Нийтлэл 04 сарын 17, 2017

Геополитик: Солонгосын хойгт ДАЙН дэгдэх магадлал 50 хувиас бага

Балба Улсад явагдсан энхийг сахиулах ажиллагааны сургуульд оролцож ирээд зав багатай ажил ихтэй өдрүүд өнгөрлөө. Энэ хугацаанд Хойд Солонгостой холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нүүрномоор дүүрчээ. Ялангуяа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хойд Солонгосчууд 6 дахь удаагийн цөмийн туршилт хийнэ/хийхгүй эсвэл үүнтэй холбогдуулан АНУ-аас тус улсад цэргийн хүчээр цохилт өгнө/өгөхгүй гэсэн сэдэв нэлээд газар авсан харагдана. Энэ талаар өөрт байгаа мэдээллээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр БНАСАУ-г үндэслэгч Ким Ил-Сангийн/манайхан оросыг дуурайж түүний нэрийг Ким Ир Сен гэж буруу бичиж, дууддаг/ мэндэлсэн 105 жилийн ой болж байгаа ба энэ өдрийг хойдчууд "нарны өдөр" гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд түүний мэндэлсэн өдрөөр Хойд Солонгосчууд дэлхий дахинд өөрсдийн цэрэг, зэвсгийн хүчин чадлыг үзүүлдэг уламжлал тогтоод байгаа. Энэ жилийн хувьд сүрлэг цэргийн парад явагдсанаас гадна шинээр тив алгасагч баллистик пуужинг олон улсад анх удаа үзүүллээ.

АНУ болон Хойд Солонгос хоёр улсын хооронд сөргөлдөөн гарах болсон шалтгааныг хойдчууд цэргийн хүчин чадлаа бэхжүүлэх ажлыг тасралтгүй явуулж цуврал пуужингийн туршилтууд хийснээс гадна 6 дахь удаагийн цөмийн туршилт хийж магадгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн америк болоод барууны улс орнуудын тайлбар юм. Харин Хойд Солонгосчууд болохоор "Өөрсдийнх нь газар нутагт халдлага хийх гэж байгаа америкчуудад үхлийн цохилт өгч цөмийн дайн эхлүүлэхэд бэлэн байгаа," тухай арай өөр тайлбар хийж байгаа. Үр дүнд нь америкчуудын "стратегийн тэвчээр" барагдсан бөгөөд хэлэлцээрийн ширээн дээр байж болох бүхий л хувилбаруудыг тавьсан байгаа ажээ.
Гэхдээ энэ явдал болохын өмнөхөн 2017 оны 4 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд АНУ-д болсон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёр уулзсаныг та бүхэн мэднэ. Уулзалтын үеэр америкчууд хятадаар дамжуулан Хойд Солонгост цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс татгалзуулахад шахалт үзүүлэх оролдлого хийсэн. Харамсалтай нь энэ бүхэн амжилтгүй болж америкчуудад солонгосын хойг дахь стратегийн зорилгоо биелүүлэхэд цэргийн хүч хэрэгсэл ашиглахаас өөр сонголт үлдээгүй гэсэн "мессеж"-ийг дэлхий нийтэд түгээж байгаа юм.
Хэлсэн үгэндээ эзэн болж чадна гэдгээ нотлох зорилгоор АНУ-ын Тэнгисийн цэргийн "Карл Винсон" цохилтын бүлэглэл Японы Кюши арлын баруун талд хүрэлцэн ирж байрлаад байгаа. Энэхүү цохилтын бүлэглэлд "Томагавк" пуужингаар зэвсэглэсэн цөмийн хөдөлгүүртэй шумбагч завинууд багтаж байх магадлал өндөр байна.
2017 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р.МкМастерт Хойд Солонгосоос заналхийлж болох аюулыг бүрэн зайлуулах боломжтой хувилбар боловсруулах үүрэг өгсөн. Америкчууд цөмийн пуужин харвах бүрэн боломжттой энэ улстай нүүр тулахдаа тун нухацтай хандаж байгаа нь ойлгомжтой байна. Тийм учраас энэ хоёр улсын цэрэг зэвсгийн хүчин чадлыг харьцуулж нэг харья.
Америкчуудын цэргийн боломж: Хэрвээ АНУ нь Хойд Солонгосын эсрэг дайралт хийхээр шийдсэн бол түүний шаардагдах цэргийн хүч хэрэгсэл Солонгосын хойгт хангалттай бий. Тухайлбал Японы Ёкосукад АНУ-ын тэнгисийн цэргийн 7 дугаар флот байрлаж байгаагаас гадна газар суурилсан 70 мянган гаруй америкийн цэргийн алба хаагчид Япон болон Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр байрлаж байна. Түүнчлэн Гуам дахь АНУ-ын нисэх хүчний баазад байрлаж буй "Б-52", "Б-1", "Б-2" загварын стратегийн бөмбөгдөгч онгоцнуудыг байлдааны ажиллагаанд ашиглаж болно. АНУ-ын цэргийнхэн одоо Солонгосын хойд буй өөрийн цэргийн хүчээр Хойдчуудын эсрэг агаарын бөөгнөрүүлсэн цохилт хийх, газар болон агаарын замаар цэргийн хүч оруулах боломжтой юм. Үүнээс гадна хойдчуудын удирдагч нарыг мөшгөх, цэргийн тусгай хүчний дайчид ашиглан тус улсын цөмийн байгууламжийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зэрэг бусад хувилбаруудыг хэлэлцэж байгаа билээ.
Хойд Солонгосын байлдааны боломж: Сүүлийн жилүүдэд хойд солонгосчууд цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч байсны үр дүнд гадны зэвсэгт халдлагаас өөрийгөө хангалттай хэмжээнд хамгаалах хүчин чадалтай хэмээн тооцогдож байгаа. Хойд Солонгос ойролцоогоор 1 сая цэрэгтэй байгаа нь өмнөд Солонгосын цэргээс тооны хувьд даруй 2 дахин их юм. Түүнчлэн хойдчуудад 4,2 мянган танк, 4,1 мянган хуягт тээвэрлэгч, 2,4 мянган пуужин харвагч зэрэг зэвсэг, техник бий. Хойдчуудын нисэх хүчинд 944 нэгж онгоц, нисдэг тэрэг байгаагийн 458 нь байлдааны сөнөөгч онгоцнууд юм. Тэдний тэнгисийн цэрэг нь эргийн хамгаалалтын 211 нэгж усан онгоц, 70 нэгж шумбагч завь, 5 нэгж байлдааны усан онгоцтой юм.
Хэрвээ америкчууд Хойд Солонгост цэргийн хүчээр цохилт өгвөл хойдчуудын хариу цохилтод хамгийн түрүүнд өртөж хохирол амсах улс орнууд бол Өмнөд Солонгос болон Япон хоёр юм. Хэдийгээр Хойд Солонгосчуудад 1000 км-ээс алс зайд нисэх боломжтой пуужин байгаа хэдий ч дөнгөж 30-хан км-ийн хажуудаа буй "бай"-нуудаа түрүүлж устгахаа мэдэж байгаа байлгүй дээ. Нөгөө талаар байлдааны ажиллагаа нэгэнт эхэлбэл одоогийн Хойд Солонгосын дэглэм нурах ба үүнийг одоогийн эрх баригчид хүсэхгүй байгаа нь тодорхой. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд Солонгосын хойгт дайн дэгдэх магадлал 50 хувиас бага гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon