Нийтлэл 05 сарын 24, 2017

ЕРӨНХИЙЛӨГЧИД нэр дэвшигчид ЯМАР ДҮР БҮТЭЭХ ВЭ?

Монголын Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  27.7-д заасны дагуунэр дэвшигч нар нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдөр дуусгана гэж тусгагдсан. Энэ дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаа энэ сарын 6-ны өдрөөс албан ёсоор эхлэх юм.  Энэ хуулиар нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, гудамж талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах, радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах, цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглах эрхтэй. Гэхдээ эдгээр нь хэмжээ хязгаартай. Заагдсан хэмжээтэй сурталчилгааны цаасан хэвлэлүүд ихэнхдээ хогийн саванд ордог учраас тийм ч үр дүнтэй арга биш. Тиймээс гол өрсөлдөөн онлайн ертөнцөд өрнөх нь мэдээж. Хамгийн эрх чөлөөтэй хүртээмжтэй суваг. Бидний нэрлэдэгээр пи ар гэх акцууд энд л өрнөнө.

Харин нэр дэвшигчид ямар дүрд тоглох вэ? гэдэг хамгийн сонирхолтой. Учир нь гурван нэр дэвшигчийг сонгогчид дэндүү сайн мэднэ. Тиймээс сурталчилгаа гэхээсээ илүү олон нийтийн сэтгэлзүйд суурилсан пи ар ажиллагаа ихэнхдээ явагдах болов уу. Одоогийн байдлаас харахад хэн нь ч дурсамжаа сэргээхийг хүсэхгүй байх магадлалтай учраас ирээдүйд чиглэсэн өөдрөг мөрөөдөл ярих нь тодорхой. Нэр дэвшигчдийн өнгөрсөн түүхийг сошиалчид хаанаас ч, хэзээ ч хангалттай давс хужиртай нь сөхөж баяжуулж чадах учраас түүнд хариу барьж, давуу талыг  гэрэлтүүлэхэд л пи арчид хамаг тархины булчингаа ажиллуулах нь тодорхой. Одоогийн байдлаар “Тэд юу хийж бүтээсэн бэ?” гэдэг хэцүү асуултад  хэн нь ч дорвитой хариулж чадаагүйгээс харахад энэ удаагийн сонгуулийн пи ар хамгаалах болон хийсвэрлэх аргад үндсэндээ суурилж магадгүй. Гэхдээ Монголын пи ар-чдаас юу ч гарч болзошгүй. 

М.Энхболд  

Нэр дэвшигч М.Энхболд  боломжийг алдахгүйгээр амжив. 

 

Нэр дэвшигч М.Энхболдын эдгээр мэндчилгээнээс харахад тэр өмнөх сонгуулиудаар хэрэглэж байсан тулхтай, буурьтай имиж дээрээсээ “олны хайр хүндэтгэлийг хэдийнээ хүлээсэн хүн” буюу “бурхан”-ы дүрд тоглож байгаа бололтой. Иймэрхүү өвлийн өвөөгийн дүр нь алсаас инээмсэглэн гараараа даллан мэндчилж “шидэт” бэлгийг хүмүүст илгээдэг онцлогтой. Тэр сайн аав, сайн хань, сайн ах, сайн хүү, сайн дарга гэх мэт төгс хүний дүрийг бүтээгээд эхэлжээ. Мөн “Бүрэн зураглал” хэмээх нэвтрүүлэгт даргын зангиагаа тайлан байж орсон ч залуусын саналыг татах энэхүү арга нь нэг л амжилттай болоогүй. Түүнд шинэ үеийнхний анхаарлыг татах шаардлага байгаа нь илт. Комплекс ч бас бий. Хэлхээ сүлжээ, арилжаа наймааны асуудал бол яриулахыг хүсэхгүй  сэдэв нь. Өрсөлдөгч нараасаа ялгарах давуу тал нь улс төрийн замнал. Сонгуулиар энэ давуу талаа мэдээж гэрэлтүүлэх биз.

Х.Баттулга  

Нэр дэвшигчээр тодронгуутаа  ард түмэнтэйгээ тулж ажиллаж эхэлсэн нэр дэвшигч Х.Баттулга.

 

Тэр өөрийнхөө цахим хуудсуудаар хүмүүстэй ярилцаж санал сэтгэгдлийг нь сонсож асуудлыг шийдэгчийн дүрд тоглож тандалтаа эхэллээ. Энэ нь хүмүүсийн бэрхшээлийг сонсож таалагдах зүйлийг нь өөрсдөд нь эргүүлэн ярих энгийн хэрнээ үр дүнтэй арга. “Ардын баатар”-ын шилдэг жишээ. Түүний оёдлын машины ард суух “ажилчин”, тонгорч буй “тамирчин” зураг сошиалаар хэдийнээ цацагдаад эхэлсэн. Синдрелагийн эрэгтэй хувилбарыг монголчууд ихэд хайрладаг. Учир нь бүгд нэгэн ижил гараанаас уралдаж одоо ч зарим нь тэр нь мөрөөдөл төдийгөөр яваа учраас “хөлсөө урсгасан хүн мундаг” гэдэг бол энгийн хүмүүсийн нийтлэг загвар учраас ард олонд таалагдана. Х.Баттулгыг “Ардын хүү түрүүлэх ёстой наадам" гэж дэмжигчид нь уухайлж байна. Тэр ч энэ дэмжлэгээр пи ар-аа хийх байх. Түүний дургүй сэдэв бол гэр бүл, төмөр зам гэх мэт байх болов уу. Хэрвээ Америк зэрэг гэр бүлийн үнэт зүйлийг тэргүүнд тавьдаг улсад энэ  том асуудал болно. Монголд бол өөр хэрэг. Түүний цоохор дээлтэй зураг сошиалаар тарж "Женко дээл" хэмээх жинхэнэ монгол эрийн дүрийг бүтээж эхэлсэн ч орой нь Ёроо дээл болон хувирч тэгсээд намдав. Тэр энгийн сайхан монгол эр хүний дүрд тоглож байна.Цаашдаа яахыг таашгүй араншинтай хүн бол тэр мөнөөсөө мөн. 

С.Ганбаатар “Тэмцэгч”

Улс төрд талбай дээрх жагсаалын тэргүүн эгнээнээс орж ирсэн С.Ганбаатарын хувьд сүрдэм постер, эшлэлүүдээр шууд дайрах тактик баримталж байна. 

Нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд улс төрийн замнал нь уналт, босолттой. Босоо хэмээх өөдрөг хочтой нэр дэвшигч С.Ганбаатар хэзээний тэмцэгч имиж дээрээ шинэчлэгч болон тодрохыг хүсэмжилж байна.

Гоё зураг, үнэн үг бол хэзээний хүмүүсийн сэтгэлд хүрдэг арга. Бас дээрээс нь тэр хэзээ ч,  хаана ч олон хүн цугласан газарт өөрийн биеэр очиж тэмцэгчдийн тэргүүн эгнээнд явдаг амьд аргаа хэрэглэх нь тодорхой. Сайхан ярих бол түүний давуу тал. Энэ боломжоо тултал нь ашиглах нь ч дамжиггүй. Түүний  улс төрд өнгөрөөсөн түүх нь өөрөө “поп” хочтойгоор асуудал болж хувирна. Тэр сонгуулийн сурталчилгаагаар ямар хиншүү тавихыг таашгүй. Тэр ард түмний өмнөөс гал, усанд орохоос буцахгүй хайртай тэмцэгчийн дүрдээ тоглосоор л явна.

 

 

Одоогийн байдлаар нэр дэвшигчдийн хувьд өөртөө шинээр наасан цочмог шинэ имиж харагдахгүй байна. Гэхдээ тэдний пи ар-чид сонгогчдод ямар илбэ шидийн зүйл үзүүлэхийг одоогоор мэдэх аргагүй. Пи ар гээчид тогтсон жор гэж байхгүй. Гэхдээ хүмүүсээр сайн үнэлгээ өгүүлж эцэст нь эерэг үйлдэл хийлгэх зорилго нь хэвээрээ. Энэ удаад пи ар-чдын өмнө итгэл алдарсан олон түмний сэтгэлзүйтэй тулах л хүндхэн даваа байна.

Нэр дэвшигчдийн хувьд гурвууланд нь  тулгараад буй хамгийн эхний хэцүү асуулт бол одоогоор "ТА БОЛОВСРОЛТОЙ ЮУ?" болчихоод байгаа. Энэ давааг МЭТГЭЛЦЭЭД давчих боломж байгаа. Эс тэгвэл олон нийт тэдний дипломын хуудсыг дахин дахин сөхсөөр л байх болно. 

Нөгөө талаас  “мөнгөө төл тэгээд үгэнд ороод биднийхээр хий” гээд пи ар-чдаасаад даалгавраа хэдийнээ авчихсан байгаа биз. Олон нийтийн сүлжээгээр  МЭТГЭЛЦҮҮЛЭХ нь хамгийн сайн хувилбар гэж үзэж байгааг л эцэст нь онцолмоор байна. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon