ШИНЖЛЭХ УХААН: Биохакер гэж хэн бэ?

Биохак гэдэг бол бидний амьдралд томоохон өөрчлөлт авчирч болох цоо шинэ практик. DIY biology буюу өөрөө хийх биологи гэсэн нэр хэдийн авчээ. Ихэвчлэн их сургуулийн бус жижиг лабораторит туршилт хийнэ. Ургамлын ДНХ тухайн ургамлын ургалтанд хэрхэн нөлөөлдөг, өөр эх сурвалжаас гени шилжүүлэн ургамлыг хэрхэн гэрэлтдэг болгох вэ зэрэг туршилт хийж болно. Туршилтыг заавал их сургуулийн судалгааны үнэтэй лабораторт хийх шаардлагагүй. Хямд төсөр багаж хэрэгсэл ашигладаг бөгөөд ebay-д биохакд зориулсан хэрэгслүүд хэдийн зарагдаад эхэлжээ. Мөн голчлон ДНХ, гентэй холбоотой туршилт хийдэг аж. 

Калифорнийн Берклэй дэх биохакер хийх боломж олгодог Био-лабораторыг ажиллуулдаг Рон Шигетагийн хэлж буйгаар бол биохак гэдэг нь биологийн шинжлэх ухааныг өөрийн сонирхлоор гүнзгийрүүлэн судлах эрх чөлөөг олгодог гэжээ. Өөрт сонирхолтой санагдсан учраас л эцсийг нь хүртэл "тултал" нь судлая гэсэн сониуч зандаа хөтлөгдсөн хүний хийх зүйл юм.

Жишээлбэл Дэйв Аспрэй гэх компьютерийн сүлжээний хамгааллаар мэргэшсэн залуу өөрийгөө биохакер гэж нэрлэх болжээ. Тэр өөрийн биеийг хакердахыг оролдож эхэлсэн байна. Дэйв Аспрэй: “Биохакт хоёр зорилго бий. Эхнийх нь өөрийн биеийн гадна байгаа зүйлд буюу ерөнхий биологит өөрчлөлт оруулах. Жишээ нь эсийг, амёбыг өөрчлөөд ургамлыг харанхуйд гэрэлтдэг болгож болно. Дараагийнх нь буюу миний ихэнх цагаа үрдэг хэсэг нь өөрийн биологийг өөрчилж, өмнө нь хэзээ ч хянах боломжгүй байсан өөрийн биеийн системийг хянах боломжтой болох явдал юм.” гэжээ.

Биохакер Дэйв Аспрэй тархины урд хэсгийн цусан хангамжийг цахилгаан гүйдлээр ихэсгэж, тархины танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг өөрийн бүтээсэн төхөөрөмжийг танилцуулж байгаа нь.  

Биохакаар дамжуулан ямар асуудлыг шийдвэрлэж болох вэ?

1998 онд New Yorker сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбумтан Билл Гэйтс: “Би хэн нэгэн граждаа цоо шинэ зүйлийг зохион бүтээж байх вий гэхээс айж байна” гэжээ. Дараа жил нь Ларри Пэйж, Сергей Брин нар граждаа Гүүглийг бүтээсэн байдаг. Гэйтсийн зөгнөл үнэн байж.    

Харин өнөөдөр нэгэн шинэ технологи “гражийн нээлт”-ээр дамжуулан дэлхийг өөрчлөхөө зарлаад байна. Тэрхүү нээлтийн хэрэглэгдэхүүн нь програм хангамж боловч Майкрософт, Гүүглээс шал өөр ойлголт. Уг технологи компьютер, интернэтээс ч илүүтэйгээр дэлхийг өөрчлөх магадлалтай байна.

Хакерууд кодыг тайлдаг шиг биохакерууд ч мөн адил зүйл хийдэг. Гагцхүү амьдралын кодыг эвдэж, дахин бичдэгээрээ л ялгаатай юм. Тэд бүхий л амьд организмуудын програм болсон ДНХ-д суурилан ажилладаг. Осциллоскоп буюу цахилгаан хүчдэлийн оптик дүрслэлийг дэлгэцээр харуулдаг аппаратанд Quake хэмээх тулаант видео тоглоомыг тоглох оролдлогыг компьютерийн инженер хийдэг бол биохакерууд цахилгаан хэмнэх зорилгоор гэрэлт цохын ДНХ-ээс авч тасалгааны ургамлыг гэрэлтдэг болгож болно.

