Нийтлэл 05 сарын 11, 2017

БИ САЙН ЭЭЖ: Хөдөө аж ахуйн ухааны доктор Н.Цэрэнтогтох

Хүнээр хүн хийх ухаан буюу ээж болгонд хүүхдээ хүмүүжүүлэх онцгой арга барил байдаг. Хүүхдээ зөв хүмүүжил төлөвшил, эерэг хандлагатай хүн болгож өсгөсөн ээжүүдийн туршлагаас энд хүргэх болно. Бид анхны дугаартаа  ХААИС-ийн багш, доктор Н.Цэрэнтогтохыг урилаа. Тэднийх хоёр охин, нэг хүүтэй айл. Хоёр хүүхэд нь Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагаар төгссөн бол бага охин нь МУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр дүүргэжээ. Таны хувьд гайхалтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн асуултад тэрбээр  "Аливаа хүн энгийн байгаад тэр энгийн байдал нь бусад хүмүүст сайшаагдаж байвал тэр өөрөө гайхалтай" гэсэн билээ. Хүүхдүүдээ ч их энгийн байдлаар өсгөж, бусадтай харилцахдаа дүр эсгэх байдлаар биш энгийн даруу бай гэж сургадаг түүний арга барилаас суралцъя.

 Унших дуртай ном: Монте Кристо гүн, Зуун жилийн ганцаардал, Үзэхийн хязгаар, Толинд туссан Будда, Өвгөн үг

Гартаа хамгийн ойр байлгадаг зүйл: Тэмдэглэлийн дэвтэр, үзэг, зөөврийн компьютер

Ямар сошиал группэд байдаг вэ: Хүрээлэн буй орчин судлаачдын групп, Ээжүүдийн нэгдэх групп, Явган алхагчдын групп, Үнэртэй усанд дурлагсдын клуб

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: ХААИС-ийн багш, дэд профессор

 ХҮҮХДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн анхны орчин тул тухайн хүн ямар гэр бүлд өсч хүмүүжнэ тийм л хүн болдог гэж би ойлгодог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ингэх ёстой, тэгэх ёстой гэж зааж зааварчилж байснаас амьдрал дээр өөрөөрөө үлгэрлэх нь хамаагүй дөхөм санагддаг. Хүүхэд ерөнхийдөө хувь хүний темпраментаас шалтгаалаад зан араншин, юманд хандах хандлага нь өөр өөр байдаг. Тэр болгонд тааруулж хүүхэдтэйгээ харилцах нь нарийн ухаан шаардсан ажил. Миний хувьд хүүхдүүддээ түүх ярьж өгөх замаар хүмүүжил төлөвшилд нь их нөлөөлдөг. Өвөө, эмээгийнх нь яаж амьдарч байсан, ямар хичээл зүтгэлтэй, амьдралдаа, үр хүүхдэдээ яаж ханддаг байсан түүхээс сонирхуулж, амьдралын туршлага арга ухаанаас нь суралцуулдаг. Хүүхдүүд маань эргээд үр хүүхдэдээ бидний тухай л ярина шүү дээ.

Хүүхдүүд амьдралын эрхээр тусдаа гараад явсан ч араас нь санаа тавьж, амьдрал ахуй нь юу болж байна, яаж байна гэж байнга асуудаг. Энэ нь учиргүй амьдралд нь оролцоод бай гэсэн үг биш. Одоо үед ажиглаад байхад том болсон хүүхдийнхээ араас ингэж явдаг хүмүүс ховордсон юм шиг санагддаг. Хүүхдүүдээсээ байнга эргэх холбоотой байхыг хүсдэг дээ.  

ХҮҮХДЭДЭЭ ЗАХИЖ ХЭЛДЭГ ҮГ?

Гурван хүүхдэдээ захиж хэлдэг нэг үг бий. Та гурвын хэн нэг нь хаалгаар ороод ирэхэд нүдийг нь хараад л юу тохиолдсоныг нь мэддэг байх хэрэгтэй. Хүний амьдралд баяр жаргалтай, зовлон гунигтай юу ч тохиолдож болно. Тэр болгонд нэг нэгэндээ түшиг тулгуур, багана болж явна шүү гэж захидаг даа.

ХҮҮХДЭЭ ЯМАР ХҮН БОЛООСОЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Ямар ч үед хүнийг хайрлаж, хүнд хүн ёсоор хандаж чаддаг иргэн хүн болж төлөвшөөсэй гэж их хүсдэг. Хамгийн гол нь хүн байх боловсрол их чухал. Амьдралдаа олон сайхан их дээд сургууль төгсөж, диплом авсан  хүнийг боловсролтой хүн  гэхгүй л дээ. Хүүхүүд маань эзэмшсэн мэдлэг боловсрол, сурч мэдсэн зүйлээ өөрийнхөө дотор байгаа хүнлэг, хүн ёсны чанартайгаа хослуулаад аваад явбал тэрийг жинхэнэ боловсрол гээд байгаа юм.  

ТА ЭЭЖЭЭСЭЭ ЯМАР ХҮМҮҮЖИЛ АВСАН БЭ?

Ээж хүн, эхнэр хүн ямар байх ёстойг би ээжээрээ үлгэрлэдэг. Миний ээж маш ажилсаг, хөдөлмөрч хүн байсан. 12 хүүхэд төрүүлж өсгөн бүгдийг нь эрдэм боловсролтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болгож төлөвшүүлсэн. Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар мал маллаж, өдөр бүр өөрийн гараараа бүрсэн шинэхэн таргийг бидэнд уулгадаг байлаа. Ээжийн маань хань ижилдээ хэчнээн халамжтай, гэр орноо яаж сайхан авч явдаг байснаас нь суралцах зүйл их бий. Одоо 11 хүүхдээс 6 нь их сургуульд багшилж байна. Энэ бүхэн ээжээс минь өгсөн хүмүүжил, төлөвшил юм даа.  

ХҮҮХДИЙНХЭЭ АВЬЯАС ЧАДВАРЫГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?

Би хүүхдүүдийнхээ маш сайн дэмжигч л дээ. Хүүхдүүдээс шинэ санаа, шинэ ур чадвар юу л гарна тэр бүхэнд нь аль болох урам зориг өгч дэмждэг. Хүүхдүүдийнхээ сонирхол, авьяасыг багаас нь их чагнадаг байсан. Юунд сонирхолтой байна, юунд авъяастай байна гэдгийг нь их ажиглана. Сонирхол, авьяасыг нь харгалзан үзээд дугуйлан, спортын дамжаанд явуулдаг байсан. Хүү маань багаасаа уран гимнастик, жүдо, таэквондагаар хичээллэсэн. Улсын чанартай уралдаан, тэмцээнд байнга оролцож хожил, хожигдлыг багаасаа үзэж тэсвэр хатуужил суусан. Энэ бүхэнд нь хүүдээ байнга урам зориг өгч урамшуулах байдлаар авьяас чадварыг нь дэмжин хөгжүүлэхийг зорьдог.  

ХҮҮХЭДТЭЙГЭЭ “ЯМАР ХЭЛ”-ЭЭР ХАРИЛЦДАГ ВЭ?

Ээж болгонд хүүхдийнхээ зан ааш, онцлогт тааруулж харилцдаг "Хэл" байдаг. "Том хүүхдийн асуудал том, жижиг хүүхдийн асуудал жижиг байдаг" гэсэн үг байдаг даа. Энэ үг үнэн санагддаг. Тухайн асуудалд нь тааруулж хүүхдэдээ аливаа зүйлийг их учирлаж, ойлгуулхыг хичээдэг. Хүүхдүүд том болж, их дээд сургуулиа төгсөж, өөрсдийн гэсэн гэр бүлээ зохиож, амьдралд хөл тавилаа. Одоо бол хүүхдүүдтэйгээ найз шиг нь шууд ярилцаж, зөвлөх байдлаар харилцдаг.

АЖИЛ, ГЭР БҮЛЭЭ ЯАЖ ЗОХИЦУУЛДАГ ВЭ? 

Эмэгтэйчүүдээс ажил, гэр бүлээ эн тэнцүү зэрэг явч явахыг нийгэм өөрөө шаарддаг. Манай эмэгтэйчүүд ч их мундаг зохицуулдаг. Миний хувьд гурван хүүхдээ яг өөрөө гардан өсгөж нэлээн олон жил гэртээ суусан. Бага хүүгээ гурван ой хүргээд ажилдаа орж, эрдмийн ажлаа бичиж эхэлсэн. Залуу байхад бусадтай адилхан л ажлаа хийж, хүүхдээ өсгөж, хань ижил хадам аав ээжээ асарч халамжилдаг байлаа. Эмэгтэй хүн ер нь аливаа зүйлийг мяндсан ухаанаар зохицуулж байх хэрэгтэй.

ХҮҮХЭД ТАНЬ ТАНИАС АСУУЖ БАЙСАН ХҮНДХЭН АСУУЛТ?

Хүүхдүүд заримдаа нэгэнт болоод өнгөрсөн юмны талаар их асууж шалгаадаг. Жишээ нь, та намайг бага байхад ийм спорт урлагаар хичээллүүлж, тийм ч дугуйланд явуулахгүй яасан юм гэх мэтчилэн. Би хариуд нь за та нар өөрсдийнхөө хүүхдийг л тэр дугуйлан, дамжаандаа явуул гэж хэлдэг./инээв/

ТАНЫ ХҮССЭНЭЭР ХҮҮХЭД ЧИНЬ ТӨЛӨВШИЖ ЧАДСАН УУ?

Нийгэм, цаг үеийн байдал хүүхдийн хүмүүжил, сэтгэлгээнд их нөлөөлж зарим талаараа хүүхдүүд маань бодсоноос өөр байгааг үгүйсгэхгүй. Тэр болгонд одоо хүртэл хүүхдүүдээ хүмүүжүүлсээр л байна даа. Гурван хүүхэд маань гурвуулаа тусч сайхан зан чанартай, аливаа асуудалд аядуу зөөлөн ханддаг, сайхан сэтгэлтэй болж төлөвшсөнд нь ээжийн хувьд их баярладаг. 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon