Нийтлэл 05 сарын 30, 2017

Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ Харвардад сургахаар болсон ганц бие ээжийн түүх

Жоу Хоняаны хүү Дин Дин 1988 онд эхээс мэндлэхдээ төрөхийн хүндрэлээс болж амьсгал нь боогдож, үхэхийн наагуур өнгөрчээ. Хүү амьд гарсан ч нугасны мэдээ алдах өвчтэй үлджээ. Хятадын Шинхуа агентлагийн мэдээлснээр тухайн үед Хубэй мужийн эмнэлгийн эмч нар Жоуд хүү чинь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй эсвэл ухаан муутай нэгэн болно, эдгээх гэж оролдох нь бүтэхгүй зүйл гээд хүүгээ өөрөө асарч халамжлах хэрэггүй гэж зөвлөж байсан аж.   

Жоугийн нөхөр ч мөн эмч нартай санал нэг байсан бөгөөд Дин Дин гэр бүлд нь дарамт болно гэж үзэв. Гэсэн ч Жоу хүүгээ өөрөө өсгөж хүмүүжүүлнэ гэж зүтгэснээр тун удалгүй нөхрөөсөө салжээ.   

Ганц бие ээж болсныхоо дараа Жоу гэр бүлээ тэжээхийн тулд олон ажил зэрэг хийж, хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг олдог байлаа. Тэрээр Вуханы коллежид бүтэн цагаар ажиллахынхаа хажуугаар гэрээний төслийн сургагч, даатгалын ажилтнаар хагас цагаар ажилладаг байсан байна. Мөн хүүгээ нөхөн сэргээх эмчилгээнд тогтмол авч явж хамруулахаас гадна эмчилгээний массаж хийх аргад суралцан хүүгийнхээ чангарсан булчинг суллаж өгдөг байжээ. Жоу хүүгийнхээ оюун ухааныг сайжруулахын тулд оюун ухаан сайжруулж, сэтгэхүй хөгжүүлэх эвлүүлдэг тоглоом наадгайгаар тоглуулдаг байв. Уйгагүй ээж хүү нь өөрийн хөгжлийн бэрхшээлийг чадах чинээгээрээ даван гарахад ч мөн анхаардаг байсан аж. Дин Дин гарынхаа хөдөлгөөнийг удирдах боломжгүй байснаас савх хэрэглэж чаддаггүй байсан ч ээж нь түүнд савх хэрхэн хэрэглэхийг зааж өгч, Дин Дин савх хэрэглэж сурчээ.        

Жоу "Би хүүгээ өөрийн хөгжлийн бэрхшээлээсээ ичиж, зовж амьдраасай гэж хүсээгүй юм. Хүүд минь чадахгүй зүйл олон ч гэсэн тэр чадахгүй зүйлүүддээ улам мэрийж, чаддаг болтол нь би түүнийг хатуу сургасан" гэжээ.

Өдгөө 29 настай Дин Дин бие эрхтний хувьд хязгаарлагдмал байдлаасаа үл хамааран амжилтанд хүрснээ ээжийнхээ хайр энэрэл, шаргуу хичээл зүтгэлийн ач хэмээн ээждээ туйлын баярлаж явдаг аж. Ээжийнхээ тусламжтайгаар тэр маш олон саад бэрхшээлийг даван туулсан бөгөөд их сургуулийн боловсрол ч эзэмшээд авчээ.

2011 онд Дин Бээжингийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчны Шинжлэх Ухаан, Инженерийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсчээ. Дараа нь магистраа их сургуулийнхаа Олон Улсын Хуулийн Сургуульд хамгаалжээ. Сургууль төгссөнийхөө дараа 2 жил ажил хийж ээждээ тусалсан байна.

Гэсэн ч Дин ээжийнхээ шахалтаар Харвардын Их Сургуульд үргэлжлүүлэн суралцахаар хүсэлт гаргажээ. Амьдралдаа үзсэн зовлон бэрхшээл, саад тотгорын эцэст тэр Харвардын их сургуульд тэнцжээ.         

"Би өөрийгөө хэзээ ч Харвардын Их Сургуульд орохоор хүсэлт гаргана гэж бодож явсангүй. Харин ээж минь үзээд алдахыг зөвлөж, зоригжуулж байсан. Би ямар нэгэн зүйлд эргэлзэж эхэлбэл ээж минь үргэлж ард минь байж, намайг зоригжуулж байдаг юм" гэж Дин CGTN-д өгсөн ярилцлагадаа дуржээ.

Эх сурвалж: www.nextshark.com   

 

Сэтгэгдэл бичих

arrow icon