Нийтлэл 05 сарын 09, 2017

Нөхрөөсөө 24 насаар эгч Францын тэргүүн хатагтай

Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Иммануэл Макрон болон түүний эхнэр Брижит Троньё нарын харилцаа дэлхий дахины сонирхлыг татаад байна.  

Тэд Макроныг 15 настай байхад Троньё сургуулийн жүжгийг нь найруулах үеэр анх танилцаж байсан бөгөөд тэдний хайрын түүх тун өвөрмөц. Троньё Макроны багшаас эхлээд хамтрагч, улмаар эхнэр нь болсон байна. Өдгөө 39 настай Макрон 4 дүгээр сард сонгуулийн эхний шатандаа ялах үеэрээ “Түүнгүйгээр би "би" биш байх байсан” гэжээ.  

 

Макрон эхний шатны сонгуулийн шалгаруулалтанд ялсныхаа дараа эхнэрээ үнсч буй нь

64 настай, 7 ач зээтэй Троньё Францын дараагийн тэргүүн хатагтай боллоо. АНУ-ынхаас ялгаатай нь Францын төрийн тэргүүний эхнэр төрийн ажилд бага оролцдог уламжлалтай. Харин Макрон уламжлалыг эвдэн хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол эхнэрээ өөрийн засгийн газарт албан ёсны байр суурийг олгохоо зарлаж байсан юм.  

Троньё шоколад үйлдвэрлэгчийн чинээлэг гэр бүлийн 6 хүүхдийн хамгийн отгон нь болон мэндэлжээ. Тэрээр Макронтой ижил Хойд Францын Амиенс нутгийн хүн. Макронтой танилцахаас өмнө энгийн л амьдралаар амьдарч, Франц, Латин уран зохиол зааж, Андре Луи Озьер хэмээх банкиртай гэрлэж байсан. Тэд 3 хүүхэдтэй. 2016 онд Троньё Парис Мач сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хайр сэтгэл бүх зүйлийг байх ёстой байранд нь аваачиж, би түүнээс салахаас өөр аргагүй болсон. Түүнийг тэвчихэд үнэхээр хэцүү байсан” гэж хуучин нөхрийнхөө талаар дурссан байна. Троньё Озьер нар 2006 онд гэрлэлтээ цуцлуулж, Троньё дараа жил нь Макронтой гэрлэж, багшийн ажлаа үргэлжлүүлэн хийхээр Парис руу шилжин очсон байна.   

2015 онд буюу нөхөр нь сангийн сайд байх үеэр Троньё нөхрийнхөө ажилд туслахын тулд ажлаасаа гарчээ. Франц3 телевизийн хийж байсан баримтат кинонд Троньёг Макроны багш хэмээн танилцуулж байж. Баримтат киноны нэгэн үзэгдэлд Макроны илтгэлийг бэлдүүлэн, илүү чанга ярь хэмээн зааварчилж буй нь бичигдэн үлдсэн байдаг аж.  

“Орой болгон бид бие биенийхээ талаар юу юу сонссон талаараа ярилцдаг. Би түүнийг хамгаалахын тулд бүх зүйлд анхаарлаа хандуулах шаардлагатай байдаг” гэж Троньё ярьжээ. Троньёгийн 3 хүүхэд болох Себастиен, Лоуренс, Тифайн нар хойд эцэгтэйгээ сайн харилцаатай бөгөөд Макроны сонгуулийн компанит ажилд идэвхтэй оролцож байв.  

 

Троньё охидын хамт

Макрон Троньёд гэрлэх санал тавихаасаа өмнө түүний хүүхдүүдээс зөвшөөрөл авсан аж. Тифайн Озьер BMFTV-д өгсөн ярилцлагадаа “Түүнтэй гэрлэхээсээ өмнө биднээс асуусан нь их гайхалтай. Хүн бүр тийм үйлдэл хийхгүй шүү дээ. Зөвшөөрөл авсан гэхээсээ илүү түүнтэй гэрлэхийг нь бид хүлээн зөвшөөрч болох зүйл эсэхийг мэдэхийг хүссэн хэрэг” гэжээ.

Хосууд Яг хэзээ хайр сэтгэлийн холбоотой болсон нь тодорхой бус ч Макрон бага залуу байхаасаа л юу хүсч буйгаа мэддэг байж. Тэрээр 17-тойдоо Амиенс нутгаас гарч, өөр газар шилжин суралцахаар явахдаа өөрийн багш Троньёд “Таны юу ч хийсэн бай би тантай гэрлэх болно” гэж хэлж байжээ.

Тухайн үед Макроны эцэг эх Троньё тэр хоёрын харилцааг хүлээн зөвшөөрөөгүй юм. Анн Фулдагийн бичсэн “Иммануэл Макрон: Төгс залуу” нэртэй номд Макроны аав ядаж 18 нас хүртэл нь Троньёг хүүгээсээ хол байхыг шаардаж байсан тухай дурдсан байдаг.

“Бидний түүх яг хэдийд хайрын түүх болсныг хэн ч мэдэхгүй. Зөвхөн бид л мэднэ. Энэ бол бидний нууц” хэмээн Троньё дурсчээ.

Хосуудын найз Филип Бессоны ярьснаар тэдний харилцааг хүлээн зөвшөөрөх хүн тун цөөхөн байжээ. “Тэднийг хаа сайгүй гайхсан, дайсагнасан харц угтдаг байсан. Гэр бүлийнхэн нь ч тэр нийгэм ч хосуудын тэр хосуудын насны хол зөрүүг зэвүүцэн хүлээж авдаг. Ялангуяа эмэгтэй нь эрэгтэйгээсээ хөгшин бол хүмүүс үргэлж нэг л таагүй хүлээж авдаг” гэж Бессон өгүүлсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Меланиа Трампаас 24 насаар ах билээ. Гэсэн ч тэдний  насны зөрүүний талаар хэн ч юу ч ярьдаггүй.

Макрон Троньё нар өөрсдийн харилцаагаа ямар нэгэн цуурхлаас холуур өнгөрөөхийг хичээж байгаа. Тэд Франц сэтгүүлүүдийн нүүрэнд өөрсдийн зургийг тавьж, гэрлэлтээ жирийн биш ч хайраар дүүрэн гэдгийг батлан харуулж байна.       

Макрон: “Бид уламжлалт гэр бүл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ манай гэр бүлийн хайр бусад гэр бүлийнхээс илүү гарна уу гэхээс огтхон ч дутахгүй” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon