Нийтлэл 05 сарын 03, 2017

МОНГОЛ ЗОРИЛГО клубээс: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах, сонгоход цэгцтэй шалгуур зайлшгүй хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаа ид болж буй энэ мөчид нэр дэвшигчдэд тавих ёстой шалгууруудын талаар сонирхолтой зураглал гаргасан “Монгол зорилго” клубын УЗ-ийн гишүүдтэй уулзаж ярилцлаа. Сонирхолтой нь “Монгол зорилго” клуб бол улс төрд шинэ өнгө төрх нэмж гарч ирсэн ХҮН намыг үүсгэн байгуулсан, гол цөм нь болж байсан “Хөгжил Хүн” клуб ажээ.

“Монгол зорилго” клубынхаа тухай товч танилцуулаач.

Б.Найдалаа: “Монгол зорилго” клуб бол ХҮН намыг үүсгэн байгуулж, хүмүүсийн найдвар тавин маш ихээр дэмжиж байсан улс төрийн тэр шинэ өнгө, агуулгыг гаргаж байсан Хөгжил Хүн клуб юм. Хүмүүс зөвхөн улс төрийн нам, түүнийг тойрсон ойр зуурын маргаан, олны анхааралд байгаа жижиг сажиг асуудлуудад оролцож байгаагаар нь төсөөлж, ХҮН нам хаана байна, алга болчихлоо гэж харамсдаг, хайдаг. Үнэндээ тэр зүйл хаашаа ч алга болохгүй. ХҮН намыг үүсгэн байгуулсан үзэл санаа, итгэл үнэмшил, олон нийтийн хүсэж, дэмжиж буй зүйлс, дэмжиж хүлээж байгаа иргэд нь хэвээр байсан цагт хаашаа ч алга болохгүй, аль нэг хэлбэр, өнгөөр гараад ирж таарна. Яагаад гэвэл энэ хэдхэн хүний улс төр болж тоглож буй зүйл биш, нийгмийн захиалга, иргэдийн хүсэл. Улс төрийн нам гэдэг бол нийлж юуг ч хамаагүй шүүмжилж, эх оронч болж харагдах, бусдад таалагдах, сонгогчдыг татах гэж ядсан, хувийн хонжоо харсан бүлэг хүмүүсийн цуглаан байх ёсгүй гэж бид үздэг, тийм зарчим ч барьж, хамгаалж ирсэн. Монгол зорилго клуб бол улс төрийн нам биш, улс төрчдийн цуглаан биш. Харин өнөөдөр тулгарч буй асуудал бэрхшээлүүдэд санаа зовниж, ул суурьтай шийдлийг эрэлхийлсэн, эх орныхоо хөгжлийн арга замыг эрэлхийлсэн судлаачид, үзэл санаа, үнэт зүйл нэгтэй ид насны мэргэжилтнүүдийн клуб. Анх ийм л байж байсан, одоо ч ийм л хэвээр үргэлжилж, клуб өргөжсөөр байгаа.  

Д.Гантулга: ХҮН нам хэвээр байгаа. Гэхдээ, улс төр гэж нам байгуулах биш, харин улс орны хөгжлийн талаар судалгаа, мэдлэгт суурилсан гаргалгаа, шийдэл санал болгох юм. Энэ ажлыг бид Монгол зорилго клубээрээ үргэлжлүүлэн хийсээр байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Улс орны хөгжил, хувь заяаг шийдвэрлэх маш том үйл, хариуцлагатай үйл явдал. Улсынхаа ерөнхийлөгчийг зүгээр л нэг багийн дарга сонгож байгаа мэт сонгож болохгүй, илүү цэгцтэй, тал талаас нь бодож боловсруулсан шалгуураар харьцуулах, сорих ёстой. Үүнтэй холбогдуулан бид Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх ёстой бэ, шалгуур үзүүлэлт нь юу байх бэ гэдгийг Монгол Зорилго клуб дээр хэлэлцэж гаргаж ирээд байна.

Намууд нэр дэвшигчээ тодруулж байгаа энэ үед сонирхолтой хэлэлцүүлэг байна. Энэ талаар тодруулаач.

Т.Доржханд: Сонгууль болохоор нэр дэвшигчид бүгдээрээ сайхан сайхан яриад, бүгд өндөг шиг өөгүй болцгоогоод, зарим нэг нь зурагтаар уйлж дуулж гараад л, зарим нь том том мөрөөдөл яриад сонгогчдын толгойг эргүүлээд хаячихдаг. Бид энэ асуудалд жаахан системтэй хандахаар шийдэн хоорондоо хэлэлцээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн шалгуурыг гаргаж ирсэн.

Товчоор хэлбэл нэр дэвшигчийг маш энгийн 4 бүлэг асуудлаар авч үзэж, харьцуулж харна гэсэн үг. Энэ нь 1) Юу хийж, яаж амьдарч ирсэн хүн бэ?, 2) Ямар эрдэм боловсролтой, юу чаддаг хүн бэ?, 3) Юу зорьж байгаа хүн бэ, 4) Багийн гишүүд нь хамтрагчид нь хэн бэ? гэсэн асуудлаар шалгаж харьцуулна гэсэн үг. 

Тодруулбал, нэр дэвшигчид өөрсөндөө тааруулсан, өөрсдийгөө дөвийлгөх сурталчилгаанд автаж, тэрийг нь дагаж талцаж, маргаж анхаарлаа сарниулалгүй, яг тогтсон загварын дагуу шалгууруудаар бүх нэр дэвшигчдийг жишиж харьцуулах нь оновчтой сонголт хийхэд тустай гэсэн санаа. 

Намуудын нэр дэвшигчид яг одоо тодрох үйл явц явагдаж байна. Нэр дэвшигчид тодроогүй байхад шалгуур ярьж байгаа нь сонирхолтой байна. Гэхдээ асуултуудад нэр дэвшигчид бүгд гоё хариулт өгнө биз дээ. Тухайлбал юу хийж, яаж амьдарч ирсэн хүн бэ гэхээр бүгд л мундаг мундаг юм хэлнэ шүү дээ.

Б. Мөнхсоёл: Яг үнэн. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. Нэр дэвшигч өнөөг хүртэл хэрхэн, яаж амьдарч ирсэн хүн бэ? Энэ бол cонгуулийн компанит ажлын үеэр нэр дэвшигчид бүгд өө сэвгүй, сайн сайхан хүмүүс болж хувирдаг өнөө үед маш чухал бөгөөд наад захын тавигдах ёстой энгийн асуулт юм. Нэр дэвшигчдийн ярьж, хэлж байгаа нь хэр үнэн бөгөөд бодит вэ гэдгийг мэдэж хуурталгүй, зөв сонголт хийхэд энэ асуултын хариултыг авах хэрэгтэй. Гэхдээ энэ асуултыг сонгогч өөрөө судалж, шинжлэх нь илүү ач холбогдолтой бөгөөд үүний тулд тухайн хүний амьдарч ирсэн замнал, түүх, баримталж ирсэн зарчим, ёс зүй, үнэт зүйлийг мэдэх  хэрэгтэй л дээ. Гол тавигдах асуулт нь Шударга байдал, ёс зүйг үнэт зүйлээ болгодог уу? Авилга хээл хахуульд өртөж байсан уу? Нэр нь үндэслэлтэйгээр сэвтэж байсан уу? Амьдралаа хэрхэн босгосон бэ? Юу хийж, яаж амьдарч байсан бэ? Бусдыг хайрлаж, хүндэлж чаддаг уу? Амьдралын үнэн мөнийг, зовлон, жаргалыг хэр таньж мэдсэн хүн бэ?

Тэгвэл Ерөнхийлөгч болох хүн ямар чадвартай байгаасай гэж бодож байна вэ?

Ж.Золжаргал: Дахиад л адилхан зарчмаар дэнсэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн нэр дэвшигчийн өнгөрсөн хугацаанд бүтээсэн үйлс нь түүний чадварыг илэрхийлнэ. Тэрнээс биш тэр хүн өнөөдөр өөрийгөө хэрхэн магтах нь чухал биш.

Тэгэхээр өнгөрсөн туршлагад нь үндэслэн тодорхойлох чадамжийн гурван шалгуурыг санал болгож байна.

Нэгдүгээрт алсын хараа. Үндэстний хөгжлийг чиглүүлж чадах алсын хараа тэр хүнд байна уу? Нэг зүгт харсан, нэгдмэл зорилготой үндэстэн л жинхэнэ утгаараа эв нэгдэлтэй байж чадна. Тэгэхээр үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нь өөрөө улстөрийн хэрүүл тэмцлээс ангид байж, сонирхолын бүлгүүдийн нөлөөлөлд авталгүйгээр үндэсний алсын харааг илэрхийлдэг байх хэрэгтэй байна.

Тухайн нэр дэвшигчийн хийж бүтээсэн үйлс нь аль нэг нам, эсвэл сонирхлын бүлгүүдэд өгөөжтэй байж уу эсвэл нийт иргэдэд өгөөжтэй байж уу? Сонгуулийн хоорондын дөрвөн жилийн мөчлөгт тохирсон богино зайны бодлого хэрэгжүүлж үү эсвэл урт хугацаанд улс үндэстэндээ хэрэгтэй зүйлсийг санаачилан хэрэгжүүлж байж уу гэдгийг харцгаая.

Дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлтүүд өрнөж байгаа энэ цагт үндэсний удирдагчийн алсын хараа улам чухал болж байна. Монгол үндэстэн соёлын дархлаагаа сайжруулж, эдийн засгийн бие даасан байдлаа дээшлүүлэхийн зэрэгцээ хэрхэн хөршүүдтэйгээ тэнцвэртэй харьцаж, гуравдагч хөршийн бодлогыг үргэлжүүлэх вэ гэх мэт олон чиглэлээр алсын хараа хэрэгтэй байна.

Хоёрдугаарт мэдлэг. Улсын хөгжлийн алсын харааг тодорхойлоход боловсрол зайлшгүй шаардлагатай. Тэр хүн ямар боловсрол эзэмшсэн юм, ямар сургууль төгссөн юм, ямар туршлагатай юм бэ гэх мэт. Жишээлбэл Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа төлөөлдөг. Тэгэхээр тэр хүний гадаад хэлний мэдлэг маш чухал болно. Зүгээр нэг халтар хултар ярианы хэл биш, дипломат харилцааны төвшний гадаад хэлтэй байх нь чухал.

Урт хугацааны бодлогын чанартай ямар санаачлагыг дэвшүүлж байсан, түүнийгээ санаачлаад орхилгүй хэрхэн хэрэгжүүлж ирсэн бэ гэдгийг харах хэрэгтэй байна. Нөгөө талаас улсын Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг. Энэ утгаараа гэнэтийн нөхцөл байдалд зөв шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатай. Тиймээс тухайн нэр дэвшигч хүнд нөхцөл байдалд хэрхэн оновчтой бөгөөд зарчимтай шийдвэр гаргаж байсан туршлагыг нь эргэн санах хэрэгтэй. 

Гуравдугаарт хувь хүний давуу ба сул чанар. Удирдагчдын зан чанар тухайн үеийн нийгмийн байдлаас хамаарч улсын хөгжилд эерэгээр эсвэл сөргөөр нөлөөлөх нь бий. Арав, хорин жилийн өмнө давуу тал гэж тооцогдож байсан зан чанар өдгөө сул талд тооцогдож болно. Өнөөдөр Монголд тулгараад байгаа засаглалийн доройтол, олигарх нөлөөлөл, эдийн засгийн хямрал зэрэг хүндрэлүүдийг даван туулахад хувь хүний зан чанарын давуу ба сул талууд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй байна.

Жишээлбэл Ерөнхийлөгч шүүгчдийг томилдог. Тэр хүн зан чанарын хувьд шударга хүн үү, шүүхийн хараат бус байдлыг хангаж чадах уу? Олон нийтэд таалагдах популист амлалт өгөхөөс илүүтэй улсын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргах эр зориг түүнд бий юу? Сонирхлын бүлгүүд, намуудын талцалд орооцолдоод, оролцоод явчихгүй байж чадах бие даасан эрхэмсэг чанар байна уу? Нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхолын зөрчлийн хурцдуулахгүй, дэнслэн тэнцвэржүүлэх ухаалаг удирдагч байж чадах уу гэх мэт.

Д.Гантулга: Цаашлаад Ерөнхийлөгчид нэр дэвшигч юу хийхээр зорьж байгааг буюу мөрийн хөтөлбөрийг нь сайтар уншиж ойлгох хэрэгтэй гэж бид үзэж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаар Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. Товчхондоо нэр дэвшигч маань ямар эрх, үүрэгтэй албан тушаалд горилж байгаагаа мэдэж байна уу, энэ эрх үүргийнхээ хүрээнд юу хийхээр зорьж байна гэдгийг харах ёстой. Мөн Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгчид нь өөрийн эрх мэдлийн хүрээнд шүүх засаглалаар оролдож, томилгоо хийдэг. Тухайлбал, нэр дэвшигчээс хэрэв та Ерөнхийлөгчөөр томилогдвол Ерөнхий шүүгчээр хэнийг томилох вэ гэдгийг асуух хэрэгтэй. 

Б.Найдалаа: Нэмээд хэлэхэд, Ерөнхийлөгч гээд нэг хүн сонгох боловч цаана нь бүхэл бүтэн институц, баг ажилладаг. Нэр дэвшиж байгаа хүн ерөнхийлөгчөөр сонгогдвол хэнтэй хамтран ажиллах, хэнийг өөрийн тамгын газрын даргаар томилох, хэн хэнийг зөвлөхөөр томилох зэрэг нь одооноос тодорхой байвал, иргэд сонгогчид тэрийг нь сонирхож шалгаадаг байвал зөв гэж үзэж байна. Ер нь иргэдийн дэмжлэг аван ажиллах зорилт тавьсан, тодорхой хийх ажил буюу мөрийн хөтөлбөрөө гаргасан л бол хэнийг ажиллуулах нь ч гэсэн тодорхой байх ёстой. Ийм жишиг тогтоох нь зөв гэж бид үзэж байгаа.

Сэтгэгдэл бичих

arrow icon