ШИНЖЛЭХ УХААН: Наномашины дэлхийн анхны уралдаан болно

Хүний үснээс 30000 дахин жижиг буюу хэдхэн нанометр машины уралдааны талаар мэдээлэл хүргэхийн сацуу төрсөн бодлоо хуваалцъя.

Нэг. 4-р сарын 28-29-нд наномашины дэлхийн хамгийн анхны уралдаан Францын Тулуз хотод болох гэж байна (энд). Уралдаан -268°С-ийн вакуум орчинд нийт хэмжигдэхүүн 100 нанометр алтан зам дээр 38 цаг хүртэл үргэлжилнэ. Уралдаанд 9 баг оролцох хүсэлтээ ирүүлсэн ч 6 баг шалгарсан байна. Уралдааныг дэлхийд цорын ганц байх микроскоп ашиглан харуулах ба live үзэх боломжтой. Уралдаан гэхээсээ шинжлэх ухааны дэвшлийг харуулсан том туршилт гэлтэй.

2016 оны химийн салбарт Нобелийн шагналыг наномашин, молекул мотор бүтээсэн 3 эрдэмтэн авсан юм. Төрөл бүрийн наномашин олон салбарт хэрэглэгдэж, ашиг тусаа өгөхөөр байгаа. Тухайлбал, хүний хорт хавдрын эсүүдийг олж устгах, хүний биеийн шаардлагатай газар хэрэгтэй эмийг ”тээвэрлэх”, ДНХ засварлах гэх мэт. Тэр ч байтугай, дэлхийн агаар мандалд дулаан баригч хүлэмжийн хий гэгдэх CO2-ыг задалж дэлхийн дулаарлыг зогсооход ч наномашиныг ашиглах боломжтой.

Шинжлэх ухаан, технологи асар хурдан, маш хүчтэй “дэлбэрч” байна. Та бидний сонсож, харах нь битгий хэл санаанд ч буухааргүй зүйлсээр “айлын хүүхдүүд” аль хэдийн оролдоод, “тоглоод” эхэлчихсэн.

Дэлхий ертөнц шинжлэх ухаанаар уралдана, манайхан морь мал, эд хэрэгслээрээ, хэл амаараа уралдсаар, төрөлх бууцан дээрээ эргэлдсээр л, сэтгэлгээ аанай хэвээр. 

 

Хоёр. 2015 оны үзүүлэлтээр оюуны ухааны итгэлцүүр буюу IQ түвшнээр Хонг Конг, Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань гээд дандаа зүүн өмнөд Азийн орнууд эхний байруудад орсон байна. Шар тивдээ хамгийн муу нь манайх байх юм, гэвч дэлхийд 6-д орж – оюуны бядтай л байх нь.

Хэдийгээр IQ болон боловсролыг хооронд нь шууд хамаатуулах албагүй ч эдгээр орнуудын их сургуулиудын чансааг (QS ranking) харвал дэлхийд эхний 100-д багтсан сургуулиудынхаа тоогоор Япон 5, Хятад, Хонг Конг, Солонгос тус бүр 4, Сингапур 2, Тайвань 1 байна. Эдгээр жагсаалтанд урт удаан түүхтэй үндэсний сургуулиуд, байгуулагдаад хориодхон жил болж буй сургуулиуд ч байна. Дээрх орнуудын хүн амыг эхний 100-д багтсан сургуулиудын нь тоонд хуваавал 1-д Хонг Конг, 2-т Сингапур, удаалаад Солонгос, Тайвань, Япон, Хятад орж байна. Яах аргагүй Азийн 4 бар!

Биднийг хол хаясан хаяа ойр тэр улсууд хөгжлийн тогтвортой нэгдсэн төлөвлөгөөтэй, тодорхой зорилготой, өөрөөр хэлбэл хүрэх уулын оройгоо, хэрхэн хүрэхийг нийтээрээ харчихсан, талархан зөвшөөрсөн байдаг. Оройд хүрэх мөрөөдлөө зүрх сэтгэлдээ хадчихсан, сэтгэлээсээ хичээдэг болохоор хамгийн энгийнээр тэд өөр өөрсдийн үүрэгт ажлаа хичээнгүйлэн яг таг хийгээд явах ухамсартай.

Бид мундагуудаас хүний хөгжил, шинжлэх ухаан, нийгмийн хөгжлөөрөө хэдэн үеэр хоцорсон. Хэдий тийм ч, өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн араас аргагүйн эрхэнд мөлхөх, зугуухан дагах бус боломжоороо үсрээд харайгаад явчих оюуны бяд бидэнд байхгүй биш байгаа, зөв чиглэл, массын сэтгэхүй, чармайлт чухал. Зөв бодол тээвэл сэтгэлгээ зөв, хандлага зөв, заяа зөв ...

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4472

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%