ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Хятадын сэргээгдэх эрчим хүчний хувьсгал

Өмнөх дугаартаа Зүүн Азийн орнууд буюу Өмнөд Солонгос, Тайваний эрчим хүчний үйлдвэрлэлийн өөрчлөлтийг танилцуулж байсан. Энэ удаа Хятадын эрчим хүчний технологийн “нүүр царай” болж буй сэргээгдэх эрчим хүчний талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийг БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэргэдэх Эрчим хүчний судалгааны институтын судлаач Жиан Кежун, Маккинзэй Глобал институтийн захирал Жонатан Воэтцэл нар бичжээ.

2017 оны эхээр БНХАУ 85 нүүрсний цахилгаан станц барих төлөвлөгөөгөө цуцалж, 2020 он гэхэд 360 тэрбум ам.долларыг сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын удирдлагууд эрчим хүчний зарцуулалт, нүүрс хүчлийн ялгаруулалт, эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд тооцоллоо давуулан биелүүлж байгаа гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн сард Хятадын эрчим хүчний зохицуулах байгууллага “Үндэсний Эрчим хүчний удирдлагын байгууллага” нүүрсний хэрэглээг бууруулах шинэ төлөвлөгөө боловсруулжээ.

Дээр дурдсан зүйлс бол Хятад дэлхийн эрчим хүчний салбарын өөрчлөлтийн төв болж байгаагийн сүүлийн үеийн илрэл юм. Гэхдээ Хятад зөвхөн сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулж, нүүрсийг шахаж гаргах гэж оролдоогүй. Үүнтэй зэрэгцээд үйлчилгээ, хэрэглээг дагасан эдийн засгийн өсөлт нь эрчим хүчний хэрэгцээг өсгөж дэлхийн байгалийн баялагийн салбарыг өөрчлөх юм.

Дээрх үйл явцтай зэрэгцээд олон хүчин зүйлийн улмаас дэлхийн байгалийн нөөцийн хэрэглээ буурч байна. Өөрөөр хэлбэл орон сууц, үйлдвэрлэл, худалдааны байгууламжууд үр ашигтай эрчим хүчний хэрэглээнд шилжиж байгаа бөгөөд автомат жолоодлоготой машин нэмэгдэж, унаагаа “хуваалцдаг” систем өргөжиж байгаа буюу бага эрчим хүч зарцуулдаг тээврийн хэрэгсэлүүд нэмэгдэж байгаа нь байгалийн нөөцийн хэрэглээг бууруулж байна.

Маккинзэй Глобал институтын шинэ судалгааны (Супер циклын дараа: Байгалийн нөөцийг технологи хэрхэн хувиргаж байна вэ?) дагуу эдгээр трэндүүд эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг удаашруулж байгаа аж. Хэрвээ шинэ технологиудыг практикт хурдан нэвтрүүлээд байвал 2025 он гэхэд энэ удаашрал оргилдоо хүрнэ. Эрчим хүчний бага, үр ашигтай хэрэглээтэй болсоноор дэлхийн эрчим хүчний үр ашигт байдал дараагийн 20 жилд 40-70% нэмэгдэх болно.

Дэлхийн эрчим хүчний хэрэгцээний өсөлт буурч байгаа ч Хятадын эрчим хүчний хэрэгцээ өсөж байна. 2035 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 28% нь Хятадад ноогдоно. Энэ нь өнөөдрийн 23%-иас нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин АНУ 2035 он гэхэд одоогийн 16%-иас 12% хүртэл буурсан байх аж.

Хятад эрчим хүчний хэрэгцээгээ багасгахын тулд дорвитой алхамуудыг хэдийн хийгээд эхэлсэн байна. 1980-2010 оны хооронд Хятадын эдийн засаг 18 дахин томорсон бол эрчим хүчний хэрэглээ 5 дахин нэмэгдсэн. Дэлхийн банкны судалгааны дагуу ДНБ-ний нэгж тутамд эрчим хүчний хэрэгцээ 70%-иар буурсан үзүүлэлт юм.

БНХАУ-ын Засгийн газар 13-р таван жилийн төлөвлөгөөндөө 2016-2020 онны хооронд эрчим хүчний хэрэгцээгээ 15% бууруулна гэжээ. Тэд энэ зорилгодоо хүрэхэд ойртсон байна. Энэ оны эхээр болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хуралд Төрийн Зөвлөлийн сайд Ли Көцян эрчим хүчний хэрэгцээ зөвхөн өнгөрсөн жилд 5%-иар буурсан гэжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өсч буй нь Хятадын байгалийн нөөцийн хэрэгцээг бууруулж буй нэг шалтгаан юм. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч болохыг зорин жил бүр дотооддоо 100 тэрбум ам.доллараас илүү хөрөнгө оруулж байна. Энэ нь АНУ-ын хөрөнгө оруулалтаас хоёр дахин их, АНУ ба Европын Холбоог нийлүүлснээс их тоо юм.

Цаашлаад Хятад дэлхийн аль ч улсаас илүү буюу 32 тэрбум ам.долларыг гадны сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, Хятадын дээд түвшний компаниуд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний зах зээлд тэргүүлж эхэлж байна. Хятадын "Төрийн цахилгаан шугам сүлжээний корпораци" дэлхий даяар салхин турбин болон нарны панел суурилуулах төлөвлөөгөөтэй. Эдийн засаг хэмжээ, нийлүүлэлтийн сүлжээнээсээ хамаараад Хятадын нарны панел үйлдвэрлэгчид АНУ-ын өрсөлдөгчидөөсөө 20%-иар хямд үйлдвэрлэдэг. Мөн Хятадын салхин турбин үйлдвэрлэгчид технологийн зөрүүгээ аажмаар багасгаж явсаар 2002 онд Хятадын дотоодын зах зээлийн 25%-ийг хангадаг байсан бол одоо 90-ээс ч илүү хувийг нийлүүлж байна.

Хятад эрчим хүчний хэрэгцээ, орчин үеийн технологийн гол сурвалж болж, дэлхийн тэргүүлэгч болох онцгой боломж нээгдэхийг эдгээр трэндүүд харуулж байна. Хятадын энэ туршлага хөгжиж буй орнуудад эрчим хүчний хэрэгцээгээ бууруулах гарц болж болно. Мөн Хятадын дотоод ба гадаад дахь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт технологийн хөгжлийг хурдасгаж, үнэ өртөгийг бууруулна.

Гэхдээ дэлхийн байгалийн нөөцийн салбар өөрчлөгдөж буй үед Хятад уламжлалт түлшнээс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл рүү шилжихэд хялбар биш. Эдийн засаг нь нүүрснээс ихээхэн хамаарч буй үед байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл рүү шилжих нь их зардалтай байх болно.

Цаашлаад Хятад дахь нарны панел, салхин тээрмүүдийн тоо цахилгаан сүлжээний шинэчлэлээс түрүүлсэн учир маш их эрчим хүчийг хэрэглэхгүй хаяж байна. Мөн Хятадын үйлдвэрлэгчид бусад дэлхийн үйлдвэрлэгчид шиг зах зээлийн эрэлт удааширч буйд дасан зохицон үйлдвэрлэлийн өртөгөө бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Гэхдээ дээрх бэрхшээлүүдийг үл харгалзан технологийн инноваци Хятадын үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хямд бүтээгдэхүүн нийлүүлэхэд туслах ёстой. Маккинзэйн судалгааны дагуу 2035 он гэхэд гол түүхий эдүүдийн эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлт дэлхий даяар 900 тэрбум ам.доллараас 1.6 их наяд долларыг хэмнэх боломж олгоно.

Энэ хэмнэлтийн хэмжээ технологийн хэр хурдан нэвтрүүлэхээс хамаараад зогсохгүй бодлого боловсруулагчид, компаниуд шинэ орчиндоо хэрхэн дасан зохицоос мөн хамаарна. Гэхдээ юун түрүүнд Хятадаас л хамаарна.

 Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.project-syndicate.org 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4977

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%