Нийтлэл 05 сарын 11, 2017

Эдийн засгийн чуулганыг хойшлууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Эдийн засгийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй уулзсаны дараа энэ сарын 18-19-нд болох байсан чуулганыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв.

ОУВС-ын Захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр хуралдаж Монгол Улсыг хөтөлбөртөө хамруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрээ гаргана. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар ямар асуудал ярих, эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой болох юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед эдийн засгаа улстөржилтгүйгээр ярих нь зүйтэй гэж Ерөнхий сайд үзсэнийг сайд Ж.Мөнхбат хэллээ.

Манай улс жил бүр чуулган хийдэг ч эдийн засгийн өсөлт унасаар  ирсэн. Иймээс өмнөх чуулгануудаас гаргаж байсан зөвлөмжийг ажил хэрэг болгох чиглэлээр ямар ажил хийснийг дүгнэж цэгнэх, энэ жилийнх бодитой үр дүнтэй байх ёстой гэж Ерөнхий сайд чиглэл өгсөн байна.

Энэ дагуу чуулганыг зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхний долоо хоногт багтаан зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, нэмэгдүүлэх, Макро эдийн засгаа сайжруулах гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon