Нийтлэл 05 сарын 18, 2017

Сонгуулийн ИРЦ, ТӨСӨВ хоёрын УРВУУ ХАМААРАЛ

Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотой  “Хэнийг нь сонгох вэ?” гэдэг асуултын өмнө тулж ирээд байна. Хэн нэгнийг нь эхнээсээ тууштай дэмжигчдийн хувьд энэ асуулт асуудал биш. Тэд нэг ч гэсэн хүнийг өөрийнхөө талд татахын тулд махран оролдож буй цаг. Үе үеийн сонгуулийн дүнгээс харахад хоёр талыг идэвхийлэн дэмжигчид саналаа бага зэргийн зөрүүтэй хувааж харин үлдсэн саналыг буюу эцсийн шийдлийг хөвөгчид хийдэг. Хөвөгчдийн хувьд “хэнд нь өгсөн ч яахав харан байж болъё” эсвэл “өгөхгүй байсан ч яахав” гэдэг гаргалгаа. Тиймээс бүх пи ар ажиллагаа хөвөгчдийн зүг. Тэр нь ч зөв хэрэг. 

Гэвч сонгуулийн жил бүрээр идэвхгүй болсоор байгаа сонгогчдын ирц сонгууль зохион байгуулагчдыг илт зовоож байна. Төрөл бүрийн дүн мэдээгээр хамгийн залуу сонгогчид буюу хамгийн идэвхгүй нь 18-35 насныхан. 

 

 

1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 92.7%

1997 оных 85.6%

2001 оных 82.9%

2005 оных 75%

2009 оных 73.6%

2013 оных 66.5%

2017 оных    ???

 

 

Мөн хамгийн өндөр хувьтай санал авч байсан Ерөнхийлөгч бол Н.Багабанди. Тэр 1997 онд 60.8%, 2001 онд 58.1%-ийн саналаар ялж байжээ. Энэ тоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед унасан гэж хэлж болно. 2009 онд 51.2%, 2013 онд 50.2%-ийн саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авч байж. Эндээс харахад нийгэм эдийн засгийн байдал ерөнхийдөө таатай үед нэр дэвшсэн ч хамгийн бага хувийг  одоогийн  Ерөнхийлөгч үзүүлж байж. 

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн тэмдэглэснээр хүмүүсийн амьдралын түвшин дээшлэх тусам сонгууль өгөх идэвх нь буурдаг гэсэн байна.

Эдийн засгийн байдал, иргэдийн сонголт хоёр урвуу хамааралтай юу?

Эсвэл эдийн засаг хэцүү үед иргэд итгэлээ дэнчинд тавьдаг хэрэг үү?

Харин нөгөө талдаа өссөөр байгаа үзүүлэлт нь сонгуулийн төсөв, зардал. УИХ-аар батлуулдаг сонгуулийн төсөв сонгууль бүрээр өссөөр ирсэн. Энэ төсөв идэвхгүй болсоор байгаа сонгогчдын идэвхжилтэд нөлөөлөх хүчин зүйл болж одоохондоо чадахгүй байгаа. Доктор О.Эрдэнэчимэгийн судалгааны бүтээлээс харахад:  

 

 

1993 онд Ерөнхийлөгчийн сонгуульд 40 сая төгрөг төлөвлөж байсан бол

1997 онд 150 сая

2001 онд 462 сая

2005 онд 636 сая

2009 онд 4 тэрбум

2013 онд 15 тэрбум  төгрөгийг  СЕХ батлуулж байв.

2017 онд 1 нам эвсэл 6.8 тэрбум, 1 нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг гэж тусгагдаад байна.

Мөн гадаадад оршин суугаа иргэдийн саналыг авахад чиглэсэн үйл ажиллагаанд хөрөнгө мөнгө нэлээдгүй зарах болсон. Үр дүн нь тийм ч сайн биш. 

Идэвхгүй сонгогчдыг сонгуульдаа ирүүлэх талаар хэлэлцэгдэж иргэнийг торгодог, шийтгэдэг байх талаар санал гарч байна. Болохгүй байгаа бүх асуудлыг хуулиар зохицуулна гэдэг хандлага хууль санаачлагчдын зүгээс цухалзана. Гэвч шийтгэлээс айж хийсэн сонголт, сонголт мөн үү?  Хүний  “эсэх” эрх чөлөөгөө эдлэх эрх нь яах вэ гээд асуултууд одоохондоо хариулт үгүй. 

Энэ жил сонгогдох Ерөнхийлөгч сонгогчдын итгэлийг нэмж, ирцийг ихэсгэж чадах уу? 

Сэтгэгдэл бичих

arrow icon