'Жинхэнэ' мөрийн хөтөлбөрүүд энд байна

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх бодлогоо ярихгүй хар “ПиАр”-аар хоорондоо “байлдаж” байна гэж олон хүмүүс ярьж байна. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хэдийн танилцуулсан, нуугаагүй. Ингэж байлдаад байгаагийн учир нь: Улс орны асуудлуудыг яаж шийдэх нь биш хэн сонгогдох нь чухал гэж харж байгаа болохоор хар “ПиАр”-аар хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээг дүүргэж, ард түмэн ч түүнд нь хуйларч байна.

Ерөнхийлөгчөөр ямар хүн сонговол зохилтой вэ? гэдэг асуулт сонгууль өгөхөд хариулах ёстой асуулт мөн ч гэсэн улс орондоо тулгамдсан асуудлуудыг шийдэх, түүнд оролцох албан тушаалтанг сонгож буй учир нэр дэвшигчид юу хийх вэ? гэдгийг нь шинжиж үзэх хэрэгтэй.

Жинхэнэ мөрийн хөтөлбөр гэдэг нь чухамдаа бодитой хэрэгжүүлэх бодлогуудыг хэлж буй юм.  Тэр салбарыг дэмжинэ, хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ, залуучуудаа дэмжинэ, ядуурлыг алга болгоно зэрэг нь сонгууль болгоноор тунхагладаг улиг болсон үгс учир мөрийн хөтөлбөрт тооцохгүй. Үе үеийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулаад харвал хуулсан юм шиг адилхан заалтууд харагдана. Тийм учраас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдээс бодит шийдэл санал болгосон бодлогын санаачлага, нийгмийн амьдралд дорвитой өөрчлөлт авчрах, хоорондоо давхцаагүй[1] хэсгүүдийг товч шинжээд үзье.


Дараах хэсэгт тайлбаруудыг тодруулан бичсэн бөгөөд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр дэх зарим заалтуудыг товчилсон болно. Дээрх хүснэгтээс бүрэн заалтуудыг үзнэ үү.

Нэр дэвшигч Х.Баттулга

ХОЁР. ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁСЫГ САХИН ХАМГААЛЖ, ИРГЭДЭЭ ДЭМЖСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА

2.1.3. Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн орчинг боловсронгуй болгох

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага”-ын тухай хуулийг санаачилж байсан боловч УИХ-аар батлуулж чадаагүй. Бодвол энэ санаачлагыг үргэлжлүүлэх гэсэн болов уу. Хууль зөрчсөн, авилга авсан албан тушаалтанд хариуцлага тооцох нь зөв ч сонгогдсон болгоныг ялангуяа УИХ-ын гишүүдийг эргүүлж татаад байх нь замбараагүй “сонгуулийн улс төр”  бий болох нөхцлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хэргээр УИХ-ын гишүүдийг эргүүлж татах болгонд сонгууль явуулж түүнийгээ дагасан улс төрийн хэрүүл, зөрчил үргэлжилнэ.

2.1.5. Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ хамтран төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчийн эзэмшилд хяналт тавих, үнэлэлт өгөх жишгийг тогтоосон бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах

Төрийн байгууллагуудыг үр дүнтэй ажиллахыг шаардаж, түүний төлөө ажиллах нь  иргэн, төрийн албан тушаалтны хийвэл зохих ажил мөн. Гэхдээ үүнийг шаардах оролдлого ихэвчлэн хүссэн үр дүндээ хүрдэггүйг саяханы Оффшорын эсрэг тэмцэл, Утааны эсрэг тэмцэлээс харж болно. Цөөн сул байгууллагуудын хүч хангалттай биш учир төр, иргэний байгууллагууд нийгмийн асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэх нь зөв.

ГУРАВ. ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭЖ, АЖ ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА

3.11. Цэргийн албан хаагчдыг үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах

Энэ саналыг өмнө нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид санал болгож байсангүй. Цэргийн албанд байх хугацаандаа тодорхой ажлын дадалтай болох, орлого олох боломж бий болгох цэргийн албан хаагчдад эерэг нөлөөтэй. Ялангуяа боловсрол тааруу, орлого багатай залуучуудын хувьд цаашид хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг болно. Нөгөө талаас энэ санал хэрэгжвэл цэргийн албанд явах сонирхолтой залуучуудын тоо нэмэгдэх юм.

ДӨРӨВ. ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАЖ, ЭХ НУТГАА ХАМГААЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА

4.4. Үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал, бохирыг дахин боловсруулах замаар хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны бохирдлыг багасгах, хамгаалах, сэргээх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. Хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах системийг бүрдүүлж, үнэлгээжүүлэх санаачилгыг дэмжиж ажиллах

Монгол улс хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй явсаар өдийг хүрж байна. Улаанбаатар хотын хог, ахуйн орчин ямар хэмжээнд байдгийг бусдаар хэлүүлэлтгүй бид мэднэ. Улаанбаатар хотын өдөрт “үйлдвэрлэж” буй нийт хог хаягдлын 22-27%-ийг дахин боловсруулах боломжтой гэсэн судалгаа байдаг. Хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болсоноор хог хаягдлыг ангилах ажил илүү хялбар болж, материал хэрэглээний зохистой хэлбэрт шилжих боломж бүрдэх юм.

ТАВ. ЭКСПОРТЫН ШИНЭ ЭРИНИЙГ ЭХЛҮҮЛСЭН, ЭРХ ТЭГШ ГАДААД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА

5.4 Монгол Улсыг олон улсын агаарын болон автозам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн зангилаа болгох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн ороход үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн манлайлан оролцох

Монгол улс оршин бүс нутгийнхаа орнууд буюу Орос, Хятад болон бусад орнуудтай эдийн засгийн интеграцид нь нэгдэх нь Монгол ирээдүйн эдийн засгийн хөгжлийн чухал хэсэг мөн. Х.Баттулга Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “Өглөөний цай” уулзалтад хэлэхдээ “Монголын экспортын барааг авах худалдааны гэрээг хоёр хөрштэй хийх хэрэгтэй” гэж байсан. Цаашдаа Монгол улс бүс нутгийн интеграцид нэгдэхтэй зэрэгцээд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ  хамтрагч орнууддаа нийлүүлэх нь зүй ёсны хэрэг мөн.

Нэр дэвшигч С.Ганбаатар

ХОЁР. Ямар БОДЛОГО хэрэгжүүлэх вэ ?

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл, Үйлдвэрчний эвлэл болон Засгийн газар гурав хоорондоо асуудлаа ярилцах ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР-ийг дээд түвшинд гаргах хэрэгтэй .

Бизнес эрхлэгчид, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар гурав хоорондоо тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх механизм бий болгох шаардлага бий. Гэхдээ татварын хөнгөлөлт ба протекционизм, эдийн засаг дахь төрийн оролцоо, зээл тусламж зэрэг үр дүнтэй шийдэл гардаггүй “уламжлалт” асуудлуудыг ярьж цаг “алдалгүй” эдийн засгийн суурь болон ирээдүйн асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй. Үүнд ажлын байр бий болгох, технологийн хувьсгал, дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага зэрэг сэдвүүд багтана.

ГУРАВ. Ямар ХӨТӨЛБӨР хэрэгжүүлэх вэ ?

Олон тэрбум долларын ӨРӨНД Монголыг оруулж , 2037 он хүртэл ноогдол ашиг авахгүй  ашиггүй гэрээ хийж байсны оронд Таван Толгой болон Оюу Толгойн ордыг ШУУД ЗАРСАНААР  доод тал нь 109 тэрбум доллар олж чадна.

С.Ганбаатар Оюу Толгой, Таван Толгой ордыг ашиглах гэрээг сайжруулах тухай байнга ярьж ирсэн боловч байр сууриа өөрчилсөн бололтой. Ордуудаа “шууд зарвал” 109 тэрбум доллар бэлнээр улсын төсөвт орж ирэх нь юу л бол. Энэ “шууд зарна” гэдэг нь бүрхэг санал мэт харагдаж байна. Ямар ч татваргүй эсвэл С.Ганбаатарын байнга ярьдаг шиг Монгол ажилчдыг өндөр цалинтай ажиллуулах нөхцөлгүйгээр нэг удаагийн “наймаа”-гаар зарах хэрэг үү?

Нэр дэвшигч М.Энхболд

ХОЁР. ХАРИУЦЛАГАТАЙ, ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛ

ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭРГҮҮЛЭН АВЧИРНА. Бүс нутаг, олон улсын цагдаа хүчний байгууллагуудтай илүү нягт, идэвх уялдаатай хамтран ажиллаж улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, эргүүлэн эх оронд нь авчрах ажиллагааг дэмжиж ажиллана.

Хууль зөрчиж улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн Монголд авчрч хуулийн хариуцлага хүлээлгэхийг эсэргүүцэх хүн олдохгүй л болов уу. Үүний тулд улсад хохирол учруулсан үйлдлийг тогтоох хүчтэй шүүхийн системийг бий болгох хэрэгтэй.

ГУРАВ. УНЬ: ЭРҮҮЛ, БОЛОВСРОЛТОЙ, ЭРХ ТЭГШ, ЧИНЭЭЛЭГ МОНГОЛ ХҮН

ЭХ ҮРСИЙН БОДЛОГО. Эхчүүдийн төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардагдах нийгэм хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор  урьдчилан сэргийлэх үзлэгт хоёр жил тутамд бүрэн хамруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эх үрсийн бодлогыг бүх талаар дэмжиж ажиллана.

Хорт хавдрын өвчлөлд төрөөс анхаарч, дорвитой ажил хэрэгжүүлэх нь зүйтэй. Ходоодны хорт хавдраар Монгол улс дэлхийд 2-р байранд орж, нас баралтаараа нэгдүгээр байранд орж байна. Элэгний хорт хавдрын эсрэг Засгийн газраас хөтөлбөр хэрэгжүүлж буй. Мөн уушги, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл Монголчуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд болоод байна.

ДӨРӨВ. БАГАНА: БАЯЛАГ БҮТЭЭГЧ ДУНДАЖ ДАВХАРГА

УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ. Мал сүргийн удмын санг хамгаалах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын мал эмнэлгийн тогтолцоог сэргээн хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлнэ.

Мал эмнэлэгийн тогтолцоог сэргээж хөгжүүлэх нь малын халдварт өвчнөөс сэргийлэхээс гадна малын махаас авхуулаад төрөл бүрийн малаас гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулна. Цаашлаад мал эмнэлэгийн тогтолцоог бүрэн ажиллагаатай болгож чадвал Монгол малаас гаралтай бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцэх нөхцөл бүрдэж, малаас гаралтай бүтээгдэхүүн экспортын гол бэрхшээл байхгүй болно.

ТАВ. ҮҮД: АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГО

ВИЗГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ БОЛОМЖ. Монгол Улсын иргэд гадаадад визгүй чөлөөтэй зорчих улсын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална.

Одоогийн байдлаар энгийн паспорттой иргэд 19 улс руу янз бүрийн хугацаагаар визгүй зорчих эрхтэй. Визгүй зорчих улсуудын “чанарыг” сайжруулж, тоог нэмэгдүүлнэ гэвэл одоо Зүүн Азийн Япон, Өмнөд Солонгос, Европын орнууд, Хойд Америкийн орнууд үлдсэн. Тэдгээр орнуудтай визгүй зорчих гэрээ байгуулахын тулд Монгол улсын болон Монголчуудын олон улс дахь нэр хүнд, ялангуяа тухай улсад оршин сууж буй Монголчуудын нэр хүнд өндөр байх ёстой. Өмнөд Солонгост оршин сууж буй Монголчууд Солонгосын хууль бус цагаачлалын асуудлын нэг хэсэг болсныг бид бүгд мэднэ. Нэр хүндээс гадна Монгол эдийн засгийн чадавхи цаашлаад хоёр талын бизнесийн харилцаа визнээс чөлөөлөхөд түлхэц болдог.

Ингэж тайлбарлаж бичихийн учир нь хэн ч сонгогдсон гэсэн мөрийн хөтөлбөрөө “хаялгүй”, сонгуулиар сонгогдсоны хувьд амлалтаа биелүүлэхийг шаардах зорилготой юм. Гурван нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дэмжих санаачлагууд байна. Одоо сонгогчид хэнийг дэмжих вэ гэдгээс гадна ямар санаачлагыг дэмжиж Монголдоо хэрэгжүүлэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй болж байна.

 

[1] Энд тайлбарлаж буй хэсгүүдээс гадна давхцаагүй зүйлүүд бий. Жишээ нь Х.Баттулга улс төрийн намын тухай мөрийн хөтөлбөртөө огт дурдаагүй байгаа бол М.Энхболд улс төрийн намын тухай нэг заалт оруулсан байна. С.Ганбаатар Оюу Толгой, Таван Толгойн ордын тухай мөрийн хөтөлбөртөө оруулсан байхад бусад хоёр нэр дэвшигч энэ талаар огт дурдаагүй байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4994

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%