Нийтлэл 04 сарын 07, 2017

Чагтлагдсан сэдэв: ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН МЭТГЭЛЦЭЭН

Энэ жил Францын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж байгаа билээ. Сонгуульд таван нэр дэвшигч гол өрсөлдөгчид болж байна. Францын ерөнхийлөгчийн сонгууль дөрөв болон тавдугаар сард хоёр үе шаттай явагдах аж. Эхний шатанд бүх нэр дэвшигчид өрсөлдөж эцсийн дүнгээр хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч шалгаран хоёр дахь буюу сүүлийн шатанд өрсөлдөн хамгийн их санал авсан нь ялах юм.

Францын TF1 телевизээс өчигдөр таван нэр дэвшигчдийн хооронд мэтгэлцээн зохион байгуулсан бөгөөд энэ нь албан ёсны сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг биш боловч олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ үйл явдал жиргээчдийн дунд хэлэлцүүлгийн сэдэв болж нэр дэвшигчдийн нэртэй хаштаг жиргээнүүд трэнд болж байна. Жагсаан бичвэл #François Fillon, #Benoît Hamon, #Marine Le Pen, #Emmanual Macron, #Jean-Luc Mélenchon гэсэн хаштагуудаар трэндүүдийг жиргэжээ. Мөн #LeGrandDebat гэсэн хаштагаар мэтгэлцээний тухай жиргээг үзэх боломжтой.

Ле Пен мэтгэлцээнийг дүгнэсэн үгэндээ “Би Европын Холбоотой тохиролцох ажлыг эхлүүлж референдум зохион байгуулна. Би та бүхнийг эрх чөлөөний төлөө саналаа өгөхийг уриалж байна...” гэжээ. Үүнтэй холбоотойгоор Их Британийн араас Европын холбооноос Францыг гаргах нь хэмээн олон хүн таамаглаж байгаа аж.

Ле Пений дэмжигчдийн англи хэл дээрх цахим хуудсан дээр мэтгэлцээнтэй холбоотой Ле Пений жиргээг орчуулсан байна. Мarine in English: “Бид үндэсний хилээ дахин босгох ба цагаачлалыг зогсоох ёстой, Франц үүнийг дахин тэвчиж чадахгүй” гэжээ.

Pierre Briançon “Макрон гадаад бодлогын тухайд Ле Пен дээр үр дүнтэй ажиллаа: “Би Францыг Европ дотор тусгаар тогтносон байлгамаар байна.” гэж жиргэжээ.   

Одоогийн байдлаар олон нийтийн дэмжлэгээр хоёрдугаар байранд явж буй Макрон мэтгэлцээнийг дүгнэн хэлсэн үгэндээ “Бидний улс айдсаас бас зарим хүний айдас дээр тоглосноос болж хуваагдаад байна. Та бүхэн асуудал биш, тогтолцоо зөв биш байгаа нь асуудал мөн. Би үл тэвчсэн прагматизмыг санал болгож байна. Францыг бахархмаар орон болгох нь миний төсөл.” гэжээ.

OpinionWay судалгааны байгууллагын PrésiTrack судалгааны хамгийн сүүлийн үеийн дүнгээр Марин Ле Пен 27 хувь, Эммануэль Макрон 23 хувь, Франсуа Фийон 18 хувь, Бенуа Амон 13 хувь, Жан-Люк Меланшон 12 хувийн дэмжлэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon