Нийтлэл 05 сарын 30, 2017

Асем Вилла буюу Н.Золжаргалын дохиураар бүтсэн ид шидийн орон

Анх Forbes Mongolia сэтгүүлээс шалгаруулсан залуу лидерүүдээс бүрдсэн #3040 хэмээх 150 орчим шижигнэсэн залуусыг нэгтгэсэн сайхан анги байдаг. Ажил үйлс, өөдрөг тэмүүллээс өөр юм яригддаггүй #3040 ангийн шинэ жилийн баяр хүртэл ажил хэрэгч болдог. Энэ жилийн баяраар Ч.Ганжавхлангийн баг хэрэгжүүлж буй гэр хороололд хүүхдийн хөгжлийн төв барих “Ид Шид”-ийн орон төсөлд 10 орчим сая төгрөгийн мөнгөн болон бусад хандив цуглуулж нэгнийхээ ажлыг дэмжсэн юм. Тэд өчигдөр бас том арга хэмжээ хийж 40 хүртэлх сая төгрөгтэй тэнцэх хандив босгожээ.

Би бол хандив өгөхгүй. Өгөхгүй гэдгээ Жакт өөрт нь хэлдэг ба өрөөлд хандаж ХАРИУЦЛАГАГҮЙ ард түмний ХАНДИВ их тэмдэглэл бичиж байсан. Энэ удаа  Жакын арга хэмжээ дуусаад бичсэн тэмдэглэлийг уншаад хүйтэн загнадаг хүрэл зүрх минь хүртэл хайлахад хүрэв.

“Бид үнэхээр сайхан арга хэмжээ зохион байгуулсаан. Хөтлөсөн, ирсэн, дуулсан, зурсан, хандивласан, ард нь гүйсэн гээд тоочвол дуусахгүй. Ид шидийн хүлэг маань нэг хэсэгтээ л бинзен алдахгүй урагшилах боломжтой боллоо. Энэ л бидний зорилго байв. Бараг 40 сая төгрөгтэй тэнцэх мөнгөн болоод материалын хандив энэ үдшийн үр дүн байлаа. Маргааш барилга дээрээ ажиллацгаана, юу ч бодохгүй хэдэн цаг сайхан унтаад орхиё. Та бүхэн яг жинхэнэ мөн чанараараа энэ үдшийн "ИД ШИД БҮТЭЭГЧИД" байлаа !” Ч.Ганжавхлангийн Фэисбүүк хуудаснаас.

Ариун цагаан хөдөлмөрөөр олсон 10 төгрөг тутмынхаа талаас илүүг нь энэ мэт асуудлаа шийд гээд улсын татварт төлж байхад түүгээр яаж гараа угааж байдгийг харах тусам угаасаа уур хүрээд байдаг атал энэ удаагийн арга хэмжээ, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн ажлын тайлан нийтлэгдэхтэй давхцаж улам бүр уушиг сагсайв. Хяналтаар ямар асуудал гарсан талаар эндээс бүрэн эхээр нь уншиж болно, бусад хэвлэлээр ч мэдээлж байгаа. Энэ удаа хоёр өөр “Ид Шидийн орон” зэрэг нүдэнд торсон тул харьцуулж бодоосой гээд нийтэлж байна.

Иргэний нийгэм татварын дараах орлогоосоо илүүчлэн барин чардайж барьж байгаа “Ид шидийн орон” энэ мэтээр гал залгуулж байна. Хонхойж шалбааг тогтсон гудамжинд хүний амьд явах язгуур эрхийг хорт угаараар хоног хоногоор боомилж байдаг орчинд хүн болж байгаа бяцхан хүүхдүүд “Ид Шидийн Орон” төслийнхөн элс асгав уу гүй юу ирээд тоглож байна гэхийг дуулахад өр өвдөм.

"Ид шидийн орон" төслийн явцаас. Фото эх сурвалж: Ч.Ганжавхлангийн Фэисбүүк хуудас

Энэ хүүхдүүдийг ийм орчин үзүүлэлгүй хүн болгочих нөөц, баялаг уг нь Монголд  хангалттай бий. Хулгайн гараар ороод  дайны цагийн танк шиг том машин, дундад зууны феодлын шилтгээн шиг орд харш болдог болсныг бүгд мэддэг. Гэхдээ яаж хийгээд байгааг нь ойлгохгүй юм уу, ойлгуулах бүх замыг нь худалдаад авчихдаг тул юуг эсэргүүцэж, юуг дэмжихээ мэдэхгүй  байгаа санагддаг. Үүний нэг тод жишээ хэвлэл мэдээлэл, хот тохижилт, зохион байгуулалтыг нь мөнгөөр зодож хийсэн АСЕМ.

АСЕМ боллоо, АСЕМ Вилла барилаа, таван одтой буудлуудад зээл өглөө гээд л баярын мэдээнүүд гардаг. Баярын мэдээ юм бол баярлах ёстой юм байна гээд алгаа ташаад өнгөрөөдөг. Гэтэл ард нь яг энэ хүүхдүүдэд  “Ид Шид”-ийн биш юм гэхэд энгийн сургалтын орчин барина хэмээн амалж татсан татвар өөр орд харшид ордог, орох орохдоо  эгэл бизнесмэнд цусаар уйлаад ч олдохгүй хямд хүүгээр олгодог, тэр хямд хүүгийн өртгийг Баянхошуунд усны тэргэнд дүүгээ суулгаад түрж яваа балчир охины аав ээж охиныхоо ирээдүйгээс хумсалж төлдөг. Хяналтын тайланд дурдсанаар(хянаад байх юмгүй л дээ, өмнө нь зөндөө мэдээлэгдэж байсан, баярын мэдээ хэлбэртэй байсан болохоос) Асем Виллад дараах байдлаар хөнгөлөлттэй зээл олгосон байх ба хугацаа 2021 он хүртэл.

Энэ хүснэгтийг үзмэгцээ тэгийн орныг ч тоолж үзэлгүй хэлэх зарим хариуг өмнөөс нь сонирхуулъя. Зарим нь эээ хайрхан Асем Вилла гээд эгэлгүй сайхан ордон гэр сүндэрлэж байхад юм хийснээ харлуулах гэлээ барилаа гэнэ, зарим нь чи муу хужаа, мутаци гэхчлэн орж ирнэ. Эмсиэс омгийнхны омогтой, аатай гэдэг чинь жигтэйхэн.  Ийм нөхцөлөөр зээл авдаг компани, бяртай байлгүй л яахав.

Компаниа, намаа өмөөрөх ажлаа хийж байгаагаас бусад энгийн иргэд бол дараах зүйлсийг ойлгохгүйгээс болж хармаанаас нь хулгай хийж байна гэж хэлж өгч байгаа хүмүүстэй өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдахын үлгэр болдог.

Нэгд, улаанаар тодруулсан гурав дөрвөн хувийн хүү ба Монголбанк, Засгийн газрын хэвлэдэг өрийн бичиг буюу 12-18% хүүтэй зээлийн хүүгийн зөрүүг өөрсдөө татвараараа төлдгийг (Монголбанк, Засгийн газрын данс тусдаа ч Монголбанкны алдагдлыг төсвөөс хаадаг).  

Хоёрт, ийм зээл гаргах гээд мөнгө хэвлэхээр өнөө доллар чинь үнэд ороод идэх талх, өмсөх хувцаснаас нь хороодгийг.

Гуравт, үйлдвэрлэл, хөрвөх чадварт орж байх ёстой хөрөнгө үл хөдлөх, рент хөөсөн салбарт түгжигдэхээр эдийн засаг царцдагийг.

Дөрөвт, мөнгө зарцуулаад бий болсон зүйл нүдэнд харагддаг, өөр алдагдсан боломжууд нэгэнт алдагдсан тул харагддаггүй. Миний баримжаагаар төр зах зээлээс татаж, шударга бус өрсөлдөөнөөр гаргаж байгаа 1 төгрөг тутамд 3-4 төгрөгийн өөр боломж, бүтээн байгуулалт, хэвийн зах зээлийн үйл ажиллагаа гарзанд гарч байдаг.

Тавд, энэ бүхнээс чухал нь заримд нь ийм боломж өгдөг, заримд нь өгдөггүй төртэйгөөс болоод хүүхэд залуус, нийгмийн хүч бизнес, бүтээлч амьдралд итгэл алдаж улстөр, нам, түр зуурын ашиг хонжоо хайсан салбарууд руу өрсөлдөх болж ирдгийг.

Зургаад нь, ийм мөнгө авдаг бүлэглэлүүдийн мөөмийг хөхдөг медианууд Баянхошууны хүүхдүүдийн төлөө зарах ёстой мөнгийг баахан тансаг үл хөдлөх болгож хувиргасан төрийн шийдвэрийг баярын мэдээ болгон иргэдэд зарж, мэдэх ёсгүйг мэдүүлж, мэдэх ёстойг нууж байдагт бий.

Ямар ч гэсэн иймэрхүү маягийн давуу эрх эдэлдэг нь ганц Эмсиэс биш. Засгийн газраас, Монголбанкнаас, Хөгжлийн банкнаас түмний мөнгөнөөс хямд хүүтэй зээл авч тэнд энд түгжсэн барилгын, шатахууны, буудай, хүнс бусад төрлийн компаниуд ичих булчирхай байдаг бол Ид Шидийн орон төсөлд нэрээ нуугаад ч болов нэмэрлээч гэж хэлмээр байна. Монголын төр ч ичих нүүр байдаг бол ирээдүйг авч явах хүүхдүүдээ угаар шалбааг дунд хаячихаад энгийн иргэд, залуус тэндээс нь сугалах 40 сая төгрөг босгож ядаж байхад 400-г, 4 тэрбумыг, 400 тэрбумыг хэдхэн бүлэглэл тэжээхэд зарцуулж байдгаа боль гэж шаардмаар байна.  

Энэ төслөө босгоод авлаа гэхэд Монголын бүх хүүхдэд ид шид үйлчлэхгүй нь гашуун үнэн. Монголбанкны репо хэмээх савааг дохиод л Асем Вилла, зочид буудлуудад мөнгө босгочихсон Монголбанкны экс ерөнхийлөгч Н.Золжаргал гэхэд Австралид гэнэ үү Сингапурт гэнэ үү ёстой л ид шидийн мэт харшид жаргаж яваа сураг гарна. Жинхэнэ ид шид Монголын төр авсныгаа зарах ёстойд нь зардаг, айлын хүүхдүүд алагчилдаггүй болсон үед л, хууль хүчнийхэн шударга ёсны саваагаар хариуцлага гээчийг хүлээлгэдэг болсон үед л бүтэж бий болно. Монголын төр тэгээд хэзээ шидэт саваагаа дохих вэ, хэн дохих вэ?

 

Жич. Ч.Ганжавхлан тэргүүтэй төслийн багийнхан, #3040 ангийнхны зүгээс энэ төрлийн агуулга огт захиалаагүй бөгөөд хүүхдийн төлөө хийж яваа сайн санааны үйлсийг “хэрүүл” хийхэд зөвшөөрөлгүй эш татсандаа хүлцэл өчье. 

Сэтгэгдэл бичих

arrow icon