Нийтлэл 05 сарын 02, 2017

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: АН-аас зургаан нэр дэвшигч бүртгүүллээ

 

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ өнөөдөр бүртгэж дууслаа. Бүртгэл өглөөний 09.00 цагаас 13.40 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Л.Болд нар бүртгүүллээ. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ нийт гишүүдийнхээ саналаар тодруулна гэдгээ мэдэгдсэн. Тиймээс өнөөдөр нэр дэвшигчид бүртгүүлж, маргааш нийт гишүүдийн дунд дотоод санал асуулга явуулж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна. Олонхийн санал авсан нэр дэвшигчийг тавдугаар сарын 6-нд болох наймдугаар Их хурлаар баталгаажуулах юм.

Намын дотоод сунгаанд оролцхоор бүртгүүлж үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн байр суурийг хүргэж байна.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал:

Энэ алхмыг би өөрийнхөө нэр төрийн төлөө бус Ардчилсан намын нэр хүнд, намын мянга мянган гишүүдийн эрх ашгийн төлөө хийсэн юм. Саяхан болсон манай намын хоёр удаагийн их хурлаас намаа шинэчлэх ажлыг гишүүд та бүхний эрх мэдэлд шилжүүлж, шинэчлэлийн үйл явцыг эхлүүлсэн нь миний итгэл үнэмшил зөв байсныг нотолж байна. Бид түүхэн хариуцлагатай цаг үед тулж ирээд байна. Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий. Учир нь бидэнд эцэг өвгөдийн үлдээсэн, зарим улсад хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, хөдөлмөрч ард түмэн байгаа. Хамгийн гол нь Монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: 

Би Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааг тээгч Батлан хамгаалах, Гадаад харилцааны салбаруудад Ардчилсан намын бодлогоор томилогдон ажиллаж үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн төрийн хэрэгт бэлтгэгдсэний хувьд Монгол нутгийнхаа эрх чөлөөт тавиланг ажиллаж, сурч, бүтээх боломж болгон ашиглана.

Монгол залуус уураг тархи, ухаан бодол, сэтгэлгээгээрээ дэлхийд тэргүүлж, шинэ технологи мэдлэгийг бий болгох үндэс суурийг тавих болно.Ашигт малтмал мал аж ахуйн орноос оюунлаг, мэдлэгжсэн Монгол болон хувирах баттай эхлэл, үзэл номлол, хандлагыг бий болгон Монголоо байх ёстой өндөрлөгт нь хүргэхийн төлөө өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргалаа.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: 

Би нэр дэвших болсон шалтгаанаа зургаан сарын өмнөөс тайлбарласан.  Хамгийн гол нь Монгол улс шиг улс улс шиг болж, ард түмэн маань хүн шиг амьдрах хэрэгтэй байна. 2012 онд Ардчилсан намын дэвшүүлсэн зорилт хараахан хэрэгжиж чадаагүй. Тиймээс хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо чухал. Энэ бүхэнд одоогийн Ерөнхийлөгчийн сонгууль маш чухал үүрэгтэй. Харамсалтай нь түүний дагуу явах нь уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга:

Ардчилсан нам бол том нам. Дотоод дүрмийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сунгаагаар зарлаж байгаа. Энэхүү сунгаанд оролцох гэж өөрийн өргөдлийг гаргасан. Дэмжлэг сайн авах байх гэсэн бодолтой байна. УИХ-д гурван удаа сонгогдсон, Засгийн газарт хоёр удаа орж ажилласан зэрэг туршлагатай. Хөгжлийн томоохон бодлогуудыг судалж, хөндөж тавьж байсан учраас надад давуу тал байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав: 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа шалтгаан бол улс төрч хүний хувьд, энэ намыг байгуулалцаж явсан хүний хувьд, энэ намыг удирдаж явсан анхны даргын хувьд өнөөдрийн цаг үед Ардчилсан намаа төлөөлж, Монгол Улдсын төрийн тэргүүнд өрсөлдөжцаашдаа өөрийн дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлнэ.Энэ цаг үед миний хийх зүйл хэрэгтэй байна гэж дотроо дүгнэсэн. Түүнийхээ дагуу шийдвэрээ гаргалаа.

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан:

Өнөөдөр нийгмийн амьдралд гол үгүйлэгдэж байгаа юм нь хариуцлага, шударга ёс. Үнэхээр маш олон төрийн албан хаагчид зөвхөн төрөөс цалин авдаг мөртөө асар их хэмжээний мөнгийг оффшор дансанд аваачаад хийчихсэн байх жишээтэй. Сүүлийн 20 жилд төрийн албан хаагчид асар их эрүүгийн гэмт хэрэгт өртөж байгаа. Энэ асуудлыг таслан зогсоохгүй бол Монгол Улс нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд унахаар байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж өрсөлдөх ажлыг сонгож явна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon