Нийтлэл 05 сарын 11, 2017

Сонгуулийн зэрлэг өрсөлдөөн

УИХ-д суудалтай намууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ намаасаа тодруулав. МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болов. Бүгд суурь рэйтинг, нам доторх дэмжлэгээр “маргаан тэмцэлгүй” гараад ирэв. Гэхдээ нам дотроо ингэж өрсөлдсөн ч ерөнхийлөгчийн сонгуульд ширүүн өрсөлдөх нь.

Намын даргаас дор Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах намуудын сонгууль ерөнхийлөгчийн сунгаа гэхээргүй болов. АН-ынхан 6 хүн бүртгээд эндээс сонго гэв. Уг нь намын даргын сунгаагаа 21 аймгаар мэтгэлцээн, хэлэлцүүлэг зохион байгуулж өөрсдийнхөө хийх ажлаа танилцуулж байсан. Ийм танилцуулга хийсэн тохиолдолд сонгогчид ядаж хэн ямар үзэл бодолтой, ямар ажил хийх вэ гэдэг нь ялгарч тодорхой ойлголттой болдог. АН-ын ерөнхийлөгчийн сунгаанд сурталчилгаанд хүч хөдөлмөр зарах шаардлагагүй зүгээр л суурь нэр хүнд (ө.х рэйтинг), бага зэрэг хар пиар явуулах байдлаар өрсөлдүүлэв. Үнэндээ бол шударга бус. Яагаад гэвэл хамгийн муу рэйтингтэй хүнд өөрийгөө таниулах боломж байсангүй.

Гэхдээ нөгөө талаас муу рэйтингтэй буюу яагаад ч ялахгүйгээ “мэдэж” байсан нэр дэвшигчид санал хуваах гэж орсон болж таарч байна. Үгүй гэвэл ийм илт шударга бус өрсөлдөөнд оролцоод яах билээ. Ялсан нэр дэвшигчийн хажууд 21 аймгаараа явж хүч хөдөлмөр зарж ялсан С.Эрдэнэ илүү шударга ялагч шиг харагдах аж.

МАН-ын хувьд ялгаагүй хоёр хүн өрсөлдсөн боловч бас хэн юу хийх нь тодорхойгүй боловч хэн гарах нь тодорхой сонгууль болов. Сая сонгууль хийсэн МАН-ын Бага хурлын ирц 66,8%-тай байсан. Улсын ерөнхийлөгч сонгох хариуцлагатай ажил гэдгийг гишүүн бүр нь мэдэж байгаа. Гэхдээ хэн гарах нь тодорхой гэдгийг мэдэж байсан учраас Бага хурлын хөдөөний гишүүдийн нилээд нь “хоосон” ажил гээд “залхуурав”.

МАХН-д номер нэг хүн бол Н.Энхбаяр, өрсөлдөөд ч байх хүн байхгүй. С.Ганбаатар МАХН-аас нэр дэвших тухай яригдаж байсан нь ч МАХН-ын хувьд ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон санал авах цаашлаад их хэмжээний санал хувааж чадах хүн бол Н.Энхбаяр. Тэгээд ч С.Ганбаатарын хувьд рэйтингийнхээ оргил үеэс уруудан С.Жавхлан нарын шинэ, Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын “хууччуултай” рэйтингээрээ өрсөлдөж байна. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл сонгогчдоос Н.Энхбаяраас хол дутахгүй дэмжлэг авч чадна. Хэрвээ энэ удаагийн сонгуульд Н.Энхбаяр дэвшвэл С.Ганбаатар МАХН-ыг дэмжиж ажиллан рэйтингээ буцааж өсгөх нөгөө талаас МАХН-ын авах саналыг нэмэгдүүлэх гэж ажиллах болов уу.

Тэгш бус “гараа”

Хүмүүс М.Энхболд, Х.Баттулга хоёрын намтар, боловсролоор нь их харьцуулж байх шиг. Гэхдээ ердийн хронологи намтар бүрэн зураг харуулахгүй.

М.Энхболд бол социализмын үеийн МАХН-ын кадрын гэр бүлд төрж өссөн. Тухайн үедээ "боломжийн", хангалуун айлд өссөн. Монголдоо л хамгийн нэр хүндтэй, чанартай МУИС-ийг төгссөн. Х. Баттулга бол үйлдвэрийн ажилчдын гэр бүлд төрж өссөн. Гэр хороололд хүүхэд яаж өсдөг тэр жишгээр л бага насаа өнгөрүүлсэн. Яармагийн дунд сургуулийн боловсролтой, зураач. Ингээд харвал хоёр нэр дэвшигчийн “гараа” анхнаасаа тэгш бус байсан ба өссөн орчин, амьдралын замнал ялгаатай.

М.Энхболд бол МАН дахь социализмын үеийн нэр хүнд, боловсрол, холбоо сүлбээний суурь, инерциэр өдийг хүрч буй МАН-ын удирдлагуудын нэг. Харин Х.Баттулга бол тусалж дэмжих “ар талгүй” учир хувцас оёж, зураг зарахаас жудогийн тамирчин болох хүртэл төрөл бүрийн ажил оролдсоор амьдралаа босгосон байх.

Улс төрийн “боловсролын” хувьд Х.Баттулга ардчилсан хувьсгалын үзэл санаа, түүхээр “амьсгалсан” МОАХ-ны партизануудаар хүрээлүүлсэн нэгэн. М.Энхболдыг “хотын фракцыг” байгуулж ахалсан гэвэл энэ нь тохиолдлынх биш юм. Хотод өссөн Ц.Мөнх-оргил гэх мэт хотод өссөн хүмүүсээр хүрээлүүлжээ. МОАХ-той адил улс төрийн хариуцлагагүй фракц. Гэхдээ МОАХ, МАН дахь “хотын фракц” аль аль нь намдаа чухал, түшиг бүлэг байсаар ирсэн.

