Нийтлэл 05 сарын 03, 2017

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл: халдашгүй, чөлөөтэй байх эрх

НЭГ. ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХ

ОЛОЛТ:

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг хориглосон нь тун дэвшилттэй зохицуулалт юм. Одоогийн мөрдөгдөж буй зохицуулалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэснийг зөрчдөг. Учир нь прокурор шүүгдэгчийн гэм бурууг үндэслэл бүхий, эргэлзээгүйгээр нотолж чадаагүй бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Шүүх мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь төвийг сахих байдлаа алдаж, яллах чиг үүрэг хэрэгжүүлэхэд хүргэдэг. Орос, Латви, Литва, Польш, Унгар зэрэг хуучин социалист тогтолцоотой улсуудад ийм зохицуулалт байсан ч бүгд хуулиасаа халчихсан бөгөөд хууль дээдлэх ёс төлөвшсөн, ардчилсан улсууд шүүхэд ийм бүрэн эрх өгдөггүй. Мөн, яллагдагчийг цагдан хорих хугацааг хуульд хатуу заасан боловч шүүх рүү шилжүүлснээс хойш энэ хугацаа тооцогддоггүй. Иймд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар яллагдагч буюу шүүгдэгчийг хуульд зааснаас илүү, заримдаа хоёр дахин илүү хугацаагаар цагдан хорих нөхцөл үүсч, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөхөд хүргэдэг. Иймд энэхүү буруу практикийг халж байгаа нь тун чухал үзүүлэлт юм.

САНАЛ: Шүүхээс хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг хуучин практикийг сэргээхгүй байх

 

ХОЁР. ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХ

ОЛОЛТ:

  • Төсөлд мөрдөн шалгах ажиллагаа тус бүрийг 2002 оны Эрүүгийн байцгаан шийтгэх хуультай харьцуулахад илүү нарийвчлан тодорхойлж, явуулах журам, дараалал, эрх бүхий байгууллагыг нарийвчлан тусгасан нь ахиц дэвшил юм.

АНХААРАХ АСУУДАЛ:

  • Гэмт хэрэг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүгийн процессын хуульд заасан үндэслэл, журмаар хүний зарим эрхийг хязгаарлах нь зүй ёсны боловч ийнхүү хязгаарлахдаа тэнцвэртэй хандах баталгааг бүрдүүлэх ёстой (Үндсэн хуулийн 1, 19 дүгээр зүйл). Харамсалтай нь, төсөлд ийм баталгаа хангалттай тусгагдаагүй байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт буй халдашгүй чөлөөтэй байх эрхэд хувийн халдашгүй байдал, захидал харилцааны нууцын халдашгүй байдал, гэр бүлийн халдашгүй байдал, орон байрны халдашгүй байдал, өмчийн халдашгүй байдал зэрэг эрх багтдаг учраас эрүүгийн процесс дахь эдгээр эрхийн хамгаалалт нь хувийн эрх чөлөөний хамгаалалттай адил түвшинд байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүнийг баривчлах, цагдан хорих арга хэмжээнд тавигддаг өндөр шаардлага, нарийвчлал нь хүний биед болон орон байранд үзлэг хийх, нэгжлэг хийх, нууцаар мөрдөн шалгах зэрэг ажиллагаанд адил үйлчлэх шаардлагатай.
  • Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т баталгаажуулсан хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байх эрхэд халдах зөвшөөрлийг прокурор олгохоор хуулийн төсөлд тусгасан нь учир дутагдалтай. Учир нь, прокурор мөрдөн шалгах ажиллагааг удирдан чиглүүлэх, яллах чиг үүрэгтэйн хувьд яллах талаас түлхүү харах магадлалтайн зэрэгцээ, нэгдмэл төвлөрсөн удирдлагын зарчмаар ажилладаг тул бие даан, хараат бусаар ажиллах зарчимтай шүүгчээс ялгаатай. Прокурорын зөвшөөрлөөр дээрх мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийг халах зөвлөмжийг НҮБ-ийн хүний эрхийн хороо гаргаж байсан. Герман, Итали, АНУ зэрэг ардчилсан улсад халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдах зөвшөөрлийг зөвхөн шүүгч өгдөг, хойшлуулшгүй тохиолдолд шүүгчийн зөвшөөрөл шаардахгүй ч дараа нь шүүхэд тайлагнадаг.

САНАЛ: Төслийн 6.2 дугаар зүйл, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.2, 22.3, 22.4, 23.1, 22.4, 22.5, 24.1, 24.2, 24.4, 24.5, 26.1, 26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6, 26.7 зэрэг зүйлд буй прокурорын зөвшөөрөл гэдгийг шүүгчийн зөвшөөрөл гэсэн үгээр солих.

  • Прокурор хянан шалгах ажиллагааныхаа хүрээнд өөрөө үзлэг, нэгжлэг хийх, нууц шалгах ажиллагаа явуулах замаар халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хязгаарлах боломжтой болсон байх бөгөөд прокурорын энэхүү ажиллагаанд хөндлөнгийн ямар ч хяналт байхгүй байна. Иймд, энэ хуульд заасан үндэслэл, журмаар эдгээр ажиллагааг явуулах, ялангуяа шүүгчийн зөвшөөрөл авдаг байх хэрэгтэй.

САНАЛ: Төслийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулахад энэ хуульд заасан үндэслэл, журмыг баримтлах бөгөөд шүүгчийн зөвшөөрөл урьдчилан авсан байна” гэж нэмэх.

  • Төсөлд “үзлэг”, “нэгжлэг” гэсэн хоёр өөр нэр томьёогоор нэрлэсэн ч өөр хоорондоо үл ялгарах ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хийхээр зохицуулсан байна. Үзлэг нь хүний халдашгүй байх эрхэд нэгжлэгийн адил халдаж байгаа хэдий ч мөрдөгч өөрийн үзэмжээр хийхээр байгаа нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлж байна. Ийм төрлийн үзлэг нь хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улсуудад байдаггүй бөгөөд зөвхөн пост коммунист улсуудад хэрэгжиж ирсэн. Гэвч ОХУ, Гүрж, Украин зэрэг улсууд хуульдаа өөрчлөлт оруулж орон байранд үзлэг хийхэд шүүгчийн зөвшөөрөл заавал шаарддаг болсон байна.

САНАЛ: Хүний бие болон орон байранд үзлэг хийхэд нэгжлэгтэй адил шаардлага тавих (шүүгчийн зөвшөөрөл авах зэрэг) эсхүл ийм үзлэгийг нэгжлэгтэй нэгтгэж зохицуулах.

  • Орон байрны халдашгүй байх эрхийг хязгаарлах ажиллагаа болох нэгжлэг хуулийн дагуу явагдаж буй эсэхийг хянуулах, нэгжлэг хийх эрх мэдлийг урвуулан ашиглахаас сэргийлэх зорилгоор орон байрны оршин суугч хуульчдаа энэ тухай мэдэгдэх, хойшлуулшгүйгээс бусад бусад тохиолдолд байлцуулах эрхтэй байх ёстой ч энэ тухай төсөлд тусгаагүй байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх бол хэрэг хянан шийдвэрлэх бүхий л шатанд хэрэгжих ёстой эрх тул нэгжлэг хийх үед ч энэ эрхийг хангах ёстой.

САНАЛ: Төслийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дараа 3, 4, 5, 6 дугаар хэсгүүдийг нэмэх. 3 дахь хэсэгт “Орон байранд нэгжлэг хийх үед хуульчдаа мэдэгдэж, байлцуулах эрхтэй болохыг тухайн байрны оршин суугчид танилцуулна”, 4 дэх хэсэгт “Оршин суугч нэгжлэг хийх үед хуульчаа байлцуулахыг хүсвэл мөрдөгч хуульчийг хүрэлцэн ирэх хүртэл нэгжлэг хийхийг хойшлуулна.”, 5 дахь хэсэгт “Нэгжлэгийг хойшлуулах хугацаа хуульчид мэдэгдсэнээс хойш хоёр цагаас илүүгүй байна.”, 6 дахь хэсэгт “Хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгч энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаа дуусахаас өмнө нэгжлэгийг хийж болно.” гэж тус тус нэмэх.

