Нийтлэл 04 сарын 11, 2017

ТЕХНОЛОГИ: Фэйсбүүк амиа хорлолтын эсрэг арга хэмжээ авч эхэллээ

Амиа хорлолт нь 15-29 насны хүүхэд залуусын үхлийн гол шалтгааны нэг болоод байна. Хүмүүс тэр дундаа өсвөр үеийнхэн лайваар буюу шууд бичлэг хийж амиа хорлох үзэгдэл хэд хэд гарсны улмаас Фэйсбүүк амиа хорлох үйлдлийн эсрэг арга хэмжээ авч эхэллээ.

3 дугаар сарын 1-ний өдөр Фэйсбүүк компаниас “фэйсбүүк лайв”-ын тохиргоонд амиа хорлох үйлдэл гаргахаас сэргийлэх арга хэмжээ авах болсон гэдгээ зарласан. Мөн АНУ-ын Амиа хорлолтоос Сэргийлэх Үндэсний Сүлжээ, “Crisis Text Line” нэртэй сэтгэл санааны дэмжлэг үзүүлж мессеж илгээдэг байгууллага гэх зэрэг сэтгэл зүйн тусламж үзүүлдэг байгууллагаас лайв-чат хийж сэтгэл санааны тусламж үзүүлэх юм.

Мөн Фэйсбүүк хиймэл оюун ухаанаар дамжуулан хэн нэгний фэйсбүүкт тавигдсан пост, комментуудад өөрийгөө гэмтээх болон амиа хорлох шинж тэмдгүүдийг олж илрүүлэх тест явуулж байгаа юм. Фэйсбүүк энэ ажлын гол зорилго бол тусламж хэрэгтэй нэгнийг тусалж чадах хүмүүстэй холбож өгөх явдал юм гэжээ.

Нэгдүгээр сард Фэйсбүүк лайваар 14 настай охин, 33 настай жүжигчин залуу тус тус амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Мөн 2016 оны 10 дугаар сард найз охиндоо хаягдсан нэгэн турк залуу фэйсбүүк дээр лайв хийж байгаад амиа хорложээ.

Фэйсбүүкийн ерөнхий захирал Марк Зукерберг: “Маш эмгэнэлтэй хэргүүд гарлаа. Харамсалтай нь хэрэв хэн нэгэн юу болж байгааг мэдээд цаг тухайд нь мэдээлсэн бол тийм зүйл хийхээс нь өмнө сэргийлж болох байсан” гэж фэйсбүүк хэрэглэгчдэд хандсан мэдэгдэлдээ дурдсан байна. Амиа хорлолтоос сэрийлэх мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний эцэст Фэйсбүүк лайв бичлэг хийж буй болон түүнийг үзэж буй хүмүүст хандсан урьдчилан сэргийлэх тохиргоог гаргахаар шийдвэрлэжээ.

Тийнхүү өөрчлөлт хийгдсэнээр фэйсбүүкийн хэрэглэгчид амиа хорлох талаар лайв хийж буй хэн нэгэн найзынхаа бичлэг рүү шууд хандаж мессеж илгээх, бичлэгийг фэйсбүүкт репорт хийх боломжтой болж байгаа юм. Бичлэгийг репорт хийсэн хүнд фэйсбүүкээс тусалж болох эх сурвалжийн мэдээллийг явуулна. Бичлэг хийж буй хүнд ч тухайн эх сурвалж харагдана. Мөн “Хэн нэгэн танд яг одоо онцгой тусламж хэрэгтэй гэж үзээд биднээс туслахыг гуйлаа” гэсэн мессеж гарч ирнэ. Бичлэг хийж буй хүн найз руугаа хандах, тусламжийн төвд хандах, сэтгэл зүйн зөвлөгөөг уншихын аль нэгийг сонгох боломжтой.     

Амиа хорлох шинжтэй байгааг мэдэгдсэн хүнд мөн амиа хорлох гэж буй хүнтэй хэрхэн ярих талаар зөвлөгөө илгээгдэх ба сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнтэй шууд холбож өгөх юм. Мөн амиа хорлохыг завдаж буй хүний найзтай чатаар холбогдож тусламж гуйж болно.

 Эх сурвалж: usatoday.com 

Сэтгэгдэл бичих

arrow icon