Нийтлэл 05 сарын 01, 2017

ЭКСПЕРТИЙН ДҮГНЭЛТ: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар Хуульч Н. Мөнхцэлмэгийн гаргасан хууль зүйн дүгнэлтийг хүргэж байна. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хөрөнгө оруулалтын банкны тухай” хуулийн төсөлтэй танилцаж дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд:

  1. Хуулийн төсөл нь хэдийгээр “Хөрөнгө оруулалтын банкны тухай” гэсэн нэртэй боловч хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг санхүүгийн тогтолцооны хувьд эзлэх байр суурь, ач холбогдлын хувьд авч үзээгүй:

Олон улсад хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагаа гэдэгт андеррайтинг, хөрөнгө итгэмжлэн удирдах, маркет мэйкинг буюу үнэт цаас тогтмол худалдах, худалдан авах зэрэг үнэт цаас, хөрөнгийн зах зээлтэй холбоотой үйл ажиллагааг ойлгодог.Монгол Улсад эдгээр үйл ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж ирсэн, банк болон банкнаас бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлж болох үйл ажиллагаа юм.

Харин Монгол Улсад мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг санхүүгийн байгууллага буюу олон улсын хэвшсэн нэр томъёогоор зөвхөн “арилжааны банкийг” “банк” гэж тооцдог хэвээр байна. Өөрөөр хэлбэл, одоогийн хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг банкны үндсэн үйл ажиллагаа гэж тооцдоггүй бөгөөд банк шаардлагатай гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аван эрхэлж болдог.

Гэтэл хуулийн төсөлд арилжааны банкны зарим үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн зарим үйл ажиллагааг нийлүүлэн “хөрөнгө оруулалтын банк”-ны үйл ажиллагаа гэж тодорхойлсон нь үндсэндээ Банкны тухай хуультай давхцжээ.

Үүнд анхаарах ёстой нэг асуудал нь банкны үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд үйл ажиллагаа тус бүрээр тусгай зөвшөөрөл авдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын банкны үндсэн үйл ажиллагааг эрхлэхгүйгээр, зөвхөн зээл олгох, батлан даалт, баталгаа гаргах үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авах боломжтой юм. Ингэсэн тохиолдолд “хөрөнгө оруулалтын банк” нэртэйгээр “арилжааны банк”-ны үйл ажиллагааг эрхлэх боломжийг нээж өгч байна.

Хэрэв үнэт цаасны зах зээл дэх хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг цогцоор зохицуулъя гэвэл нэн тэргүүнд түүний санхүүгийн тогтолцооны хувьд эзлэх байр суурь, ач холбогдлыг авч үзэх шаардлагатай бөгөөд үүнийг санхүүгийн тогтолцооны хувьд яригдах шинэчлэлийн түвшинд авч үзэх ёстой.

Харин хуулийн төсөлд “хөрөнгө оруулалтын банк” гэсэн нэр томъёог энэ дүгнэлтийн 2 болон 3-т заасан зорилгоор хэрэглэсэн нь хуулийн төслөөс харагдаж байна.

  1. Хууль санаачлагч хөрөнгө оруулалтын банк гэсэн ойлголтыг зөвхөн гадаад улсын банк монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтрэх арга хэрэгсэлд тооцсон:

Хуулийн төслөөр арилжааны банкны зарим үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн зарим үйл ажиллагааг нийлүүлэн “хөрөнгө оруулалтын банк”-ны үйл ажиллагаа гэж тодорхойлон зохицуулсан нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Банкны тухай хууль тогтоомжтой зэрэгцсэн тогтолцоо бий болгоход чиглэсэн.

Энэхүү зэрэгцсэн тогтолцоо нь хууль санаачлагчийн үзэл баримтлалдаа тодорхойлсноор гадаад улсын банк монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтрэхэд зориулагдсан байна. Үүнийг хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах эрх бүхий этгээдийг зөвхөн гадаад улсын хөрөнгө оруулагч байхаар хуулийн төсөлдөө хязгаарласнаас харж болно. 

Хөрөнгө оруулалтын банк хэмээх санхүүгийн институцийг арилжааны банкны зарим үйл ажиллагааг гадаад улсын банк эрхлэх арга хэрэгсэл төдийхнөөр авч үзэж, үнэт цаасны зах зээл дээр ажиллах үндсэн үйл ажиллагааг дайварт нь хариуцуулах[1] нь бодлогын маш том алдаа болно.

  1. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төсөл хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтыг давтсан, хийдэл ихтэй, тусгасан шаардлагуудыг нь хялбархан тойрч гарах боломжтой, эдийн засаг, хууль зүйн бодлогын хувьд ойлгомжгүй:

Нэг талаас хуулийн төсөл нь гадаад улсын банк Монгол улсад нэвтрэхэд зориулагдсан гэж дээр дурдсан билээ. Хуулийн төслийн үзэл баримтлалд “гадаад банк Монгол Улсад байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг банкны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, компанийн тухай хууль болон Монголбанкны банкны зөвшөөрлийн журам, банкны нэгжийн журмаар зохицуулж байна. Монголбанкны банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй байгаагаас гадна банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах, зөвшөөрөл олгох, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт банкны тухай хууль тогтоомжид одоогоор байхгүй байна” гэжээ.

Гэсэн хэдий ч хуулийн төсөл нь гадаадын банк дотоодын зах зээлд нэвтрэх хууль зүйн ямар ч шинэ арга хэрэгсэл санал болгоогүй төдийгүй Банкны тухай хуулийн зохицуулалтыг давтжээ.

Өөрөөр хэлбэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр банкны үйл ажиллагаа явуулахын тулд Монгол Улсын хуулийн этгээд байгуулахаар тусгасан байна. Гадаадын үүсгэн байгуулагчтай Монгол Улсын хуулийн этгээдэд банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагааг хянах эрх зүйн тогтолцоо Банкны тухай хуулиар зохицуулагдсан харилцаа бөгөөд хууль санаачлагчийн үзэл баримтлалд дурдсанчлан “байхгүй” харилцаа биш юм.

Нөгөө талаас хуулийн санаачлагч нь томоохон хөрөнгө оруулалттай гадаад улсын банкны Монгол дахь үйл ажиллагаанд тусгай шаардлага тавих гэсэн мэт боловч Банкны тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулаагүй цагт хялбархан тойрч гарах боломжтой. 

Зөвхөн нэг жишээ авч үзэхэд, Гадаад улсын хөрөнгө оруулагч хуулийн төсөлд заасан хөрөнгө оруулалтын банкийг 500 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулбал зөвхөн 100 тэрбум төгрөгөөс дээших төслийн банкны зах зээлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, Банкны тухай хуульд заасан арилжааны банкийг 500 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулбал арилжааны /үүнд 100 тэрбумаас доош болон дээших хэмжээний төслүүд бүгд хамаарна/ болон иргэдийн банкны зах зээлд аль алинд нь нэвтрэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр сонголтын алийг ч хөрөнгө оруулагч хийх боломжтой үед зөвхөн эдийн засгийн утгаар нь авч үзэхэд ямар ч энгийн хөрөнгө оруулагч арилжааны банк байгуулах сонголтыг хийх нь ойлгомжтой. Улс төр, гадаад харилцааны өөр хүчин зүйлүүд нөлөөлсөн тохиолдолд хөрөнгө оруулалтын банк байгуулахыг үгүйсгэхгүй.

Эдгээрээс дүгнэхэд, хуулийн төслийг богино хугацаанд, хангалттай боловсруулалт хийлгүйгээр өргөн барьсан байх бөгөөд энэ хэвээр батлах нь олон сөрөг үр дагавартай. Хэрэв гадаадын улсын банк Монгол Улсад нэвтрэх боломжийг олгох бодлогын шийдэл гаргах гэж буй бол хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд бүрэн хийх боломжтой.

 

[1] Хуулийн төслийн 9.1-т “Хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулахад Монголбанкны зөвшөөрөл авна” гэж заасныг болон гуравдугаар бүлэгт хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах зохицуулалт нь бүхэлдээ Монголбанкны хяналтын хүрээнд байгаа зэргээс харж болно.

 

Хуульч Н.Мөнхцэлмэг 

Сэтгэгдэл бичих

arrow icon