ЖЕНКО хэмээх жонхууруулагч феномен

Х.Баттулгыг эсэргүүцэхээр MCS-ийх гэж хараад, MCS-ийг шүүмжлэхээр Женкогийн цэрэг гэж хараад байдаг сонирхолтой хандлага байдаг.  Залуу хүмүүсийн нэг тийм омгийн эзэнд л зүтгэдэг, үзэл бодлыг зарчмын биш захиалгын юм гэж ойлгодог, энэ хоёрын зөрчлийн гадна талд амьдрал байхгүй юм шиг сэтгэдэг болж шамбийсан өрөвдмөөр хандлагыг яах ёстойг мэдэхгүй юм. Ямар ч гэсэн яагаад энэ сонгуулиар АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихгүй байгаа шалтгаанаа залуустай хуваалцъя. Бидэнд ямар илүү сайныг сонгох боломж олдох биш, аль бага мууг нь үлдээх уралдаан явдгаас хойш.

Гадаад үг хэрэглэлээ гэж их шүүмжлүүлдэг, феномен гэдэг нь товчдоо үзэгдэл гэсэн үг,  Баттулга гэдэг нэг хувь хүн, нэг удаагийн үйл явдлаас ялгаж цаг үеийн чиг хандлага гэсэн утга ялгах гээд ингэж гарчиглалаа. Хүний нэр биш үзэгдэл гэсэн утгаар ЖЕНКО-г том үсгээр бичсэн. Энэ улстөрчийн хэр бакь сээкси болох, эсвэл хэдэн авгай сольсон гэх мэт хувь хүн рүү нь оролгүйгээр үзэл санаа, үйл хэрэг нь XXI зууны Монголыг хааш нь чирч, ямар эрсдэлд оруулаад байгаа талаарх үзэл бодлоо хуваалцсу.

 

ЖЕНКО хэмээх жонхууруулагч феномен

Монголын сайхан оронд юу тохиолдоо вэ? Нэг хүн тохиолдоод ийм болохгүй. Нэг юм уу хэдэн үйл явдлаар ч энэ хэмжээнд хог дээр үсрэхгүй. Түүхээс өвлөсөн соёл, аж ахуй, занчанарын өгөгдөл дээр хулгай, тархи угаалт гэсэн тоймтой хэдэн трэнд 27 жил Монгол орныг хойш нь чирч байгаа тухай уншигч байтугай би өөрөө залхтлаа давтаж ирлээ. Халтмаагийн Баттулга бол энэ бүх буруу трэндийн түрүү манлай, Загалмайлсан эцэг  болох тухай өгүүлэх нь:

Нэг, зах зээлийн эдийн засгийн тулгын чулуу болох шудрага өрсөлдөөнийг дарангуйлах

Энэ хамгийн уршигтай нь. Саяхны жишээ, 2012-2016 оны Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар Х.Баттулга ХАА сайд байхдаа хуулийн зөрчилтэй тендер олгосон тухай дүгнэлт гарсан байсан.  Хувьчилж авсан объект үйлдвэрүүд нь ч хэрхэн, ямар замаар хувьчлагдсаныг монголчууд мэддэггүй. Нөөц баялаг ийнхүү хэн чадалтай, хэн мөрөөдөлтэйг биш хэн эрх мэдэлтэйг дагаж энд тэнд бүлх мэт хуваарилагддагүйсэн бол энэ эдийн засгийн цусны эргэлт ямар хурдтай, бүтээж өрсөлдөх хүсэл мөрөөдөл хэчнээн эрч хүчтэй байх байсныг харах боломж бидэнд олдохгүй, хийх боломж олдоогүй тул. Онол, судалгаагаар тооцож уг нь болно, төр буюу монголчууд өөрсдөө хүсвэл. Энд зарим нэг манай түүхээс бичсэн.

