Нийтлэл 04 сарын 20, 2017

ИЙМ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ БАЙНА: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг цөөн өгүүлбэрээр

УИХ өнгөрсөн онд Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлахдаа банк санхүүгийн системийн нээлттэй ил тод байдлыг хангах, гадаадын банкны салбар нээн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай тусгасан. Иймээс Монгол Улсад гадны банк үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох, хөрөнгө оруулалтын суваг нээхэд чухал нөлөөтэй гэж үзэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. 

Монгол Улсад гадаадын банк санхүүгийн байгууллагууд дотоодын банканд хөрөнгө оруулж, хувь эзэмших хэлбэрээр нэвтэрсэн байдгаас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны 8 банк нь гадаадын хөрөнгө оруулалттай, 3 банк гадаад банкны хувьцаа эзэмшилтэй байдаг.

Эерэг нөлөө юу вэ?

  • Гаднын банкны салбарыг дотоодод хууль эрхзүйн боловсронгуй зохицуулалттайгаар нээн ажиллуулах нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, олон улсын санхүүгийн зах зээлийн интеграцид нэвтрэх боломж олгоно.
  • Богино хугацааны хадгаламжид суурилсан санхүүгийн эх үүсвэр бүхий өрөөсгөл байдлаар хөгжиж ирсэн манай банкны захын тогтолцоог засч, хөрөнгийн хоёр дахь зах руу капиталын урсгалыг нэмэгдүүлнэ.
  • Гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөн, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгоно.
  • Гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт бий болно.
  • Аж Ахуй Нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, банкны хүүг бууруулахад гадны банкны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.
  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг сайн баталж чадвал бид гадаадын банк орж ирэхээс айх шаардлагаггүй болно.
  • Монгол Улсад гадаадын банк хэрхэн яаж үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин энэ хуулиар илүү боловсронгуй болно.

Сөрөг нөлөө юу вэ?

  • Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, даатгалын зуучлагч, андеррайтер, кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар байгаа нь хөрөнгийн зах зээл хангалттай хөгжөөгүй Монгол Улсын хувьд эрсдэлтэй.
  • Гадаадын банканд зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөхөд чиглэгдэж байгаа ч эрхлэх үйл ажиллагааны хүрээ нь хэт өргөн байгай юм.
  • Бүрэн хяналтдаа байлгаж чадахгүй бол банкны салбарт хүч тэнцвэргүй өрсөлдөөн бий болж, дотоодын банкны үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon