ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Неолиберализм бол улс төрийн төсөл

11 жилийн өмнө Дэвид Харви "Неолиберализмын товч түүх" нэртэй ном хэвлүүлж байсан. Одоо энэ ном неолиберализмын тухай хамгийн их эшлэгдсэн бүтээл болоод байна. Эдийн засаг, санхүүгийн шинэ хямралууд эхэлсэнээс хойш бид голдуу неолиберализмыг шүүмжлэлийн бай болгосон эсэргүүцлийн шинэ давалгааг харж байна. Чухамдаа неолиберализм гэж юу вэ? Социалистуудын хувьд энэ хэрэгтэй бай мөн үү? Неолиберализм 20-р зуунд үүссэнээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ? гэх мэт асуултуудад хариулсан профессор Дэвид Харвигийн ярилцлагыг сонирхоно уу. Тэрээр Нью Иорк хотын их сургуульд антропологи, газар зүйн профессороор ажилдаг. Капитализм, хотын хөгжил, неолиберализмын тухай бичсэн түүний хэд хэдэн ном уг сэдвүүдийг судалсан орчин үеийн нэртэй эрдэмтдийн нэг болгосон юм.

Өнөө үед неолиберализм гэх нэр томъёог өргөнөөр ашиглах боллоо. Гэхдээ энэ үгийг ашиглахдаа яг юуны тухай ярьж буй нь ихэвчлэн тодорхойгүй байдаг. Харин хамгийн системтэй хэрэглээ нь онол, улс төрийн стратеги эсвэл түүхэн цаг үеийн тухай байж магадгүй. Та неолиберализмыг юу гэж ойлгодог вэ?

Би неолиберализмыг корпорацийн капиталист ангийн хэрэгжүүлсэн улс төрийн төсөл гэж хардаг. Тэд 1960-аад оны сүүлээс 1970-аад он хүртэл улс төр, эдийн засгийн хувьд хүнд дарамтад  орсон. Тэд хөдөлмөрчдийг хязгаарлах улс төрийн төсөл хэрэгжүүлэхийг ихээхэн хүссэн.

Олон талаар энэ төсөл сөрөг хувьсгалын төсөл байв. Тухайн үедээ Мозамбик, Ангол, Хятад зэрэг хөгжиж буй орнууд дахь хувьсгалт хөдөлгөөнийг зогсоох чиглэлтэй байв. Мөн Итали, Франц арай бага хэмжээнд Испанид коммунист давалгаа эхлэхээс сэргийлэх зорилготой байв.

Бүр АНУ-д үйлдвэрчний эвлэлүүд радикал байр суурьтай Ардчилсан нам давамгайлсан Конгрессийг бий болгов. 1970-аад оны эхээр тэд бусад нийгмийн хөдөлгөөнтэй хамт анти-корпораци реформын санаачлагуудыг дэвшүүлж, хэрэгжүүлж байв. Байгаль орчныг хамгаалах агентлаг, Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хэрэглэгчдийг хамгаалах зэрэг хөдөлмөрчдийг дэмжих бүтэц урьд урьдынхаасаа илүү хүчирхэгжиж байв.

Ийм нөхцөл бий болсон учраас корпорацийн капиталист ангид дэлхий нийтийн заналхийлэл бий болж тэд “Одоо яах вэ?” гэж асуух болсон юм. Засаглагч анги бүхний мэдэгч байгаагүй ч тэд идеологийн, улс төрийн зэрэг хэд хэдэн фронтод байлдах ёстойгоо мэдэж байсан. Хамгийн гол нь тэд ямар нэг аргаар хөдөлмөрчдийн буюу ажилчдын хүчийг сулруулах хэрэгтэй байв. Үүнээс үүдэн миний өмнө хэлсэнчлэн неолиберализм гэх улс төрийн төсөл бий болсон юм.

Та улс төрийн болон идеологийн талбар дахь үйл явдлууд болон ажилчид рүү довтолсон тухай илүү дэлгэрэнгүй яриач?

Идеологийн талбарт Леви Повеллын зөвлөгөөг дагасан. Тэрээр үйл явц хяналтаас гарлаа, капитал эзэмшигчид хамтарсан төсөл хэрэгжүүлэх ёстой гэж номондоо бичжээ (Тэрээр Америк мөрөөдлийг хэн хулгайлав? нэртэй тэмдэглэлээ 1971 онд бичсэн бөгөөд хоёр сарын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоны үед Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Орч.). Уг номон дахь тэмдэглэл Худалдааны танхим, Бизнесийн зөвлөлүүдийг хөдлөхөд нэмэр болсон.

Идеологийн талбарт санаа маш чухал байв. Тухайн үед оюутнуудын хөдөлгөөн маш хүчтэй, факултетууд хэтэрхий либерал байна гэж дүгнэсэн учраас их сургуулиудыг ашиглах боломжгүй гэж харж байв. Тиймээс тэд Manhattan Institute, Heritage Foundation, Ohlin Foundation зэрэг тинк танкуудыг байгуулсан. Эдгээр тинк танкууд Фридрих Хаек, Милтон Фридманы санаанууд болон нийлүүлэлтийн эдийн засгийн онолуудыг түгээж эхэлсэн.

Гол нь эдгээр тинк танкуудаар ул суурьтай судалгаа хийлгэх зорилготой байв. Зарим нь ч хийсэн. Тодруулбал Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо хувийн санхүүжилттэй байгууллага байсан бөгөөд маш сайн судалгаанууд хийсэн. Уг судалгаанууд хэвлэгдэж, аажмаар хэвлэл мэдээлэлд нөлөөлж, дараа нь их сургуулиудад нэвтэрч эхэлсэн.

Энэ үйл явц удаан хугацаанд үргэлжилсэн. Миний бодлоор одоо Heritage Foundation шиг байгууллагыг ашиглах хэрэггүй болсон. Их сургуулиуд тойрон хүрээлсэн неолиберал төслүүддээ дарагдчихсан байна.

Ажилчдын хувьд дотоодын ажилчдаа дэлхийн ажилчидтай өрсөлдөх чадвартай болгох сорилт тулгарч байв. Үүнийг хийх нэг арга нь цагаачлалыг зөвшөөрөх явдал байв. Жишээ нь 1960-аад онд Германчууд Туркын ажилчдыг, Францууд Магрибын ажилчдыг, Британичууд хуучин колонийн улсуудаасаа ажилчид импортолж байв. Гэвч үр дүнд нь ихээхэн бухимдал, тогтворгүй байдал бий болгосон.

Ингээд тэд өөр арга замыг сонгов: Капиталаа хөдөлмөрийн бага хөлстэй газар руу шилжүүлэх. Гэхдээ глобалчлал хэрэгжихийн тулд тарифыг багасгаж, санхүүгийн капиталыг нэмэгдүүлэх ёстой, яагаад гэвэл санхүүгийн капитал бол капиталын хамгийн уян хатан хэлбэр юм. Тиймээс санхүүгийн капитал болон хөрвөх чадвартай валют зэрэг нь хөдөлмөрчдийн хүчийг сулруулахад чухал байв.

Үүнтэй нэгэн зэрэг хувьчлах, зохицуулалтыг багасгах идеологийн төслүүд ажилгүйдэлийг нэмэгдүүлж байв. Ингээд дотоодод ажилгүйдэл нэмэгдэж, гадаадууд ажил эрхлэх болов. Мөн технологийн өөрчлөлт буюу автоматжуулалт болон роботжуулалтаар дамжин аж үйлдвэржилт зогсож байв. Ажилчдын хүчийг сулруулах стратеги нь ийм байсан.

Дээрх стратеги нь идеологийн дайралт байснаас гадна эдийн засгийн дайралт байсан юм. Миний хувьд неолиберализм бол улс төрийн төсөл байсан. Хөрөнгөтөн өөрөөр хэлбэл корпорацийн капиталист анги үүнийг алхам алхамаар хэрэгжүүлсэн.

Тэд зүгээр л Хаекыг эсвэл өөр юм уншаад үүнийг эхлүүлээгүй. Харин тэд мэдрэмжээрээ “Бид ажилчдыг дарж авах ёстой, харин яаж вэ?” гэж асуусан. Тэгээд үүнд нь таарах онол байсныг л олсон хэрэг.

2005 онд Неолиберализмын товч түүх хэвлэгдсэнээс хойш уг концепцийн талаар их зүйл бичигдсэн байна. Миний харж байгаагаар энэ сэдвээр одоо хоёр бүлэгт хуваагдсан байна: неолиберализмын хөгжлийн түүхийг голчлон сонирхсон хэсэг, одоо “оршин буй неолиберализмыг” сонирхдог хэсэг байна. Та аль хэсэгт нь багтах вэ?

Нийгмийн ухаанд ямар нэг зүйлийг бүхэлд тайлбарлах онол хайх хандлагыг би дэмждэггүй. Неолиберализм бол идеологи мөн гээд идеалист түүхийг нь бичдэг хүмүүс бий. Үүний нэг хувилбар нь Фукогийн төрийн хүчний тухай онолд неолиберал хандлага аль 18-р зуунаас эхэлсэн гэж үздэг. Хэрвээ неолиберализмыг зүгээр л санаа эвсэл төрийн үйл ажиллагааны практик гэж харвал хэд хэдэн урьдач нөхцөлүүдийг олж харах болно.

Гэхдээ үүнд дутагдаж буй зүйл нь 1970-аад он болон 1980-аад оны эхээр капиталист ангийн найруулсан үйл явдлууд юм. Тухайн үед Англи хэлээр ярьдаг улсуудын корпорацийн капиталист анги нэгдсэн байсан гэдгийг дурдах нь шударга хэрэг болно.

Тэд өөрсдийг нь төлөөлөх улс төрийн хүчин хэрэгтэй гэх мэт олон зүйл дээр тохиролцсон. Ингээд  Америкийн Бүгд найрамдах намыг тэд барьцаалж бас тодорхой хэмжээнд Ардчилсан намыг сулруулах гэж оролдсон.

1970-аад оноос Дээд шүүх корпорацийн капиталист анги сонгуулийг “худалдаж авах” боломжийг илүү хялбар болгосон олон шийдвэр гаргасан. Жишээ нь сонгуулийн кампанит ажилд хандив өгөх явдлыг үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр АНУ-д корпорацийн капиталистууд сонгуулийг “худалдаж авч” байсан урт түүх бий ч одоо энэ нь ширээн доогуурх авилга биш хууль ёсны болчихоод байна.

Дүгнээд хэлбэл энэ нь улс төр, идеологи зэрэг олон талбарт өрнөсөн далайцтай хөдөлгөөн байсан. Энэ хөдөлгөөнийг ойлгоё гэвэл корпорацийн капиталист ангид харьцангуй бат бөх нэгдэл үүссэнийг харгалзах хэрэгтэй. Капиталистууд 1960-аад оны сүүлээс 1970-аад он хүртэл буурсан эд баялаг, нөлөөллөө сэргээхийн тулд шинэ зохион байгуулалтад орсон.

2007 оноос хойш олон хямралууд тохиолоо. Неолиберализмын тухай ойлголт, түүх эдгээр хямралыг ойлгоход хэрхэн туслах вэ?

1945-1973 оны хооронд ноцтой нөхцөл байдлууд үүсч байсан ч маш цөөхөн хямрал тохиолдож байсан. Гэхдээ том хэмжээний хямрал болж байгаагүй. 1970-аад оны дунд үе дэх хямралын үеэр неолиберал улс төрд шилжсэнээс хойш бүхэл систем дараалсан хямралд өртөх болсон. Нэг хямрал нөгөө хямралаа дууддагийг мартаж болохгүй.

1982-1985 оны хооронд Мексик, Бразил, Экуадор болон Польш зэрэг олонхи хөгжиж буй орнуудад өрийн хямрал нүүрлэсэн. 1987-1988 онд АНУ-ын хадгаламж болон зээлийн институтиудэд томоохон хямрал тохиосон. 1990 онд Швед хямарч бүх банкаа төрийн эзэмшилд авсан. 1997-1998 онд Индонези болон Өмнөд Азийн орнууд хямарч, цаашлаад Орос, Бразил 2001-2002 онд Аргентин хямарч байсныг санах хэрэгтэй.

Мөн 2001 онд АНУ-д ярвигтай байдал үүсч хувьцааны зах зээлээс орон сууцны зах зээл рүү мөнгөө шилжүүлсэн. Тэгээд 2007-2008 онд АНУ-ын орон сууцны зах зээл тэсэрч хямрал эхэлсэн.

Дэлхийн газрын зургийг харвал хямрал хаагуур явааг харж болно. Неолиберализмыг ойлгох нь эдгээр хямралуудыг ойлгоход тустай. Неолибералчлалын нэг том үйл явдал бол 1982 онд Дэлхийн банк, ОУВС-гаас бүх Кейнсчдийг (Кейнсизмийг баримтлагч эдийн засагчид Орч.) зайлуулсан явдал юм. Тэдний орон зайг нийлүүлэлтийн онолын неоклассик онолчид эзэлсэн. Тэдний хамгийн түрүүнд хийсэн ажил бол ОУВС хямрал тохиолдох бүрт бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлж байх санаачлага юм. Ингээд 1982 онд Мексикт өрийн хямрал эхлэх үед ОУВС “Бид та нарыг аврана.” гэв. Гэвч үнэндээ тэд Нью Иоркийн хөрөнгө оруулалтын банкуудыг аварч, бүс чангалах бодлого хэрэгжүүлж байв. 1982 онд хэрэгжүүлсэн бүтцийн өөрчлөлтийн бодлогын үр дүнд буюу хямралаас хойш дөрвөн жилийн дараа Мексикийн хүн амын 25%-ийн амьжиргааны түвшин доройтсон байв. Тэр үеээс хойш Мексик дөрвөн удаа бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бусад олон орон нэгээс ч илүү удаа хөтөлбөрт хамрагдсан. Энэ нь хэвшил болоод үлдсэн.

Тэд одоо Грекийг яаж байна? 1982 онд Мексикт хэрэгжүүлсэнтэйгээ яг адилхан зүйл хийж байна. Гэхдээ илүү ухаалгаар. Мөн 2007-2008 онд АНУ-д ийм зүйл хийсэн. Тэд банкуудад зээл олгож, иргэдээ бүсээ чангалахад хүргэсэн.

Саяхан болж өнгөрсөн хямралуудыг засаглагч анги хэрхэн зохицуулсан нь таныг неолиберализмын онолоо эргэн харахад хүргэсэн үү?

Өнөөгийн капиталист ангийн нэгдэл өмнөхтэйгөө адил байхаа больсон. Геополитикийн хувьд АНУ 1970-аад оны үеийнх шигээ дэлхийд ноёлохоо байсан. Миний бодлоор дэлхийн хүчний харьцаа бүс нутгийн жанжлагч улсуудад хуваагдаж байна. Европт Герман, Латин Америкт Бразил, Зүүн Азид Хятад гэх мэт.

Мэдээж АНУ дэлхийд тодорхой байр суурьтай ч цаг үе өөрчлөгдсөн. Обама “ИХ 20”-ийн уулзалтад очоод “Бид үүнийг хийнэ”  гэвэл Ангела Меркел “Бид хийхгүй” гэж хэлж чадна. Ийм зүйл 1970-аад онд тохиолдохгүй. Тиймээс геополитикийн нөхцөл байдал “бүс нутагжиж”, бүс нутгууд илүү бие даасан болж байна. Энэ нь тодорхой хэмжээгээр Хүйтэн дайн төгссөнтэй холбоотой. Герман мэтийн улсууд АНУ-ын хамгаалалтад найдахаа больсон.

Цаашлаад Билл Гэйтс, Амазон, Силиконы хөндийн “шинэ капиталист анги” газрын тос, эрчим хүчний уламжлалт улс төрөөс өөр улс төртэй. Тэд өөр өөрсдийн замаар явдаг. Эрчим хүч ба санхүү, Силиконы хөндий ба эрчим хүч гэх мэтээр хоорондоо өрсөлддөг. Жишээ нь тэд уур амьсгалын өөрчлөлтийн тухайд ихээхэн зөрчилддөг.

Бас нэг хэлэх ёстой зүйл нь 1970-аад оны неолиберал түрлэг хүчтэй эсэргүүцэлгүйгээр өнгөрөөгүй. Ажилчид, Европын коммунист намууд хүчтэй эсэргүүцэж байсан. Гэвч 1980-аад оны сүүл гэхэд тулаан дуусч, ажилчид суларч эсэргүүцэл алга болсон. Тиймээс засаглагч ангийнхан нэгдмэл байх шаардлагагүй болсон. Доод түвшнээс эсэргүүцэлгүй болсон учир хамтрах шаардлагагүй болсон юм. Засаглагч анги амжилттай ажиллаж байсан учир ямар зүйлийг өөрчлөх шаардлагагүй болов.

Гэвч капиталистууд амжилттай байсан ч капитализм маш муу ажиллаж байв. Ашгийн үзүүлэлт сайжирсан ч хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, маш их мөнгө эргээд үйлдвэрлэлд эргэлдэхийн оронд газар эзэмших, хөрөнгө худалдан авахад зарцуулагдсан.

Эсэргүүцлийн тухай ярьлцая. Та бүтээлдээ неолиберал довтолгоо ангийн тэмцэлийг саармагжуулахтай давхацсан тухай буюу дэлхийн хойд хэсэгт хувь хүний эрх чөлөөний төлөөх “шинэ нийгмийн хөдөлгөөн” үүссэн талаар бичсэн. Неолиберализм эсэргүүцлийн тодорхой хэлбэрүүдийг үүсгэх нөхцөл болсон талаар та тайлбарлаач?

Ийм байна. Хэрвээ үйлдвэрлэлийн арга өөрийн улс төрөөр нөхцөлдөн эсэргүүцлийн тольны тусгалыг бий болгодог бол яах вэ?

Фордын зохион байгуулалтын үед үйлдвэрлэлийн үйл явцын тольны тусгал нь том, төвлөрсөн удирдлагатай үйлдвэрчний эвлэл болон ардчилсан, төвлөрсөн удирдлагатай улс төрийн намууд байв. Неолиберализмын үед үйлдвэрлэлийн үйл явцыг өөрчилж, уян хатан хуримтлал бий болгосноор Зүүнийхэн бий болсон нь олон талаар тольны тусгал нь байсан. Тэд харилцаа холбоо сайтай, төвлөрсөн бус, шатлан захирах бүтэцгүй. Би үүнийг маш их сонирхдог. Цаашлаад зарим талаар сүйтгэх гэж буй зүйл нь тольны тусгал болдог. Эцэстээ үйлдвэрчний эвлэл Фордизмыг дэмжсэн дээ.

Одоо олонхи Зүүнтнүүд маш их бие даасан, зохион байгуулалтгүй байгаа нь неолиберализмын эцсийн тэмцлийг өдөөж байна. Зүүнтний олон хүн үүнийг сонсох дургүй. Гэхдээ асуулт хэвээрээ л байна: Тольны тусгал биш, өөр зохион байгуулалтыг байгуулж болох уу? Бид тэр толийг хагалан, неолиберализмаар тоглуулахгүй байж чадах уу?

Неолиберализмын эсрэг янз бүрээр тэмцэж болно. Би номондоо нэмүү өртөгийг ойлгох нь сөргөлдөөний асуудал мөн гэж бичсэн. Нэмүү өртөг хөдөлмөрийн үйл явцад бүтээгддэг. Энэ бол ангийн тэмцлийн чухал хэсэг. Гэхдээ хийсэн бүтээгдэхүүн нь зах зээлд борлуулагдсаны дараа нэмүү өртөг байгааг ойлгодог. Үүнд маш их улс төр бий. Капитал хуримтлуулах үйл явцад маш их эсэргүүцэл бий болдогоос гадна хэрэглээ, нэмүү өртөгийг ойлгох үед эсэргүүцэл үүсдэг. Авто машин угсрах үйлдвэрийг аваад үзье. Томоохон үйлдвэр 25,000 гаруй хүн ажиллуулдаг байсан бол одоо технологийн өөрчлөлтөөс шалтгаалан 5,000 хүн ажилуулж байна. Ингээд олон ажилчин үйлдвэрд ажиллахаа болих тусам тэд хотын амьдрал руу нэвтрэнэ.

Капитализмд дайсагнаж буй гол асуудал нь нэмүү өртөгийг ойлгохоос илүүтэй хотын өдөр тутмын улс төрд шилжиж байна. Мэдээж ажилчдын олон чухал асуудлууд бий. Хэрвээ бид Хятадын Шенженд байсан бол хөдөлмөрийн үйл явц гол асуудал болно. Мөн АНУ-д бид Веризоны ажил хаялтыг дэмжинэ (Веризон компаний 39,000 ажилтан цалингаа нэмэгдүүлэхийн тулд 45 хоногийн турш ажил хаясан Орч.).

Гэхдээ дэлхийн олон оронд амьдралын чанар гол асуудал болоод байна. Өнгөрсөн 10-15 жилийн хооронд болсон тэмцэлүүдийг харвал: Истанбулын Гезигийн паркад болсон тэмцэл ажилчдын тэмцэл байгаагүй, харин өдөр тутмын улс төр, ардчилал, шийдвэр гаргах үйл явцын гажуудал зэрэгт хүмүүс дургүйцэж байв; 2013 онд Бразилын хотуудад болсон жагсаал улс төр, тээврийн асуудлууд болон сургууль, эмнэлэг, орон сууц барихын оронд бүх мөнгөө том стадион барихад үрсэнд хүмүүс дургүйцсэн. Лондон, Парис, Стокгольм дахь жагсаалууд хөдөлмөрийн үйл явцын тухай биш, харин өдөр тутмын улс төрийн амьдралын тухай юм.

Энэ улс төр үйлдвэрлэлийн үйл явц дахь улс төрөөс ялгаатай. Үйлдвэрлэлийн үйл явцад капиталын ба хөдөлмөр сөргөлддөг. Хотын амьдралын чанарын төлөөх тэмцлийг ангийн хуваагдал тод харуулахгүй. “Цэвэр” ангийн улс төр үйлдвэрлэлийн үйл явцыг ойлгохоос эхэлдэг тул амьдралд бодит болох тусам онолын хувьд ойлгоход хэцүү болдог. Энэ нь ангийн асуудал мөн боловч сонгодог утгаар биш юм.

Бид неолиберализмын тухай их ярьж, капитализмын тухай бага ярьж байгаа юм шиг санагдаж байна уу? Энэ хоёр нэр томъёоны алийг нь ямар үед ашиглавал зохимжтой вэ? Хольж хутгавал юу болох вэ?

Олон либералууд неолиберализм орлогын тэгш бус байдал, хувьчлалыг хяналтаасаа алдсаныг цохон тэмдэглэдэг бөгөөд бидний анхаарах ёстой байгаль орчин гэх мэт маш олон нийтийн үнэт зүйлүүд бий гэдэг.

Капитализмын тухай sharing эдийн засаг гэх мэт маш их капиталжсан, мөлжсөн хэлбэр зэргээр нь янз бүрээр ярьж болно. Мөн этиктэй капитализм гэж бий. Энгийнээр бол хулгайлахаас илүү харьцангуй үнэнч байхыг хэлдэг. Үүнийг мэдсэн зарим хүн неолиберал дэглэм шинэчлэгдэж капитализмын ямар нэг шинэ хэлбэрт шилжинэ гэж итгэдэг. Одоогийнхоос илүү дээр капитализм байгуулж чадна гэж би итгэдэг. Гэхдээ тийм ч их биш.

Маш гүн шигдсэн суурь асуудлууд байгаа учраас хүчирхэг анти-капиталист хөдөлгөөнгүйгээр бид хаашаа ч хөдлөх боломжгүй. Тиймээс би анти-неолиберал гэдэг үгийг ашиглахгүй байгаа юм. Анти-неолиберализмын тухай ярьж байгаа хүмүүсийг сонсохоор капитализмд ямар нэг асуудал байхгүй мэтээр ойлгодогт аюул байна.

Ихэнхи анти-неолибералууд улс төр, эдийн засаг, экологийн асуудлуудын нарийн нийлмэл макро-асуудлуудыг ойлгодоггүй. Тиймээс би анти-неолиберализм тухай биш антикапилизмын тухай яриад байгаа юм.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.jacobinmag.com


avatar
    • Зочин
    • 162.158.94.*

    Хуйвалдааны онол ярьсан л баагий бна шд. Дэлхий даяараа Зүүнээр давамгайлаад бүхэл бүтэн зуун өнгөрч байхад үхсэн элэнцгийнх нь Неолиберализм. Нуль Марксистууд сда гэж.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4676

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%