Зөвлөлдөх ардчиллын зөрчил

Монгол улсад анх удаа төрийн хэмжээнд зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах болов. Олон хүмүүс харахдаа иргэд хэлэлцэх асуудлаар бүрэн ойлголт, мэдээлэлтэй болж оролцсоноор оновчтой шийдэл гаргана гэж буй. Гэвч олон нийтийн улс төрийн ухамсарыг улс төрчид тодорхойлсоор ирсэн ба тэд өөрт ашигтай үедээ л иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тухай ярьдаг.Энэ удаа иргэдийн оролцооны талаар төсөөлөхөд өөдрөг үр дүн харагдахгүй л байна.

Зохион байгуулалтын зөрчил

Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулагчид нэгдүгээр шатанд 1570 өрхөөс нэг хүн сонгон авч судалгаа аван хоёрдугаар шатанд 785 хүнийг цуглуулан хэлэлцүүлэг явуулж ахин судалгаа явуулах ба орон нутаг болон нийслэлээс тэнцүү тооны хүмүүсийг оролцуулахаар зохион байгуулжээ. Иргэд асуудлын талаар оновчтой санал гаргаж болох ч “оновчлолыг” иргэд “тохируулахгүй” байж болох зохион байгуулалт хийж болно. Оролцогчдыг 15-аас дээшгүй хүнийг бүлэг болгон хэлэлцүүлж хоёр асуулт асуух журамтай зохион байгуулна. Цөөн хүнтэй бүлэгт хэн нэг хүн санаачлага гарган бүлгийн ерөнхий уур амьсгал, шийдвэрийг тодорхойлж болдог. Ялангуяа орон нутгаас ирж байгаа эсвэл улс төр “сонирхдоггүй” хүмүүс бол санаачлага гаргасан, “яриа” хүмүүсээ эсвэл хотын дээгүүр “байр суурьтай” хүний яриаг дагах хандлагатай байдаг.

Зөвлөлдөх санал асуулгад оролцох хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгоно гэж буй, гэвч зохион байгуулагчдад тухайн хүний санал асуулгын хуудас болон судалгаа авахдаа цуглуулсан оролцогчын мэдээллүүд бий. Харин оролцогч хүмүүсийн мэдээлэл, судалгааны асуулга зэрэг нь олон нийтэд ил тод биш юм. Ийм нөхцөлд ярилцах сэдвийг танилцуулдаг зохион байгуулагчид ямар хүмүүсийг оруулахаа сонгон хэлэлцэх асуудал хаашаа чиглэж дуусахыг тодорхойлж болно. Судалгаа авсан хүмүүсээс улс төр “сонирхдоггүй” буюу бусдыг үзэл бодлыг дагах аястай эсвэл намын дэмжлэгээр ангилан “зориуд” сонгосон хүмүүсийг хэлэлцүүлэгт оруулж болно.

Мөн хэлэлцүүлгийн үр дүнгийн чиглэлийг тогтоох өөр нэг аргыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн ажлыг дүгнэсэн “Ардын үг” зөвлөлдөх аяны үеэр хэрэглэсэн. Зохион байгуулагчид ерөнхийлөгчийн найман жилийн хугацаанд хийсэн олон ажлуудыг сурталчилж оролцогчдод эхнээс нь эерэг сэтгэгдэл төрүүлэх зорилго тавьсан.  Тэд олон нийт сайн мэдэхгүй, сонсоогүй зарлиг, шийдвэрүүдийг танилцуулан асуудлын эерэг тал руу бүх мэдээллийг “овоолно”. “Овоолсон” мэдээллийг хэлэлцсээр яриа тэр хэсэгтээ хашигдаад дуусах хандлагатай болно. Хэрвээ “Ардын үг” үнэхээр ардын үг байсан бол ард нь түрүүлж үгээ хэлээд ерөнхийлөгч нь дараа нь хэлэх байсан.

Монголд 2015 онд ирж байсан Жэймс Фишкин “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” (УИХ-ын гишүүн Г.Занданшатар орчуулсан) гэдэг зөвлөлдөх ардчиллын тухай номондоо Хятадын Венлинг хотод дэд бүтцийн төслийн талаар зөвлөлдөх санал асуулга явуулсан тухай бичжээ. Хэлэлцүүлгийн үеэр хотын боловсролтой, чанга дуугардаг хэсэг нь л хэлэлцүүлгийн уур амьсгалыг тодорхойлсон ба ямар ч бодитой шийдэл эсвэл шийдэлд хүрэх арга боловсруулаагүй зөвхөн санал солилцсон төдий л зүйл болжээ. Манайхаас ялгаатай нь тэд дэд бүтцийн бэлэн 30 төсөл хэлэлцэж 10 төсөл сонгох байсан бол манайд үндсэн хуулийн бэлэн төсөл дундаас биш урьдчилан тогтсон “хоосон” асуултуудаас бүрдэж буй.

Дүгнээд хэлбэл дээрх зохион байгуулалтын зөрчлүүд иргэдийн оролцоог хангасан гэсэн болгон харагдаж байгаа шигээ “бодитой” дүн гаргадаггүй ба иргэдийн оролцсон л бол төгс, зөрчилгүй байна гэсэн үг биш юм.

Иргэний танхим уу? Зөвлөлдөх ардчилал уу?

Ардчилсан хувьсгалаас хойш иргэдийн оролцоог нэмэгдүүлэх янз бүрийн арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжив. Гэвч иргэдийн бодит оролцоо өссөн биш буурсан үр дүнтэй. Сонгуулийн оролцоо сонгууль тутамд буурч, жагсаал цуглаанд цөөн хэдэн идэвхитэнээс өөр хүнгүй, иргэд улс төрөөс залхсан байдалтай.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн нэг төсөл нь “Иргэний танхим” юм. Иргэний танхим шийдвэр гаргагч төрийн албан тушаалтнуудыг иргэдтэй холбох зорилготой бүтэц. Гэтэл одоо иргэний танхимд ерөнхийлөгч өөрөө л хүн цуглуулж асуудал хэлэлцэнэ үү гэхээс өөрийн санаачлагаар очдог хүн ховор. Иргэний танхим болон зөвлөлдөх санал асуулга нь давхардсан зорилготой. Хоёулаа иргэдийн оролцоог төрийн шийдвэр гаргах түвшинд хангах. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх шатны байгууллага зөвлөлдөх санал асуулгыг өөрийн “үзэмжийн” асуудлаар зохион байгуулах боломжтой. Гэтэл бэлэн иргэний танхимийн бүтэц байсаар байтал яг адилхан хүмүүс цуглуулж санал авах бүтэц тогтоох нь утгагүй юм.

Улс төрчид тодорхой шийдвэр, хөтөлбөрөө иргэдийн дэмжлэгтэй хэмээж түүндээ дулдуйдан хэрэгжүүлэх гэж зүтгэдэг. Жишээ нь Ч.Сайханбилэг ерөнхий сайд байхдаа “том” төслүүдээ хөдөлгөх үү яах уу гэж марзан асуулт асууж УИХ-д “том” төслүүдээ өөрийнхөөрөө шийдүүлэхээр шахаж байв. Иргэний танхим ч мөн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд хуулиуддаа иргэдийн дэмжлэг татаж өөрийгөө илүү легитим шинжтэй гэдгээ харуулах боломж олгож байв.  

Иргэдийн оролцоо нэмж институти байгуулах болгонд нэмэгдэхгүй. Төрд институти нэмэх биш иргэдийн ухамсарт улс төрд бодит өөрчлөлт авчирч чадна гэсэн ухамсрыг нэмж чадвал улстөрчдөөр заалгахгүй иргэдийн оролцоо нэмэгдэнэ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%