АДАМ СМИТИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛЫН ЁС СУРТАХУУНЫ ҮНДЭСЛЭГЭЭ

Өнөөгийн Монгол гэсэн улс үндэстэн Адам Смитийг онолуудыг эргэн харж, цогцоор нь ойлгосноор суурь ойлголтуудаа шинэчлэн нягтлах шаардлагатай болж байна. Үндэстний баялаг гэдгийг нүүрс зэс, долларын хуримтлал бус хөдөлмөр гэдэг ойлголтоор солих, “үл үзэгдэх гар” гэдэг бидний ойлгож хэвшсэн зах зээлийн хууль гэгдэх зүйл бус, ёс суртахууны логик хууль болохыг, хувийн сонирхол гэдэг аминч үзэл биш болохыг онолын түвшинд олон нийтэд тайлбарлаж таниулах цаг болжээ.

Өнөөдөр бид эдийн засаг, нийгэм, улс төрийн хямрал, ядуурал, ажилгүйдэл, баян хоосны ялгаа, тэгш бус байдал гээд маш олон асуудалтай тулгараад байна. Эдийн засагчид зах зээлийн хуулиар асуудлыг шийдэх тухай, төрийн оролцооны хүрээ хязгаар, эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадвар, төсвийн алдагдал, өр зээл гэсэн эдийн засгийн математик загварчлалд голдуу тулгуурласан, эдийн засгийн өсөлтөд чиглэсэн хандлагаар хандаж хэвшжээ. Эдийн засаг гэдэг хүний ёс суртахууны үнэлэмж зэрэг маш олон хүчин зүйлийн нөлөөлөл бүхий бүрэн загварчлах боломжгүй салбар тул эдийн засгийн онолын зарим суурь асуудал ёс суртахууны философитой хэрхэн уялдаж буйд дүн шинжилгээ хийх зорилгоор энэхүү өгүүллийг бэлдлээ.

1776 онд Шотландын ёс суртахууны философич Адам Смит “Үндэстнүүдийн баялаг”[1] номондоо чөлөөт зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнийн хамаарал, хөдөлмөрийн хуваарь, төрийн оролцоог хязгаарлах тухай онолоо бичсэнээр экономикс буюу эдийн засаг бие даасан шинжлэх ухаан болон хөгжих эхлэлийг тавьсан хэмээн үздэг. Адам Смитийн онол XV-XVIII зуунд Европд ноёлж байсан меркантилизмыг халж улс төр эдийн засаг нийгмийн томоохон шинэчлэлийг эхлүүлсэн. Меркантилизмын онолд нийт баялгийг хязгаартай хэмээн үздэг тул баялгийг аль болох мөнгөн хэлбэрээр хуримтлуулах шаардлагатай гэдэг. Иймээс ч гадаад худалдааны балансыг аль болох эерэг байлгах, гадагшаа аль болох ихийг экспортлоод гаднаас аль болох бага импортлох, гадаад худалдаа хязгаарласан гаалийн хатуу бодлого баримталж байв. Нэгэнт баялаг хязгаартай гэж ойлгох тул хязгаарлагдмал баялгийн төлөө улс орнууд хоорондоо дайтан Европын орнууд Ази, Америк, Африкийг колоничлох түрэмгий бодлого хэрэгжүүлж, харин дотооддоо цалингийн түвшинг аль болох доод түвшинд барих, хэрэглээг хязгаарлах зэрэг арга замаар аль болох дотооддоо мөнгөн хуримтлал үүсгэхэд чиглэж байв. Дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгох зорилгоор аж үйлдвэржилтийн бодлогыг төрийн идэвхитэй оролцоотойгоор хэрэгжүүлдэг байсан цаг үе. Харин энэ үед Адам Смит “Үндэстнүүдийн баялаг” номоороо баялагийн тухай ойлголтыг цоо шинээр томьёолжээ. Тэрээр үндэстнүүдийн баялаг гэдгийг алт мөнгө биш харин хөдөлмөр хэмээн тодорхойлов.

Хөдөлмөр. Хөдөлмөрлөх тусам орлого нэмэгдэнэ, нөгөө талд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэх тул мөн хэрэглээ өснө. Гадаад худалдааг чөлөөлснөөр бараа бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл тэлэх тул эргээд үндэстний баялгийн хэмжээ өснө. Зах зээл тэлэх тусам хөдөлмөрлөх боломж өсөн нэмэгдэнэ. Нийт орлогыг хэрэглээ болон хадгаламж гэж хоёр хуваан авч үзээд хадгаламжийг “капитал” гэж анх удаагаа томьёолсоноор цаашид “капитализм” хэмээх ойлголт бий болох суурийг тавьжээ.  Хөдөлмөрийн хуваарийн тухай ойлголтыг мөн гаргаж тавьсан бөгөөд хөдөлмөрийн тухай ойлголтод бас нэгэн чухал хэсэг бол хотын оршин суугчид болон хөдөөгийнхний харилцаа юм. Адам Смитийнхээр хөдөө аж ахуй, газар тариалангийн нийгэмд хүнс болон үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлдэг бол хотынхон үйлдвэрлэлийн хэрэгсэл нийлүүлдэг. Хотынхон үйлдвэрлэлийн хэрэгслийг улам бүр боловсронгуй болгохын зэрэгцээ түүхий эдийг боловсруулж хөдөөгийнхөнд нийлүүлдэг.  Зөвхөн нийгэм дотор төдийгүй нийт ард түмний хувьд хөдөлмөрийн хуваарь байх шаардлагатай тул гадаад худалдааг гаалийн төрөл бүрийн дарамт шахалт, төрийн оролцооноос чөлөөлөх шаардлагатай гэжээ. Түүний дурдсан усан үзмийн жишээ үүнийг тодорхой тайлбарладаг. Шотландад хүлэмжинд усан үзэм ургуулаад дарс нэрэх боломжтой ч Францад усан үзмийн тайлбайд бага зардлаар усан үзэм ургуулаад түүгээр дарс нэрсэн нь зардлын хувьд хямд тусна. Францууд усан үзэм, Шотландууд хонины ноосны аж үйлдвэр хөгжүүлэн, гадаад худалдааг чөлөөтэй хөгжүүлснээр зах зээлийн оролцогч бүх талуудад ашигтай болсон. Смитийн хөдөлмөрийн хуваарийн тухай ойлголтыг Давид Рикардо улам боловсронгуй болгон хөгжүүлж “Харьцангуй давуу талын онол”[2]-ыг боловсруулжээ.

Смит Францын физиократ эдийн засагчдын тайлбарыг цааш хөгжүүлэн эдийн засаг хүний биетэй адил өөрийн гэсэн “цусны эргэлт”-ийн системтэй бөгөөд энэ системд  үндэстний хангалуун амьдралын эх сурвалж нь хөдөлмөр болохыг харуулсан.

Үл үзэгдэгч гар. Зах зээлийн оролцогч талууд бүгд өөр өөрийн хувийн сонирхолдоо хөтлөгдөн үйл ажиллагаа явуулахад төрийн ямар нэгэн оролцоогүйгээр ард түмнүүдийн хангалуун амьдралыг бүтээх боломжтой гэсэн зах зээлийг зохицуулагч “Үл үзэгдэгч гар”-ын тухай онолыг Адам Смит гаргаж ирсэн билээ. Адам Смит тухайн улс орны түүхэн нөхцөл болон эдийн засгийн харилцаанаас хамаараад төр хэлбэршдэг гэж үзсэн. Иргэншлийг анчин, малчин, хөдөө аж ахуйн болон арилжааны гэсэн дөрвөн үе шатаар дамжин хөгждөг бөгөөд эдийн засгийн үе шат ахихад төрийн хэлбэр мөн өөрчлөгддөг гэсэн. Түүхэн нөхцөл улс төр, эдийн засгийн харилцаанд нөлөөлдөг гэснээрээ социологийн салбар, цаашилбал Карл Марксын диалектик материализмын эхлэлийг тавьжээ.

Эдийн засгийн зүгээс бусад салбаруудад үзүүлж буй нөлөөллийг судлахын тулд нийтлэг хөрвөгч зүйл байна гэж үзсэн нь зах зээл дээрх үнэ болон үнэ цэнийн тухай ойлголтод хүргэдэг. Хэрэглэгчид зах зээлийн үнэ дээр тулгуурлаж худалдан авалт хийдэг ч зарим бараа бүтээгдэхүүн үнэ цэнээсээ хэт дээгүүр, эсвэл хэт доогуур байдаг. Үйлдвэрлэлийн бүх зардлын нийлбэр буюу өртөг нь түүхий эдийн үнийг тодорхойлогчийн буюу Адам Смитийн өөрийнх нь хэлснээр “татах хүч”[3]-ний үүргийг гүйцэтгэдэг. Зах зээлийн үнэ бараа бүтээгдэхүүний өртөг рүү дөхөж байвал зах зээлийн систем хэвийн ажиллаж байна гэж үзнэ. Ийнхүү зах зээлийн оролцогч бараа бүтээгдэхүүний үнийг өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой байвал тэр зах зээлийг төгс чөлөөт зах зээл хэмээн тодорхойлсон.[4]

Үнэ цэнийн тухай тайлбарлахдаа Адам Смит очир эрдэнэс болон усны жишээг татсан байдаг. Ус хэдийгээр амин чухал ч гэлээ, хаа сайгүй байдаг олдоц элбэг. Харин очир эрдэнэс маш ховор тул солилцох үнэ цэнэ нь өндөр. Ийнхүү хэрэглээний үнэ цэнэ болон солилцооны үнэ цэн гэсэн ойлголтыг томьёолсноор хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй эсэх төдийгүй, мөн ховор эсэх дээр тулгуурлан шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хоёр хүчин зүйл хоёулаа субъектив бөгөөд хувь хүний нөхцөл байдал, сонголтоос хамаарна. Тиймээс Адам Смит хаа ч үйлчлэх хүчинтэй үнэ цэнийн чиглүүлэгч хүч бол хөдөлмөр гэсэн бөгөөд “хөдөлмөр гэдэг бүх түүхий эд, бараа бүтээгдэхүүний солилцооны үнэ цэнийг тодорхойлох жинхэнэ хэмжүүр мөн”[5] гэжээ.

Түүний тодорхойлсон арилжааны нийгэмд хүмүүсийн хэрэгцээ нь харилцан бие биеэ нөхдөг, өөрөөр хэлбэл хүмүүсийн мөн чанар нь хоорондоо “эд зүйлсийг наймаалцах, солилцох сонирхолтой” холбогдоно. Иймээс ч ”махны худалдаачин эсвэл талхчин хэн ч бай, бидний хоолыг бэлдэж өгөх зорилготой биш, харин өөрийн сонирхолдоо хөтлөгддөг.”[6] Тиймээс ч бид тэдний хүнлэг сэтгэл биш, өөрийгөө гэх сэтгэл, бидний хэрэгцээ биш, харин өөрийнх нь ашиг сонирхол цаана нь явж байгааг хардаг. Ёс суртахууны философийн хувьд энэ бол цоо шинэ, хувьсгалч хандлага байлаа. Хувийн сонирхол гэдгийг нүгэлт ичгэвтэр зүйл гэж үздэг байсан бол эсрэгээрээ хувийн сонирхлоо дагаснаараа нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах тул харин ч хувийн сонирхлыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэв. Бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нь зөвхөн хувийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй цаана нь хөдөлмөрийн хүмүүсийн орлогод эерэгээр нөлөөлнө гэдгийг илэрхий болгож өгснөөрөө зах зээлийн “үл үзэгдэх гар” бол ёс суртахууны хаа ч хүчинтэй нийтлэг зүй тогтол буюу Адам Смитийнхээр бол “байгалийн логик”[7] хэмээн тодорхойлсон. Байгалийн юмс үзэгдэл өөрийн гэсэн зүй тогтлоор явагддагтай адил хүний нийгэм мөн зүй тогтол дээр тулгуурлах тухай онолоо тэрээр 1759 онд “Ёс суртахууны онол” номондоо бичсэн байдаг.

Харин “үл үзэгдэгч гар”-ын тухай Адам Смит эдийн засгийн онолын номондоо ганцхан удаа дурдсаныг судлаачид янз бүрээр тайлбарладаг. Нэг хэсэг нь түүнийг моралын онолдоо энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан, тиймээс дахин давталгүй шууд эдийн засгийн онолын асуудлууд дээрээ ажилласан гэж үздэг бол, нөгөө хэсэг нь түүний энэ хоёр номыг хоорондоо огт уялдаагүй бөгөөд эдийн засаг ёс суртахуунаас хамааралгүй өөрийн гэсэн “зах зээлийн хууль”-д захирагдана гэж үздэг. Энэ асуултад хариулахын тулд түүний онолын гол цөм болсон “хувийн сонирхол” хэмээх ойлголтыг авч үзье.

Хувийн сонирхол. Адам Смитийн тодорхойлсон хувийн сонирхол (self interest) хэмээх ойлголт амин хувиа хичээх үзэл буюу эгоизмээс ялгаатай. “Ёс суртахууны онол” эхлэхдээ “Хүн хэдийгээр хувиа хичээдэг ч гэлээ, бусдын жаргал зовлонг хуваалцах чадвартай. Бусдын жаргалтай байхыг харах хүнд өөрт нь аз жаргалыг мэдрүүлдэг бөгөөд энэ хүний мөн чанарт агуулагдах зарчим, зүй тогтол”[8] гэсэн байдаг. Хүн нийгмийн амьтан учраас бусдын төлөө гэх сэтгэлтэй (sympathy) гэдэг нь Адам Смитийн ёс суртахууны онолын суурь үндэслэгээ юм. Бусдын төлөө гэх сэтгэл хэмээх ойлголт алтруизм буюу өөрийгөө золиослох чадвар хэмээх ойлголттой холбоотой. Хүн өөрт нь огт хамаагүй танихгүй хүнийг аврахын төлөө гал ус руу орох тохиолдол үнэхээр гардаг. Эгоизм, алтруизмын аль аль нь хүн дээр илэрдэг тул хүний нийгэм бусдын төлөө гэх сэтгэл буюу “Ёс суртахууны онол”-д тодорхойлсноор симпати дээр тулгуурлан хамтын нийгэм бүрэлддэг гэжээ. Адам Смитийн симпати хэмээх ойлголт нь өнөө цагийн эмпати гэсэн ойлголттой дүйцэх аж.[9] Бусдын үйлдлийг ажиглахдаа өөрийгөө тухайн хүний оронд тавьж төсөөлөх чадварынхаа ачаар хүн тухайн үйлдлийг ёс суртахууны хувьд сайшаах эсвэл буруушаадаг. Хүмүүс бусдаар сайшаагдахыг хүсдэг бөгөөд харин буруушагдахаас зайлсхийдэг тул нийгмийн хэм хэмжээ ийнхүү нэгэн нийтлэг болон бүрэлддэг. Төсөөлөх чадвар, цаашилбал хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас өөрт тулгарсан ёс суртахууны асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй. Асуудал тулгарахад гүн амьсгаа аваад тайвшрах нь асуудлаа хөндлөнгөөс харах гэсэн оролдлого. Гэсэн хэдий ч хүн хэзээ ч бүрэн төгс хөндлөнгийн ажиглагчийн дүрд орж чаддаггүй. Тухайн хүний сэтгэл зүйн хүчин зүйлүүдээс гадна нийгмийн хүчин зүйлүүд ямагт нөлөөлж байдаг. Мөн үүссэн нөхцөл байдлын талаар хэр сайн мэдээлэлтэй байгаа нь чухал үүрэгтэй. Иймээс өнөөгийн бидний хэрэглэж хэвшсэн “үг хэлэх эрх чөлөө” гэдэг ойлголттой төстэй “холбоо харилцааны эрх чөлөө” гэсэн ойлголтыг томьёолжээ. Нэгэнт хүмүүсийн төрөлх чанарууд харилцан адилгүй тул бүх нийтийн боловсролын тогтолцоогоор дамжуулан хүн хүнээ гэх сэтгэлийг хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон байдаг. “Боловсролгүйгээр хүмүүс уур хилэн, атаархал, үзэн ядалт, өш хонзонд автан бие биеэсээ хөндийрдөг бол хүнлэг, энэрэнгүй зан, нөхөрлөл, хайр, хүндлэл хүмүүсийг хооронд нь ойртуулж, хүний нийгмийг нэгэнлиг, хамтын шинжтэй болгодог.“[10]

Адам Смитийн ёс суртахууны онолд мөн ертөнцийг бүтээсэн логик болох бурхан хуулийн тухай байдаг. Сайн сайхны хуулинд захирагдсан бүхнийг сайшааж, зөрчвөл харин шийтгэдэг “үл үзэгдэх гар” шударга ёсыг сахиулж байдаг гэжээ. Шударга ёс гэдэг хүний мөн чанарт байдаг бөгөөд нийгмийн тулгуур үндсэн зарчим гэж үзсэн. Адам Смитийн энэхүү онол зарим талаар орчин үеийн шинжлэх ухаанаар батлагдаж эхэлсэн.[11] Хүн сармагчин дээр хийсэн туршилтуудын үеэр ижил нөхцөлд тэжээж байгаа сармагчингуудад ялгаатай жимс өгөхөд бага жимс авсан нь маш сөрөг хариу үйлдэл үзүүлж байсан бол нөгөөд нь илүү өгсөн жимсийг буцааж аван сармагчин бүрт оногдох жимсний тоог тэнцүүлэхэд тайвширч байжээ. Аль ч сармагчингийн сүрэг дотор шударга ёсны тухай ойлголт байдаг болохыг судлаачид хэдийн олж тогтоосон төдийгүй бусдын оронд өөрийгөө тавьж төсөөлөх чадвар хүнд төдийгүй сармагчинд хүртэл байдаг нь тархи судлалаар мөн батлагдсан. Нимбэг идэж буй хүнийг хараад шүлс ялгарах, эвшээж буй хүнийг хараад дагаж эвшээх зэрэг нь толин неврон хэмээх тархины эсүүдтэй холбоотой болохыг тархи судлалын судлаачид олж тогтоосон.[12]

Адам Смитийн ёс суртахууны онол мартагдаж, зөвхөн эдийн засгийн онол нь олонд түгсэнийг тайлбарлахдаа зарим судлаачид тухайн түүхэн нөхцөлтэй холбож авч үздэг. Баруун Европ дэлхийг колоничилж, “Атлантын гурвалжин” гэгдэх боолын худалдааны өндөр ашигтай бохир “бизнес”-д төрийн оролцоог хязгаарлах нь тухайн үеийн “бизнес эрхлэгчид”-ийн эрх ашигт онцгойлон нийцэж байсан тул Адам Смитийн эдийн засгийн онол онцгой их дэмжлэг авсан байх магадлалтайг зарим судлаачид тэмдэглэдэг. Түүхэн нөхцөл байдлаас үл хамаараад ёс суртахууны философичийн бүтээлүүдийг нийтэд нь авч үзэх шаардлагатай болохыг хөдөлмөр,  “үл үзэгдэх гар”, хувийн сонирхол гэсэн гурван суурь ойлголтын жишээн дээр харуулахыг зорилоо.

Эдийн засгийн өрсөлдөөн, зах зээл гэдэг байгалиас заяагдсан зүйлс биш, харин газар зүйн байрлал, түүхтэй нягт уялдаатай, тухайн орны нөхцөл байдал, соёл зэрэгтэй нийцүүлэн зохион байгуулах боломжтой гэдгийг Адам Смитээс хойш английн философич, улс төрийн эдийн засагч Жон Стюарт Милл зэрэг олон олон философичид судлаж бичсэн байдаг[13]. Нэгэнт байгалийн хууль шиг тэгшитгэл, томьёогоор яв цав илэрхийлэх боломжгүй, маш олон хүчин зүйлийг, тэр дундаа тухайн ард түмний соёл, үнэт зүйлс, хүсэл тэмүүллийг хүртэл харгалзан үзэх шаардлагатай салбар тул зөвхөн эдийн засагчид бус мөн ёс суртахууны философичид энэ чиглэлээр нарийвчлан судлах шаардлагатай юм.

Ашигласан материал

Adam Smith: “Inquiry into the nature and cause of the wealth of nations”, London 1776

David Ricardo: “On the principles of political economy and taxation”, 1817

Jack Russell Weinstein:”Adam Smith’s pluralism”, Yale, 2013

Adam Smith: “Theory of moral sentiments”, London 1759

Frans de Waal: “Good natured: The origins of right and wrong in humans and other animals”, Harvard University press, 1997

Giacomo Rizollatti: “Mirrors In The Brain: How Our Minds Share Actions and Emotions. New York: Oxford University Press, 2008

[1] Adam Smith: “Inquiry into the nature and cause of the wealth of nations”, London 1776

[2] David Ricardo: “On the principles of political economy and taxation”, 1817

[3] Adam Smith: “Inquiry into the nature and cause of wealth of Nations” I.vii.15, 1776

[4] Adam Smith: “Inquiry into the nature and cause of wealth of Nations”  I.vii.6, 1776

[5] Adam Smith: “Inquiry into the nature and cause of wealth of Nations” I.v., 1776

[6]Adam Smith: “Inquiry into the nature and cause of wealth of Nations” I.ii.2., 1776

[7]Adam Smith: “Inquiry into the nature and cause of wealth of Nations” IV. 2.9., 1776

[8]Adam Smith: “Theory of moral sentiments”, III.2.5., 1759

[9] Jack Russell Weinstein:”Adam Smith’s pluralism”, Yale, 2013

[10] Adam Smith: “Theory of moral sentiments”, III.2.5., 1759

[11] Frans de Waal: “Good natured: The origins of right and wrong in humans and other animals”, Harvard University press, 1997

[12] Giacomo Rizollatti: “Mirrors In The Brain: How Our Minds Share Actions and Emotions. New York: Oxford University Press, 2008

[13] John Stuart Mill, John Stuart Mill: Principles of Economy with some of their Applications to Social Philosophy , 1848

 

Эх сурвалж: bayartsetseg.mn


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4318

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%