  • Ажил мэргэжлийн онцлогоос хамааран аливаа нууцыг хадгалах үүрэг хүлээсэн этгээдийн орон байр, ажлын газарт үзлэг, нэгжлэг хийхэд шүүгч, эсхүл ижил төрлийн чиг үүрэгтэй хүнийг байлцуулах шаардлагатай. Тухайлбал, өмгөөлөгчийн ажлын байранд нэгжлэг хийх үед шүүгч эсхүл Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийг байлцуулах хэрэгтэй. Хуульч, эмч, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн хүмүүс үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг нууцлах үүрэг хүлээдэг. Тиймээс эдгээр мэргэжилтний нууц хадгалах үүргээ биелүүлэх баталгааг эрүүгийн процессын хуульд суулгах замаар тухайн мэргэжилд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалдаг. Түүнчлэн сэтгүүлчийн орон байр болон ажлын газарт нэгжлэг хийх үед мэдээллийн эх сурвалж илчлэгдэх замаар үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж болзошгүй тул шүүгчийг байлцуулах шаардлага мөн үйлчлэх ёстой. Учир нь, өөрийг нь илчлэхгүй гэсэн итгэлд үндэслэн тухайн эх сурвалж мэдээлэл өгдөг бөгөөд эрүүгийн процесст энэ итгэлийг алдагдуулахгүйн тулд илүү баталгааг бүрдүүлэх нь зүйтэй. Ийм зохицуулалт Францын Эрүүгийн процессын хуулийн 56-2 дугаар зүйлд байдаг бөгөөд Хүний эрхийн Европын шүүх мөн ийм шийдвэр гаргаж байсан.[1] Гэвч хуулийн төсөлд энэ онцлогийг харгалзаагүй байна.

САНАЛ: Төслийн 24.3 дугаар зүйлд дараах хэсгийг нэмэх саналтай байна. “7. Тодорхой мэдээллийг нууцлах мэргэжлийн үүрэг хүлээсэн хүмүүсийн орон байр, бусад газарт нэгжлэг явуулахад шүүгч эсхүл тухайн мэргэжлийг төлөөлөх этгээдийг байлцуулна.”

  • Хүний биеэс биологийн дээж авах ажиллагаа нь хүний биед хийх нэгжлэгээс илүүтэй хүний хувийн халдашгүй байдалд халддаг. Тийм учраас, биологийн дээж авахад шүүгчийн зөвшөөрөл авсан байхаас гадна энэ ажиллагааг нарийвчлан зохицуулах хэрэгтэй байна. Ингэснээр дур зоргоор авирлах, дээж авах нэрийн доор хүний бие махбодын халдашгүй байдалд ноцтой хэлбэрээр халдахаас урьдчилан сэргийлнэ. Үүний зэрэгцээ хүний биеэс авсан биологийн дээжийг хадгалах, хамгаалах, устгах асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатай. Энэ нь уг дээжийг хууль бус зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд шилжихээс сэргийлнэ.

САНАЛ: Төслийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний биеэс авч болох биологийн дээжийг тодорхой жагсаах. Тухайлбал, 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Мөрдөгч шинжилгээнд зориулж хүний биеэс биологийн дараах дээж авах ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна:

1.1. хүний биеийн дотор эсхүл гадна талын үзлэг;

1.2. үснээс дээж авах;

1.3. шүлсний дээж авах;

1.4. шээсний дээж авах;

1.5. арьсны салстын дээж авах;

1.6. хумсны дээж авах;

1.7. эсийн дээж авах;

1.8. цусны дээж авах.”

