МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын 'МОНГОЛ ГЭР-МОНГОЛ ТӨР' мөрийн хөтөлбөр бүрэн эхээрээ

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын "МОНГОЛ ГЭР-МОНГОЛ ТӨР” мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"МОНГОЛ ГЭР-МОНГОЛ ТӨР”

 Уналтаас өсөлт өөд давших,

Хагарлаас нэгдэл рүү дэвших

Ард түмнийхээ итгэл сэтгэл, захиа даалгаврыг ухамсарлан, Монгол Улсын иргэн

Миеэгомбын Энхболд би “МОНГОЛ ГЭР-МОНГОЛ ТӨР” мөрийн хөтөлбөрөө өргөн барьж байна.

 

Монгол улс бол монголчууд бидний гэр юм. Бид эх орноо УЛС ГЭР гэж хүндэтгэн ойлгодог ард түмний үр сад. Бид өвөг дээдсээсээ өвлөж ирсэн “Гэрээ засаад төрөө зас” хэмээх эрхэм сургаальтай үндэстэн. Манай Монголын түүх бол эвдрэлцэх бүртээ уруудсан, эвлэх бүртээ мандсан түүх. Улс гэрийнхээ маргаашийн төлөө монголчууд бид юу хийх ёстой вэ? Ирээдүй хэмээх нэгэн зүг рүү харж, хөгжил гэдэг нэг л оргилд хүрэх нь монгол хүн бүрийн хүсэл юм. Бид нэг түүхтэй, нэг зорилготой ард түмэн. Нэг тэнгэрийн доор, нэгэн цаг үед амьдарч байгаа элгэн монголчууд бид эв саналаа нэгтгэн, хямрал хүндрэлийг хамтдаа давах болно. Одоо ам нийлж шүүмжлэх бус гар нийлж ажиллах цаг. Өнөөдөр эвдэрч хагарах биш эвлэрч ойлголцох цаг.  Наян нэгэн уньтай, наранд өргөсөн тоонотой монгол гэрийг ганцхан хүн барьж чаддаггүй. Монголчууд бидний чин хүсэл, гэгээн зорилго, эв нэгдэл ямар ч үгүйсгэлээс илүү, ямар ч үгнээс хүчтэй билээ.

 

Монголчууд бид бие биентэйгээ биш, хямрал хүндрэлтэй тэмцэж ялах ёстой

2016 онд ачааны хүндийг Ардын намд итгэж даатгасан ард түмэн маань ажлын үр дүнг ч Ардын намаас нэхэх болно. Энэ бол итгэл найдвар төдийгүй их хариуцлага, том даалгавар юм. Энэхүү даалгаврыг би улс гэрийнхээ ТООНО, УНЬ, ХАНА, БАГАНА, ҮҮД гэсэн үндсэн таван хэсгээр төлөөлүүлж, “МОНГОЛ ГЭР-МОНГОЛ ТӨР” мөрийн хөтөлбөр болгон танд хүргэж байна. Энэ тав нийлж байж голомтондоо галтай, хоймортоо эзэнтэй, уяан дээрээ морьтой, элэг бүтэн, туурга тусгаар МОНГОЛ болно. 

НЭГ. ЭВ НЭГДЭЛ, МОНГОЛ БАХАРХАЛ

Монгол гэрийн олон бүрдэл хэсгийн оргил нь тооно билээ.

  • Эв нэгтэй Монгол. Нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг баталгаажуулах, эв нэгдэл, итгэлцэл, ёс суртахууныг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний эв эеийг бэхжүүлэх үзэл санааг мөрдлөг болгоно.
  • Үнэт зүйлтэй Монгол. Үндэсний бахархал, эх оронч үзлийг үнэт зүйлээ болгосон иргэн төлөвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
  • Эв нэгдлийн суурь. Хууль дээдлэх зарчим, шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт нь үндэсний эв нэгдлийг хангах бат бэх суурь гэж үзнэ.
  • Улс төрийн эерэг соёл. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тэнцвэртэй, харилцан ойлголцсон улс төрийн зөвшилцлийг хуулийн хүрээнд хангаж иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.
  • Бүлэглэлийн бус бүгдийн эрх ашиг. Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр ­- бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина.
  • Хариуцлагатай улс төрийн нам. Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгох, улс төрийн намуудын төлөвшлийг хангах эрх зүйн шинэ орчин бүрдүүлж төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчлэнэ.
  • Монгол хүний хичээн эрмэлзэх зүйл. Үндэсний уламжлалт арга барилд тулгуурлан хүүхдийг Монгол хүн болгон төлөвшүүлэх “Хичээн эрмэлзлэх зүйл” боловсруулж, мөрдлөг болгох зарлиг гаргана.
  • Чөлөөт хэвлэлд ээлтэй Ерөнхийлөгч. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, хараат бус, мэргэшсэн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.

 

ХОЁР. ХАРИУЦЛАГАТАЙ, ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ.

Монгол гэрийн хана туурга хамаг бүхнийг хамгаалаан нөмөрлөх үүрэгтэй

  • Тэнцвэртэй, хариуцлагатай, тогтвортой төр. Засаглалын төгөлдөршил, төрийн хариуцлага, хяналт тэнцлийг боловсронгуй болгох, тогтвортой байдлыг хангах шаардлагад үндэслэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээсээ асууж шийдвэрлүүлнэ.
  • Мэргэшсэн төрийн алба. Төрийн алба оновчтой бүтэцтэй, мэргэшсэн, чадварлаг, хариуцлагатай, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулна.
  • Төрийн албан хаагчдын зөв хандлага. Төрийн албан хаагчдыг зөв хандлагатай, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, бүтээмжтэй болгох, ажлын арга барилын шинэ соёлыг бүх түвшинд хэвшүүлэх, тэдний ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах бодлогыг тууштай дэмжинэ.
  • Авилгатай холбогдсон бол ахиад төрд ирэхгүй. Авилгын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана. Авилгын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд сонгож томилдоггүй болгоно. Авилга бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй хэмээн хатуу тэмцэнэ.
  • Төрийн албанд шударга зарчим, жигд төлөөлөл. Төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, байршуулах, сэлгэн ажиллуулах, дэвшүүлэх үйл явцад нийгмийн бүлгүүдийн төлөөллийг жигд хангах захиргааны шударга зарчмыг харгалзана.
  • Хууль сахиулагчдын хариуцлагыг чангатгана. Иргэдэд ялгавартай хандаж, хүний эрх зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бүх шатны хуулийн байгууллагын албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгана.
  • Хараат бус шүүх засаглал. Хууль сахиулах болон шүүхийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг бүрэн хангуулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг чанд сахиулж ажиллана.
  • Нөлөөлөлгүй шүүхийн захиргаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тогтоох замаар хууль дээдэлсэн, шударга, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлнэ.
  • Шударга шүүгч – шударга шийдвэр. Шүүгчдийг сонгон шалгаруулахад нөлөөллөөс ангид, мэргэшил, ёс зүй, зан суртахууны төлөвшлийг шалгуур болгох эрх зүйн орчин бүрдүүлж, шүүгч бүр дээр үнэлгээ өгөх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох тогтолцоо нэвтрүүлнэ.
  • Эрэн сурвалжилж эргүүлэн авчирна. Бүс нутаг, олон улсын цагдаа хүчний байгууллагуудтай илүү нягт, идэвх уялдаатай хамтран ажиллаж улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, эргүүлэн эх оронд нь авчрах ажиллагааг дэмжиж ажиллана.
  • Эзнээ олсон шагнал. Ажил үйлс, авьяас чадвараа шударгаар, ил тод үнэлүүлэн шагнуулах боломжийг иргэн бүрт олгож, шагналын нэр хүндийг өсгөнө.

 

ГУРАВ. МОНГОЛ ХҮН ТА МОНГОЛЫН ҮНЭТ БАЯЛАГ

Унь мод урт богино байдаггүй. Унь бүрийн толгой тэнгэрт тэмүүлж, тооно тойрон уулздаг.

  • Төрийн анхааралд монгол хүн. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амаа өсгөх, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах бодлогыг чухалчилна.
  • Эрүүл мэндийн оновчтой бодлого. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээг сайжруулж, санхүүжилтийн эх үүсвэрийг боловсронгуй болгон, менежментийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх бодлого санаачлан Засгийн газарт чиглэл болгоно.
  • Хүнд хүрсэн эрүүл мэндийн үйлчилгээ. Эрүүл мэндийн салбарын техник, технологи, орчныг сайжруулах, эмч ажиллагсдын ур чадвар, зөв хандлага, хариуцлага, үр дүнг чухалчлах бодлогыг дэмжиж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийг шаардаж ажиллана.
  • Урьдчилан хамгаална. “Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах” Үндэсний хөтөлбөр шинэчлэн санаачилж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.
  • Эрүүл бие амжилтын үндэс. Багийн, оюуны болон өвлийн спорт, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарна.
  • Өрсөлдөх чадвартай Монгол хүн. Ерөнхий боловсролыг төрийн тогтвортой бодлогоор дэмжиж, байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргаж, Монгол хүний дэлхийд өрсөлдөх суурийг бэхжүүлнэ.
  • Орчин үеийн монгол хүүхэд. Хүүхэд багачуудыг үндэсний соёл, Монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан сургалтанд хамрагдаж, туршлага хуримтлуулахыг дэмжиж “Бодит сургалт-танин мэдэхүйн ордон” байгуулна.
  • Өв соёлтой Монгол. Монголын түүх, соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг ивээлдээ авч, музейн орчин, нөхцлийг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг дэмжинэ.
  • Дэлхийн боловсролыг эх орондоо. Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулна.
  • Гадаадад суралцах боломж. Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ.
  • Залуучуудаа дэмжинэ.  Залуучууд-ажил эрхлэлт”, “Залуучууд-орон байр”, “Залуучууд-бүтээлч хөгжил”, “Оюутан-дотуур байр” цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.
  • Хөрөнгө оруулагч иргэн. Иргэний боловсролыг дэмжин хүүхэд залуучуудад бизнесийн суурь боловсрол олгох санаачлага гарган хөрөнгө оруулагч иргэд бий болгоход анхаарна.
  • Малчдаа дэмжих бодлого. Залуу малчдыг дэмжиж урамшуулах тогтолцоо бий болгон, малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, механикжуулах санал санаачилгыг дэмжин ажиллана.
  • Хүртээмжтэй нийгмийн хамгаалал. Ахмад настан, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол хүний үнэ цэнийг хадгална.
  • Багш, эмчийн үнэлэмж дээшилнэ. Боловсрол, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарна.
  • Тэгш оролцоо. Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх аливаа санал санаачлагыг дэмжинэ.
  • Эх үрсийн бодлого. Эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгт 2 жил тутамд нэг удаа бүрэн хамруулах, төрөх эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Хилийн чанад дахь иргэдээ анхаарсан бодлого. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудаа дэмжсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан бодлогыг Засгийн газрын үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлнэ.
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд, үр хүүхдүүд нь хэл, соёлоо хадгалах, суралцахыг дэмжинэ.
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн үүсгэл санаачилга, эх орондоо ирж ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлнэ.
  • Шинжлэх ухаанд дэмжлэг. Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бүс нутгийн дундаж жишигт ойртуулна.
  • Технологид санхүүжилт. Технологи, мэдлэгийг бий болгох, импортлох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил хамтарсан сан санаачлан байгуулж, шилдэг инноваторуудыг төр, бизнесийн салбарт ажиллуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.
  • Эх орны дуудлага. Дэлхийн шилдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, компаниудад ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ урьж, ур чадварыг нь ашигладаг санаачилгыг өрнүүлнэ.
  • Улаанбаатар- улс гэрийн нэрийн хуудас. Нийслэл хотын хөгжлийг төлөвлөх, бодит ажил болгох, гүйцэтгэлд нь хяналт үнэлгээ хийхэд орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн хамтын оролцоог дэмжиж, хотын хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
  • Бүтээн байгуулалтаар бүсээ тэлсэн хот. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ бүс, дагуул хот бий болгох, Хөшигийн хөндийг дагасан шинэ бүтээн байгуулалтыг дэмжинэ.
  • Төмөр замын шинэ чиглэл. Улаанбаатар хотын тээврийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хүн, ачаа тээврийн шинэ чиглэл бий болгох зорилгоор хотыг тойрон гарах  төмөр зам барих асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газартай хамтран ажиллана.

 

ДӨРӨВ. БАЯЛАГ БҮТЭЭГЧ ДУНДАЖ ДАВХАРГА

Багана бол монгол гэрийн тулгуур юм. Тогтвортой, өсөлттэй эдийн засаг бол улс гэрийн маань багана.

  • Өрсөлдөх чадвартай дундаж давхарга. Бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална.
  • Өсөлттэй, тогтвортой эдийн засаг. Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн Улсын Их Хурлын бодлого, Засгийн газрын үйл ажиллагааг тууштай, идэвхтэй дэмжиж, үр дүн, хяналтыг чухалчлан ажиллана.
  • Үндэсний бүтээмж үндэсний эдийн засаг. Судалгаа шинжилгээнд суурилсан, өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татах, олон улсын зах зээлд гарах, өрсөлдөх чадвартай дотоод нөөц бололцоондоо тулгуурласан эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна.
  • Итгэлцэл - хөрөнгө оруулалт. Эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулах, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, улс төр, эдийн засгийн тогтвортой бодлогоор гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ.
  • Төрөлжсөн эдийн засаг. Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамаарлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл, эрчим хүчний экспортыг дэмжих бодлогыг бодит ажил болгохыг Засгийн газраас шаардаж ажиллана.
  • Шинэ үйлдвэржилтийн бодлого. Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тулгуурлан валютын урсгалыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн бодлогыг тэргүүн ээлжид анхаарна.
  • Тэргүүлэх технологийн бүтээгдэхүүн. Нүүрс боловсруулах, нийлэг хий, нефтийн бүтээгдэхүүн гаргах, мэдээллийн технологи, Хөдөө Аж Ахуйн чиглэлээр дэлхийн тэргүүлэх технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улсын Их Хурал, Засгийн газарт чиглэл болгоно.
  • Эрчим хүчний экспорт. Эрчим хүчний хэрэгцээг дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээс бүрэн хангах, цахилгаан эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүч ашиглах төрийн болон хувийн хэвшлийн санаачилга, ажил хэргийг дэмжиж ажиллана.
  • Гацаанаас шийдэл рүү. Уул уурхайн болон дагалдах дэд бүтцийн томоохон төсөл дэх төр, иргэдийн оролцоог оновчтой болгох, төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.
  • Хуримтлалын сан-ирэх цагийн үүц. Үндэсний хуримтлалын бодлого хэрэгжүүлэн, одоо болон ирээдүй хойч үеийн хөгжлийг дэмжих “Ирээдүйн өв сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана.
  • “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана.
  • Шинэ хөдөө. Хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, атрын аяны хүрсэн түвшинг ахиулах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах бодлогыг дэмжиж, мал сүргийн удмын санг хамгаалах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын мал эмнэлгийн тогтолцоог сэргээн хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлнэ.
  • Орон нутгийн хөгжил. Хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгаж бүсийн төвүүдийн хөгжил, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  • Ажлын байр ахицтай нэмнэ.. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдмэл байдлыг хангах, инновацийг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжин, ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
  • Бизнесийг гараан дээр нь дэмжинэ. Гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хувийн хэвшлийн салбарын хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, судалгаа - хөгжлийн ажлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.
  • Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл. Компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгохыг дэмжиж, эрх зүйн орчинг сайжруулна.
  • Санхүүгийн зах зээлийн шинэчлэл. Санхүүгийн тогтолцоог эрүүл өрсөлдөх чадвартай болгож, гадаад, дотоодын хөрөнгө санхүү Монгол Улсаар дамжих үйлчилгээг бодлогоор дэмжинэ.
  • Үр ашигтай төрийн өмч. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулж, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг ханган эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтална.
  • Бүсчилсэн аялал жуулчлал. Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын цогцолбор, төвүүдийг байгуулах, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.
  • Монгол контент. Монгол соёлын бүрдэл, агуулгыг шингээсэн бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэн, олон улсын зах зээлд гаргахад бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

 

ТАВ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГО

Босго давж, тотго нэвтрэн, өргөө гэрийнхээ үүдээр бид орж гардаг билээ. 

  • Олон тулгуурт гадаад харилцаа. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ.
  • Сайн хөршийн харилцаа. Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж уламжлалт, эв тэгш, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлнэ.
  • Гуравдагч хөршийн бодлого. Энэхүү бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
  • Олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа. Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангана.
  • Визгүй чөлөөтэй зорчих боломж. Монгол Улсын иргэд гадаадад визгүй чөлөөтэй зорчих улсын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлана.
  • Ногоон хөгжил – аюулгүй орчин. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон хөгжлийн чиг хандлагыг баримтлан, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана.
  • Байгаль орчноо хамгаалах хамтын ажиллагаа. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн унаган төрх, биологийн янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, учрах эрсдлийг бууруулах чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай идэвхийлэн хамтран ажиллана. 
  • Хосолмол хөдөлмөр хөдөлгүүр автомашин. Байгальд ээлтэй, эдэлгээний зардал зарцуулалт багатай хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг бодлогоор дэмжиж ажиллах санаачлага гаргана.
  • Цэвэр орчин. Агаар, ус, хөрсний бохирдлын хор хөнөөлийг арилгахад иргэд, орон нутаг, олон нийтийн байгууллагын санал санаачилгыг дэмжиж, УИХ, Засгийн газартай хамтарч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллана.
  • Ус амин эрдэнэ. Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвшүүлэх, усны эх, ундаргыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, хэмнэх, дахин ашиглах, хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй хангах бодлогыг дэмжинэ.
  • Хариуцлагатай уул уурхай. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална.
  • Эрүүл хүнс. Хүн амын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, хүнсний чанарын аюулгүй байдлыг олон улсын чанарын стандартад нийцүүлэх бодлого баримтална.
  • Баталгаатай эм. Эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зохицуулалтыг сайжруулах, чанар, аюулгүй байдлын хангах бодлогыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.
  • Батлан хамгаалах бодлого. Батлан хамгаалах бодлогыг үе шаттайгаар шинэчлэн хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.
  • Монгол цэрэг – Энхийн цэрэг. Зэвсэгт хүчнийг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлнэ.
  • Зэвсэглэл, техникийн шинэчлэл. Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийг дэс дараатайгаар хийж, цэргийн байгууллагуудын уялдаа холбоо, чадавхыг нэмэгдүүлнэ.
  • Хил хамгаалах чадамж. Улсын хил хамгаалахад шаардлагатай хяналт, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн чадамжийг дээшлүүлнэ.
  • Үндэсний иргэний хамгаалалт. Газар хөдлөлт, гал, усны болон бусад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн гамшгаас хамгаалах хөтөлбөрийг санаачилан, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.
  • Болзошгүй эрсдэл – урьдчилан сэргийлэлт. Бүс нутагт бий болж болзошгүй террорист ажиллагаа, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн терроризмтой тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно. 
  • Цахим аюулгүй байдал. Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги боловсруулж, иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргана.
  • Хар тамхины эсрэг хатуу тэмцэл. Хар тамхи хэрэглэх, дамжуулах, худалдах, хүний наймааны гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөнө.
  • Дэлхийд танигдсан Монгол. Монгол Улсын түүх, соёлын өв, эдийн засаг, нийгэм соёлын ололт амжилт, гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг мөрдлөг болгоно.

 

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол

Монгол төрийн бодлогын залгамж чанарыг өвлөн хадгалж,

Нийгмийн бүлгүүдийн оролцоо, саналыг хүндэтгэн хангаж,

Улсын Их Хурал, Засгийн газартай гар нийлэн, хүч хавсарч

ЭНЭХҮҮ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БИЕЛҮҮЛЭХ БОЛНО.

 

Энэ бол үг төдий биш үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, заавал биелүүлэх төлөвлөгөө минь юм. Үг чухал, гэхдээ үр дүн илүү чухал.

Ханаа дугуйлж, униа угсран тооноо тулж, туурга тусгаар, элэг бүтэн, элбэг баян УЛС ГЭРЭЭ улам хүчирхэгжүүлэн хөгжүүлцгээе.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД

МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН

МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

 

 

 

 

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%