Хоёр, хууль ёс, төрийн эрх мэдлийг хөгжилд биш хувийн эрх ашгийн төлөө ашиглах

Түүхэнд хэрэгжсэн ганц далайцтай бүтээн байгуулалтыг төр удирдаж бүтээсэн онцлогтой Монголд дээр бичсэнчлэн өмчийг өөртөө давуу эрхтэй авна гэдэг нь төрд нөлөөтэй, суудалтай байна гэсэн үг.  Х.Баттулга бол нэгэнтээ Ц.Нямдоржийн товч тодорхой хэлж өгснөөр “Төсөв батлуулах, тендер авах” болохоороо л хуралдаа ирдэг лоббист. Ирц хамгийн муу,  нийт улсад тогтолцооны дэвшил авчирсан хууль юу батлуулсан юм бүү мэд. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн нь нэг талаар завшаан болж, 2004 оноос төрд ажиллахдаа юуг хэрхэн завхруулж ирсэн нь  их сөхөгдсөн. Хамгийн алдартай нь төмөр замын хэрэг. 

Гурав, медиаг мөнгөөр угжиж ард түмний тархи угаах

Дээрх хоёр трэнд Монгол улс чөлөөт зах зээлтэй ардчилсан орон болж хөгжихөд тээглэж буй хамгийн том хоёр бул чулуу юм. Үүнийг иргэд ойлгочихвол улстөрд нөлөөгүй болчихно, тиймээс ардчилсан сонгуультай улсад эргээд сонгогдохын тулд энэ хоёроос олсон мөнгөнийхөө заримыг  тархи угаахад зарах хэрэг байдаг. Х.Баттулга медиад хамгийн их хөрөнгө оруулдаг, учир нь түүнд тархи угааж нөлөөтэй толины тууж бүтээх хэрэг хамгийн их. Мэдээж ганц Баттулга тийм юм хийдэггүй, гэхдээ хамгийн мундаг нь. Баттулгад яагаад бусдыг тархидах хэрэгцээ хамгийн их байдаг талаар Ардчилсан намд ганцаараа түүний эсрэг тулчих хоншоортой үлдсэн Х.Тэмүүжин энд ганган тоймлосон буй.

Энэ гурав албан тогтолцоо талд гарч байгаа хар гай нь.  Нийгмийн сэтгэлгээ, соёл гэсэн уян инстүүц талдаа ч Х.Баттулга бол хөгжлийн хар тээг, хориннэгдүгээр зуунд тохиож болох хамгийн том хоцрогдлын үр мөн.

Дөрөв, орчин үежилт буюу модернизацын эсрэг зүтгэх

Өнөө үе бол монголчууд аж ахуй эдийн засаг, түүнийг дагасан соёл иргэншлийн нүүдэл хийж буй цаг үе юм. Өөрчлөлт шилжилт “өвдөлт” дагуулдаг. Өвдөхийн эрхэнд ямар ч нийгэм эргэж буцах, өнгөрснийг үгүйлэх, хамгаалах хариу үйлдэл гаргадаг. Япончууд сүнс зайлна гээд зургаа авахуулдаггүй, Хятадууд чөтгөрийн унаа гээд төмөрзам сүйтгэж Шар мөрөнд хаяж, Германчууд Карл Бээнзийг өөрөө хөдөлдөг унаа хийсэн чөтгөрийн элч гэж үзэж байсан жишээний л түгээмэл үзэгдэл. Их түүхтэй, том өнгөрсөнтэй, төр нь шинэчлэлийн бодлогогүй монголчуудын хувьд энэ процесс бүр ч амаргүй ба өнгөрснөө санагалзах, өнөөгийн шаардлага хоёрын ацан шалаанд гацсан хөөрхий ард түмнийг Баттулга ба түүний мөнгөний медиа улам бүр эмооруулж,  боловсрол, хөгжил дэвшлийн эсрэг үзэл суртал тарааж, дэвшилтэт сэхээтэн бүрийг харлуулж улстөрөөс зайлуулах гээд модернизацын бүх боломжид тээг болж ажилладаг. Монгол туургатныг өөрийн нэрд дөхүүлж тулгатан болгож дөнгөсөн 100 эрхэм хэмээх нэвтрүүлэгт нь модерн шинжлэх ухаан, техник технологийн төлөөлөл орох заяа лав байдаггүй.  Одоо түүний пиар багт Цоодолын Хулан тэргүүтэй модерныг үгүйсгэгч, зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах сан хэмээн уянгалж, ард түмнийг эмооруулах хэрнээ өөрсдөө хамгийн модерн машин унан гангарагч луугар консервативууд багтсан буй.  Ард түмэн өнгөрснөө санагалзан эмоорч байх нь мэдээж эдэнд хамгийн ашигтай, түүнийг тавдугаарт тусд нь бичье.

Тав, ард түмнийг тайзнаас буулгаж үзэгчийн суудалд суулгах

Монголын ард түмэн өнөөдөр хувь заяаныхаа жолоог атгаж, эсвэл амьдралынхаа гол дүрд тоглох ёстойгоо мартсан идэвхигүй үзэгчид болж хувирсан.  Үүний дэлгэрэнгүйг энд бичиж байсан. Тэдний амьдралын баяр бахархал өөрсдийнх нь дээвэр дор байхгүй гэхэд хилсдэхгүй,  хамаг бахархлаа хоймортоо зээлээр аваад тавьчихсан харь улсын бүтээмж, шударга өрсөлдөөний үр дүнд бүтсэн гоё лед дэлгэцээр дамжуулж авдаг. Өнгөрснөө санагалзахад хэрэгтэй хамгийн том бэлэг тэмдэг Чингис хааны хөшөө, өнөө цагийн хамгийн том дэлгэцийн бахархал жудо бөхийн аварга хоёр хоёулаа Баттулгын төсөл. Дээр нь шашин буюу Майдар нэмэх гэж байгаад мөнгийг нь идсэн юм уу, түр зогссон байдалтай.  Хүүхэд нь угаарт элэг нь хавдарт баригдсан ард түмэн хөшөө харж омогшоод л, аваргаа харж огшоод л лед дэлгэцээ манаж суудаг. Баттулгад тийн мэлэрч мансуурсан ард түмэн хамгийн хэрэгтэй.  Модернизац гэдэг нь ард түмэн модерн хүсэл мөрөөдөлтэй, эрхээ нэхдэг, өмчөө булаалддаг болно гэсэн үг. Тэгээд ирэх юм бол түүний идэх хусам хорогдож, шударга өрсөлдөөнд шахагдахад хүрнэ, ядаж дунд сургуулийн боловсролтойг хэлэх үү.  Дархан Эрдэнэт гээд үйлдвэрлэлийн бүс байсаар байтал Сайншанд гэж усгүй газар төсөл бичиж, хэрүүл дагуулсан төмөрзам хэдэн жилээр гацаж байдаг нь ч зориудын мэт.  Түүнд модерн ард түмэн хэрэггүй, өөрөө бол хамгийн модерн газар, өөрийнх нь хэлдэгээр хаанахын ч “хужаа”-тай хамтран модерн бизнес хийж чадна. Эргэн тойрноо хараарай, хэн өөрийн мөрөөдөлтэй вэ, боломжийг дарангуйлдаг болохоор нь Баттулгад дургүй.  Хэн бусдаас бахархлаа эрэхээр хоосон амьдралтай вэ тийм тусмаа Баттулгад хайртай байх хандлагатай, учир нь тэд Загалмайлсан эцэг нь тэднийг тийм байхаар загварчилсан. Одоо үүнийг уншаад тэдний юу гэж загнахыг ванга эмээ шиг л мэдэж байна: Юм хийсэн хүнээ шүүмжиллээ гэж. Тэдэнд хүний бүтээл бишрэхээс илүүтэй өөрөө юм бүтээх боломж нэхсэн чөлөөт хүсэл зорго шиг ойлгомжгүй юм үгүй. 

Зургаа, ялгаварлал, айдас, хүчирхийлэл, зөрчил, талцал, үл хүлцлийн үзэл тараах трэнд

Нийгмийн уян эд анги талдаа энэ хамгийн уршигтай. Бүгдийг нь уг нь  нийгэм судлал, сэтгэлзүйн талаас дэлгэрэнгүй шинжлэх ёстой. Товчдоо цайлган уян монголчуудыг эмооруулж тавиад ч болохоо байгаад ирмэгц айдас шахах арга хэрэглэдэг. Хүний түүхээс харж байхнээ хөгжил гэмээ нь аймшиггүй үйлдэхүй билээ.  Баттулга бол эсрэгээрээ ард түмнийг айдсаар барьж байдаг, хүссэнээ хийдэг. Айгаад зугтангуут нь ард нь тайван хамдаг.  Шинжлэх ухаан, технологи, бүтээмж, суурь бааз муу Монголын тусгаар тогтнолыг тулж буй гол багана болох энх тайван, нэгдмэл байдал үндэсний эв нэгдлийг хөлсний медиагаараа дамжуулан бага багаар барж идэж буй мэрэгчин. Их хэлмэгдүүлэлтээс хойш өнөөг хүртэл монголчуудын зүрхэнд хурсан хамгийн том айдсууд: мүүн, танктай хужаа, гаднын түрэмгийлэл, үл итгэл, үл хүлцэл цөм түүний бүтээл. Эргэн тойронд нь өөрийнхөө өмднөөс өөр өмд өмсөгчийг хүртэл үл хүлцэх ялгаварлан гадуурхагчид шавах ба түүнийгээ жинхэнэ монгол хэмээх дэлхийд хаана ч байхгүй цэвэр цусны үзлээр зөвтгөж согтуурхана. Модерн мөрөөдлөө дээрэмдүүлсэн монголчууд үл хүлцэл, хий айдас, хохирогчийн мэдрэмжид автах тусмаа хөгжих чадвар нь унаж, айгаад байгаа бүхэндээ улам ойртож,  үндэсний доройтол, гаднын түрлэгт улам бүр идэгдэх бөлгөө. Эрүүлийн төлөө дасгал хийхийн оронд ханиаднаас айж стресстэж суусаар дархлаа нь унаад, тэгээд өнөө вирустээ бариулж үхэх мэт үлгэр.

Эцэст нь:

7 хоногийн дараа хууль санаачилж, Монголыг дэлхийд төлөөлж, зэвсэгт хүчнийг коммандалж, шүүх прокурорт томилгоо хийдэг нэн нөлөөтэй албан тушаалд хэнийг илгээхээ шийдэх сонгууль болох гэж байна. Модерны эсрэг эмооруулж, эмоорч өгөхгүй болохоор нь айлгаж, тийн нүд чихийг нь таглаж байгаад төрийн тамга атгаж, түүнийгээ хувийн санаандаа ашиглаж, тэгж олсон мөнгөө буцаагаад медиад хийх маягаар тоглож ирсэн их гарын коррупт, эдгээр трэндийг голлон дэглэж ирсэн бүлэглэлийн Загалмайлсан эцэг улс Монголын төрийн тэргүүн хэмээх бурхны суудалд суухаар улайран зүтгэж буй яг л кино шиг үзэгдэл бидний нүдэн дээр өрнөж байна. Баттулга бол бие хүн төдийгүй хорь гаруй жил хөгжлийн эсрэг үйлчилж ирсэн суурь трэндүүдийн нийлбэр маягийн холимог үзэгдэл. Нөгөө хоёр нь ч зарим сөрөг трэндийн эзэд мөн, гэхдээ ЖЕНКО-гийн энд хүрэхгүй. Энэ утгаараа бид 26-ны өдөр хэн нэгнийг гэхээсээ  цаг үеийг, амьдрах хэв маягаа, нүүх үү үлдэх үү-гээ шийдэх сонголт хийнэ. Үзэгчийн суудалд суугаа ард түмэн дээр жагсаасан хэдэн трэнд энэ чигтээ үргэлжилвэл Х.Баттулгын дуурсах нэрээ авсан киноных шиг төгсгөл энэ улсад ирэх нь гарцаагүйг саруул ухаандаа толилно гэж найдсан 2017/06/19.

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4818

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%