Нийтлэл 05 сарын 01, 2017

Эр хүний 13 мэх буюу сонгогдох тактик

Есүй үнэхээр сайхан бүсгүй. Араас нь олон залуу гүйдэг. Есүй эр хүний 13 мэхийг багаасаа л мэдэрч өссөн.

Цэцэрлэг, сургуульд байхад хөвгүүд гоё чихэр, печень, ундаа өгнө. Мэх-1 гэе. Ходоодоор нь найрах гээд байсан хэрэг. Арай том болонгуут мэссэж бичнэ, нэгж явуулна, Мэх-2 гэе. Карматай нь ярьж, сайхан үг харамгүй өгч уяраах, панаалдах санаатай. Кино, тоглолт, жүжигт урина, Мэх-3 гэе. Зургийг нь олоод авчихсан, календарь, аяган дээр хэвлүүлж бэлэглэнэ, мэндчилгээний хөөрхөн үг бичихээ мартахгүй, бэлэг сэлт барьж гүйнэ, багын армаанчик хөвгүүд хөөрхөн л дөө. Энэ нь Мэх-4. Бүх зүйлээрээ төгс харагдахыг хичээнэ, тэр үс зүс, боловсрол, гарал угшил сүүпэр, тусламж гуйхад ямар ч асуудлыг зохицуулахад хэзээд бэлхэн, Мэх-5. Эдгээр жаалхүү стилийн мэхнүүд бол Есүйд л аятайхан сэтгэгдэл төрүүлж, шууд зөвшөөрүүлчих гэсэн аргууд. Есүй энэ төрлийн мэхнүүдийг аль хүүхэд байхаасаа мэддэг болчихсон, одоо сэтгэл нь хөдлөхгүй болсон.

******** Мэх-6

Есүйгийн найз Халиунаа хэзээ ч хаанаас ч ямар ч мэдээллийг олчихдог, заримдаа давс, перецээр амтална. Гүйгээд байсан Хашаа гэх залууг хятадын эрлийз хурлийз болохыг олоод мэдчихсэн, Есүйд уламжилсан. Нүүрномноос нь гэрийнхэнтэйгээ авахуулсан зургийг нь харахад …, Халиунаа багцаатай л хэлнэ дээ ... Хашаа царайлаг, сайхан залуу ч bye bye болсон доо.

******** Мэх-7

Бас хэдэн жилийн өмнө Есүйгийн араас гүйдэг байсан Төвшөөгийн талаар Халиунаа хаанаас ч юм олоод мэдчихсэн, “... дайлж цайлаад байсан мөнгөө хаанаас олдог юм, ангийнхаа хонхны баярын мөнгийг голруулчихсан гэсэн, ойлгомжтой ш д, аягүй бол тэр мөнгөөрөө даасан байх ...” гэсэн. Төвшөө мэдээж bye bye.

******** Мэх-8

Есүйгийн араас нилээн идэвхитэй гүйсэн Золоогийн бүдэг ганц зураг мөн л bye bye болоход хүргэсэн. Золоо бодно: “... хааяа хичээл асуудаг охины төрсөн өдөрт хацар дээр нь үнссэнийг арай эвгүй дарчихсан байгаа юм. Ирсэн хүмүүс дунд Есүйгийн араас гүйдэг Сүлдээгээс салдаггүй савсганасан нэг гар байсан. Тэрний хийсэн ажил, үнэндээ Сүлдээ новшийн байгаа байхгүй юу ... За гайгүй ээ, Сүлдээ чи одоо ганцаараа шаанстай биш гэдгээ мэдэж байгаа ш д, Дөлгөөн, Билгээ хэн хэн эднүүс байгаа ш д. Дөлгөөнтэй би нийлж байгаад Дөлгөөн+Есүй гээд Сүлдээ чи хоосон, харин би Есүйгийн найз Ундраатай. Ундраа ч давгүй хөөрхөн охин шүү ...“.

******** Мэх-9

Дөлгөөн, Сүлдээ, Золоо, Билгээ нар эхэндээ бие биенээ ганц нэгээр нь шоглочихдог, байтугай дарамт шахалтад ч оруулдаг байсан. Гэвч энэ хойгуур нь Есүйг “дэл сул” залуус эргүүлчих гээд, өөр залуутай хоолонд орж харагдана, хааяа хүргүүлж энэ тэр. Мань 4 хоорондоо сайндаж тохиролцоогүй ч, бие биенээ ил шоглохоо больсон. Есүйтэй хамт явж харагдсан ямар ч дэл сул залууг дөнгөчихөө хэнээр ч нэг заалгахгүй. Есүйг хүргэж өгсөн нэг залуугийн машины дугуйг хагалчихна, дарамтлах, гүтгэх, өөр охинтой танилцуулах, өөртөө элсүүлэх ... гэх мэтээр бүтэн компанит ажил л гэсэн үг. Дэл сул залуус ч байдлыг мэддэг болчихсон, ганц нэгээрээ хааяа аз таараад Есүйтэй холбогдсон биш юу ч үгүй гөвүүлнэ, санаа байвч сачий дутна, ганцаардаж хүчгүйднэ гэдгээ мэднэ. Энэ аргууд нь олон янз хэлбэртэй тул бөөндөөд л Мэх-9 гэчихсэн нь дээр. Хүчтэй байж л шаанс нэмэгдэнэ ш дээ.