Одоо дээрх хоёр нэр дэвшигч нэг тавцанд өрсөлдөх гэж байна. Ирэх сонгуулийн үр дүнд нэр дэвшигчдийн намтараас гадна тэдний улс төрийн имиж нөлөөлөх нь гарцаагүй. Улс төрчид нийгэмд хэрхэн танигдсан, нэр хүндтэй болсныг олон нийт нэг үгээр илэрхийлээд хэлчихдэг. Ц.Нямдоржийг “шударга”, Ц.Элбэгдоржийг “шударга байцгааялдаа” (гэхдээ энэ үг нь сайнаасаа илүү муу нэр дагуулсан), С.Ганбаатарыг “тэмцэгч”, Н.Багабандийг “хийгүй” гэх мэт. Харин одоо Х.Баттулгын “эх оронч” гэх имиж олон нийтийн дунд ихээхэн түгсэн байна. Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк гэх мэт дуулиантай хэрэг тасрахгүй дагасан ч нэр хүндээ өсгөх, имиж бүрдүүлэхдээ “сайн” ажилласан. Үүнд оролцсон телевизийн хэд хэдэн нэвтрүүлэг, жудогийн спорт дахь оролцоо нь нөлөөлсөн байх. Гэтэл М.Энхболдын хувьд түүнийг илэрхийлэх нэг үг “олдохгүй” байна. Олдсон ч газрын наймаачин, эрлийз, хурлийз гэх мэт нэрсийн жагсаалт үүснэ. М.Энхболд МАН-ын дарга болсоноосоо хойш олон нийтийн дунд дөлгөөн, элгэмсэг имиж бүрдүүлэх гэж оролдсон боловч бүтсэнгүй. Олон нийтийн ой тойнд хоногшсонгүй. Гэхдээ хоосон сууриас сонгуульд оролцохгүй учир цаашдаа өөрчлөгдөх боломжтой.

Дээрх хоёр нэр дэвшигчээс гадна онцгой түүх, имиж бүтээсэн хүн бол Н.Энхбаяр. Түүнийг олон нийт дунд илэрхийлэх нийтлэг нэг үг байхгүй ч ерөнхийлөгч байх хугацаандаа онцгой имиж бүрдүүлж чадсан юм. Ерөнхийлөгч байх хугацаандаа Монголчуудын хүсээд байдаг хүчирхэг “удирдагч” гэсэн өөрийн дүрийг хүүхэд, хөгшидгүй ой тоонд суулгаж чадсан. 2012 онд УИХ-д 13 суудал авсан, өнөөг хүртэл МАХН-д дэмжигчид цуглуулан оршиж буй нь Н.Энхбаярын “удирдагч” имижд тулгуурласантай холбоотой.

Сонгуулийн босгонд

Х.Баттулга болон АН-аас МАН руу тэр дундаа М.Энхболдын эсрэг олон чиглэлээр сурталчилгаа явуулах нь гарцаагүй. Яагаад гэвэл М.Энхболд УИХ-ын дарга, МАН-ын дарга буюу энэ Засгийн газрыг байгуулахад гол нөлөөтэй хүн нь байсан ба 2016 оны сонгуулиас хойших УИХ, Засгийн газрын сул үйл ажиллагаа, алдааг шүүмжлэх нь гарцаагүй. Х.Баттулга ч АН-ын сунгааны эцэст тавьсан илтгэлдээ МАН-ыг олигархи нам хэмээн тодорхойлов. Мөн татвар нэмсэн, Хятадуудыг визгүй нэвтрүүлдэг болгоё гэсэн шийдвэр, уриалгуудыг эсэргүүцэв.

Сонгуулийн үеэр Х.Баттулгыг эсрэг ажиллах чиглэл нь Төмөр замын хэрэг болон Монгол-Хятадын харилцааг муутгасан гэх буруутгал байх болов уу. Төмөр замын хэрэг гэдэг нь “зүгээр нэг” хэрэг биш. Х.Баттулга төмөр зам барих гэж 200 сая ам.долларын санхүүжилт Засгийн газраас авсан хэрнээ нүд хуурсан ажил хийж, хулгай хийсэн нэр зүүх болов. Ядаж байхад нөгөө мөнгө нь “зүгээр нэг” мөнгө биш удахгүй төлөх гэж буй Чингис бондын мөнгө байжээ. Тийм учраас Х.Баттулга нэр дэвших эрхээ авахдаа хэлсэн үгэндээ Чингис бондоос зээл авсан компанитай гэх УИХ-ын гишүүдийг буруутгав. Нэг нь зээлээ төлөөгүй, нөгөө нь зээлээрээ төмөр зам бариагүй учир адилхан буруутай л гэж буй.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж буй нэр дэвшигчид дээр тайлбарласан имиж дээр тулгуурлан өрсөлдөх гэж байна. Үүн дээрээ төрөл бүрийн “хийсвэр” ойлголт, дүр төрх, амлалт өөр дээрээ болон өрөөлд нэмэх нь гарцаагүй. Тэд ширүүн өрсөлдөөнд бэлдэж байна. Гэхдээ ард түмэн энэ өрсөлдөөний хажуугийн ажиглагч биш оролцогч гэдгээ мартаж болохгүй.

Сэтгэгдэл бичих

arrow icon