Нийтлэл 07 сарын 02, 2017

’Эрдэнэт’ үйлдвэрийн 49 хувийг төрд буцааж худалдан авах шийдвэрийг хүчингүй болгожээ

Долоо дахь удаагийн УИХ-ын сонгуулийн өмнөх орой буюу 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэр болон 50 гаруй уул уурхай, өнгөт металлын орд газрын лиценз эзэмшдэг Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдаж авсан тухай мэдэгдэл хийж байсан. Энэ мэдэгдлээс нэг өдрийн өмнө зургадугаар сарын 27-нд Сангийн сайд асан Б.Болор тушаал гаргаж, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын удирдлагыг тус үйлдвэрийн 49% хувьцааг дөнгөж аваад байсан “Монголиан коппер корпорейшн”-нд  шилжүүлсэн байдаг. Үүнийг иргэд олон нийт бүр дараа нь 2016 оны аравдугаар сард Ц.Нямдорж гишүүнийг мэдэгдэл хийхэд мэдэж авсан(тухай үеийн мэдээг дор зүүв).

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад буюу олон нийтийн өмчлөлд буцааж худалдан авах шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг гаргаж амжжээ. УИХ-ын намрын чуулганаар уг үйлдвэрийн 49 хувийг улсад худалдан авах тогтоол гарч, Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Харин үүний эсрэг “Монголиан коппер корпорейшн” Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргасныг Захиргааны шүүхээс бүхэлд нь хүлээж авсан шийдвэр зургадугаар сарын 8-нд гаргасан байна. Тус нэхэмжлэлд дараах шаардлагууд багтсан ба шүүхээс Оюуны өмч улсын бүртгэлийн газарт 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорейшн”-ийг бүртгэх даалгавар өгчээ. 

 

 

Худалдаа хөгжлийн банкны оролцоотой явагдсан нь нэгэнт ил болсон уг худалдан авалттай холбоотой хэргийг шүүх хурлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг даргалсан байна. Дашрамд дурдахад Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимыг 2011 оныг хүртэл Худалдаа хөгжлийн банкинд Хуулийн газрын захирал хийж байсан Мишигийн Батсуурь тэргүүлдэг аж.  Засгийн газрын зүгээс 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

Холбоотой мэдээ:

Ц.Нямдорж 'Эрдэнэт' үйлдвэрийн талаар ГУРВАН НОЦТОЙ АСУУДАЛ хөндлөө http://www.trends.mn/n/5939

Эрдэнэт яачаад Нямка  боож үхэх гээд байгаа вэ? Яагаад бид хамт боож үхэх ёстой вэ? http://www.trends.mn/n/5947

 

Эх сурвалж:

Улсын Дээд Шүүхийн цахим хуудас, танхимын тэргүүнүүдийн танилцуулга: http://www.supremecourt.mn/c/9

Нийслэл дэх Захиргааны Хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудас: http://www.admincourt.gov.mn/

arrow icon