Нийтлэл 03 сарын 27, 2017

Шүүмж: ӨНДӨР БОСГО

Дор нэг нүүрийн номын анд нэлээд том уриалгыг залуустаа хандан бичжээ. Урд хөршид явж байгаа болохоор фэйс ороход амаргүй байна. Тийм болохоор нарийвчлан уншиж чадсангүй. Ямар ч байсан шагналтай холбоо бүхий хэсэг дээр санал нийлэхгүй байж чадсангүй.

Миний насны ойр дотны найз нөхдийн хүрээлэл дунд "Гавьяатай" найз нарыгаа тоолсноос "Гавьяагүй" найз нарыгаа тоолох нь их амархан болоод байгаа шүү. Ямар сайндаа нэг удаа "Гавьяа" байгуулсан арван хэдэн эрхмийн олонх нь гайгүй сайн таньдаг буюу эсвэл ядаж зүс таних нөхөд байсан гээд бод доо. Тэдний дунд таван сайн найз маань байсан нь "баярлууштай", "бахархууштай", "аргагүй авахаас өөр яахав дээ гэмээр нүдээ олсон шагнал" байсан болохоор тэр болгонд баяр хүргэх гэж чамгүй их юм болж билээ.

Манай жижигхэн хятад хэлний хүрээлэлд гавьяатангуудын тоо аль хэдийн 10-ыг хол давсан нь мань мэтийн гавьяагүйчүүд гавихгүйчүүдийн хүрээллийг нэлээд ширүүн хумьж байгаа. Гэхдээ гавихгүйгээс гавьяатын өндөр эрэмбэ рүү ороход чамгүй өндөр босго байдаг юм шиг билээ шүү.

Учир нь хот дүүргийн өндөр босгыг сахигч шагнал түгээгч түшмэлүүдийн шалгуур хатуу чанга гэдгийг хэлэх гээд байна л даа. Улсынх хийгээд эрхэм ерөнхийлөгчийн шагналын босгыг тогтоогч сахигч нарын баримжаа бодохуйяа улам ч өндөр байдаг буй за. Тийм ч байх учиртай гэдэгтэй эрхэм номын анд та эрхгүй санал нэгдэж байгаа биз дээ.

Миний хувьд "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин", "Аавын минь нэр . . . . ." гэсэн гоё үгтэй дуунуудыг сэтгэлдээ эгшиглүүлэн явах дуртай нэгэн. Гэхдээ л нийгмийн дунд амьдарч байгаа болохоор манай хамт олон "Таныг гавьяатад дэвшүүлээд үзье. Одоо цагт гавьяатгүй байна гэдэг тан шиг настай хүний хувьд бараг утгагүй болоод байна." гэсэн шүү юм ярьж байгаад нэг хоёр удаа тодорхойлсон юм аа. Тэр дагуу дүүргийн уг асуудлыг хариуцсан түшмэл дуудахаар нь гүйгээд очлоо.

Гэтэл өөдөөс "Та 30 гаруй ном, тэр дундаа арав гаруй толь бичгийн бүтээл гаргасан юм байна. Бас 1400 гаруй анги кино орчуулжээ. Таны энэ бүх зүтгэлийг төр засаг ойлгож байгаа. Тэр дагуу танд Монгол улсын "Хөдөлмөрийн хүндэт медаль" хэмээх эрхэм шагналыг олгосон байна.Монгол улсын шагнал урамшууллын холбогдох хууль журмын дагуу нэгэнт ийм шагнал хүртсэн хүн дахин Монгол улсын гавьяат зэрэг дараа дараачийн шатны эрхэм хүндэт шагналыг хүртэхийн тулд наанадаж 5-аас доошгүй жилийн дараа дахин холбогдох тодорхойлолтыг гаргах буюу эсвэл түрүүчийн шагнал хүртэх үед гаргасан бүтээлээс давсан сод бүтээл гаргах учиртай. Тийм болохоор таныг ирэх таван жил илүү сайн ажиллаж өөрийн хүсээд байгаа гавьяа шагналд дүйцэхүйц хэмжээний бүтээл гаргахыг хүсье." гэсэн утгатай үг хэлээд гаргаж билээ. 24-25 орчим насны годгор охин байсан санагдана.

Би дээр 30 хол давсан ном гаргаад байгаагаа хальт дурдсан. Тэрний дотор хүн харахад хамгийн бага нь юм шиг харагдаж мэдэх "Шинэ хятад үсгийн толь бичиг" гэхэд л миний бие 20 000 мянга гаруй хятад ханз үсгийн дотроос 12 000 мянган үсгийг ялгаж салгаж оруулсан юм шүү дээ. Жаахан сэтгэлийн тамир муутайхан хүний хувьд бол "оюун самуурч мэдэхүйц" энэ сонин ажлын ард гарсандаа би намайг ивээж байдаг "Номын гэгээн сахиулсанд талархаж" ханцуй дотроо хааяа нэгхэн сүслэн залбирч байдгаа нуух юун. Харин бүтээл болгоны ард нарийвчлан дурдваас энэ мэт сонин содон нууцууд агуулагдаж байдгийг 24-25 орчим насны төрийн шагналын босгыг сахигч тэр годгор охин мэддэг болов уу?

Энэхүү бичлэгийн эцэст би анх энэ санаа сэдлийг дурдсан номын садан эрхэм дүүгийн уриалгатай санаа нэг байгаагаа илэрхийлмээр байна. Бас ч гэж цөөн хэдэн хүмүүсийн анхааралд өртсөн орчуулгын зохиол бүтээл туурвисны хувьд "Монголд траншейний хүүхэд ганц нэг ч атугай байгаа тохиолдолд гавьяа шагнал хэмээх өндөр босго руу зүглэхгүй" гэсэн утгатай байр суурин дээр нэгдэж байгаагаа үүгээр дамжуулан илэрхийлэх байна.

Элбэгдорж анх сонгогдон гарч ирэхдээ гавьяа шагналын талаарх байр суурь нь нэлээд боломжийн байсан болохоор чамгүй олон сонгогчийн саналыг татсан байж мэдэх л юм. Гэвч мань хүний үг хэл үйл ажиллагаа хэр зэрэг зөрж байгааг нүдтэй нь харж, чихтэй нь сонсож байгаа болохоор олон үг нуршихыг түр түднэсү.

Ер нь дараачийн ерөнхийлөгчийн үеэс эхлэн улс үндэстэн даяараа хэлэлцэн тохироод "гавьяа шагналтан, гавьяагүй гавихгүйчүүд" хэмээн нийгмийг хагалан бутаргасан гаж үзэгдлийг шийдвэртэй таслан зогсоовол ямар вэ гэсэн саналтай байгаагаа илэрхийлж байна.

Ааваас олсон ариун нэр, ээжээс хүртсэн эрхэм алдрыг сэвтээхгүй авч явна гэдэг өөрөө хувь хүний хувьд чамгүй өндөр босго байдаг бус уу? Миний ядамлан шүтэж ягштал баримтлахыг амьхандаа хичээдэг Мила Богдын маань гэгээн сургаалд өгүүлдэг нэгэн алдартай гүр дууллаар энэхүү бичлэгийг өндөрлөе.

Ураг садан найз нөхдөд сэтгэл уягдахгүй
Уринт дайсан өшөөт хүмүүний хор хөнөөлгүй
Уул хадны буйдхан агуйд үхэн чадах бөгөөс л
Ухрашгүй зоригт егүзэр би сэтгэл сая ханамой.

Анд олон нөхөд өтлөж доройтсныг мэдэхгүй
Алдрай охин дүү минь намайг өвдсөнийг сонсохгүй
Агуй гэрийнхээ дотор зөнгөөр үхэж чадваас л
Ариун явдалт егүзэри би сэтгэл сая ханамой.

Ялаа шумуул тэргүүтэн бие цогцсыг минь химлэж
Язганасан олон өтнүүд улаан цусыг уугаад
Янгир дүүлэх энэ уулнаа үхэн чадах бөгөөс л
Яндашгүй зоригт егүзэри би сэтгэл сая ханамой.

Эргэн тойронд толгой түших хүн үгүй хийгээд
Эцсийн амьсгал хураахад хонх дамрын дуугүй
Элчилгүй уулын хүйтэн агуйд үхэн чадах бөгөөс л
Энгүй зоригт егүзэри миний сэтгэл сая ханамой.

Алхаж гишгэх, яван суухуйг харсан хүн үгүй
Асга хадны агуй гэрийг минь бүр ч мэдэхгүй
Амгалан сэлүүн уулын мухарт үхэн чадах бөгөөс л
Арслан зоригт егүзэри миний сэтгэл сая ханамой

Сэтгэгдэл бичих

arrow icon