Мөн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Хүний биеэс биологийн дээж авах явцад хүний нэр төрийг доромжлох, тухайн хүний эрүүл мэндэд хохирол учруулахыг хориглоно” гэж өөрчлөх, “5. Хүний биеэс шинжилгээнд зориулж авсан биологийн дээжийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах зориулалтаар шинжилгээний нэгдсэн санд авна.”, “6. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу авсан биологийн дээжийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах арга хэмжээг авна,” “7. Энэ зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасны дагуу авсан эсийн болон цусны дээжийг хэрэглэж дууссаны дараа даруй устгана” гэж нэмэх

  • Мөрдөн шалгах нууц ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр явуулах, шүүгчийн зөвшөөрөлгүй хийх нөхцөлийг тодорхой заах, энэ асуудлыг зохицуулсан нарийвчилсан журам шаардлагатай байна. Зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг ноцтой хэргүүдийг мөрдөн шалгахад мөрдөн шалгах шалгах нууц ажиллагаа үр нөлөөтэй гэж үзэх талтай. Гэвч, энэ ажиллагаа нь хүний хувийн халдашгүй байдалд ноцтой халддаг учраас энэ ажиллагааг хувийн халдашгүй байдалтай тэнцвэртэйгээр авч үзэх шаардлага үүсдэг. Нууц шалгах ажиллагааг эрүүгийн процессын хуульдаа тусгаж байгаа бол хэд хэдэн зарчмыг хуульчлах, хэрэгжүүлэхийг олон улсын сайн туршлага зөвлөдөг. Тухайлбал, нууцаар мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус хяналтын механизм ажиллуулах ёстой бөгөөд шүүх нь ийм хяналтыг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Иймд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нууц шалгах ажиллагааг шүүгчийн зөвшөөрлөөр явуулах шаардлагатай. Мөн, төсөлд дурдсан нууц мөрдөн шалгах ажиллагаа нэг бүрийн агуулга, энэ ажиллагааг явуулах үндэслэлийг хуулиар маш тодорхой заах, мөн нарийвчилсан журмаар зохицуулах замаар хүний хувийн халдашгүй байдалд дур зоргоор халдахаас сэргийлнэ. Үүний зэрэгцээ нууц шалгах ажиллагааг зөвхөн ноцтой хэрэг дээр хэрэгжүүлэхийг зөвлөдөг.

САНАЛ: Төслийн 26.7 дугаар зүйлийг дараах байдлаар өөрчлөх саналтай байна.

“1. Дараах бүх нөхцөл хангагдсан тохиолдолд прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах саналыг шүүгчид гаргаж болно:

1.1. яллагдагч гэмт хэрэг үйлдсэн эсхүл үйлдэхийг завдсан тухай хангалттай үндэслэл байгаа;

1.2. уг ажиллагаа явуулах нь хайж буй мэдээлэл, баримтын ач холбогдол, гэмт хэргийн хүнд хөнгөний байдал зэрэг тухайн хэргийн бүх нөхцөл байдалд зайлшгүй бөгөөд тохирсон;

1.3. уг ажиллагаагаар авах боломжтой мэдээллийг хувийн халдашгүй байдалд илүү бага халдах ажиллагаагаар авах боломжгүй.

2. Хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ажиллагааг зөвхөн таван жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийг мөрдөн шалгахад хэрэглэж болно.

3. Энэ хуулийн 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3 дугаар зүйлийн 1.1-т заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулахыг хориглоно.

4. Цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахыг хориглоно.

5. Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, түүнээс эрх олгосон мөрдөгч гүйцэтгэнэ.

6. Энэ хуулийн 26.5, 26.6 дугаар зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжин оролцох шаардлагатай төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийг шүүгчийн зөвшөөрөлд заана.”