******** Мэх-10

Дөлгөөн, Сүлдээ, Золоо, Билгээ нар дөрвүүлхнээ биш, юу гэж ганц ганцаар байх вэ дээ, хаана ч дагаад явдаг, харцаар ойлголцдог цаанаа хэдэн сайн нөхөдтэй, асаалттай танкууд л гэсэн үг. Есүй болон түүний найз охид хаана юу хийсэн, хэнтэй уулзсан, танилцсан, бүгдийг мэдээлнэ, Есүйгийн найз охидоос мэдээллийг авна ч, тэдэнд мэдээллийг хүргэнэ ч. Есүйгийн зарим найз ганц Сүлдээ, Дөлгөөнд ч биш, Золоо, Билгээд мөн давхар мэдээлэл цэвэрхэн хүргэж давхар очкоов авна. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээг андахгүй. Мэдээлэл сайтай байж л шаанс нэмэгдэнэ ш дээ.

******** Мэх-11

Танкууд заримдаа паржигнанаа. Танкууд өөр танкуудтай хамт санамсартай, санамсаргүйгээр манаргах үе бий. Заримдаа ч мань дөрөв хоорондоо яаж зүгээр байхав, бие сул, нялцгай эсвэл нилээн чанга найзыгаа өөрийнхөө оронд шоглуулах, өөрөөр хэлбэл өөрсөд дотроосоо элдэвлэх, хавханд өгөөш тавихаа мэдэхтэйгээ. Үүгээрээ бас өөрийн асаалттай танкууддаа сүр хүчээ мэдрүүлж байгаа байхгүй юу. Есүйгийн найз охид болохоор тэрний тэр найз аягүй сонин, тэгсэн ингэсэн байна лээ, тэр өөрөө харин тун дажгүй юм билээ ч гэх шиг. Рекламдаж байж л шаанс нэмэгдэнэ ш дээ.

******** Мэх-12

Олон залуу Есүйгийн араас гүйх ч мань дөрөвт шаанс арай өндөр, гэхдээ одоо Золоо хасагдаад, Дөлгөөн, Сүлдээ, Билгээ гурав үлдсэн. Билгээ өмнө нь Есүйтэй хальт үерхэж байсан болохоор зарим нэг нь жийрхдэг юм, гэхдээ охидууд тэгж байгаад их зантай ш дээ, одоо эргэж нийлэх нь юу л бол. Тэгэхээр Сүлдээ, Дөлгөөн хоёр л өндөр шаанстай болж байгаан. Сүүлийн үед Сүлдээ, Билгээ хоёр хааяа тааралдаад байгаа, юу ч ярьдаг юм? Харин Дөлгөөн, Золоо хоёр тохиролцоогоо хийчихсэн. Аль алиндаа ашигтай хамтарч байж л шаанс нэмэгдэнэ ш дээ.

******** Мэх-13

Нэгэнт л Есүй ганц залуу сонгох нь ойлгомжтой тул Сүлдээ, Дөлгөөн хоёр нөхцөл байдлыг ярилцаагүй биш ярилцсан, хуйвалдаан ч байж мэднэ. Сонголт Есүйгээс хамаарах ч тэр хүртэл зөндөө мэх хийх, түүнээс цааш ч зөндөө зай ч байна, лай ч байна. Сайн тохиролцож асаалттай танкуудыг ч хоосон хоцроохгүй дүрэмтэй. Хамтаараа сайн тооцоолж байж л шаанс нэмэгдэнэ ш дээ.

 

Есүйгийн найз охидоос мэдээлэл ирсэн. Цаадах чинь ганцаар байсаар залхаж байна, цагаан сараар хамаатнууд байнга нөхөр нэхээстэй, 20 ч хол давчлаа, араас гүйгээд байгаа залуучууд зөндөө байна л даа, муу залуутай суувал 30 хүрэв үү үгүй юу гялс шааригдчихна, сайнтай суувал өнгө ороод улам л жавхаажна ... гэсэн байна шүү.

Мэх-14, 15 ... гэж байлгүй яадаг юм. Үс урттай байлаа гээд бүсгүй хүн 13-хан мэхэнд уярлаа юу? Эр хүн 13-хан мэхтэй байлаа юу?

 

Сэтгэгдэл бичих

arrow icon