Нийтлэл 04 сарын 17, 2017

ОЙРЫН ҮЕИЙН ОФФШОРЫН АСУУДЛУУД

Оффшор данстай улс төрчдийн эсрэг Ард түмний онц зөвлөл (АТОЗ) шаардлага хүргүүлж болон зарим жижиг нам, улс төрчид хамтран жагсав. АН-ынхан оффшорын асуудлаас болж С.Баярцогтыг Үндэсний бодлогын зөвлөлд дэвшүүлсэнгүй. УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газарт оффшорын эсрэг тогтоолын төсөл боловсруулахыг үүрэг болгон оффшор данстай хүн төрийн албанд байж болохгүй гэж мэдэгдэв. Эндээс бараг бүх улс төрийн хүчнүүд оффшорын эсрэг байр суурьтай мэт харагдаж байгаа боловч оффшорын асуудлыг шийдэх үйл явцийг хэн удирдаж өөрсдийн талд ашигтай шийдвэрлэх вэ гэдэг нь өнөөгийн улс төрийн зангилаа асуудал болоод байна.

Оффшорыг хамгаалах бүтэлгүй оролдлого

С.Баярцогтын оффшор данс илэрсэн дуулианаас хойш оффшор данс бол бизнес, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хувийн нууц гэх мэтээр хүний эрх, эдийн засгийн асуудлын хүрээнд оруулан хамгаалах гэж үзсэн, нөгөө талаас энэ талын ойлголт Монголчуудад хомс байсан учир эсэргүүцэл цөөн хүнд ноогдож, тэдний хүч харьцангуй сул байв. Ингээд хэдэн эсэргүүцэгчдээ популист гээд дуудаж байтал Панамын баримтууд дэлгэгдсэн нь эсэргүүцэгчдэд ёс суртахууны болон улс төрийн зөвтгөл олох боломж нээгээд өгөв. Дэлхийн цөөнгүй орнуудын төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор данс илэрч яаж балраад байгааг тэд харж байв. Яаж огцорсон, шийтгүүлснийг иш татахад олон хуудас дүүрэхээр болов, гол нь тэд оффшорт буй хөрөнгийг эргүүлэн татах шаардлага тавьж байв. Оффшорыг хамгаалагчид болон эрх баригчдад олигтой зөвтгөл үлдээгүй учир оффшорыг дэлхий даяараа эсэргүүцсэн ийм уур амьсгалд шахаанд орж оффшорын асуудлыг шийдэх шаардлагатай болов.

“Цэвэрхэн” намын төлөө

Өмнөх сонгуулиар З.Энхболд Панамын баримтуудад МАН-ынхан “олонхи” байсныг ашиглан С.Баярцогтыг дэвшүүлэхгүй гэж мэдэгдэн сонгуульд “цэвэрхэн” орчихъё гэж санасан ч Сэлэнгэ аймгийн АН-ын хороо С.Баярцогтыг дэвшүүлчихэв. Харин сая С.Эрдэнийн үед намаасаа жинхэнээсээ жийгдэв. Одоо МАН-ын дарга М.Энхболдын хөдлөх ээлж. Тэрээр улс төрийн хүчнүүдийн жагсаалаар шахуулж оффшорын эсрэг төсөл боловсруулахыг Засгийн газарт үүрэгдэх гэж буй бололтой. 2017 оны 3-р сард боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийн дагуу бол “Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн татах” агуулгатай байхыг Засгийн газар даалгахаар байна.

Уг төслийн дагуу оффшор данстай хүн шийтгүүлэх маш тодорхой нэг шалгуур байна. Хэрвээ ямар нэг шийтгэлгүй өнгөрье гэвэл хөрөнгө нь “хууль ёсны байх” буюу хадгаламжийн эх үүсвэр нь хуулинд нийцэх ёстой болж байна. Мэдээж хууль ёсны эсэхийг Засгийн газар шалгаж, дүгнэнэ. Ингэвэл МАН-ынхан оффшор данстай байсан ч зүв зүгээр “шалгагдаад” гараад ирж болно. Оффшор дансны баримтыг шалгахад хүндрэлтэй талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлыг хэсэг мэдэгдэв: “Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын мэдээллээр Монголын 49 иргэн оффшор бүсэд данстай байгаа тухай мэдээлэл ил болсон...Одоогоор нэр дурдсан хүмүүсийг шалгах ажил үргэлжилж байгаа ч оффшор бүсийн орнуудын хууль, эрх зүйн орчин чанга тул мэдээлэл авахад хүндрэлтэй байна” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд намынхаа оффшор данстануудаа аврах гэж байгаа хэрэг үү? Энэ төсөлд буй шийтгэл нь ердөө л төрийн албанаасаа чөлөөлөгдөх. АТОЗ болон бусад улс төрийн хүчнүүдийн хууль бус хөрөнгө орлогыг нь “эргүүлж татах”, хариуцлага тооцох тухай юу ч алга. Чухам энд асуудлын зангилаа буй.

Дөрөвдүгээр сарын 13-ны УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “оффшорын эсрэг хууль” батлав. Батлагдсан хуулийн дагуу бол хэрвээ оффшор данстай бол 3 сарын дотор мөнгөө эргүүлэн татаад 30 хоногийн дотор мэдүүлэх ёстой гэжээ. Энэ заалт хууль батлагдсаны дараа үйлчилнэ. Гэтэл хууль батлагдахаас өмнөх оффшор данс нь илэрсэн хүмүүс "үлдчихэв". Чуулганы үеэр өмнө нь баримт нь дэлгэгдсэн 49 хүнийг яах талаар асуух сөхөөтэй гишүүн байсангүй. Харин Ц.Даваасүрэн гишүүн С.Баярцогтыг яах вэ гэж асуув. Хэрвээ өмнө нь оффшорын баримт нь дэлгэгдсэн хүмүүс ямар нэг хуулийн хариуцлага хүлээлэлгэхгүй гэвэл оффшорыг эсэргүүцэж буй улс төрийн хүчнийхэн эрх баригчидтай санал нийлэхгүй нь гарцаагүй. Энэ хууль батлагдсаны дараа ямар ч оффшор данстай хүн төрийн албанд “илрэхгүй” бол энэ хууль сайн хууль болсон гэсэн үг биш. Нүдэн дээр нь хууль батлагдаж байхад оффшор дансаа хаалгүй суугаад байх хүн олдохгүй. Харин “хулгайчдыг нуусан, өршөөсөн” гэж хэлэх ард түмний дургүйцлийг хүргэх болно.

Цаашдаа М.Энхболд оффшор данстай хамааралтай улс төрчдийг шалгах АТОЗ болон бусад улс төрийн хүчнүүдийн шаардлагыг хүлээн авч оффшорыг шийдэх “хөнгөн” аргаасаа ухарч болно эсвэл өөрийнхөөрөө ч шийдэж болно. Хэрвээ шаардлагыг хүлээн авбал намынхаа бүлэглэлүүдтэй хагаралдах ба ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гэж байгаа бол үүн шиг гай гэж байхгүй. Хэрвээ эсэргүүцэгч улс төрийн хүчнүүдтэй тохиролцож чадахгүй эсэргүүцлийг нь үргэлжлүүлэх аваас мөн л ерөнхийлөгчийн сонгуульдаа гай үлдээнэ. Оффшорын асуудал өмнөх сонгуулиар МАН-ын суудлыг багасгаагүй ч одоо ерөнхийлөгчийн сонгуульд хоосруулах потенциал оффшорын асуудалд бий. Өөрөөр хэлбэл нийгмийн уур амьсгал аль хэдийн оффшорын эсрэг эргэчихсэн.

Хэрвээ М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд дэвшинэ гэвэл өөрийг нь сонгуульд ялуулах найдвартай намын удирдлага хэрэгтэй ба олон асуудал чирэлгүй, “цэвэрхэн” сонгуульд орох хэрэгтэй. Тохирох хүмүүсээ олж, сонгогдож чадвал М.Энхболдын оффшорын асуудлыг УИХ эсвэл намдаа үлдээж болно. Гэхдээ тэр болтол хэр тэсч чадах вэ?

Зохион байгуулалтын хугацаа

Оффшорын асуудлын потенциалыг ашиглахад бэрхшээл бий. Гудамжинд буй улс төрийн хүчнүүдэд байнгын зохион байгуулалт, олон нийтийн бодит дэмжлэгийг цуглуулах нь тулгамдсан асуудал байсаар ирсэн. Одоо бол оффшорын асуудлыг ямар ноцтой вэ гэж ойлгуулахаас илүүтэй яавал эрх баригчдад илүү хүчтэй нөлөөлж чадах вэ, дэмжигчид ямар нөлөө үзүүлж чадах вэ гэдэгт хариулж олон нийтийг уриалах боломжтой. Эсэргүүцэгч улс төрийн хүчнүүд шаардлагаа нэгтгэж, илүү хүчтэй улс төрийн аргуудыг хэрэглэвэл илүү үр дүнд хүрнэ. Үнэндээ сүүлийн үеийн жагсаал, цуглаанууд хангалттай хүмүүсийг цуглуулж чадахгүй байна. Шинэ, илүү үр дүнтэй улс төрийн арга хэрэглэхгүй бол захиалгатай, шантааж гэх хардлагаас үүдсэн идэвхгүй байдлыг гэтэлж олон нийтийг татаж чадахгүй байна. 

Одоо гудамжинд буй улс төрийн хүчнүүд богино хугацаанд нөлөөллийн хүрээ болон хүчээ хэр их өргөсгөж чадах вэ гэдгээс эрх баригчдын халаа сэлгээ ба ойрын үеийн улс төр тодорхойлогдоно.

Сэтгэгдэл бичих

arrow icon