Бүх амьд оргнизмууд нэгэн өвөг дээдсээс улбаалан гарсан учраас бүгдийг нь биш ч ихэнх генийг хооронд нь сольж, тааруулж болно. Тийм маягаар хакердах боломж үнэхээр байдаг.

Тиймээс хэрэв дараагийн удаа хэн дэлхийг өөрчлөх бол гэж бодож байгаа бол энэ дэлхийн хаа нэгтээ граж дотор устай онгоц, хуванцар цахилгааны эд анги мэтийн хямд төсөр материалыг ашиглан ДНХ-гийн хэсгүүдийг салгаж буй хоёр эмэгтэйг хайх хэрэгтэй биз ээ. Мэдээж амьдралын чухал зүй тогтлоор наадагч тусгай зөвшөөрөлгүй, замбараагүй хакерууд зарим тохиолдолд аюулын харанга дэлдэж байж болно. Гэхдээ тэднээс гарч болох ач тус хэд дахин илүү юм. Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг биохакердаж хэрхэн шийдэж болох талаар бид аль болох томоор харах хэрэгтэй. Нэг талаас энгийн нэгэн асуудал биологийн дүрмээр тун ярвигтай болж орхидог боловч нөгөөтэйгүүр байж боломгүй зүйл бидний бодож байгаагаас хавьгүй амар хялбар байх нь бий.     

Хэрэв бид нэг л үйлдлээр биологийн төрөл зүйлийг хамгаалж, өлсгөлөнг дарж, таргалалтыг бууруулж, хоол хүнсний шим тэжээлийг ихэсгэвэл яах вэ? Бүтэхгүй зүйл гэж та бодож болох юм. Гэхдээ л энэ бүхнийг хийхэд ганц шинэ нээлт байхад хангалттай.    

Биохакерууд юуг шинээр бүтээж болох вэ?

Биоинженерчлэлийн аргаар  хүмүүсийг фотостинтез хийх боломжтой болгож, нараар хооллох болно гэсэн таамаглалыг олноор дэвшүүлдэг. Энэ санаа ойрын ирээдүйд биелэхгүй нь тодорхой ч бид өөрсдийн гэсэн микроскопын "ногооны талбайг" бий болгож болно.  

Тийм хялбарчилсан хоол физиологийн хувьд боломжтой гэдгийг хэдийн баталчихаад байна. Хоол шингээх боломжгүй ходоод гэдэсний замын Кроны өвчтэй хүмүүст эмчийн жороор олгодог илчлэг бүхий тусгай зориулалтын “Хялбар хоол” гэж байдаг. Нэг өдрийн хэрэглээ нь Амазонд 60 доллараар зарагддаг. Шууд уухад зориулагдсан пакеттэй байдаг аж. Мөн зохион бүтээгч Роберт Райнхартын хийсэн Сойлент хэмээх илүү хямд хоол бий. Аль аль нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан, амт муутай.

Микроскопын бичил ургамлаар дээрх хоол тэжээлийг бий болгох боломжтой. Микроб бол дэлхий дээрх организмуудаас бодисын солилцооны хувьд хамгийн хурдан хувьсан өөрчлөгддөг, хурдан ургадаг, түгээмэл организм юм. Идэх хоол хүнсгүй, өлсгөлөнд нэрвэгдэгсдийг энэ хоол аврах болно.  

Энэхүү “ид шидийн хоол”-нд хамгийн ойр дөхөж очих хүнс бол Спирулина юм. Спирулинаг ногоон замагнаас гаргаж авсан бөгөөд хүний өдөрт авах ёстой илчлэгээс хэтэрсэн хэмжээний илчлэг агуулсан байдаг. Амт нь гэвэл бас л муухан.    

Хүмүүс биохакеруудаас Сойлентээс бага үнэтэй, гэртээ ургуулж болохуйц, илчлэгийн зохистой найрлагатай, амтлаг хоол тэжээлийг бүтээж өгөөсэй гэж хүсч байна.    

 

 

Эх сурвалж: pbs.org, aeon.co 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%