Нийтлэл 05 сарын 09, 2017

АНТИ-ТРЭНД: ДУР бол ЭРХ ЧӨЛӨӨГ үгүй хийгч чөтгөр

Уран зохиолын ном уншихад дүрүүдийн илэрхийлэл, үйл явдлын оршил, өрнөл, төгсгөл, уялдаа холбоо гэх мэт утга зохиолын олон онол, зарчмыг анзаарах хэрэг гардаг. Харин зохиогчийн үзэл санааг шууд хүлээн авч, харьцуулан бодож санааг нь дэмжих эсвэл үгүйсгэх бололцоог уран зохиолын бус ном олгодог. Зохиогчийн үзэл бодлоор дамжуулан түүнийг таньж мэдэх боломж. Мэдээж өөрийн мэдлэг, мэдээллээ тэлэх хөгжүүлэх арга.

С.Молор-Эрдэнийн 2016 онд хэвлүүлсэн “Эрх чөлөө эрхэм үг” номыг энэ удаа онцолж байна. Эрх чөлөө гэдэг үгийн олон төрлийн онолын тодорхойлолтоос илүү  ус, агаар мэт хэрэгтэй эрх чөлөө таны амьдралд байна уу гэж нэг удаа ч болов тунгаан бодъё.

Эрх чөлөө  хязгаарлалт биш тэлэлт

Эрх чөлөөг ихэнхдээ улс төрийн, нийгмийн утгаар нь хүлээн авч ойлгож ирсэн. Харин хувь хүний амьдралд эрх чөлөө хэрхэн оршиж түүнийг хүн хэрэглэж байгаа эсэх нь хэчнээн чухал болохыг энэхүү номонд өгүүлжээ. Тиймээс эрх чөлөөг хэрэглэхгүй бол илжирдэг гэсэн байна. Яг бяслаг шиг.

“Эрх чөлөө эрхэм үг” номонд “миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах биш харин улам өргөжин тэлэх ёстой” гэжээ. Өмнө нь таны эрх чөлөө бусад хүний хамрын үзүүрийн наахнуур таслагддаг гэж номлодог байв.  Эрх чөлөө гэдэг тэлэлт, хөгжил болохоос хязгаарлалт, хориг саад биш.

Хоёр хүний эрх чөлөө нийлж олон хүний эрх чөлөө болно. Иргэдийн эрх чөлөө нийлж нийгмийн том эрх чөлөө болно.  Цаашлаад ард түмний эрх чөлөөнөөс үндэстний эрх чөлөө үүснэ. Энэ санаа бол оюун боловсролын өргөн эрх чөлөө бидэнд эв нэгдлийг авчирна гэсэн үг. Эрх чөлөө тэгэхээр хувь хувийн, дур дурын хэрэг биш аж.  

Бид тэгэхээр аль хэр эрх чөлөөтэй үндэстэн бэ?

1990 онд бид ардчиллыг авчрахдаа энэхүү номонд зохиогчийн өгүүлснээр “монгол маягийн ардчилал хүмүүст эрх чөлөө өгөөгүй зөвхөн дураараа зэрлэг хүмүүсийг үйлдвэрлэсэн гэсэн” байна.  Эрх чөлөө бол дур зорго биш. Эрх чөлөөг оюуны, сэтгэлгээний, боловсролын, мэдлэгийн, ухамсрын тэлэлт хөгжилт гэж ойлговол зохистой гэсэн санааг гаргажээ. Энэ нь өөрөө ёс  суртахууныг бий болгоно. Манай цаг үед элбэгшээд байгаа хоцрогдол, мунхрал, мухар сүсэг, туйлшрал, харанхуй бүдүүлэг байдлыг айх эмээхгүйгээр бичсэнд энэхүү номын үнэ цэнэ оршино.

Бид ардчиллыг авчрахдаа социализмд үндэс суурийг нь соёолуулсан хувь хүний болоод нийтийн ёс суртахуун өөрөөр хэлбэл эрх чөлөөний гол үнэт зүйлийг устгаж өдгөө ч гээгдүүлсээр ирснийг  бидний мэдэх олон киноны дүрүүдээр жишин гаргасан нь сонирхолтой байна.

 Freedom is not for free

Нийтийн сэтгэлгээний загвараас өөр бүхнийг гажуу гэж харж гажиг гэж нэрлэх хандлага элбэг. С.Молор-Эрдэнийг ч тийм ангилалд багтааж үздэг хандлага бий. “Хүний олон хүнээ иддэггүй ч хүний олон хүнээ балладаг.” Хурц тод, ойлгомжтой зохиогчийн санаа. Харин ч цөөхийн дуу хоолой үнэ цэнэтэй. Тэнд олонхийн хараагүй санаанууд нуугдаж байдаг. 

Тийм дуулгавартай, урсгалаар явдаг олонхийг бүтээхэд эцэг эхчүүдийн оролцоо асар их байгааг номонд өгүүлжээ. Юун гэвээс өөрсдөө “том хүн” болоогүй эцэг эхчүүд хүүхдийнхээ эрх чөлөөнд халдаж амьдралын хэв загварыг тулган хүлээлгэж нийгэмд өөрөөрөө амьдрах “толгойгүй” хүмүүсийг бэлтгэсээр байна.

Хувь хүн хүссэнээрээ бодож сэтгэж өөрийнхөөрөө сонголтоо хийх эрх чөлөөтэй. Эцэг эхчүүд шашин суртлаас эхлээд олон зүйлийг хүүхдэдээ “экспортолдог”. Гэтэл эцэг эхчүүд өөрсдөө өөрсдийгөө олоогүй байх нь олонтаа. Эрх чөлөө гэдэг зохиогчийн өгүүлснээр олон сонголтуудын дундаас нэгийг сонгох өөрөөр хэлбэл шийдэх эрх чөлөө.  “Хүн хүсч эхэлж, хүслээ тооцоолж эхэлснээр өөртэйгөө ажиллаж эхэлдэг” байна. Өөрөөр хэлбэл хүн болох үйл явцаа өөрөө хийнэ гэсэн үг.

Тиймээс  ээж аавууд нэг их хайр гэж хоргодох эсвэл ачийг хариулна шүү гэж хүүхдээ өрөнд оруулах хэрэггүй. Үр хүүхэд сэтгэлзүйн эрх чөлөөтэй байх нь чухал шүү” гэж номын зохиогч хэлж байна.

Хүүхдэдээ ийм  бэлэн амьдрал бэлгэнд өгсөөр байвал бид өөрийн биш хүний сонголтоор хөвдөг мянга мянган залуу үеийнхнийг бэлтгэнэ. “Өнөөдөр хөгшин хүмүүс шинийг хүсч, харин залуу үеийнхэн хуучинсаг байх гэсэн урвуу нийгэм үүсээд буй”-д зохиогч санаагаа чилээсэн бололтой.

Хүнд эсэргүүцэх эрх чөлөө бий. Эрх чөлөө нэгээс зугтан чөлөөлөгдөх бус харин хүсэх, хүслээ биелүүлж чадах тэр эрх чөлөө гэдгийг дахин хэлмээр. Ер нь хүнд маш олон эрх чөлөө бий. Танд хэр олон нь байна, бодож үзээрэй.

Эрх чөлөө гэж юу юм бэ? Сэтгэл үгүй, мэдрэмж үгүй, бас бодол үгүй хүмүүс дураа л дагана. Дур бол эрх чөлөөг үгүй хийгч чөтгөр.  

Эрх чөлөө гэж юу юм бэ? Хариултыг өөрт тань үлдээлээ. Учир нь та ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ!!!

“Эрх чөлөөний тухай анхны мэдэгдэхүүнгүй хүн эрх чөлөөгөө алдсанаа ч бас эрх чөлөөгөө эдлэж яваагаа ч мэдэхгүй”   С.Молор-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

arrow icon