Ерөнхийлөгчөөрөө Путиныг сонговол юу болох вэ?

Манай ихэнх нөлөө бүхий улс төрчид гаднаас авах мэдээллээ Оросын сувгуудаас авдаг. Яагаад гэвэл орос боловсролтой, үгүй ядаж 50% ойлгодог ганц гадаад хэл нь. Тиймээс Оросын суртал ухуулгыг үнэн гэж хүлээж авдаг, Путиныг бурханчлан шүтдэг. Оросын хагас авторитари дэглэм, Путины гар удирдлага, түүний ОУ дах атмаан занг бахархана. Тиймээс улс төрийн стилийг нь биш юмаа гэхэд ядаж хувь хүний мачо стилийг нь дууриахыг хичээнэ.

Оросын дэглэм дэлхийн аюул болж байгаагийн адил манай Путинчид бол бидний аюул. Орос баруунтай сөргөлдөн хэл ам нь ширүүсэх тусам Монголд барууныг үзэн ядах градус даган нэмэгдэнэ. Оросд хүчнийхэн нь сөрөг хүчнээ алж хорьж байхад манай хүчнийхэн нэг их дутахгүй.

Оросд хүчнийхэн нь бизнесүүдээ дарамталж мөнгө салгаж, энд олигархуудын эсрэг пиар явагдана.  Орос барууны тагнуулуудаа илрүүлэхэд манайд хужаагийн тагнуулууд зарлагдана.  Орост оффшорын эсрэг хууль гарангуут манайд төсөл нь гарч ирдэг.

Товчхондоо манай Путинчид маш сайн суралцаж, хуулж чаддаг. Оросоос мөнгө төгрөг даалгавар авдаг гэхэд итгэхгүй, гэхдээ өөрсдийгөө Щтирлиц гэж боддог байхыг үгүйсгэхгүй. Кремлийн ухуулгын бай нь Оросын ард түмэн боловч харамсалтай нь манай хэд ард түмнээс нь илүү орчихсон угаагдчихсан.

Яагаад гэвэл Оросын суртлыг сонсоход тэдэнд багадаа үзэж өссөн “Хаврын 17 учралаа” эргээд үзэж буй мэт дотно санагдана. Багадаа гудамжныхаа атмааныг шүтэж, түүний хар бяр, зэрлэгдүү имижийг нь мужик хэмээн гоё нэрлэн өөрийн роль модель болгон өссөнтэй нь яв цав таардаг.

Ийм хүмүүс посткоммунист орон зайд хуйгаараа байдаг гэхэд огт эргэлзэхгүй байна. Гэхдээ тийм хүмүүс нь төр барьж байгаа газар Дундад Азийн станууд л байгаа. Удахгүй манай Ерөнхийлөгчөөр тийм нэгэн болж төрийн гадаад дотоод бодлогыг тодорхойлох, хүчний байгууллагуудыг атгах аюул бий болоод байна.

Би зөн билгийн тулаанч биш гэхдээ тийм нэгэн гарсны дараа ямар улс төр хийхийг би зүгээр л Оросын хэвлэлийг харж байгаад таамаглаж чадна.

  1. Гитлерийн намын дэргэд бор цамцаар ижилссэн залуус төрийн дэмжлэггүй юмаа гэхэд төрийн дуугүй зөвшөөрлөөр сөрөг хүчний, еврей гэх хүмүүс рүү дайрч давшилан, үймээн дэгдээдэг байсан. Тэднийг довтлогчид гэж өхөөрдөж нэрлэдэг байсан. Гитлер тэднийг зүгээр л эх оронч залуус сайн дураараа идэвхи гаргаж байгаа гэж тайлбарладаг байсан. Оросд яг тийм залуус бий болсон. Тэд хүний эрхийг хамгаалагчид, сөрөг хүчний лидерүүд лүү тоорт, тод өнгийн шингэн шидэх, зодох гэх мэтээр эвгүй байдалд оруулна. Сөрөг хүчний жагсаалыг үймүүлнэ. Коммент бичдэг бүхэл бүтэн арми бийг барууныхан илчлээд байгаа. Тэднийг цагдаа цэрэг нь ердөө барьдаггүй. Тэднийг төв хэвлэл нь эх оронч, идэвхитэнүүд гэж өхөөрдөнө. Тэд ихэнхдээ бөх, бие хамгаалах спортоор хичээллэдэг, бие бялдар сайтай. Монголд тийм залуус бий болоход ер гайхах зүйлгүй. Одоо ч цагдаагийн эсрэг үздэг бөхийн шигшээ, нинжа эх орончид байгаа. Хужаагийн гар хөл, эрлийз, муусайн олигархууд гээд тэдэнд байг нь чиглүүлээд өгөхөд л хангалттай. Тэдэн рүү юм шиднэ, эвгүй байдалд оруулан түүнийхээ бичлэгийг сошиалаар цацна. Ард түмэн шоолно. Заримыг нь зодчихно. Хүчнийхэн дуугүй л ажиглана. 
  2. Оросын Үнэн Алдартны сүм Оросын урлагийг цензурддаг болсон. Оросын соёл уламжлалтай нийцэхгүй хэмээн шүүмжлэнгүүт өнөөх эх оронч залуус фото зургийн, уран зургийн үзэсгэлэн гэх мэт газруудад очин бүтээлүүд рүү шууд л шээс цацна. Түүнээс нь айсан музей, кино театрууд тухайн бүтээлийг гаргахаас татгалзана. Заримыг нь бүр хууль гарган хаана. Манай Путин ч тийм цензур тогтоохдоо сийхгүй. Монголын соёл уламжлалтай харш, түүхийг гуйвуулсан хэмээн алдарт судлаач дүгнэлт гаргаж болно. Эсвэл бүр тийм хууль ч гаргасан болно. Манай парламентад түүнийг нь батлах эх орончид цөөнгүй. 
  3. Ерөнхийлөгчид шууд удирдагддаг Үндэсний Гварди бий болгоно. Энэ нь дотоодын цэргийн ангиуд болон цэргийн тусгай ангиуд байна. Үүрэг нь дотоодын үймээн самуунаас иргэдийг хамгаалах, дотоод гадаадын өдөөн хатгагчидтай тэмцэх юм. Ингэснээр Ерөнхийлөгч өөрийн гэсэн итгэж болох хамгаалалттай болж дотоодын дайснуудаа дарахад зам нь шулуудна.

Энэ бол Путин шиг болохыг хүсэгсдэд зориулсан сурах бичгийн эхний хэсэг.  Цаашлаад ХМХ-үүдийн амыг барих, гадны санхүүжилттэй ТББ-уудыг хаах, гадаадад хүүхэд үрчлүүлэхийг хориглох, ЕБС-уудад шашны хичээл оруулах гээд санаа авах зүйлс хангалттай олон. Гэхдээ энэ бүгдийн оргил нь ҮХ өөрчилж Ерөнхийлөгчийн засаглалтай болох санаачлага байх болно. Үр дүнд нь зөвхөн түүний найзууд оффшортой, түүний бөхийн секцнийхэнд тендер өгдөг, хамаг бүтээлч хүмүүс нь цагаачилсан, хоосон эх оронч, цээжээ дэлдсэн улс л байх болно. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%