Нийтлэл 05 сарын 02, 2017

ОУВС-ийн хөтөлбөр Оюутолгой, арилжааны банк хоёроос том асуудал

Б.Жавхлан, З.Нарантуяа нарын гишүүд дотоодын арилжааны банкнуудын ашиг сонирхлыг хамгаалах зорилготой Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль өргөн бариад байгаа тухай “Хужаагаас аюултай хууль буюу Женкогоос аюултай Зи Нарантуяа” зэрэг тэмдэглэлээр хөндсөн. Тэд хөрөнгө оруулалтын банк байгуулахад 500 тэрбум, 100 тэрбум зэрэг мөнгөн дүнгээр босго тавиад зогсохгүй, ОУВС-ийн хөтөлбөрт элсэхэд шаардлагатай хувилбараар төсвийн тодотголыг баталж хэрэгжүүлэх тогтоолын төсөлд томоохон хөрөнгө оруулагчдын мөнгийг дотоодын банкаар дамжуулах заалт сэмхэн нэмчихсэн байжээ.Энэ заалтынхаа тухайд мөн л Худалдаа хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан хөрөнгө оруулагчдад томоохон “дохио” өгсөн гэж мэдээ.мн -д өгсөн ярилцлагадаа дурджээ. “Дохио”-г нь ч Рио Тинто тэргүүтэй том хөрөнгө оруулагчид, ОУВС соргог хүлээж авсан бололтой.

Дөрөвдүгээр сарын 28-нд төлөвлөгдсөн байсан ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын Засгийн газартай тохироод байсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр батлахыг түр хойшлуулсан сураг гарч, шалтгаан нь төсвийн тодотгол батлахад нэмж тусгагдсан мөнөөх заалттай холбоотой гэсэн цуу гарах болов. Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төсөл гэдэгт Оюу толгой, Тамсагийн төслүүдийг онцлон заасан ба Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” ОУВС-д гомдол гаргасан байж болзошгүй аж.

Уг нь Сангийн сайд Чойжилсүрэн алаг нүдээ тормолзуулан байж ОУВС-тай Засгийн газрын түвшинд санал нэгдэлд хүрсэн тухай хэвлэлийн хурал хийж, татвар нэмж тэтгэврийн нас өндөрлөхөд хүрсэн тухай мэдээлэл хийсэн нь сүүлдээ өөрсдөө тийм заалт нэмүүлсэн болж хувираад жаахан онигоо болсон. Гэхдээ л ямар ч гэсэн 4 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн сураг гарч түүнийхээ ачаар 3 сард төлөх 580 сая долларын өрөө дахин зохион байгуулаад Японоос ч мөн тохиролцооны хүрээнд 800 гаруй сая доллар зээлэх тохиролцоо хийж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлага ажиглагдаж байсан билээ. 

ОУВС-тай хийх хэлэлцээр ингээд зогсвол энэ инстүүцийн нэр нөлөөгөөр сэргэх аядаж буй хөрөнгө оруулагчдын итгэл эргээд суларч, олон улсын зах зээлд гаргасан бондуудын хүү нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар гарах эрсдэлтэйгээс гадна, уг хөтөлбөрийн хүрээнд Хятадтай хийсэн своп хэлцлийн хугацаа, Японтой хийсэн зээлийн хэлэлцээр гэх мэт олон талтай харилцах харилцаагаа эргэн харах шаардлага гарна.

Нэг талаасаа дотоодын банкнууд, нөгөө талаасаа ОУВС-д шахагдаж “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” болж хувирсан МАН-ын бүлэг бол ОУВС-тай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлэх бодлоготой байгаа бололтой. Өнөөдөр бүлгийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн заалтыг цуцлах шийд гаргасан сураг байна. ОУВС ба Монголын Засгийн газар хүлээгдсэн ёсоор хамтран ажиллах эсэхийг олон улсад хөрөнгө оруулагчид нүд чих тавин ажиглаж байгааг олон тэрбумын бондын хүүгийн зардлаа хойд хормойгоороо нөхөж яваа Засгийн газраас гадна энэ эдийн засгийн эрүүл мэндээс өөрсдийнх нь үйл ажиллагаа хамаардаг арилжааны банкууд ч мартаж боломгүй.

Сэтгэгдэл бичих

arrow icon