертөнцийн талаар загварчлал гаргаж байсны ул мөр юм. Харин ингэж загварчлал гаргаж чадаж байсан нь алдаж байснаас нь илүү чухал факт юм. Энэ утгаараа аливаа загварчлал нь 2 үүргийг гүйцэтгэж байдаг. Нэгдүгээрт, загварчлал нь аливаа юмс үзэгдлийг тайлбарлаж чадаж байгаа үедээ сайн зүйл юм. Нар бол завь гэсэн ертөнцийн загварчлал нь жишээ нь соронзон орны шуургыг урьдчилан хэлэх шаардлага гарах хүртэл үүргээ гүйцэтгэж л байсан. Хоёрдугаарт загварчлал нь нэг соёлын хүмүүсийг хооронд нь нэгтгэж чаддаг мета хэлний үүргийг гүйцэтгэдэг. Энэ утгаараа нар завь эсэх нь чухал биш харин энэ ойлголтыг бүх египет хүмүүс хүлээн зөвшөөрсөн байх нь чухал. Ингээд мэдээллийн каскад, сөнөөлт дагалын тухай үндсэн асуудалдаа эргэн орьё. Эхлээд би хоёр өөр соёлт нийгэмд тохиолдсон хоёр үйл явдлаар жишээлье.

Эхнийх нь миний дуртай жишээ. Энэ явдал 19-р зуунд Өмнөд Африкт болсон юм. Кхоса омгийн Нонгкавусе гэдэг нэгэн охин Гксара голын эрэгт ирээд нэгэн зөгнөл олж сонсчээ. Өвөг дээдсийн сүнс нь түүнд хэлэхдээ хэрвээ Кхоса омгийнхон бүх малаа албал цагаан хүмүүс устгагдаж, ертөнц хангалуун болж өвөг дээдсийн сүнс нь шинэ мал хуйгаа дагуулан эргэн төрөх болно гэж амлажээ. Охин энэ тухай ахдаа хэлэхэд тэр нь омгийн ахлагчид хэлжээ. Омгийн ахлагч түүнд итгэн омгийнхон малаа алж эхэлжээ. Мал хуй дууссан ч цагаан арьстнууд байсаар л байлаа. Тэд буруутныг хайсаар оллоо. Малаа алахаас дургүйцэж байсан Кхоса хүмүүсийг буруутган алав. 2 жилийн дараа бүх зүйл дууслаа. Нийт 400 000 мал муулж 40 000 хүн өлсөж үхсэн байна. Энэ явдал бичиг үсэггүй хүмүүст, хүй нэгдлийн нийгэмд тохиолдож болно, харин орчин үеийн хөгжилт нийгэмд ийм зүйл болохгүй гэж бодож байж болно. Тэгвэл дараагийн жишээг харья.

2015 оны 6 сард Английн биохимич, Нобелийн шагналт Сэр Тим Хантыг БНСУ-ын зүгээс урьж ирүүлэв. Тэрээр хүүхнүүд голдуу сэтгүүлчдийн семинарт оролцож үг хэлэв. Маргааш нь бөөн хэл ам гарав. Тэр семинарт оролцсон хатагтай Конни Сэнт-Луис гэгч өөрийн твиттер дээрээ хүйсээр ялгаварлагч мангас Тим Хант өөрийн илтгэлдээ эр эм хүмүүсийг тусгаарласан лаборатори байгуулах саналаа хэлсэн тухай жиргэв. Тэрээр үүнийгээ тоглосон шинжгүй, маш серьёзный хэлсэн бөгөөд оролцогчдын хэн нь ч инээдэм ханиад бололгүйгээр чулуун царайтайгаар хүлээн авсан гэжээ. Дараа нь Сэр Тим Хантын өөр гэмт хэргүүд ил гарч эхлэв. Тэрээр өөрт нь өдрийн хоол өгсөнд талархахдаа эмэгтэйчүүдийг ийм л юм хийж байхдаа таарсан гэсэн утгатай юм хэлсэн болж таарлаа. Маргааш нь түүнийг нэгэн хурал дээр энэ тухайгаа тайлбарлахыг шаардахад толгойгоо бариад инээгээд өнгөрсөн тухай гарлаа. Энэ тухай фаактуудыг MIT-н сэтгүүлчийн хөтөлбөрийг ахлагч бас нэгэн феминист болох Дебора Блюм хатагтай Сэнт-Луисын дургүйцэлд нэгдэхдээ олж гаргажээ. Бодоод үзэхэд өөр нэгэн алдартай эрдэмтэн эмэгтэй болох дархлаа судлаач Мэри Коллинзтой гэр бүл болсон, хэдэн арван эмэгтэй эрдэмтдийн судалгааны удирдагч Нобелийн шагналт, химич хүн эр эм хүмүүсийг хүйсээр нь тусгаарласан лаборатори байгуулах санал гаргасан гэхэд итгэхэд хэцүү. Хоёрдугаарт тийм санаагаа хэлэхдээ очиж очиж феминистүүдийн өдрийн хоолны цагаар хэлэхээр шийдсэнд итгэхэд хэцүү. Нобелийн шагналтнуудын лекцийн үеэрээ ядаж хэлмээр юм. Дээр нь өдрийн хоолыг зохион байгуулсан хүмүүс нь түүний энэ санааг тоогоогүйгээр үл барам түүнийг орой нь дахин нэг илтгэл тавихийг урьсан байх юм.  

Удалгүй феминист хүүхнүүдийн хэлсэн ярьсан нь зүгээр л худал зохиомол зүйл болох нь илэрлээ. Сэр Тим Хант хэдхэн секунд тоглоомоор хэлсэн зүйл болох нь тодорхой болов. Дараа нь ил болсон бичлэгээс харахад түүнийг тоглоом хийсний дараа хүмүүс инээлдэж алга ташсан байна. Нөгөө өдрийн хоолонд талархсан гэдэг нь бас ор үндэсгүй, өөр нэгэн солонгос эмэгтэйд талархсаныг андуурсан бололтой. За дээр нь өөрийн муухай санаагаа тайлбарлаагүй гэсэн нөгөө семинарт Тим Хант оролцоогүй, нөгөө 2 феминист хүүхэн хүн андуурч асууснаа Тим Хант хэмээн тайлбарласан болж таарлаа.

Сэтгүүл зүйн профессор Сент Луис иймэрхүү муу сэтгүүлч хийсэн нь гайхаад байхаар зүйл биш. Тэрээр мэргэжлийн худалч хүн ажээ. Өөрөө од нь болж байсан хэмээн CV дээрээ бичсэн олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн алинд нь ч бүтээлээ гаргаж байгаагүй нь батлагдав. Ганц амжилт нь феминизмийг ашиглан карьер хийж чадсан явдал юм. Тэрээр City University-н шинжлэх ухааны сэтгүүлзүйн тэнхимийг тэргүүлдэг бөгөөд энэ явдлын дараа оюутнууд түүний лекцэнд суухаа больж тэрээр лекцийн цагаа багасгахаас өөр аргагүй болсон байна. Харин нөгөөх гүтгэгч MIT-н Дебора Блюм нь сэтгүүлч биш, эрдэмтэн биш зүгээр л нэг түшмэл. Тэр 2 хоёулаа олон улсын шинжлэх ухааны сэтгүүлзүйн конференц гэдэг феминист байгууллагад өндөр албан тушаал эрхэлж байлаа.

Хэдийгээр бүх зүйл худал байсан ч энэ хэл амны уршгаар Сэр Тим Хант нэр хүнд, хүндлэл, ажил гээд бүх юмаа алдсан юм. Тэр Сөүл рүү Нобелийн шагналт нэр хүндтэй нэгэн нисээд Хитроуд буухдаа University College London дах ажлаасаа хөөгдөж, Хатан хааны ШУ-ны академийн комиссийн бүрэлдэхүүнээс хасагдсан болохоо мэдэв. Тэр байтугай хатагтай Блюм түүний Нобелийн шагналыг нь хураан авах санал гаргаж байв. Золгүй Сэр Тим Хант зүгээр л тоглоом хийсэн тухайгаа хэлэхэд Washington Post сонин түүнийг нь «Non-apology of the year» буюу оны шилдэг уучлал гуйхаас татгалзалт гэж тодорхойлов.

Эцэст нь хэлэхэд энэ 2 үйл явдал 2 өөр соёлт нийгэмд гарсан боловч хоорондоо төстэй байгаа юм. Юуны өмнө сэтгэл зүйн шаардлагаас үүдэлтэйгээр анхнаасаа л шал худлаа мессеж шидсэн байдал. 13 настай Кхоса омгийн охин омгийнхон дотроо ялгармаар санагдсан л биз. Хатагтай Конни Сэнт Луис бас тодормоор санагдсан л биз. Энэ 2 хүний сэтгэл зүйн асуудал нь хэрвээ олон нийт барьж авч дагаагүй бол хувийн асуудал нь байх байсан. Кхоса омгийнхны хувьд цагаан хүмүүст дургүй байж, харин феминистүүдийн хувьд улстөрийн зөв зохис гэдэг зүйлийг бараг л шашны түвшинд шүтдэг.

Сөнөөлт дагалын хамгийн сонин тал нь бодит байдал, эсрэг талыг буруутгахаас биш дагасан тал хэзээ ч буруутдаггүйд байгаа юм. Кхоса омгийнхны хувьд малаа дууссан ч малаа алахгүй байхад уриалсан хүмүүсийг буруутгасан. Сэр Тим Хантын хувьд нэг сонин зүйл нь тэр семинар дээр байсан олон хүний үйл байдал юм. Эхлээд тэд “Юу ч болоогүй, зүгээр л тоглоом байсан” гэж байсан ч удалгүй “Ингэж болохгүй, бид шооконд орсон” болж хувирсан. Яагаад гэвэл тэр хүмүүсийн ихэнх нь Дебора Блюм, Конни Сэнт Луис нарын байгууллагаас тэтгэлэг авч амьдардаг хүмүүс байжээ. Азгүй Тим Хант буруу газраа л болгоомжгүй тоглоом хийсэн хэрэг.

       

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4985

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%