  • Мөрдөн шалгах нууц ажиллагааны хугацааг тодорхой заах нь хүн дээр нууц шалгах ажиллагааг хэт урт хугацаагаар явуулах, хувийн халдашгүй байдалд дур зоргоор халдахаас сэргийлнэ. Нууц ажиллагааны явцад хувийн шинжтэй мэдээлэл, баримт цуглардаг учраас үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэхгүй болсон бол уг мэдээлэл, баримтыг устгахыг хуульд тусгах ёстой. Мөрдөн шалгах нууц ажиллагаа нь хүний хувийн халдашгүй байдалд халддаг тул ажиллагаа дууссаны дараа энэ тухай мэдэх, цугларсан мэдээлэл, баримттай танилцах эрхийг тухайн этгээдэд олгох ёстой. Гэвч, бусдын амь нас, аюулгүй байдлыг эрсдэлд оруулах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах гэсэн хойшлуулшгүй тохиолдолд энэ эрхийг эдлүүлэхгүй байж болдог.

САНАЛ: Төслийн 26.9 дүгээр зүйлийн дараа дараах шинэ зүйлийг нэмж тусгах саналтай байна. “26.10. Мөрдөн шалгах нууц ажиллагааг гүйцэтгэх, дуусгавар болгох

1. Шүүгч зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу сунгуулах хүсэлтийг шүүгчид гаргана.

2. Мөрдөн шалгах нууц ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тухайн ажиллагаанд хамааралгүй этгээдийн хувийн халдашгүй байдалд хамгийн бага халдах зарчмыг баримтална.

3. Энэ хуулийн 26.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл үгүй болсон бол мөрдөн шалгах нууц ажиллагааг зогсооно.

4. Прокурор мөрдөн шалгах нууц ажиллагаа дуусгавар болсны дараа уг ажиллагааны талаарх тайланг бичгээр гаргаж, зөвшөөрөл олгосон шүүгчид хүргүүлнэ.

5. Прокурор мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад яллагдагчийг яллахаас татгалзаж шийдвэрлэсэн бол энэ тухай шүүгчид бичгээр даруй мэдэгдэнэ.

6. Яллахаар татгалзсан шийдвэрийг хүлээн авсан эсхүл мөрдөн шалгах нууц ажиллагаа дуусгавар болсноос хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгч өөрийн хяналт дор цугларсан мэдээлэл, баримтыг устгах тухай шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэрт мэдээллийг устгах огноог заана.

7. Нууц мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан мэдээллийг устгах өдрөөс 30 хоногийн өмнө уг ажиллагаа явагдсан этгээдэд энэ тухай мэдэгдэнэ.

8. Хойшлуулшгүй тохиолдолд прокурорын саналаар шүүгч энэ зүйлийн зүйлийн 7 дахь хэсэгт заасан этгээдэд мэдэгдэхгүй байхаар шийдвэрлэж болно.

9. Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан гэдгийг мэдсэн хүн цуглуулсан мэдээлэл, баримттай танилцах эрхтэй.

10. Мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, баримтыг устгах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай прокурор, мөрдөгч, болон уг ажиллагаа явагдсан хүнд мэдэгдэнэ.

11. Цуглуулсан мэдээлэл, баримтыг устгахад шүүгч эсхүл түүний зөвшөөрсөн этгээд байлцаж тэмдэглэл үйлдэнэ.”

  • Хуулийн төсөлд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах асуудлыг хэт ерөнхий зохицуулсан бөгөөд нарийвчилсан журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий прокурорын хамтран батлахаар заажээ. Гэвч, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т зааснаар “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.” Мөрдөн шалгах нууц ажиллагаа нь мөрдөн мөшгих хэлбэрт багтдаг тул үүнтэй холбоотой журмыг зөвхөн хуулиар тогтоох ёстой. Түүнчлэн, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17-р зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байр, захидал харилцаанд нь дур мэдэн буюу хууль бусаар оролцох, эсхүл нэр хүнд, нэр алдарт нь хууль бусаар халдахыг хориглоно” гэж заасан.

САНАЛ: Төслийн 26.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 23.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 25.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 26.3, 26.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 26.5, 26.6 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах журам, зааврыг Тагнуулын ерөнхий газрын дарга Улсын ерөнхий прокурортой хамтран батална” гэж заасныг хасч, уг асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулах

 

 

 

 

 

 

 

[1] Tillack v. Belgium, ECtHR judgment of 27 November 2007 (Application no. 20477/05).

Сэтгэгдэл бичих

arrow icon