Нийтлэл 05 сарын 05, 2017

СОНГОДОГ УРЛАГ: Голландын алдарт зураач Винсент Ван Гогийн ертөнцөөр аялахуй

 

 

ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛҮҮД ӨНГӨ БУДАГ, ШУГАМ ЗУРААС, АЯЛГУУ ДУУГААРАА БОДИТ БАЙДАЛД БИЕТЭЙГЭЭР ОРШИН СЭТГЭЛ БАЯСНА. ЗУРААЧИЙН СЭТГЭЛД БИЕЛЛЭЭ ОЛОХООР ДУНШИЖ БУЙ ЮМС ҮЗЭГДЭЛ, БОДОЛ ХИЙСВЭРЛЭЛИЙН ХЭЛБЭР ДҮРСИЙГ ГАРГАН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ТОДРУУЛНА. БАС БОДОЛД ОРУУЛНА.     

   ~ВИНСЕНТ ВАН ГОГ 

 

 

Би өнгөний ертөнцөд нээлт хийхийг хүсч байна. Хоёр хурц өнгийг хослуулснаар дурлалт хүмүүсийн дотоод ертөнц сэтгэлийг гарган, эдгээр өнгөө хольж, эсрэг тавьж, ижил өнгийн нуугдмал чичиргээг илэрхийлэхийг зорьсон. Уураг тархинаас гарч буй санааг бараан дэвсгэр дээр цайвар өнгө гэрэлтэж байгаагаар зурж, сэтгэлийн халууныг жаргаж буй нарны гялбаатай зүйрлүүлэхийг зорьсон. Эмиль Бернарын хэлснээр зураачийн одонд төрж мөнхийн зураач хэвээр үлдэх хүн бол Голландын алдарт зураач Винсент Ван Гог байлаа. 1853 оны 3 сарын 30-нд Голландын Гроотзюндер тосгонд сүмийн номлогчийн гэрт нэгэн хүү төржээ. Түүнд жилийн өмнө амьгүй төрсөн ахынх нь нэрийг өгсөн нь “жаргах хувьгүй” тавиланг зөгнөсөн мэт.

Алдарт зураач  Винсент Ван Гог амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог байлаа. Тэрбээр  хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн бөгөөд экспрессионизмийн урсгалыг анх үндэслэгчдийн нэг юм. Ван Гог орчин үеийн урлагт, ялангуяа фовизм болон Германы экспрессионизмд асар их нөлөө үзүүлсэн.

"Одод түгсэн шөнө"

"Доктор Гачетын хөрөг"

"Төмсөөр хооллогчид"  

Би дэнгийн сүүмгэр гэрэлд ямар ч хольцгүй төмс идэж байгаа тариачид чухам энэ л гараараа газар ухан хүнд хүчир ажил хийж, шударга хөдөлмөрөөрөө олсон хоолоо мөн  энэ л гараараа идэж буйг үзүүлэхийг зорьсон.  Дүү Теодоо бичсэн захидлаас...

"Буйлсын цэцэг"

Түүнд авьяас билиг хангалттай заяасан ч хувийн амьдрал нь азгүйтлээр дүүрэн байжээ. Винсент Ван Гогийг эргэн тойрныхонтойгоо таарамжгүй байсныг нь “Суутнууд нийгмээсээ нэг алхмын өмнө явдаг” хэмээн зарим судлаачид тайлбарладаг.  Тэрбээр Голландын хөдөө тосгонд эцэг эх дээрээ амьдрах хугацаандаа 200 гаруй зураг зурсан түүхтэй.
Уран зургийн багш Мауве нь түүнийг бага хэмжээний мөнгөөр тэтгэнэ. Ван Гогийг Парист байхад олны дунд Танга эцэг хэмээн алдаршсан Тангагийн үзэсгэлэнд Сера, Гоген, Сеззан зэрэг хожмоо 20-р зууны урлагийн суутнууд болсон зураачид бүтээлээ тавьдаг байв. Энд Ван Гог бүтээлээ хэдэнтээ тавьсан боловч хүмүүс огт тоодоггүй байлаа. Ван Гог Амстердам Рембрандт, Халс нарын бүтээлүүдийг шимтэн үзэж, Кормоны сургуульд байхдаа Бернар, Рассель, Тулуз Лотрек, Моне, Ренуар, Сислей, Пигардо, Дега, Сёра нартай танилцжээ. Түүний өнгө будгийн нийлүүлэмжийг бүрэн харуулдаг алдарт “Наранцэцэг” бүтээл нь ваартай цэцгийг нэг хараад зурсны үр биш, зураачийн дотоод сэтгэлд ургасан, туйлын нягт нямбай ажиллагаа шаардсан зураг билээ.

"Наранцэцэг"

 

"Шар өрөө"

Винсент Ван Гог дүүгийнхээ өгсөн 300 франкаар өрөө хөлсөлж бага сага тавилга авчээ. Жижигхэн өрөөний ханыг өөрийнхөө бэлэг тэмдэг болсон шар өнгөөр будсан байна. Тэрбээр 1885 онд Парис явах замдаа Антверпенд ирснээр уран зургийг илэрхийлэх түүний дэвшилттэй, шинэлэг үе эхэлсэн юм.

"Цахилдаг цэцэг"

БИ ХЭДИЙ АЙМААР ХӨГШИН, УУРТАЙ, БИЕ МУУТАЙ, ЯДУУ БОЛОХ ТУСАМ ЯМАР Ч ӨӨГҮЙ ГЯЛАЛЗСАН ТУНГАЛАГ ӨНГИЙГ БҮТЭЭЖ, НАДАД НООГДСОН ХУВЬ ТАВИЛАНГААС ӨШӨӨГӨӨ АВАХЫГ ХҮСЧ БАЙНА.   

 ~ ВИНСЕНТ ВАН ГОГ

Ван Гог Тулуз Лотрекийн зөвлөснөөр Францын өмнөд талын хөдөө нутгийн өнгөлөг хурц гэрэлгүй үзэсгэлэнт Арлид ирж, тэндээ уран сайхны нэгдэл байгуулахыг мөрөөдөж байжээ. Тэрбээр эртнээс Гогений бүтээл, зургийг ойлгон биширч энэ эрхэмтэй нөхөрлөлийг хүсдэг байлаа. Түүний хүссэнээр тэд хамт амьдарч, цугтаа музей үзэн, уран бүтээлээ туурвицгааж байсан ч үл ойлголцох байдал үүсч, Гоген Ван Гогийг орхин одсонд шаналж хоцорсон бөгөөд Гогентэй тааралдангуутаа тонгорог барин дайрчээ. Энэ “хэтэрсэн харьцаа” яаж төгсөхийг хэн ч тааж чадсангүй. Тэр шөнөжингөө Ван Гогийн чихэнд хий юм сонсогдон тарчилж, тэсвэр алдан өөрийн зүүн чихээ огтлон, алчууранд боон, янхны газар очин Рашель хэмээх бүсгүйд өгчээ. Маргааш өглөө нь түүнийг цагдаа нар баривчлан, эмнэлэгт хүргэсэн гэдэг.  Тэр үед Ван Гог аль хэдийн сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байлаа.

Тамир тэнхээ нь доройтож байсан ч Винсент зурсаар л байв. 1890 онд шүүмжлэгч Тулуз Лотрек түүнийг зургийн тулаанд дуудаж Брюсселийн “Mercure de France” сэтгүүл анх удаа зураачийн талд орж эерэг нийтлэл гаргасан байна. Түүнийг амьд сэрүүн байхад ганцхан зураг худалдагдсан нь Анна Корпель хэмээх герман бүсгүйн худалдаж авсан “Улаан усан үзмийн талбай” бүтээл байжээ.

Гүн хямралд орсон хосгүй авьяастан өөрийгээ азгүйд тооцон 1890 оны 7 сарын 27-нд тариан талбайд өөрийгөө буудсан байна. Тухайн нийгмээс ангид ганцаардан, шаналж явсан зураачийн амьдрал ийнхүү гунигтайгаар дууссан ажээ. 



 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon