Нийтлэл 04 сарын 27, 2017

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ: Албан тушаалтнуудыг гүтгэсэн гэсэн асуудлыг эрүү болон зөрчлийн хуулиас авч хаямаар байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбоотой байр сууриа илэрхийллээ.

Түүний хэлсэн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.

"ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХДАА ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛ ДЭЭР АНХААРЧ ОРУУЛЪЯ. ТӨРИЙН БАРИХ ГОЛ БОДЛОГО ИРГЭДИЙГ ЯЛЛАХ, БУРУУТГАХ БИШ ЭРХИЙГ НЬ ХАМГААЛАХ ТАЛЫГ БАРЬЖ  ЧИГЛЭЛЭЭР АНХААРЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ"

Монгол Улсын нүд чих болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хааж боох тухай ямар нэгэн заалт байж болохгүй гэдэг дээр онцгой анхаарах ёстой.

Цахим орчинд бас хяналт тавих тухай ярьж байна. Үүнийг техникийн хувьд шийдэх бүрэн боломжтой. Гэтэл хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэх нь буруу. Торгох нэмэх саналаа татаж авахаар үндсэн санал нь үлдчихэж байгаа. Тиймээс үндсэн саналыг ч оруулах ёсгүй гэж бодож байна. 

Аливаа асуудлыг шууд торгоно, шийтгэнэ гэж болохгүй. Албан тушаалтнуудыг гүтгэсэн гэсэн асуудлыг эрүү болон зөрчлийн хуулиас авч хаямаар байна.

Улс төрийн албан тушаалтнууд өөрсдийгөө тойрсон ёс зүйн хуулиудыг батлах хэрэгтэй. Бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн төлөө улс төрийн албан тушаалтны гомдол гаргах эрхийг ч хасах ёстой гэж боддог. 

Улс төрийн албан тушаалтанд олон нийттэй барьцах, тэдний дуу хоолойг хаах үйлдэл хийж болохгүй. Улс төрийн албан тушаалтан өөрийгөө хичээж ажиллахад л болно.

Олон нийтийн шүүмжлэл гэдэг тухайн хүний ажлыг нь сайжруулах нэг механизм болдог юм. Үнэхээр гүтгэлэг  гэж үзэж байгаа бол тухайн албан тушаалтан гараад мэдэгдэл хийх бүрэн боломжтой.

"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬ  БОЛ ГАДААДЫН БАНК МОНГОЛ УЛСЫН ГАЗРЫГ БАРЬЦААЛАХ ЭРХИЙГ ОЛЖ АВНА ГЭСЭН ҮГ. ЭХЛЭЭД БАРЬЦААЛНА, ДАРАА НЬ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР ӨМЧӨӨ БОЛГОЖ АВНА"

Монгол Улсын бие даасан байдалд ноцтой аюул учрах эрсдэлтэй учраас үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Гишүүд үндэсний эрх ашиг дээрээ нэгдэх ёстой. Бүр болохгүй бол Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөр ярилцаж хэлэлцүүлгийг хойшлуулах ёстой гэж үзэж байна.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хувьд далдуур Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр заалтууд багтсан байна гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байна. Гэтэл тэдний асуусан асуултад тодорхой, оновчтой тайлбарыг хууль санаачлагчид болон Ажлын хэсгийнхэн өгөхгүй байгаа шүү.

Ер нь гадаадын банкинд зөвшөөрөл олгохоор болбол Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж өмнө нь ярьж тохирсон байгаа шүү. 

Энэ бол гадаадын банк монгол улсын газрыг барьцаалах эрхийг олж авна гэсэн үг. Эхлээд барьцаална, дараа нь зээлээ төлж чадахгүй болохоор өмчөө болгож авна.

Сэтгэгдэл бичих

arrow icon