Нийтлэл 05 сарын 26, 2017

ШИНЖЛЭХ УХААН: Хулганы эр бэлгийн эс сансарт амьд гарч чаджээ. Хүний эс чадах уу?

Японы эрдэмтэд сублимацийн аргаар хатаасан хулганы эр бэлгийн эсийг сансарт 9 сар байлгасны эцэст дэлхийд буцаан авчирч үр хөврөл болгох туршилтыг хийж буй гэдгээ мэдэгдсэн. Харин дээрх аргыг хүн дээр туршвал бүтэх үү? Сансарт үр тогтох боломжтой байлаа гэж үзвэл ямар ч татах хүчгүй орчинд төрсөн хүүхэд дэлхий дээрх найзуудаасаа өөрөөр өсч торних болов уу?

НАСА болон бусад дэлхий дахины томоохон сансрын агентлагууд 2030 он гэхэд Ангараг гаригт хүмүүсийг аваачих ажилд улайран зүтгэж байгааг мэргэжилтнүүд Улаан нүдэн гариг дээрх амьд явах боломжийн талаарх гол асуултуудыг үл тоомсорлоцгоож байна гэж үзэцгээж байна. Сансрын судлаачид хүмүүс Ангараг гариг дээр хэрхэн амьсгалж, амьдрах талаар эсвэл тийш очих 2-3 жилийн турш үргэлжлэх аяллын үеэр авах сансрын цацраг туяаг хэрхэн тэсвэрлэж гарах талаар өчүүхэн бага ойлголттой.

SpaceX-ийн захирал Елон Маскийн амлаад байгаа Ангараг гаригийг колоничлох ажлын гол бүрэлдэхүүн хэсэг бол тэнд хүүхэд төрүүлж, өсгөх явдал юм гэж Жорж Вашингтоны Их Сургуулийн Анагаах ухаан, Эрүүл мэндийн тэнхимийн туслах профессор Крис Ленхарт үзэж байгаа аж.       

Энэ нь хүн төрөлхтний шинэ үүслийг сансарт эсвэл жингүйдлийн байдалд бий болгож болох уу гэсэн ёс суртахууны асуудлыг хөндөж байгаа юм.

Тэрээр үргэлжлүүлэн “Хэрэв хүн төрөлхтний зорилго нь сансар огторгуйгаар зорчин явах төрөл зүйл болох явдал юм бол энэ талаар тун нухацтай судлах шаардлагатай. Энэ бол шинжлэх ухааны огт танигдаж, мэдэгдээгүй салбар.” гэжээ.

Хулганы эр бэлгийн эс

Ижил төстэй салбарын эрдэмтэд хамтран хянаж байж хэвлэлтэнд гаргадаг АНУ-ын “Шинжлэх ухааны Үндэсний Академийн Бүтээлүүд” нэртэй сэтгүүлийн энэ сарын 22-ны өдрийн хэвлэл бол “тун сонирхолтой эхний алхам” гэж Ленхарт үзэж байна.

Хулганы эр бэлгийн эсийг сублимацийн аргаар хатаагаад Дэлхийгээс 250 миль буюу 400 километрийн тойрог замд байрлах Олон Улсын Сансрын Станцад 9 сарын турш байлгасан ажээ.       

Эсийг дэлхийд авчирсны дараа Яманаши Их Сургуулийн ахлах эрдэмтэн Тэрүхико Вакаяама Дэлхий дээрхээс 100 дахин хүчтэй өдөр тутмын цацраг туяанаас болж эсэд “ДНХ-ийн хувьд бага зэрэг гэмтэл учирсан” гэдгийг олж мэдсэн байна.

Дэлхийд буцаж ирснийх нь дараа эр бэлгийн эсийг хуруу шилэнд үр тогтоож, үр хөврөл болгон улмаар нас бие гүйцсэн, эрүүл саруул хулгана болон өссөн байна. Сансарт байсан эр бэлгийн эсийн ДНХ-д гарсан гэмтэл нь эс үр хөврөл болж боловсорсны дараа нөхөн сэргээгдсэн байсан аж.    

Гэхдээ сансарт чухам юу болж болохыг судалгааны тайланд тун бага тусгажээ. Ленхар “Эсийг үр хөврөл болгох ажлыг дэлхий дээр л хийсэн” гэжээ.    

Ангараг гариг, НАСА

Өндгөвчинд хортой 

Сансрын гүн дэх сансрын цацраг туяаны туршилтын эмэгчин хулгануудад үзүүлэх нөлөөг туршсан туршилтын дүн тийм ч сайнгүй гарчээ.

Нөхөн Үржихүйн сэтгүүлийн энэ сарын дугаарт гарсан судалгаанаас харахад сансрын цацраг туяанд байлгасан эм хулгануудын өндгөвчинд маш ноцтой гэмтэл учирч байсан тухай танилцуулсан бөгөөт түүгээрээ сансрын гүнд очиж ажиллах эмэгтэй сансрын нисгэгчдийн өндгөвчний үйл ажиллагаанд бэрхшээл учирч болохыг анхааруулсан байна.

Тус судалгааны багийн мэргэжилтнүүдийн нэг болох Калифорнийн Их Сургуулийн анагаах ухааны профессор Улрик Лудерер АНУ-ын сансрын агентлагууд сансрын гүн рүү очдог сансрын нисгэгчиддээ санаа зовж байдгийн гол шалгаан нь энэ гэжээ.   

Тэрээр мөн “Сансрын цацраг туяа нь өндөвчийг цагаас нь эрт ажиллагаагүй болгох, өндгөвчний хорт хавдар үүсгэхээс авахуулаад ясны сийрэгжилт, зүрх судасны өвчин, Алцхаймерийн өвчин гэх мэтийн мэдрэлийн өвчнийг үүсгэх магадлалтай. НАСА-гийн шинэ сансрын нисгэгчдийн ангийн тэн хагас нь эмэгтэйчүүд. Тиймээс эмэгтэй сансрын нисгэгчид сансрын гүний цацраг туяанд урт хугацаанд гарснаар эрүүл мэндэд үүсэх хор уршгийг зайлшгүй мэдэж байх шаардлагатай” гэсэн байна.

Шидэт “алгасалт”

Мэрэгч амьтад сансарт амжилттай хээлтсэн талаар болон үр хөврөл сансарт эсэн мэнд боловсорсон тухай өөр төрлийн судалгаа хараахан хийгдээгүй байгаа гэж Ленхарт мэдэгдсэн. Мөн “Хэрэв 4 юмуу 8 эстэй үр хөврөл галактикийн сансрын цацраг туяанд өртвөл үр хөврөл амьд гарах боломж тун бага. Харин үр хөврөл бидний огт мэдэхгүй хөгжлийн яг тэр үедээ л цацрагийг тэсч гарч чадвал үр дүн өөр байж болно” гэжээ.       

Ирээдүйд төрөл бүрийн амьтдын үр хөврөлийг сансрын станц руу илгээх туршилт үргэлжилнэ.

Тэр үед ч гэсэн татах хүчгүй орчны болон цацрагийн туяанаас гарч болох асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарсан хэвээр байх нь тодорхой.

Хэрвээ бид цаг хугацааг ид шидээр алгасч, сансрын хөлөгт хүүхэд төрж болох цаг үед очлоо гэхэд шинээр төрсөн тэр хүүхэд онолын хувьд хөдөлгөөнөө хагжүүлэхийн тулд зогсож, алхаж, гараа ашиглаж чадахгүй байх болно. Тиймээс тэр цаг үед хүн төрөлхтний шинэ хувьсал хийгдэх магадлалтай.    

Дэлхийгээс хоёр дахин бага татах хүчтэй гэгддэг Сар эсвэл Ангараг гаригт төрсөн хүүхэд Дэлхий дээр төрсөн хүүхдээс ялгаатай байх аж. Сарны татах хүчний 1/6, Ангараг гаригийн татах хүчний 1/3 нь байхад яс, булчин хэвийн ажиллах нөхцөл бүрдэх боломжтой байх магадлалтай. Тэр нь ижил төрөл зүйлийн амьтад нарны аймгийн гаригт тархахад хүргэж болох юм.     

 

Эх сурвалж: www.AFP.com 

Сэтгэгдэл бичих

arrow icon