Нийтлэл 04 сарын 10, 2017

ТЕХНОЛОГИ: 2020 оны Токиогийн олимпоор танилцуулах технологийн бүтээлүүд

1964 онд Японы анхны олимп Токиод болох үед Шинкансен буюу дэлхийн хамгийн анхны хурдны галт тэргийг танилцуулж байсан бол ирэх 2020 оны зуны Олимпын наадмын үеэр маш олон шинэ технологиудыг танилцуулахаар зохион байгуулагчид төлөвлөж байна. 2020 оны Токиогийн Олимпод 207 орны 12,000 гаруй тамирчид оролцох юм. Японы Засгийн газар Олимпын нийт зардлыг 13-15 тэрбум ам.доллар болохоор тооцож байгаа аж. Олимпын үеэр өнөөгийн шилдэг технологиудыг хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлсэнээ танилцуулах ба эдгээр технологиудтай танилцъя. 

ЖОЛООЧГҮЙ ТАКСИ

Японы программ хангамжийн компани DeNA болон роботын ZMP компаниуд Robot Taxi Inc. компанийг жуулчид, тамирчдыг Олимпын стадионд хүргэх зорилготой байгуулжээ. Одоо жолоочгүй таксинуудыг Токио хотын иргэд туршиж үзэж байгаа ба ухаалаг утсаараа таксиг удирдаж болох аж.

ЗАМГААР АЖИЛЛАДАГ АВТОБУС, НИСЭХ ОНГОЦ

Японы авиа компаниуд 40 гаруй компаниуд, Засгийн газар, Токиогийн их сургууль зэрэгтэй хамтран замгаар ажилладаг нисэх онгоц, автомашин бүтээх гэж байна. Хэдийгээр замаг үнэтэй түлш ч гэсэн нүүрс хүчлийн хийг 70%-иар бууруулах боломжтой юм байна.

“УСТӨРӨГЧИЙН" ХОТХОНУУД

Устөрөгчөөс эрчим хүч гаргаж аван Олимпын хотхонуудыг хангах зорилготой төслийг Японы засгийн газар хэрэгжүүлж байна. Энэ хотхонд устөрөгчийн хөдөлгүүртэй 100 автобус тамирчдад үйлчлэх ба бүх байшин устөрөгчийн эрчим хүчийг ашиглах аж. Засгийн газар 330 сая ам.доллар энэ төсөлд мөн 385 сая ам.долларыг Тоёотагийн шинэ Mirai загварын устөрөгчийн хөдөлгүүртэй машины үнийг бууруулахад зориулж байна. 2025 он гэхэд 100,000 ийм төрлийн машинтай болохоор зорьж байгаа аж.

8K НЯГТРАЛТАЙ НЭВТРҮҮЛЭГ

Японы төрийн NHK телевиз Олимпын наадмыг 8K буюу 7,680x4,320 нягтралтай хүргэхээр төлөвлөж байна. Sharp болон NHK 2020 он гэхэд хэрэглэгчдэд ийм нягтралтай дүрс бичлэг хүргэх боломжтой телевизийг хэрэглээнд нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.

ОЛОН ХЭЛНИЙ ОРЧУУЛГЫН ТӨХӨӨРӨМЖ

Дэлхийн 206 орны тамирчид цуглахаар төлөвлөж буй учир хэлний саад бэрхшээлийг хөнгөвчлөхөөр ажиллаж байна. Энэ чиглэлд Panasonic компани Япон хэлийг 10 хэл рүү шууд болон буцааж орчуулах төхөөрөмж дээр ажиллаж байна. Мөн 27 хэлээс орчуулах VoiceTra аппликейшнийг хөгжүүлж байгаа аж.

ХИЙМЭЛ СОЛИРЫН ШОУ

Японы сансрын технологийн старт-ап ALE хиймэл солирын шоуг Олимпын наадмын үеэр зохион байгуулахаар ажиллаж байна. Тэд сансарт куб хэлбэртэй микро-хиймэл дагуул хөөргөх ба тэд агаар мандалд нэвтрэх үед солирын бороо шиг харагдах аж. Энэ төслийн нийт зардал 4 сая ам.доллар болох юм.

СУПЕР-ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ

Соронзон технологи дээр явдаг Maglev төрлийн хурдны галт тэргийг Олимпын наадмын үеэр танилцуулах юм байна. Өмнө жил туршилтын үеэр энэ галт тэрэг 601 км/цагийн хурдтай явж чадсан байна. Засгийн газар Токиогоос гадна Осака хотод 2045 гэхэд энэ галт тэргийг явуулахаар төлөвлөж байна.

5G УТАСГҮЙ СҮЛЖЭЭ

Олимпын наадмын үеэр олон зуун мянган жуулчин хүлээж авах тул гар утасны сүлжээний технологийг сайжруулах шаардлагатай байгаа аж. Японы хамгийн том утасны оператор DoCoMo 5G сүлжээг нэвтрүүлэхээр Nokia-тай хамтарч ажиллаж байна. 5G сүлжээ нь секундэд 2 GB мэдээлэл дамжуулах хүчин чадалтай байх аж. Харин одоо ашиглагдаж буй 4G сүлжээ секундэд 300 MB мэдээлэл дамжуулах хүчин чадалтай билээ. 

РОБОТЫН ХОТХОН

Олимпын тамирчдын хотхонд тамирчдад туслуулахаар роботуудыг байрлуулах аж. Тэдгээр роботууд тамирчдад орчуулга болон тээврийн хэрэгсэлээр зорчиход туслах аж.

Сэтгэгдэл бичих

arrow icon