Нийтлэл 05 сарын 03, 2017

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД: МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчид дэвшихээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургаадугаар сарын 26-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа тавдугаар сарын 2-ний өдрөөс эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэх учиртай.

МАН

Монгол Ардын Намын VIII бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ нийт гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж тодрууллаа. Тус намын удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлхээр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хуралд оруулж ирсэн.

Санал хураалтад 208 гишүүн оролцож М.Энхболд 222 санал буюу 85,7 хувь, Ц.Нямдорж 37 санал буюу 14,3 хувийн санал авч олонхийн саналаар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд өрсөлдөхөөр боллоо.

АН

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ орон даяар  намын 180 мянган гишүүдээсээ санал хурааж тодруулах юм. Ардчилсан намын дотоод сонгуульд зургаан хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд  санал хураалт өнөөдөр 10.00- 20.00 цагийн хооронд үргэлжилнэ. Нийт гишүүдийн саналаар нэр дэвшигч тодорсоны дараа энэ сарын 6-нд болох АН-ын наймдугаар их хурлаар нэр дэвшигчээ батламжилна гэсэн мэдээлэл байна.

МАХН

МАХН-ын дарга Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай түүний өмгөөлөгч Ш.Дуламжав хүсэлт гаргасан билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвших магадлалтай гэж үзэж байсан ч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарын гаргасан 2017 оны 05 дугаар 03-ны өдрийн шүүгчийн захирамжинд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon