Нийтлэл 03 сарын 24, 2017

ИНГЭЖ АСУУГААРАЙ: Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар буруутай нь үнэн үү?

Манай редакцын зүгээс хэвлэл мэдээллийн салбарын цаашдын хөгжилд, мөн олон нийт уншигчид мэдээ мэдээлэлд шүүлтүүртэй хандах арга барилтай болоход дэмжлэг болгох үүднээс ямар нэг мэдээ мэдээлэлд тавигдах ёстой асуултуудыг хариултгүйгээр бэлтгэн хүргэх ИНГЭЖ АСУУГААРАЙ цуврал эхлүүлж байна.  Дутуу орхигдсон асуулт болон бусад санал сэтгэгдлийг нээлттэй хүлээж авна. Энэ удаагийн дугаарт улстөрийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн яллагдагчдын тухай зарим мэдээлэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хамгийн том суваг Үндэсний телевизийн Цагийн хүрд мэдээний хөтөлбөрөөр цацагдсантай холбоотой асуултуудыг хүргэж байна.  

ИНГЭЖ АСУУГААРАЙ: С.Зоригийг Ц.Амгаланбаатар нар хөнөөсөн нь үнэн үү?

Уншигчдад сануулахад анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болж, яллагдагч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт 25 хүртэлх жилийн ял төлөвлөсөн. Харин С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун болоод хэрэгтнүүдийн ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсаны дагуу гуравдугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүх нийслэл дэх Эрүүгийн хэргийн  давж заалдах шүүхэд хаалттай болж өнгөрсөн гэж мэдээлэгдсэн.  Үүнээс 7 хоногийн дараа үндэсний олон нийтийн телевизээр Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн ярилцлага өгч, улсын нууцаас хассан гэх зарим баримт дэлгэгдсэн.

Нэгд ИНГЭЖ АСУУГААРАЙ,  өмгөөлөгч тал хаачсан бэ? Яллагч буюу улсын прокурор тал яллагдагчдын тухай баримтыг улсын нууцаас хасч байгаад мэдээллээ. Давж заалдах шатны шүүх  буюу яллагч ба өмгөөлөгч тал оролцсон хурал болохоор хаалттай, харин зөвхөн яллагч талын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллээр улсын нууцаас хасагдсан гэж цацагдаж байгаа нь ямар учир шалтгаантай вэ? Шүүхийн өмнө өмгөөлөгч, яллагч хоёул зогсож байж хүний эрх зөрчилгүйгээр үнэн худлыг дэнсэлж, шударга ёсыг тогтоох үүргээ шүүх биелүүлдэг.  Шүүх хэмээх аппаратыг багтаасан төрийг төлөөллөө сонгон  бүрдүүлдэг ард түмэн ч 18 жилийн турш асуулт асууж, хариулт эрсэн хэргийн тухай тэнцвэртэй мэдээллээр хангагдах эрхтэй. Хүний эрхийн баталгаа, тэнцвэртэй сэтгүүлзүйн зарчмыг үндэсний нийтийн хэвлэл мэдээллийн сувгаас шаардах эрх олон нийтэд бий.

Хоёрдугаарт ИНГЭЖ АСУУГААРАЙ:   2015 оны эцэст С.Зоригийн хэргийн ганц амьд гэрч Б.Булганыг худал мэдүүлэг өгсөн гэсэн хэргээр барьж хорьж байсан. Б.Булганыг хууль ёсны гэрч гэж үзэхгүй хэрнээ ам зургийг баримтад ашиглах,  нөгөөтэйгүүр худал мэдүүлгийн хэргээр баривчилж байсан хэрнээ түүний өгсөн хэрэгтнүүдийн ам зургийг яллагдагчдыг гэм буруутай гэж үзэх үндэслэл болгож байгаа нь логик зөрчилтэй байна бус уу? Хэрэв өгсөн мэдүүлгээс баримтад ашиглах бол бусад мэдүүлгийг ч баримтаар ашиглах ёстой бус уу?

Гуравдугаарт, ИНГЭЖ АСУУГААРАЙ: Шүүхийн өмнө хохирогчоор татагдаад буй С.Оюун, С.Баяр нар хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч гэсэн оролцогчдыг тогтоож эцэслэн шийдэх ёстой гэж буй.    Гүйцэтгэлийн тухай видео баримт хүртэл нууцын зэрэглэлээс гарч цацагдсан ч захиалагч, зохион байгуулагчийн тухай мэдээлэл өгөгдсөнгүй. Телевизээр цацсан видеод "Авгайг нь амьд үлдээгээрэй гэсэн шүү" гэсэн хэсэг гарч байна. Амьд үлдээгээрэй гэж хэлсэн нь тэгээд хэн бэ? Бүрэн зургаар бүрэн шийдүүлэх хүсэлтэй хохирогч талын байр суурь хэвээрээ юу? Хохирогч, С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-н гишүүн асан С.Оюуныг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимпод оролцохоор хилийн чанадад явах үед хэрэг явдлын өрнөлд өөрчлөлт гарсан уу?

Дөрөвдүгээрт, ИНГЭЖ АСУУГААРАЙ: Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн Үндэсний телевизэд өгсөн мөнхүү ярилцлагадаа өнөөдөр гэнэт илэрч байгаа юм биш, 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтыг Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарч ажилласан мөрдөн байцаах ажиллагаа  өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, үүний үр дүнд маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн гэх утгатай хариулт өгчээ.   Эртнээс үргэлжилсэн мөрдөн байцаах ажиллагааны луужин эдгээр яллагдагчид руу чиглэж байсан бол өдгөө ТЕГ-ын даргын алба хашиж буй Б.Хурц 2003 онд Д.Энхбат агсныг Парисаас баривчилж, дараа нь хүн хулгайлсан хэрэгт буруутгагдсан болон бүр саяхан 2015 онд эдгээр яллагдагчдыг нэгийг нь гэхэд 16 настай байхад нь харсан хэрнээ бараг л одоо байгаа үрчлээтэй нь зураад өгсөн Б.Булганыг барьж хорьсон зэрэг нь ямар шалтгаантай вэ? Эртнээс хэргийн учиг ийш чиглэж байсан бол хэрэг явдалд яагаад ийм өрнөлүүд гарсан бэ?  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын нууцад байгаа баримтаас хуульд заасан хүрээнд ил болгох зөвшөөрөл өгсөн Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Хурцад хаягласан албан бичгээ

“Танай байгууллагын удирдлагын албан бичгээр ирүүлсэн саналын дагуу”

гэж эхэлжээ.
 Д.Энхбат агсныг баривчлах ажиллагаанд нэр холбогдож явсан Б.Хурцаас өөр яллагдагчдад холбогдох нууцыг ил болгох санал гаргах, улмаар улсын прокурор талаас тэдгээр яллагдагчдыг эртнээс үргэлжилж байсан мөрдөн байцаалтын үр дүнд ялласан гэх тайлбар өгч байгаа нь ямар учир шалтгаантай вэ?

Хамгийн том хэвлэл мэдээллийн сувгаар өөрсдөө баримт дэлгээд цааш дэлгэж болохгүй гэж учир битүүлэг сануулах зэргээр өмнө байснаас ч олон асуулт нээлттэй үлдээсэн энэ хэрэгт дор хаяж дээрх асуултуудыг асуулгүйгээр цэг тавьж болох уу?  

Эцэст нь: Амьдрал өрнөдөг, асуудал гардаг. Асуудал хаана байгааг, хэрхэн шийдэхийг хэвлэл мэдээлэл залдаг. Асуулт асуудаггүй ард түмэн асуудал хаана байгааг, хэн буруутайг, хэрхэн амьдрахаа хүнээр заалгадаг, нэгийгээ зольдог, нэг өдөр өөрөө золионд гардаг. Чамд асуух эрх бий, бас үүрэг бий. Асуултаа асуу, хариултаа нэх.

Сэтгэгдэл бичих

arrow icon